Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ашигт малтмалын үнэ ирэх онд дахиад л уруудна

-Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг хямраагүй ч олон улс бүсээ чангалж мэдэх нь-

Ирэх онд ашигт малтмалын үнэ төдийлөн өсөхгүй гэсэн таамаглал байна. Иймд манай улсын хувьд бас л бүсээ чангалсан хүндхэн жил болж мэдэх нь. Учир нь, Дэлхийн банкнаас гаргасан Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймд дурдсанаар Хятад улс экспортод чиглэсэн эдийн засгаас дотоодын эрэлтэд суурилсан эдийн засагт анхаарах болжээ. Энэ нь ашигт малтмал, түүхий эд экспортолдог Зүүн Азийн хөгжингүй орнуудад сөргөөр нөлөөлж эхэлсэн гэнэ. Тухайлбал, Индонез, Малайз, Тайланд зэрэг дунд орлоготой орнуудын эдийн засгийн өсөлт саарч эхэлжээ. Эдийн засгийн энэ ухралтын гол шалтгаан  нь хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнэ ханш унасан, экспорт нь төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй байгаа явдал аж.

Гэвч богино хугацаанд түүхий эдийн үнэд гэрэл гийж магадгүй аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Хятадын эдийн засаг энэ онд 7.5 хувийн өсөлттэй гарах тооцоо бий.  Уг өсөлт нь Дэлхийн банкнаас дөрөвдүгээр сард тооцож байснаас 0.8 хувиар доогуур үзүүлэлт.  Гэхдээ  аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл  нь өсч,  түүхий эдийн хэрэглээ бага боловч сэргэх төлөв бий гэнэ. Ирэх оны эхэнд ч тус улсын эдийн засгийн өсөлт 7.7 хувьд хүрнэ гэж байгаа. Гэхдээ энэ нь түүхий эдийн үнийг өсгөнө гэж шинжээчид үзэхгүй байна. Яагаад гэвэл, Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалсан эрсдэл хэвээр байх аж. Иймд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хөрөнгө оруулалт дахин буурах, тус улсад  аж үйлдвэрийн түүхий эд нийлүүлдэг орнуудад тийм ч таатай нөхцөл бүрдэхгүй аж. Тэгэхээр манай улс ирэх оны төсвөө нягт нарийн тооцож гаргах  шаардлага тулгарч байна. Мөн эрсдэлээс сэргийлэх, орлогоо бууруулахгүй барих ганц арга нь түүхий эд нийлүүлэх урт хугацааны тогтвортой гэрээ хэлцэл хийх явдал хэмээн Дэлхийн банкны эдийн засагчид анхааруулж буй юм.

Түүхий эдийн үнийн уналт, эрэлт буурсантай холбоотойгоор манай улсын эдийн засгийн өсөлт ч буурах нь тодорхой. Дэлхийн банкны төсөөллөөр энэ онд манай улсын эдийн засгийн өсөлт 12.5 хувьтай гарна. Харин ирэх онд 10.3, 2015 онд 10 хувьтай болох таамаг дэвшүүлжээ.

Энэ оны хоёрдугаар улиралд АНУ, Япон, Евро бүсийн орнуудын эдийн засаг сүүлийн 30 сард анх удаа өсөлттэй гарсан байна.  Жишээ нь,  АНУ-ын эдийн засгийн өсөлт 2.5 хувьд хүрчээ. Шинжээчид үүнийг тус улсын эдийн засгийн сэргэлт эрчимжсэн байгаа хэмээн үзэж буй юм. Мөн Евро бүсийн эдийн засаг 1.2 хувийн өсөлттэй гарсан нь удаан хугацааны уналтаас өндийж байгаа хэрэг гэнэ. Үүнээс гадна Бразиль, Өмнөд Африк, Турк зэрэг хөгжингүй орнуудын өсөлт ч хурдассан аж. Ийнхүү дэлхийн эдийн засаг чангарсан ч эрсдэл отсоор байгааг олон судлаач анхааруулсаар. Өнөөдөр АНУ-ын төсвийн гацаа, Ойрхи Дорнодын үймээн, Хятадын хөрөнгө оруулалтын огцом уналт, бэл бэнчинтэй орнуудын эдийн засгаа сэргээх мөнгөний бодлого нь зогссон гээд олон сөрөг хүчин зүйл шинээр гарч иржээ.

Хэдийгээр ийм эрсдэл байгаа ч Зүүн Азийн хөгжингүй орнууд дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.
Хятадыг эс тооцвол Зүүн Азийн хөгжингүй орнуудын эдийн засаг 6.2 хувийн өсөлттэй гарсан. Харин энэ онд буурч 5.2, ирэх жил 5.7 хувь болох төсөөлөл байна.  Өөрөөр хэлбэл, Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлт энэ онд  саарсан ч дэлхийн эдийн засгийн өсөлтийн тавны хоёрыг бүрдүүлж байгаа аж. Иймд бусад бүсээс хамгийн өндөр үзүүлэлтэй байна.

АНУ мөнгөний тэлэх бодлогоо хумивал зээлийн өртөг нэмэгдэнэ

Дэлхийн банкнаас гаргасан Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн энэ удаагийн тоймдоо хоёр зүйлийг чухалчилжээ. Үүнд,  Хятадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, зээл олголт, АНУ-ын мөнгөний нийлүүлэлтээ хязгаарлах бодлого уг бүс нутгийн эдийн засагт яаж нөлөөлөхийг өгүүлсэн байна.
Хятад улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтад суурилсан эдийн засгийн бодлого  баримталж, зээл их хэмжээгээр гаргах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэтэл хөтөлбөрөөс боссон эдийн засгийн өсөлт нь урт хугацаандаа тогтвортой байж чадахгүйд хүрчээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бүхий л салбарынх нь өрийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд нь эрсдэл учруулсан байна. Иймд хурдтай нэмэгдэж байгаа зээлийн өсөлтийг хазаарлах, төсвийн санхүүжилтээ оновчтой болгох, санхүүгийн салбарын шинэчлэлээ гүнзгийрүүлэх зэрэг арга хэмжээ авах болсон гэнэ. Үүний нөлөөгөөр үйлдвэрлэл буурах, түүхий эдийн эрэлт багасах шинж тэмдэг ажиглагдах болжээ.

АНУ-ын мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодлого нь эхэн үедээ Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт чиглэх хөрөнгийн урсгалыг эрчимжүүлсэн, санхүүгийн зах зээлд эерэг нөлөө авч ирсэн аж. Хэрэв тус улс дээрх бодлогоо хумивал Зүүн Ази, Номхон далайн оронуудын зээлийн өртөг нэмэгдэх, орж ирэх мөнгөний урсгал татрах эрсдэлтэй тулна. Энэ эрсдэл нь улс орон бүрт харилцан адилгүй байх юм. Гэвч  харьцангуй нээлттэй санхүүгийн салбартай, урсгал дансны алдагдал их, сүүлийн жилүүдэд зээл авсан, өрөө нэмэгдүүлсэн  орнуудад хүнд тусах дүр зураг  гарлаа.

Товчхондоо,  АНУ эдийн засгийн хямралыг давах үүднээс сангийн болон мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлсэн нь олон улс оронд сул тал бий болгожээ. Иймд Дэлхийн банкнаас “Улс орнууд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, дэд бүтцийн санхжүүжилтээ  нэмэгдүүлж, төсвийн хөрөнгө оруулалтаа үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Засгийн газрууд төсвийн эрсдэлдээ онцгой анхаарч, урт хугацааны өсөлт авчрах орон зайг бүрдүүлэх  нь чухал” хэмээн зөвлөж байна. Гэтэл манай улсын хувьд өр зээл нэмэгдсэн, урсгал дансны алдагдал жил бүр нэмэгдэж байгаа билээ. Манай улс 1990 оноос хойш 2.7 тэрбум ам.долларын өр тавьсан гэнэ. Үүнээс одоо хоёр тэрбум нь үлджээ. Уг мөнгөн дээр “Чингис бонд”-ын 1.5, Хөгжлийн банкны бондын 600 сая ам.долларыг нэмээд  4.1 тэрбум ам.долларын зээлтэй байна.  Тэгэхдээ хоёр жилийн дараагаас жилд 60-80 сая ам.доллар төлөх графиктай аж.

Эндээс үзвэл, ирэх онд ашигт малтмалын үнэ буурах, өрөө төлөх хэмжээ нэмэгдэх зэрэг  манай улсад хямрал нүүрлэх дохио өгч эхэллээ гэхэд хилсдэхгүй бололтой.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
Хамгийн их уншсан