Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УСАН БАССЕЙНЫ УЛИРЛЫН АШИГ 100 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ, ГЭВЧ...

Төв хаалгаар нь ормогц өөдөөс чийгтэй агаар пүн хийх шиг бүчин авлаа. Бүрт­гэлийн цэгт мөнгөө тушааж, тасалбараа авсан хүмүүс хүлээлгийн суудалд хэсэг саатан хувцас солих өрөө рүү орцгоов. Тэдний тасалбарыг бэлт­гэлийн хувцастай эр шалгаж, тулгаад орохыг зөвшөөрөн толгой дохино. Үйлчлүүлэгчид хувцсаа солиод цааш шүршүүрт орцгоодог. Үүний дараа ус цалгиж, хүний дуу цуурайтсан том танхим руу нэвтэрнэ. Энэ бол Усан спорт сургалтын төв буюу бидний мэдэхээр төв бассейны дүр зураг. Улаанбаатар хотын төдийгүй улсдаа хамгийн томд тооцогдох бассейны үйлчлүүлэгчид хамгийн эрүүл иргэн байдаг. Гэвч юм бүхэн санаснаар болохгүй, хүндрэл бэрхшээл үргэлж гардаг аж.

Насаараа “усанд ороогүй” төв бассейн

Плита нь хагарч, төмөр нь хууларч тоосго цухуйх хоёр давхар барилгыг гаднаас харвал цагтаа цасан цагаан, цэмцгэр хээнцэр ордон байсан болов уу гэж бодмоор. Ашиглалтад орсноос хойш урсгал засвар хийсэн ч их засварт нэг ч удаа ороогүйг сонсоод гайхаш төрнө. 1986 онд оросууд гантиг чулуугаар “хавтаслан” барьж өгсөн усан сэлэлтийн төв өдгөө 27 дахь жилээ үдэж буй. Хүнээр тооцвол жил бүр гар нүүрээ угаах мэт урсгал засварт орж байснаас бүрэн шинэчлэл нэг ч удаа хийсэнгүй. Түүх, дурсамж агуулчихаад төрхөө өөрчилдөггүй юм биш гэнэ. Харин урагш гишгэхдээ ургаа хад, ууж идэхдээ уургын морь болсон дарга, удирдлагуудад бүх учир байгааг хэлэх хүн цөөнгүй.
Өнгөрсөн 2012 он хүртэлх зургаан жилийн хугацаанд Ё.Ганбат гэдэг хүн УССТ-ийг даргалан ажиллажээ. Түүнээс өмнө дөрвөн жилийн турш Ш.Дөрвөнжин гэгч удирдан ажилласан. Өдгөө найм дахь удаагийн даргаар Г.Арслан томилогдоод байгаа юм. Сүүлийн нэг жилийн турш төв бассейны даргаар ажиллахдаа хамгийн их анхаарсан асуудал нь их засвар. Таазанд нь усан дусал бөнжигнөж, дээврийн дам нуруу нь зэвэндээ баригдаж, халаалт болон сантехник нь муудсан. Цахилгаан монтаж нь ойр ойрхон богино холбоо үүсч, буудсанаас гадна ус цэвэршүүлэх байгууламж нь доголдолтой.
Товчхондоо, хуучин бас­сейныг бүрэн шинэчлэх шаард­лага аль эрт тулгарчээ. Энгийн нэгэн жишээ хэлэхэд, гадаадын бассейнууд улиралдаа эсвэл жилдээ нэг удаа усаа бүрэн шинэчилдэг. Бусад үедээ цэвэршүүлэх байгууламжаар дамжуулан дахин ашигладаг аж. Улаанбаатар хотын хамгийн том бассейны хувьд байдал өөр, өдөртөө л 150 орчим тонн ус асгаж, дахин авдаг гэх. Үүний шалтгаан нь цэвэршүүлэх байгууламж нь доголдож, ажиллахаа больсноос үүдэлтэй.
Түүнчлэн сүүлийн сар хагасын хугацаанд дулааны шугам сүлжээ, халаалтын асуудлаас болж үйл ажиллагаа нь завсарджээ. Наймдугаар сарын 6-ны өдөр усны дулаан нь зохих төвшинд хүрэхээ байж. Өөрөөр хэлбэл, 26-28 градус буюу хүний биеийн дулаанаас 10 хэмээр бага байх ёстой. Гэвч дулааныг шийдвэрлэхгүй байсаар хоёрхон хоногийн өмнө л хэвийн хэмжээнд хүрэх дулаанаар хангаж эхэлжээ.
Нөгөөтэйгүүр, нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болох УССТ-ийн 2013 оны урсгал засварын төсөв орж ирээгүй аж. Тодорхой шалтгааныг мэдэхгүй ч Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн нөлөө гэж хардах хүн бий. Учир нь, түүний эзэмшлийн барилга байгууламжаас гарсан хог хаягдлыг төв бассейны хашаанд хаясны улмаас талууд муудалцсан. Тодруулбал, УССТ-ийн дарга Г.Арслан Н.Батаа руу утсаар залгахад бухимдан, хараахыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан билээ. Их засварын мөнгө олохоор хөөцөлдөж яваа УССТ-ийнхөн урсгал засварынхаа мөнгийг авч чадахгүйд хүрсэн нь хамгийн том бэрхшээл.

Хөгжихөө больсон бассейны “Хуссейн”

Гэхдээ төрийн мөнгөнөөс усан бассейнд мөнгө хуваарилахгүй байхад хүргэсэн өөр шалтгаан нь дараахь зүйл байж болох юм. Өмнө нь, УССТ улирал тутамд 1.5 сая төгрөгийн ашигтай ажилладаг байжээ. Үүнээс ажилчдын цалин, урсгал зардал зэргээр хасагдсаар төрд тушаадаг нь тун бага. Гэтэл засвар, үйлчилгээний мөнгө нэхэх нь түүнээсээ илүү гардаг. Өөрөөр хэлбэл, нийслэл усан бассейныг дэргэдээ авч явах нь алдагдалд оруулдаг “шүдний өвчин” гэсэн үг. Ийм тохиолдолд өөрийн орлогоор ажлаа зохицуулж, амьжиргаагаа залгуул гээд орхих нь хавьгүй хялбар. Нэр дурдсан удирдлагууд УССТ-ийг ийм л газар болгож орхижээ. Товчхондоо, усан бассейныг дампууруулах шахсан “Саддам Хуссейн” гэлтэй. Харин Г.Арслан усан спортын төвийг удирдсан арваннэгэн сарын дотор хуучин удирдлагуудын ажилласан үнэн төрхийг үйлдлээрээ илрүүлчихсэн аж. Тэрээр өнгөрсөн хугацаанд улиралдаа л 100 сая төгрөгийн ашигтай ажиллаж чадсан гэнэ. Үүний тулд үйлчлүүлэгчдээ татах, урамшуулах, үйл ажиллагааны зардлаа танах зэргээр элдэв менежмент хийгээгүй. Ердөө л, шударгаар ажилласан гэж тайлбарлав. Ажлын анхны өдрөөс л данс, тооцоог давхар хянаж, хэн нэгэн орлого дундаас “мөнгө цохих” боломж олгоогүй аж. Өөрөөр хэлбэл, өмнөх удирдлагууд өдий хэмжээний өгөөжтэй байгууллагыг дөнгөж 1.5 сая төгрөгийн ашигтай болгож харагдуулдаг байжээ. Мэдээж, үлдсэн 98.5 сая төгрөг нь хэн нэгний хэтэвч, халаасыг түнтийлгэхэд зориулагдана.
Өдөрт дунджаар 600 орчим хүн үйлчлүүлдэг бассейны тариф том хүн 8000 төгрөг бол хүүхэд 6000. Ажлын өдрүүдэд арай бага боловч амралтын өдөр хүн тасардаггүйг тооцоход л орлого нь хэдэн сая төгрөгөөр тоологдоно. Үүний үр дүнд усан бассейн гэдэг алдагдалтай бус харин ч ашигтай салбар, амралт чөлөөт цаг өнгөрөөх сайхан сонголт гэдгийг нотлох аж. Улсын төсөвт тушаадаг байсан хэдхэн зуун мянган төгрөг өнөөдөр хэдэн арваар үржигдэж, саяар тоологдон төрийн дансанд орно. Дөнгөж эдийн засгийн үүднээс бодоход ийм ашигтай байгууллагыг нийслэл, ССАЖЯ анхааралдаа авч, тордохгүй бол “амандаа орсон арвин ашгийг хэлээрээ түлхсэн” хэрэг болох юм. Тийм ч учраас төв бассейныг “усанд оруулахаар” ярилцаж эхэлсэн бололтой.
2014 оны төсөвт УССТ-ийн их засварын зардлыг тусгаж, хөрөнгийг шийдэхээр ярилцаж эхэлсэн гэнэ. Үүнийг төв бассейны хамт олны дунд тандаж үзвэл “Найдаж л байна” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Дашрамд сонирхуулахад, ашиг орлого нь албан тушаалтны халаас руу гулгаагүй учраас ажилчдын цалин нэмэгдсэн гэнэ.
Төрд тушаах хөрөнгө болон ажилтны үндсэн цалин ойролцоогоор 2.6 дахин өсчээ. Түүнчлэн нийтийн цайны газар болон нэн шаардлагатай зүйлийнхээ зах зухаас засварлаж, тохижуулж эхэлсэн байна. Гэхдээ Г.Арслан даргын зорилго нь их засвараар дуусахгүй гэв.

Монголд усан ертөнцийг “амилуулах” төсөл

Хуучирч, элэгдсэн төв бассейн 27 жилийн өмнө нээлтээ хийх үед өнөөгийн дарга Г.Арслан олон нийтэд усанд сэлэлтийн дөрвөн төрлийг үзүүлж явсан түүхтэй аж. Учир нь, тэрээр тухайн үед усан спортын тамирчин төдийгүй улсын аварга цолтой нэгэн байжээ. Барилгын инженер мэргэжилтэй ч хүсэл сонирхол нь усан спорт. “Монголчууд усан спортыг төдийлөн сайн мэдэрдэггүй. Арга ч үгүй дээ, бололцоо нь байхгүй юм чинь. Улаанбаатар шиг нэг сая хүн амтай хотод манайх шиг бассейн дор хаяж 10 байх ёстой” хэмээн ярилаа. Харамсалтай нь, байгаа хамгийн том бассейнаа тордож, олигтойхон засвар хийчихэж чадахгүй байна. Өмнөх дарга нь усан спортын төлөөх өчүүхэн ч атугай сэтгэлтэй сэн бол өнөөдөр зэвэрч, цоохортсон дээврийн төмрийг зориулалтын тосон будгаар будах байсан юм гэв. Даанч хайс, хашааны төмөр буддаг энгийн будгаар өнгөцхөн аргацаачихаад зөрүү мөнгийг “үл үзэгдэх гараар” хямгадсан бололтой. Олон улсын болоод дотоодын усан спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах боломжтой, 240 үзэгчийн суудалтай, 3-5 метр өндөрт орших үсрэлтийн тавцантай, зургаан замтай, нэг ээлжиндээ 40 гаруй хүн үйлчлүүлэх багтаамжтай төв бассейнаар нэг ороорой. Шумбаж, сэлж явахад зэвэрсэн төмөр нь хугараад дээрээс уначих вий гэмээр тааз нүдэнд тусна. Вакумжуулсан хэдий ч гялгар уутаар гадна, дотроос нь давхарлан битүүмжилсэн цонх өвлийн хүйтнийг хааж дөнгөдөг болов уу гэж бодогдоно. Завсар үүсч, захаасаа хууларч унасан плита хэзээ ч, аль ч хананаас унаж мэдэхээр харагдана. Ийм л бассейнд монголчууд 20 гаруй жил хөгжилдөн, зугаалж иржээ. Гэвч байгаагаа голохгүй, спортод элэгтэй хүмүүсийн дундаас улирал бүр 100 сая төгрөг хуримтлагдаж, спортын мастер цолтон ч цөөнгүй төрсөн аж. Даанч олон улс, тив, дэлхийд нэрээ дуудуулсан тамирчин бараг байдаггүй нь нэгийг бодогдуулна.
Энэ бүхнийг өөрчлөхөөр ирсэн Г.Арслан даргын цааш­дын зорилго нь усан ертөн­цийг монголчуудад бүх та­лаар мэдрүүлэх явдал. Өө­рөөр хэлбэл, “Усан спор­тын цогцолбор” хэмээх томоо­хон төсөл боловсруулж, хэрэг­жүү­лэхээр ажиллаж буй юм. Одоо байгаа барилгыг Сэл­бэ гол хүртэл өргөтгөж, на­санд хүрэгчдийн болон хүүх­дийн задгай дээвэртэй бассейн нэмэх аж. Өвлийн цагт нэг дээврийг нь хааж, усан сэлэлтээр ажиллуулах бол нөгөөг мөсөн гулгуур болгох гэнэ. Түүнчлэн голын эрэг дагуу элсний волейбол, наран шарлагын газар, сагсан бөмбөгийн талбай, хоёр давхар автомашины зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Усны хувцас, спорт хэрэгслийн дэлгүүр, ресторан, түргэн хоолны цэг, массаж саун болон боулинг, билльярд, үсчин, зурагчин ажиллуулна. Эдгээрээс гадна аква парк буюу зохиомол далайн давалгаа, усан гулгууртай байх юм. Ийм хэмжээний бүтээн байгуулалт хийснээр 25 мянган үйлчлүүлэгч өдөр бүр цуглаж, төдий хэмжээгээр иргэдийн усан спортын сонирхол нэмэгдэнэ. Мөн одоо байгаа улирал бүрийн 100 сая төгрөгийн цэвэр ашиг хэд дахин нугарах боломжтойг уншигч та таамаглах биз ээ.
Хүзүүнээс хөлийн хуруу хүртэл бүх л биеийн булчин эрчимтэй ажиллуулдаг усанд сэлэлтээр хичээллэдэг тамир­чин хамгийн эрүүл иргэн байдаг гэнэ. Усны мандал дээр амьсгалдаг учир уушгинд нь ямар ч тоос, буртаг хуримт­лаг­дахгүй. Мөн бүх булчин идэвхтэй ажиллах нь цусны эргэлтийг тогтмол хангана. Ус гэдэг өөрөө хамгийн төгс эм учраас биеийн бүхий л хэсэгт хүрснээр чийрэг болгож, арьс чанга байлгах тустай. Энэ мэтээр эрүүл мэндийн ач тусыг тоочоод байж болох ч их ажлыг хэрхэн хийх вэ гэдэг асуудал үргэлж тулгардаг. Дээр өгүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг одоохондоо Монголын компани гүйцэтгэх туршлагагүй учир гадаадынхнаар бариу­лахыг Г.Арслан дарга хүсч байгаа аж.
Харин 200 сая ам.долларын хөрөнгө оруу­лалтыг төр, нийслэлээс гаргаж хүчрэхгүй байх магадлалтай. Тэр тохиолдолд сонгох хоёр­дугаар хувилбарыг ч боловсруулжээ. Шинэ төс­лийн­хөө талаар бизнесмэн, хувийн аж ахуйн нэгж, томоохон байгууллагуудад танилцуулахад дуртайяа хүлээн зөвшөөрсөн гэнэ. Гэвч барилгын ажил болон хөрөнгө оруулалтын явцад Засгийн газар батлан даалт гаргасан үед л эхлүүлье гэсэн саналыг хэд хэдэн компани илэрхийлсэн гэнэ.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
bayarlalaa.neg ch gesen hun shudarga ajillaj bgaad bayartai bna.yu gesen ug ve? 98 saya tog xalaasaldag bsan gej bodhoor unexeer haramsmaar yum
Хамгийн их уншсан