Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн нөлөөтэй 10 хүн


“Forbes” сэтгүүл жил болгон дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийг тодруулдаг уламжлалтай. Сүүлийн нэлээд хэдэн жил энэ жагсаалтыг АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгчид ёс юм шиг тэргүүлдэг байлаа. Дэлхийн хэмжээнд үзүүлдэг нөлөө, гаргадаг идэвхээрээ тэдэнтэй өрсөлдөх хүн гарч ирэхгүй байсан болохоор тэр биз. Өнгөрсөн жил ч мөн ялгаагүй дэлхийн хамгийн нөлөөтэй хүнээр Ерөнхийлөгч Барак Обама шалгарч байв. Гэтэл энэ жил уламжлал гэнэт эвдэгдэж  Обама жагсаалтын хоёрдугаарт орсон нь дэлхийн бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд орлоо.

Энэ жагсаалтыг тус сэтгүүлийн найман сэтгүүлч санал хураан гаргасан байна. Ингэхдээ улстөр, санхүү, эдийн засаг, бизнес, шашны салбарын хамгийн нөлөөтэй гэгддэг 150 хүний дотроос дараахь дөрвөн үзүүлэлтээр нь жагсаажээ. Үүнд:
• Тухайн хүний нөлөө үзүүлдэг хүн амын тоо
• Гаргаж байгаа шийдвэрийн ач холбогдол
• Удирдан хянадаг санхүүгийн хөрөнгөний хэмжээ
• Эрх мэдлээ өнгөрч байгаа жил ашигласан идэвх гэсэн дөрвөн үзүүлэлт оржээ.
Эдгээр үзүүлэлтээр улс төр, бизнес, санхүү гэх мэт салбаруудад дэлхийд хамгийн нөлөөтэй 72 хүнийг тодруулсан байна. 2013 оны жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүлсэн нь хамгийн дуулиан тариад байна. Ингээд жагсаалтын эхний аравт орсон хүмүүсийг уншигч танд сонирхуулъя.

1.Владимир Путин.
Албан тушаал: ОХУ-ын Ерөнхийлөгч
Нас: 61


Путиныг энэ жагсаалтын нэгдүгээрт ороход олон улсын тавцанд гаргасан амжилт болон улсынхаа дотоодод эрх мэдлээ уламж бэхжүүлсэн явдал нь хамгийн ихээр нөлөөлжээ. Америкийн анхааруулгыг үл хэрэгсэн тагнуулын экс ажилтан Эдвард Сноуденд улс төрийн орогнол өгсөн. Бүс нутгийг хамарсан томоохон хэмжээний дайн болж хувирах дээрээ тулаад байсан Сирийн асуудлыг энх тайвны замаар шийдэх гарц гаргаж ирсэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхтэй, дэлхийд хамгийн томд тооцогдох цөмийн зэвсгийн нөөц, дэлхийд хамгийн томд тооцогдох газрын тос ба шатдаг хийн нөөц гээд Путины хянадаг мэддэг зүйлсийн нөлөө асар их. Ахин дөрвөн жил Ерөнхийлөгчийн албыг хашна, дараа нь дахин таван жил албан тушаалаа хадгалах бүрэн боломжтой.

2. Барак Обама
Албан тушаал: АНУ-ын Ерөнхийлөгч
Нас:52


Америкийн дотоод улс төрд сүүлийн үед шил шилээ даган бий болсон ээдрээ зөрчлөөс болж Обама Оросын Ерөнхийлөгчид нэгдүгээр байраа алдсан байна. Конгрессын олонхи  Бүгд найрамдах намынхантай ойлголцож чадаагүйгээс 16 хоногийн турш Америкийн төрийн байгууллагууд ажиллаагүй. Эрүүл мэндийн даатгалын төлөвлөгөөгөө шаардлагатай гэдэгт дийлэнх олонхыг итгүүлж чадаагүй. Сноудений ил болгосон нууц материалаас болж Европ, Өмнөд Америк, Азийн улс орнууд ээлж дараалан эсэргүүцэл илэрхийлж тайлбар шаардан Америкийн нэр хүнд унагасан. Энэ мэт ээдрээ их байгаа ч Обама нь улс төр, эдийн засаг, цэрэг байлдааны чадвараараа дэлхийн хамгийн хүчирэг гүрний удирдагч хэвээр.

3. Ши Жинпин
Албан тушаал: БНХАУ-ын Тэргүүлэгч
Нас: 60


Ши Жинпин нь дэлхийн хүн амын 20 хувь нь амьдардаг, эдийн засгийн нөлөөгөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог асар том гүрний удирдагч болсон. Сүүлийн нэг жилд Хятад нь Арктикт газрын тос олборлохоос эхлээд Өрнөд Европын гүрнүүдтэй санхүүгийн асар чухал олон гэрээ байгуулж, хэлэлцээр хийн нөлөөгөө улам нэмсэн. Америкт үзүүлдэг нөлөө нь ч асар их байгаа. Учир нь, Хятад Америкийн сангийн яамнаас гаргасан зээлийн 1,3 тэрбум ам.долларын бондыг худалдан авсан. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Хятадын тэрбумтнуудын тоо тэгээс 122 болсон бол ДНБ нь 8,2 их наяд хүрсэн. Ши Жинпин нь БНХАУ-ын Тэргүүлэгчээс гадна коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэлхийн хамгийн олон хүнтэй зэвсэгт хүчний командлагч.

4.Ромын Пап Франциск
Албан тушаал: Ромын Пап
Нас:76


Франциск нь энэ оны гуравдугаар сард Ромын католик шашны тэргүүн болсон билээ. Латин Америкаас тодорсон анхны Пап тэрээр хүйсийн эрх тэгш байдлын сахихыг уриалсан, үр хөндөлт ба ижил хүйстнүүд хоорондын гэрлэлт гэх мэт зүйлийг эрс хатуу шүүмжилсэн мэдэгдэл хийхгүй болсон гээд олон шинэлэг зүйл нэвтрүүлээд байгаа нэгэн. Үүний дээр олон нийтийн сүлжээ идэвхтэй ашигладаг бөгөөд “Twitter”-ээр дамжуулан сургааль айлдсан төдийгүй олон нийтийн сүлжээнд зориулсан зургаа өөрөө авч нэгэн төрлийн эрс шинэчлэл хийсэн. Аргентин хүн болохоор хөлбөмбөгийн цогтой хөгжөөн дэмжигч бөгөөд нутгийнхаа “San Lorenzo de Almagro” багийн фэн гэдгээ нуудаггүй. Дэлхий ертөнц католик шашинтай 1,2 тэрбум хүн амьдардаг.

5. Ангела Меркель
Албан тушаал: ХБНГУ-ын Канцлер
Нас: 59


Сүүлийн арван жилийн дотор Ангела Меркель найман удаа дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр тодорч байсан юм. Европын холбооны улс төр ба эдийн засгийн асуудлыг шийдэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг. Хатуу хэмнэлтийн бодлого баритмладаг, еврог нэгдсэн валют хэвээр нь хадгалахын төлөө байдаг нь Европын холбоог бутрахаас аварч чадсан гэж үздэг. Меркель нь тун саяхан Канцлераар дахин сонгогдсон. Энэ албан тушаалыг тэрээр 2005 оноос хойш хашч байгаа юм.

6. Билл Гейтс
Албан тушаал: “Bill & Melinda Gates Foundation”-ын хамтран тэргүүлэгч
Нас: 58


Хөрөнгийнх нь хэмжээ 72 тэрбум ам.долларт хүрсэн Гейтс энэ жил дэлхийн хамгийн баян хүн гэсэн байр сууриа эргүүлэн авсан. “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч тэрээр одоо өөрийн эхнэр Мелиндагийн хамт удирддаг хүмүүнлэгийн сангийн үйл ажиллагаанд голлон анхаарч байна. Тэрээр хүмүүнлэгийн ажилд 28 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа. Хамгийн сүүлд гэхэд дэлхийн хэмжээнд хүүхдийн саа өвчний эсрэг хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэхэд 335 сая ам.доллар хандивласан. ”Microsoft”-ын  Ерөнхий захирлын албан тушаалаас Стив Балмерийг огцруулсны дараагаар компанийн хувьцааны үнэ тогтмол нэмэгдэж байгаа. Тэрээр  өөрийн үүсгэн байгуулсан компанийнхаа захирлуудын зөвлөлийг тэргүүлдэг. Тэрбумтнуудыг хөрөнгийнхөө 50 хувиас багагүйг хүмүүнлэгийн ажилд зориулан хандивлахыг уриалсан бөгөөд өнөөдөр олон арван тэрбумтан түүний энэ уриаг дэмжихээ илэрхийлээд байгаа.

7. Бен Бернанке
Албан тушаал: АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүлэгч
Нас: 59


Холбооны нөөцийн систем нь төв банкны үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Америкийн арилжааны бүх банкуудын үйл ажиллагааг хянан зохицуулдаг. Бен Бернанкегийн хашч байгаа албан тушаалыг дэлхийн хамгийн нөлөө бүхий эдийн засгийн албан тушаал гэж нэрлэдэг. Арга ч үгүй биз. Долларгүй юм гэж дэлхий дээр бараг байхгүй. Принстоны их сургуулийн профессор асан тэрээр эдийн засгийг зөөлөн дэмжиж идэвхжүүлэх бодлого явуулсны хүчинд АНУ-ын ДНБ бага ч гэлээ тогтвортой өсөлттэй болж чадсан. Түүнийг дэлхийг нөмөрсөн эдийн засгийн хямралын үр дагавартай хийж байгаа тэмцлийн бэлэг тэмдэг гэж болно.

8. Абдалла ибн Абдель Азиз Аль Сауд
Албан тушаал: Саудын Аравийн хаан
Нас: 89


Саудын Аравийн хааны лалын шашинт ертөнцөд асар их нөлөөтэй. Үүний дээр дэлхийн газрын тосны нөөцийн 20 хувийг хянаж байдаг хүний хувьд дэлхийн хэмжээнд ч дутахааргүй нөлөөтэй. Саудын Аравийн ДНБ-ий хэмжээ 727 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийн тэргүүлэгч 20 эдийн засгийн нэг болсон. Ажилгүйдлийнх нь төвшин 12 хувь, хүн амынх нь 50 хувь нь 25 наснаас залуу. Абдалла хаан залуучуудыг ажлын байраар хангах, тэдэнт зориулсан орон сууц бариулахад тун саяхан 130 тэрбум ам.доллар гаргаж өгсөн.

9. Марио Драги
Албан тушаал: Европын төв банкны тэргүүлэгч
Нас: 66


Европын холбоо эдийн засаг ба улс төрийн тун амаргүй байдалтай үед Марио Драги энэ албан тушаалыг хашч байна. Нийт 17 тэрбум ам.долларын ДНБ ч эдийн засгийн том асуудалтай байгаа Европын холбооны эдийн засгийг төлөөлж байгаа гэж болно. Ийм ээдрээтэй үед Герман ба Грек гэх мэт хоорондоо эрс ялгаатай орнуудын ашиг сонирхлыг нийцүүлэх, хагаралдуулалгүй авч үлдэх арга мэх сэдэн хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж чаддаг хүн.

10. Майкл Дюк
Албан тушаал: “Wal-Mart Stores”-ийн Ерөнхий захирал
Нас: 63


“Wal-Mart Stores” сүлжээ нь жижиглэн худалдааны дэлхийн хамгийн том сүлжээ юм. Жилийн орлого нь 470 тэрбум ам.доллар. Энэ сүлжээнд 2,2 сая хүн ажилладаг. Ийм нүсэр байгууллагын тэргүүлж байгаа хүн дэлхийн хамгийн нөлөө бүхий арван хүн нэг болохгүй гээд яалтай. Майкл нь ганц утасдаад л ямар ч бараа бүтээгдэхүүний борлуулалтын цаашдын хувь тавиланг шийдэж чадна. Яаж ч мундаг сурталчлаад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь энэ аварга том сүлжээгээр заруулахгүй болчихвол ямаршуу байдалд орохыг тааж ядах зүйлгүй гэж болно.
Энэ намар тэрээр Америкийн хамгийн том компаниудыг захирлуудаас бүрдсэн төлөөлөгчдын бүрэлдэхүүнд орж Ерөнхийлөгч Обаматай уулзан санал бодлоо солилцож байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан