Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Чулуунбат: С.В.Паушокийн 2,8 тонн алтыг авч, хадгалсан

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал асан С.В.Паушокийн ETV телевизэд өгсөн ярилцлагын дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал зарлаж, зохион байгуулалттай, явуулга гэж мэдэгдсэн юм. Тэрээр Монгол Ардын намын Их хуралтай зэрэгцүүлэн зохион байгуулалттайгаар С.В.Паушоктой ярилцлага хийсэн, Эдийн  засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Монголбанкны Ерөнхийлөгч байхдаа их хэмжээний алт хадгалах нэрийдлээр С.В.Паушокийг татвараас зайлсхийх боломж олгосон гэсэн юм. Эл асуудалтай холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатаас тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж таныг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал асан С.В.Паушокоос 1.5 тонн алтыг хадгалж, татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэж мэдэгдсэн. Та С.В.Паушокт яаж тусалсан юм бэ?
 
-Би хэн нэг бизнесмэний, нэг хэсэг хүний гар хөл болж ажиллах албан тушаал дээр байгаагүй. Монгол төрөөс даалгасан Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.  Монголбанк гадаад, дотоодын зах зээлд алт худалдаж авах, зарах эрх бүхий байгууллага байсан. Монголд олборлож буй бүх алтыг зах зээлийн ханшаар худалдаж авч байлаа. Түүнээс хүчээр  зааварчилж байгаагүй. Гэнэтийн ашгийн татвар гарч, бүх алт Монголбанкнаас зугтсан. Жилдээ 25 тонн алт  тушаадаг байсан бол 2-3 тонн болж багассан. Бусад нь хаашаа алга болсныг бид одоо ч мэдэхгүй байна. Хар зах руу гарсан нь тодорхой. Ингэж хар зах руу гаргахгүйн тулд томоохон алт олборлогчид Монголбанкинд алтаа хадгалуулж байя, УИХ-ын шийдвэр ойрын үед өөрчлөгдөх байх, энэ шийдвэр Монголын эрх ашигт нийцэхгүй юм байна гэсэн. Бид алтыг нь дуртайяа хадгалсан. Тэдний дотор С.В.Паушок бий. Монголбанк алт худалдан аваад зогсохгүй, гадаадад алтаа хадгалуулдаг байсан. Хадгалуулж байх хугацаандаа хэд хэдэн удаа зараад  хадгаламжийн хүүгээсээ илүү ашгаа олдог. Ц.Нямдорж гишүүн 1.5 тонн алт гэж тоо баримт, мэдээлэл муутай зүйл ярьсан байна лээ. Ийм муу мэдээлэлтэй улстөрийн мэдэгдэл хийх нь өөрийнх нь нэр хүндэд харшлахаас цаашгүй. Уг нь бол 2.8 тонн алт  хадгалуулж, гэрээ  байгуулсан юм. Маш ашигтайгаар хадгаламжийн гэрээний хугацаа дуусаад улсад бүх татвараа төлсөн шүү дээ. 17 орчим тэрбум төгрөгийн татвар төлж, Сангийн яамны Татварын газраас Монголбанкинд талархал илэрхийлсэн тоот ирсэн байдаг. Яагаад гэхээр хадгаламж авч байх үеийн алтны үнэ 650 ам.доллар байсан бол хадгаламжийн гэрээ дуусгавар болоод татвар төлсөн үнэ нь 950 ам.доллар болсон байдаг. Ц.Нямдорж энэ бүхнийг намайг ганцаараа хийдэг мэтээр яриад байгаа. Энэ бүхнийг Монголбанкны хамт олон зах зээлийн эрсдэлээ тооцож хийдэг. Түүнээс “Нарантуул” захаас мөнгө өгөөд гутал авч байгаатай адил зүйл биш.

-Их хэмжээний алтыг Монголбанк хадгалсан нь хуульд харшлахгүй юу?

-Ямар ч харшлах зүйл байхгүй. Ийм гүйлгээгээр Монголбанк маш ашигтай ажилладаг байсан. 2006 онд ажлаа хүлээлгэн өгч байхад УИХ сайн ажилласан гэж дүгнэсэн. Валютын гүйлгээгээр 65 тэрбум төгрөгийн цэвэр ашиг орсон байдаг.

-С.В.Паушок Монголын хуулийн цоорхойг ашигласан, Монгол Улсад хар мөнгө оруулж ирсэн гэдэг зүйлийг Ц.Нямдорж гишүүн яриад  байгаа?

-Ц.Нямдорж  бид хоёрт гаднаас хар юмуу цагаан өнгөтэй мөнгө оруулж ирэх нь ямар хамаа байна. Тэр мөнгө нь монголчуудад өгөөжөө өгөөд, тэндээс цалин аваад, татвар төлөгдөж байвал сайн биз дээ. Хар мөнгө гэдгийг нь мэдэж байсан юм бол яагаад тэр үед хэлээгүй юм. Монголбанкийг удирдаж байсны хувьд хар мөнгө  хараагүй. Бүх мөнгө адилхан.

-С.В.Паушок Монголын Засгийн газар өөрийг нь их хэмжээгээр хохироосон гэж үздэг. Алтыг нь тодорхой хугацаанд хадгалж, хамтарч байсны хувьд үүнтэй санал нийлэх үү?

-Ганц С.В.Паушок биш. 2006 оноос өнөөдрийг хүртэл уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан гадныхан С.В.Паушок орчмын гомдол гаргадаг. Гэхдээ  ямар ч компани Монголын хуулийн хүрээнд л ажиллах ёстой. Тэр дундаа “Алтан Дорнод Монгол” компани хуулийн дагуу ажиллаж байгаад сүүлдээ  ажиллах боломжгүйд хүрсэн. Ер нь Гэнэтийн ашгийн татвар гаргасан нь алдаа байсан гэдгийг Монголын төр хүлээн зөвшөөрч, цуцалсан биз дээ. Саяхан хөрөнгө оруулалтыг тогтвортойгоор зохицуулж байя гэдэг хуулийг УИХ–аас гаргасан нь учир дутагдалтай ажиллаж байснаа  хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

-Таныг С.В.Паушокийн ETV телевизэд ярилцлага өгөх ажлыг МАН-ын Их хурлын үеэр зохион байгуулсан гэж ярьж байна. Та С.В.Паушоктой холбоотой байдаг уу?

-Тийм зүйл ярьсанд гайхаж л байна. Би С.В.Паушокийг Монголоос  гарснаас  хойш холбоогүй, Москва яваагүй. Хуралтай холбогдуулаад ярилцлага өгөөч гээд зохион байгуулаад явах ямар ч шаардлага, үндэслэл байхгүй. Би МАН-ын гишүүн явсан хүний хувьд намын Их хуралд ийм өдөөн хатгалга хийж явах хүн биш. МАН дотор эрүүл саруул, шударга хүн олон бий. Тэдэнд амжилт хүсч, Их хурлаас сайн бодлого гараасай, шударга хүн удирдлагад нь очооосой гэж л бодож яваа.

http://www.maxn.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан