Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкт зудны улмаас 100 мянган үхэр үрэгджээ


Америкийн Өмнөд Дакота мужид цас ихээр орж зуд болсны улмаас 100 мянга орчим үхэр осгож үхжээ. Фермерүүдийн үржүүлэх үхэр зуслан дээрээ байх үед нь аравдугаар сард огт баймгүй гэнэт хүйтэрч цасан шуурга болсон байна. Цагт 112 км хүртэл ширүүсч байсан салхи, их хэмжээний цасанд туугдсан үхэр олноороо осгож.

Байгалийн гэнэтийн үзэгд­лийн улмаас фермерүүдийн хүлээсэн хохирлын хэмжээг 1,25 сая ам.доллараар тооцжээ.  Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Дакота, Небраска, Айова, Вайоминг, Колорадо мужуудад гэнэт их хэмжээний цас орсон юм. Зарим газраа орсон цасны зузаан нэг метр хол давж, цахилгааны утас тасран, олон тооны зам хаах арга хэмжээ авсан байна.

Зудыг манайх шиг уламжлалт бэлчээрийн мал аж ахуйтай оронд л байдаг үзэгдэл гэсэн төсөөлөл алдаатай нь эндээс харагдаж байна. Техник, технологи өндөр хөгжсөн орнуудад ч зуд гэгч байгалийн үзэгдэл болж хэдэн арван мянгаар тоологдох мал үрэгдэж болдгийн жишээ нь энэ юм. Америкт 1919 оноос хойш тэмдэглэгдсэн хамгийн ихээр орсон цасны хохирлыг арилгахаар гал унтраагч, цагдаа, Үндэсний гвардийн цэргийн албан хаагч нар идвэхтэй ажиллаж байна.
Ер нь энэ жил байгалийн гэнэтийн үзэгдэл олонтаа гарлаа. Манай хойд, урд хөршид гэхэд л сүүлийн зуу гаруй жил болж байгаагүй хүчтэй үер бууж хэдэн сая хүнийг нүүлгэн шилжүүлэх, аврах ажиллагаа явуулах шаардлагатай тулгарсан. Манай хоёр хөрш энэ аймшигт үерийн үр дагаварыг арилгахын тулд армийн анги, нэгтгэлүүдийг дайчлахад хүрч байсан юм. Манай улс хойд хөршөө байгалийн гамшгийг давж гарахад бага ч гэсэн тус болохын тулд 50 мянган ам.доллар хандивласныг та санаж байгаа байх.

Хятадын зүүн өмнөд мужуудыг дайрсан “Фитоу” хар салхи нь зөвхөн Жезян мужид гэхэд л хоёр тэрбум ам.долларын хохирол учруулсан. Тус мужийн Юйяо хотод хоногт 71 см хур тунадас орсон өвөрмөц үзэгдэл ажиглагдсан.
Камбожид гурван долоо хоног үргэлжилсэн хүчтэй борооны улмаас 15 мужийн 800 мянган хүн янз бүрээр өртөж хохирол амссан байна. Үерийн ус 120 мянган байшин барилга, 120 мянган га цагаан будааны талбайг гэмтээн устгасан байна.
Японы Кагошима мужид “Данас” хар салхины улмаас 20 мянган байшин цахилгаангүй болж, олон зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байв.
Мексикийг өнгөрсөн есдүгээр сард “Ингрид”, “Мануэль” гэж нэрлэгдсэн хоёр хүчтэй циклон дараалан дайрсны улмаас дийлэнх нутгаар олон хоногийн турш асар хүчтэй аадар бороо орж, олон хот, муж үерт автсан. Үерийн улмаас 130 хүн амиа алдаж, 60 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн.

Энэтхэгийн Бихари, Жарканд мужуудад маш хүчтэй аянга, цахилгаан бүхий аадар бороо орсны улмаас 32 хүн амиа алдсан. Бихар мужид гэхэд л борооны үеэр хөлбөмбөг тоглож байсан долоо хүүхэд нэг дор аянганд ниргүүлэн амиа алдсан эмгэнэлт явдал гарав. Энэтхэгт борооны улирлаар хүмүүс аянганд цохиулан амиа алдах нь олон гардаг ч гэлээ энэ жилийнх шиг нэг дор олон хүний аминд хүрсэн үзэгдэл маш ховор гэдгийг цаг агаар судлаачид онцолж байгаа юм.

Аянгатай холбоотой эмгэнэлт явдал Камбожид бүр ч хүнд байна. Тус улсад энэ он гарсаар есөн сарын дотор аянганд ниргүүлсний улмаас 100 хүн амиа алдсан аж.
Балтын тэнгист цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөс болж цэлцэгнүүрт загас буюу медуз асар их хэмжээгээр үржсэнээр Шведийн “Оскарсхамн” цөмийн цахилгааны нэг реакторыг хаахад хүргэсэн. Медузууд цөмийн реакторын хөргөх төхөөрөмж рүү олноор нэвтэрч орсон болохоор арга буюу ийм арга хэмжээ авсан байна. Оросын Камчаткийн хязгаарын Авачины боомтод хэсэг газар далайн од, далайн зараа тодорхойгүй шалтгааны улмаас асар олноор үхсэн. Америкийн Оклахома хот хэдэн тэрбум хүрэлзгэнийн дайралтад өртөж байгууллагууд нь ажлаа түр зогсоох дээрээ тулж байв.

Энэ бүхэнд дэлхийг бүхэлд нь хамраад байгаа дулаарлыг буруутай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Бүр нарийвчилбал дэлхийн агаарын хэм дулаарах гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дулаарлын улмаас Хойд мөсөн далайн нийт талбайн 60 хувийг олон жилийн насжилтай мөс бүрхдэг байсан бол сүүлийн жилүүдэд ердөө 30 хувийг нь бүрхдэг болсон тухай бүс нутгийн цаг агаарыг хянадаг хиймэл дагуулаас авсан мэдээлэл харуулж байна.

1980-аад онд дөрөв ба түүнээс илүү насжилттай зузаан мөсний хэмжээ нийт мөсний 25 хувь байдаг байсан бол өнөөдрийн байдлаар ердөө таван хувь хүрэхтэй үгүйтэй болжээ. Үүнээс болж дэлхийн цаг агаарт ихээхэн өөрчлөлт орж байгаа тухай эрдэмтэд анхааруулж байна. Хамгийн гол нь дийлэнх хүний төсөөлж байгаа шиг дэлхийн цаг уур аажмаар дулаарахгүй гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. Аажим үйл явцын оронд хэт халуун ба хэт хүйтэн ээлжилсэн огцом өөрчлөлттэй жилүүдэд шил шилээ даран залгадаг болно гэж байна. Халуун хүйтнийг дагаад хур тунадас, улирлын солилцоо гээд бүх зүйл өөрчлөгдөж таарах аж.

Жишээлэхэд, энэ жилийн зун манай улсын хувьд хур бороо ихтэй, сэрүүн байв.
Манай хойд хөршийн Алс дорнодод буюу Амар мөрний ай сав нутгаар олон зууны турш үзэгдээгүй хүчтэй бороо олон долоо хоногоор үргэлжлэн орж ихээхэн хохирол учруулсан. Хойд Солонгост олон жил ажиглагдаагүй дулаан намар болсон, Америкт зуу гаруй жил үзэгдээгүй гэнэтийн цасан шуурга болсон зэрэг нь эрдэмтдийн таамгийг баталж байгаа юм.

Тиймээс цаашид жил дараалан үер, ган, зуд, цасан шуурга гэсэн байгалийн эрс тэс онц ноцтой үзэгдэл ээлжилсэн жилүүд эхлэх бололтой. Хэдий ийм эрс тэс байгаа ч дэлхийн цаг агаар дулаарч байгаа болохоор хойд туйл, умард туйл, Гринландын мөсөн давхарга эрчимтэй хайлж далайн түвшин нэмэгдэж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд гэхэд дэлхийн хэмжээнд далайн түвшин жил болгон 1,7 мм дээшилж байснаа хурдаа нэмэн гурван мм-ээр нэмэгддэг болжээ. Үүнийг дагаад Голланд, Герман, Англи, АНУ, БНХАУ гэх мэт дэлхийн эдийн засагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг орнуудын нам дор газрууд усанд автан живж эхлээд байна.
Иймд та бид удахгүй дэлхийн тийм улсад үер эсвэл ган болж, хар салх дайрлаа гэх  мэт таагүй үзэгдлийн талаарх мэдээ олноор авч эхлэх нь бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан