Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2028 оны Олимпын аварга Д.Булгантамир


Спортын мэдээ, сурвалжлага бэлтгэхээр гадуур нэлээн явсан ч тусыг эс олж ганзага хоосон буцах болов. Ганц нэг жижиг мэдээг эс тооцвол шүү дээ. Ажлын зүг аядуухан алхаж явтал дөрөв, тавдугаар анги бололтой дүрсгүй жаалууд замын голд тогтсон борооны усанд цаасан завь хөвүүлэн тоглох нь нүднээ содон тусав. Хөгжилдөн тоглох тэднийг зорин очиж хөхрөлдөн инээлдэхийг нь хэсэг ажаад “Ахын дүү нар усанд унав аа” гэтэл нэлээн хөдөлгөөнтэй байрын нэг нөхөр “Усан цэргүүд чинь угаасаа л живдэггүй юм” хэмээн хэвлүүхэн гэгч нь хэлчихээд эргэн нөхөдтэйгөө нийлэх нь тэр. Хэгжүүн хэл яриатай тэр хүүд дөхөн очоод хүүхэд насыг минь санагдуулсан мөнөөх “усан цэрэг”-үүдтэй завь хөвүүлэн тоглох зуураа хэсэг яриа өрнүүлсэн юм. Өөрөөсөө том шахуу цүнхээ өрөөсөн мөрөндөө унжуулсан нэг жаал “Би том болоод усан цэрэг болно” гээд л ярьж гарлаа. Асар том завиараа далай тэнгис туулж, адал явдал хайж хэрэн хэсэх тухайгаа шулганан ярих зуур хүүхдийн мөрөөдөл гэдэг хэний ч ой тойнд багтамгүй хязгааргүй эрх чөлөөтэй, уудам орон зай байдаг тухай хэсэг эргэцүүлэн бодлоо. Спортын мэдээ сурвалжлага бэлтгэх үүрэг даалгавар хүлээн өглөө редакциас гарсан болохоор бяцхан тамирчид юу хүсч мөрөөддөгийг сонирхмоор санагдав. “Усан цэргүүд”-тэй салах ёс хийчихээд “бяцхан тамирчин, бяцхан тамирчин” хэмээн амандаа давтан үглэсээр Спортын төв ордны зүг эргэлээ. Урд шөнө нь бороо орж хоносон болохоор тоос шороо оволзон байдаг хотын гудамж талбай тортог, буртагаа арилгасан гэлтэй өнгөлөг харагдана. Мөчир юундаа дүүжигнэх навчис илбэхийн төдий салхинд эргэлдэн газарт бууж, тогтоол усанд тунах нь ангасан намрын цангаа тайлагдаж буй гэлтэй. Өнгө зассан өргөн гудамжаар олны дундуур сүлжин явсаар зорьсон газраа ирэв. Төв хаалгаар нь ормогц бэлтгэлийн хувцастай хүмүүс нааш цааш холхих их спортын өргөөнд энд тэндгүй хүнгэнэсэн чимээ шуугиан ноёлох аж. Үүдний харуулаас тэмцээн уралдаан болж буй талаар сонирхвол “Онц юм алга даа. Жүдогийнхон л бэлтгэлээ хийж байна” хэмээв. Олон хүний дуу шуу холилдон хорших жүдо бөхийн бэлтгэлийн заал руу шагайвал цэнхэр, цагаан кимоногоор жигдэрсэн идэр тамирчид ид бэлтгэлээ хийж байх нь тэр. Бяцхан тамирчин хайж явсан надад нэг сумаар хоёр туулай буудсан мэт санагдаж ихэд олзуурхав. Харваас барилдаж ноцолддог байрын өргөн ханхар цээжтэй хүн дэвжээний захаар нуруугаа үүрэн алхах зуураа тамирчдын бэлтгэлийг анхааралтай гэгч ажих нь багш гэдгийг илтгэнэ. Мөнөөх хүнтэй уулзан хамгийн балчир тамирчнаас чинь ярилцлага авч болох уу гэтэл хариу дуугаралгүй дээш өлийн хэсэг харж зогссонгоо “За байз, хамгийн балчир нь” гэснээ “Булгаа, Булгаа” хэмээн бужигнасан олон тамирчны дундаас шавилхан биетэй хүүг дуудан гаргав. Багшийн даалгавраар гүйн ирэх мөнөөх хүү үнэхээр л миний хайж байсан “бяцхан тамирчин” маань байлаа. Амьсгаа дээр хэр нь аядуухан дуутай хүү Булгантамир гэж нэрээ хэлэн мэндчилэв. Багш биднийг чимээ шуугиан багатай газар хэмээн томоос том заалны буланд байх жижигхэн өрөө тийш дагуулан явав. Бяцхан тамирчин бид хоёрын яриа бүдэг гэрэлтэй тэр жижигхэн өрөөнд өрнөсөн юм.

-Миний дүү энэ спор­тоор хэзээнээс хичээллэж эхлэв?
-Өнгөрсөн жилээс хи­чээллэж эхэлсэн. Одоо нэг жил болж байна гээд өмнө нь асааж тавьсан дуу хураагчийг хараад дуугаа хураах нь тэр. Гэнэт л дуу хураагч, дэвтэр үзэг гаргаж ирээд асуулт асуухаар жаахан эмээсэн үү бяцхан тамирчин маань дуу муутайхан байсан болохоор “Ирээдүйн мундаг тамирчин хүн чинь ярьж хэлэхээс ичиж эмээж болохгүй. Адилхан эр хүмүүс байна даа. Хоёулаа сайхан чөлөөтэй ярилцъя” гэтэл итгэл муутайхан толгой дохиод эргэн доош харав.

-Бүтэн жил хичээллэж байгаа гэхээр чи мундаг тамирчин байна шүү дээ. Яагаад заавал жүдо бөхийг сонгох болов?
-Манай аав, ах хоёр хоёулаа барилддаг. Тэгээд л жүдо бөхөөр хичээллэх болсон доо. Ер нь, манай удмынханд барилддаг хүн олон байсан гэсэн. Тэрнээс ч болсон байх. Би барилдах дуртай. Аав, ах хоёр барилддаг, өөрөө ч дуртай болохоороо энэ спортыг сонгосон юм.

-Аав, ах хоёр нь бөхийн ямар төрлөөр хичээллэдэг юм?
-Аав маань үндэсний бөхөөр барилддаг. Нэрийг нь Даваадорж гэдэг. Монгол Улсын харцага цолтой. Харин ахыг Төмөрхүлэг гэдэг. Надтай адил жүдо бөхөөр хичээллэдэг гэхэд нь төөрсөөр төрөлдөө гэдэг шиг хайсан хүнээ олсон болохоо сая ойлгов. Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгасан Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Д.Төмөрхүлэгийн дүү, Монгол Улсын харцага Даваадоржийн хүүтэй ярилцаж суугаагаа азтай учрал хэмээн бодлоо. Аав, ахынхаа шийрийг хатаах жаал хүү ч жүдо бөхөөр хичээллэдэг нь бүр олзуурхууштай санагдлаа.

-Аав, ах хоёр чинь мундаг тамирчид шүү дээ. Хоёулаа ч ярих юм ихтэй л юм байна даа?
-\инээв\ Би тийм ч сайн ярьж чадахгүй шүү дээ ах аа. Та эсвэл манай ахаас ярилцлага авах юм уу. Орой шигшээгийнхэн энд ирж бэлтгэл хийдэг юм.

-Зүгээр дээ, хоёулаа ярихад л хангалттай. Ми­ний мэдэхээр ах чинь саяхныг хүртэл 66 кг-ын жинд чансаагаараа тэргүүлж бай­сан санагдана?
-Одоо чансаагаар гурав­дугаарт бичигдэж байгаа. Дэлхийн аваргын тэмцээнээс хойш гуравт орсон. Гэхдээ манай ах ч мундаг тамирчин шүү. Удахгүй дахиад л нэгт бичигдэж эхлэх байх.

-Аав, ах хоёр шигээ алдартай тамирчин боло­хыг хүсдэг байх. Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна?
-Ирээдүйд олимпын л аварга болохыг хүсдэг. \инээв\

-Яагаад олимпын авар­га болж болохгүй гэж. Гэх­дээ тамирчин хүнээс маш их хүч хөдөлмөр, тэсвэр ха­туу­жил шаардана шүү дээ?
-Тийм ээ. Мөн ур ухаан, хурд хүч, бяртай байх ёстой. Тэгээд бас... \хэсэг бодов\

-Хамгийн гол юмыг мартаад л байх шиг байна даа?
-Ялалт.

-Тэрнээс ч чухал?
-Бэлтгэл сайн хийх.

-Мөрөөдөл?
-Аан, мөрөөдөл үү. Надад мөрөөдөл байгаа. Би ирээдүйд олимпын аварга болохыг хүсдэг. Ах шигээ бас Түвшинбаяр, Цагаанбаатар ах нар шиг сайн барилдаж, эх орныхоо нэрийг гаргахыг хүсдэг. Тийм болохоор одооноос л бэлтгэлээ сайн хийж, мэхээ сайн сурах ёстой гэж боддог.

-Чиний хэлснээр Н.Түв­шин­баяр, Х.Цагаанбаатар, С.Ми­яарагчаа, М.Уранцэцэг на­рын барилдахыг хараад юу гэж боддог вэ?
-Тэд нараас ч илүү сайн барилддаг болно гэж боддог. Ах шигээ хурдтай, мэхтэй, Түвшинбаяр ах шиг хүчтэй, Мияарагчаа ах шиг мэх сайтай, Цагаанбаатар ах шиг мэхээ даацтай хийдэг гээд л. Ер нь, жүдо бөхөөр хичээллэдэг хүн бүхий л бэлтгэлээ сайн хийж байж өндөр амжилтад хүрдэг. Дандаа мэх давтаад байвал хурд муутай болдог. Тийм болохоор тогтмол кросс гүйх нь чухал. Бас хүчний бэлтгэл ч сайн хийх ёстой гэхчлэн бэлтгэл бүрээ эн тэнцүү хийх нь хамгаас чухал. Тэгж байж л ах нар шигээ өндөр амжилт гаргаж, оргилд нь хүрдэг гэж манай багш хэлдэг юм.

-Тэгвэл чиний хүрэхийг хүсдэг оргил чинь юу вэ. Дэлхийн эсвэл олимпын аварга уу?
-Ямар ч байсан олимпын аварга болно гэж боддог. Бас дэлхийн аварга, Азийн аварга, Улсын аварга гээд л таны хэлснээр оргил зөндөө л байна. Гэхдээ би хамгийн өндөр оргил болох олимпын аварга болохыг маш их хүсдэг. Тэгээд дэлхийн нэг номерын тамирчин болно.

-Нэг номерт удаан байхын тулд маш их хичээл зүтгэл, хүч хөдөлмөр цаг хугацаа шаардана шүү?
-Тийм ээ. Гэхдээ нэгэнт л энэ спортыг сонгосон болохоор тууштай хичээллэж заавал санасандаа хүрнэ гэж боддог. Хүч хөдөлмөр, цаг хугацаа, хичээл зүтгэл гээд бүгд надаас шалтгаалах болохоор өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

-Тэгвэл чи хэдэн оны олимпод аварга болох гэж байна даа?
-Том болоод л...

-Том болно гэж хэдэн настай болохыг хэлдэг юм бол?
 -25, 26 настай боло­хоороо.

-За, тэгвэл хоёулаа то­хир­чихъё. Чамайг 14 жилийн дараа 25 насандаа олимпын аварга болоход чинь хамгийн түрүүнд би ярилцлага авна шүү, болж байна уу?
-\инээв\ Болж байна. Та ярилцлагаа яг авна биз. Би олимпын аварга болно гээд хариулт хайсан харцаар намайг ширтэв. Түүний мөрөөдлийг хүндэтгэх үүднээс “Мэдээж, тэгэлгүй яахав” хэмээн хариу өчөөд хоёул гар барив. Бүдэг гэрэлтэй жижигхэн өрөөнд ирээдүйн олимпын аваргатай ярилцан суухад улаан, хөх өнгийн татами дээр унан өнхрөн бэлтгэлээ хийх тамирчдын шуугиан дундаас “нэг, хоёр... нэг, хоёр” хэмээн командлах багшийн дуу тодорч сонсдоно. Хэн хэндээ амлалт өгөн гар барилцсан бид “Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа” хэмээн бие биедээ хэлээд эргэн яриандаа орлоо.

-Жүдо бусад бөхийн төрлийг бодвол хатуу чанга бэлтгэлтэй. Чиний хувьд хамгийн хэцүү бэлтгэл нь юу вэ?
-Жин хасах. Манайхан ч жин хасах нь хамгийн хэцүү гэж ярьдаг. Тэмцээнд орох өдөр илүү жинтэй байвал хоол ундаа сойж, бэлтгэлээ эрчимжүүлдэг. Миний хувьд нэг өдөрт хоёр кг хаяж байсан. Гэхдээ зарим тамирчин бүр ч ихийг хасдаг гэсэн. Дэлхийн аварга Цагаанбаатар ах өдөрт найман кг хасч байсан болохоор хүмүүс их үнэлдэг юм билээ. Ганц хоногт найман кг хасна гэдэг ямар хэцүүг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй байх. Ах ч гэсэн нэг тэмцээний өмнө 4, 5 кг-ыг хасч байсан. Бараг л юм идэхгүй хэр нь маш их бэлтгэл хийж хөлс гаргадаг болохоор тэмцээний өмнө их ядарсан байдаг. Ер нь, тамирчин хүн жингээ гэнэт биш аажим аажмаар хасч аль болох барихыг хичээх нь чухал. Тэгэхгүй бол их жин огцом хасахаар маш их ядардаг. Бас бид 10 гаруй км кросс гүйлт хийдэг. Уулын, талын гэсэн хоёр янзын. Нэг удаад гүйхдээ л 10 гаруй км хад чулуутай уулаар явна гэдэг бас л хэцүү шүү.

-Хаана сурдаг вэ?
-Би энэ ордонд байдаг спортын төрөлжсөн дунд сургуулийн 6а ангид сурдаг. Гуравдугаар ангиасаа л энэ сургуульд шилжин орж ирсэн. Хичээл өдөр 12 цаг өнгөрөөж тараад л шууд бэлтгэлдээ ордог.

-Өөрөө сонирхож орсон уу эсвэл аав, ээж нь оруу­лав уу?
-Өөрөө л сонирхож орсон доо. Аав, ээж хоёр ч гэсэн дуртай оруулсан. Ер нь, гэрийнхэн тэр дундаа ээж маань ах, аав бид гурвыг их дэмждэг. Намайг бөх болно гэхэд ерөөсөө хориглоогүй. Нэг гэрт гурван бөх байдаг болохоор ээж маань биднийг их ойлгож дэмждэг. Агааг тэмцээн уралдаанд оролцохоор ээж ерөөсөө барилдааныг нь үзэж чаддаггүй юм. Харин намайг бол үздэг. Мөн ах бид хоёрыг тэмцээнд оролцохын өмнө ламд очиж ном хүртэл уншуулдаг. \инээв\

-Чамайг үздэг гэхээр чи ахаасаа мундаг байх нь ээ?
-\инээв\ Мэдэхгүй ээ. Ээж ахыг барилдахаар л өөр юм хийгээд, өөр өрөөгөөр яваад байдаг юм. Бодвол айгаад харж чаддаггүй байх.

-Аав нь яах вэ?
-Аав бол зурагт үзэж байхдаа “Ингэ, тэг. Одоо дайр” гээд бараг л өөрөө барилдаж байгаа юм шиг үздэг. Би ч гэсэн ахыгаа дэмжээд бараг л зурагттайгаа барилддаг даа. Ер нь, манай аав дайчин, эрч хүчтэй, зоримог барилд гэж зөвлөдөг. Инээж биш өөрийгөө хурцалж дайчин барилдах  хэрэгтэй гэдэг.

-Чиний хувьд аав, ах шигээ олон ч тэмцээн уралдаанд түрүүлж байсан байх?
-Клубийнхээ аварга болж байсан. Бас сургуулийн аваргын алтан медальтай. Улсын аваргын хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн жил болсон сургуулийн ойн тэмцээнд үндэсний бөхөөр алтан медаль авч байсан.

-Спорт хүнийг бүх талаар нь хөгжүүлдэг шүү дээ. Зан ааш, хүмүүжил гээд л?
-Би жаахан байхдаа их эрх байсан гэсэн. Дандаа л ээжид эрхэлдэг. Харин спортоор хичээллэснээс хойш өөрийгөө хатуужилтай, тэвчээртэй, юманд хүлээцтэй ханддаг болсон гэж боддог.

-Сайн барилдахад юу чухал юм бол?
-Хортой шартай байх хэрэгтэй. Гэхдээ зөв хор шар. Миний жингийн хүүхэд тэмцээнд түрүүлбэл би яагаад чадахгүй билээ гэх зэргээр өөрийгөө бусадтай жишиж байж өөртөө итгэлтэй, сайн барилддаг. Зарим хүүхэд хэтэрхий уур бухимдлаар барилдаад ганц ч давалгүй унадаг. Бас хэт их сэтгэл хөдлөлөөр хандвал мөн л сайн барилдаж чаддаггүй. Тийм болохоор биеийн бэлтгэлээс гадна сэтгэлзүйн бэлтгэл их чухал гэж боддог. “Зүгээр л нэг барилдаад үзье” гэж бодоод барилдсан хүүхдүүд ялах нь их байдаг. Гэтэл хэтэрхий хичээсэн нь амархан ойчдог. Тийм болохоор хамаагүй хөөрч баярлах, уурлаж бухимдах нь буруу л гэж боддог юм. Би л хувьдаа зөв хор шар хүнийг амжилтад хүргэдэг гэж ойлгодог.

Шавилхан биетэй ч шазруун, хэрсүүжсэн бас чамгүй сэргэлэн байрын жаал хүү зөв хор шар гэж ярих нь сонсууштай, түүнээс суралцууштай санагдана. Хэрсүү хэр нь гэнэн цагаахан хүүхэд зан нь хэлж ярих бүхнээс л илт анзаарагдах бяцхан тамирчин маань кимоногоо засан бүсэлж, дэвжээндээ ёслоод эргэн бэлтгэлдээ оров. Хоёр, хоёроороо үүрэх мэх давтах үеийн нөхдөөсөө арай жижигхэн биетэй ирээдүйн аварга маань ангийнх нь найз бололтой нэг хүүтэй хамт бэлтгэлээ хийж эхлэв. Сүүлийн үе манай жүдочид тив дэлхийн чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож байгаа нь ирээдүйн аваргуудын бэлтгэлээс илт анзаарагдах аж. Жил ирэх бүр өсөн нэмэгдэх бяцхан тамирчид ч гэсэн олимп, дэлхийн аварга болох хүсэл мөрөөдлөө тээсээр бэлтгэлээ хийж буй нь энэ. Эл дэвжээнээс төрсөн аваргууд эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргаж, их спортын түүхийн хуудсыг зузаалсаар явааг та бид сайн мэднэ. Дараа дараагийн аваргууд ч бяцхан тамирчдаар дүүрэн энэ л дэвжээнээс төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан