Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиллари Клинтон 2016 оны сонгуульд ялах 16 шалтгаан


Ардчилсан намын нөлөө бүхий сенатор Чарльз  Шумер 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон нэр дэвшвэл гарцаагүй түүнийг дэмжихээ илэрхийлэв. Гурван жилийн дараа болох сонгуулийн тухай сенатор Шумер одооноос хөндөн ярьж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. 


Америкийн хэвлэлүүдийг анзаараад байвал Хиллари Клинтон 2016 онд дахин нэг удаа өөрийгөө сойж үзэхээр бараг л шийдчихсэн бололтой.  “Нью-Йорк” сэтгүүлийн өнгөрсөн есдүгээр сарын дугаартаа хатагтай Клинтон өрсөлдөөнд орохоор аль хэдийнэ шийдвэрээ гаргасан гэдгийг түүний дотны найз нөхдийн үгээс иш аван мэдээлсэн юм. Ер нь бол Хиллари Клинтон 2016 онд өрсөлдөх эсэхээ шийдэж ядан байна гэдгээ хэвлэлд хүлээн зөвшөөрчихсөн. Харин түүний найз нөхдийн хэвлэлд өгүүлснээр бол Хиллари өрсөлдөхөөр, бүр хэрхэн өрсөлдөхөө хүртэл тунгаан бодсон байгаа гэнэ.

Үүнийг батлах нэг жишээ бол хатагтай Клинтоны хувийн туслахаар олон жил ажиллаж буй Хума Абедин хэмээх бүсгүй 2016 оны их кампанит ажлын өмнө Хилларитай үргэлжлүүлэн ажиллах уу, эсвэл гэр бүлээ сонгох уу гэдэг хоёр салаа замын өмнө ирчихээд байгаагаа ойр дотныхондоо хэлсэн байна.
Тэгэхээр Хиллари Клинтон ирэх сонгуульд нэр дэвшихээр барахгүй, хамтран ажиллах багаа хүртэл бүрдүүлж эхэлсэн бололтой.

Нэгэн цагт эзэгтэйн хувиар Цагаан ордонд найман жилийг үдсэн Хиллари Клинтон одоо тэргүүн хатагтай бус Ерөнхийлөгчийн хувиар энэ ордонд эргэн ирэхээр зэхэж байна. Тэрээр зорьсондоо ч хүрч чадна гэж ажиглагчид итгэж байна.

Саяхан явуулсан олон нийтийн санал асуулгаас харвал хэрэв Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө нам дотроо сунгаанд өрсөлдвөл Ардчилсан намын дэмжигчдийн 65 хувь нь түүний талд зогсохоо илэрхийлжээ. Энэ мэтчилэн Хиллари Клинтон хэрэв 2016 оны сонгуульд нэр дэвшвэл ялах 16 шалтгааныг ажиглагчид нэрлэж байна.

1. Мадам Ерөнхийлөгч

Америкчууд түүхэндээ анх удаа өнгөт арьст Ерөнхийлөгчтэй болоод 10 жил ч болоогүй байна. Энэ бол Америкийн ард иргэд төрийн тэргүүний суудалд нас хүйс, арьс өнгөөр ялгаварлахгүйгээр хэнийг ч сонгож чадахуйц бэлтгэгдсэний илрэл. Энэ хөрс суурин дээр эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох кампани маш хүчтэй бөгөөд үр дүнтэй явж чадна гэж улс төр судлаачид үзэж байна. Барак Обамаг сонгож, түүхэнд шинэ хуудас нээсний баяр бахдалыг Хиллари Клинтоныг анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгосны бахархлаар үргэлжлүүлэхийг америкчуудын нэлээд хувь нь хүсч буй.


2. Хэвлэлүүд хатан хааныг өргөмжлөхөд бэлэн

Хэрэв Хиллари Клинтон нэр дэвшвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй анхны эмэгтэй гэдгээрээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Холливудын ертөнц, поп одод гээд нийгмийн янз бүрийн салбар, бүлгээс томоохон дэмжлэг хүлээх нь тодорхой байгаа юм.  “Анхны” гэдэг тодотгол Хилларид маш том давуу тал болж, хэвлэлүүд ч “хатан хаан”-ыг өргөмжлөхдөө дуртай байх болно гэж ажиглагчид үзэж байна.

3.Түүний цаг нь ирсэн

Тэргүүн хатагтай байхдаа нөхөртөө гутамшигтайгаар хууртаж, дараа нь намын сунгаанд гунигтайгаар Б.Обамад ялагдсан Хиллариг өрөвдөн хайрлах сэтгэл америкчуудад байдаг юм. Гэвч үүний зэрэгцээ тэрээр хэдэнтээ Сенатад сонгогдож, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын амаргүй албыг амжилттай хашиж, ямар төрийн хүн болохоо хангалттай харуулсан билээ. Тиймээс одоо америкчуудын сэтгэл зүйд “Тэр үүнийг хүртэх эрхтэй хүн. Түүний цаг нь ирсэн” гэсэн бодол лавтай суусан нь дамжиггүй.


4.Обамагийн сонгуулийн штаб түүний ард

Сүүлийн хоёр удаагийн сонгуульд ялсан Б.Обамагийн сонгуулийн штабын туршлагатай ажилтнууд Хиллари Клинтоны ард бий. Тэд өнөөдөр ажилдаа орсон ч бэлэн байгаа. Гэтэл тэдэн шиг бэлтгэгдсэн, гар нийлсэн багийг хоёр сонгуульд дараалан ялагдсан Бүгд найрамдах намынхан ирэх гурван жилийн дотор бэлтгэнэ гэдэг бараг бүтэхгүй  гэж ажиглагчид хэлж байна.

5. Мөнгөний торх

2012 оны сонгуулиар хоёр нэр дэвшигч хоёулаа нэг тэрбумаас дээш ам.долларыг хандиваас босгож чадсан. Гэхдээ Б.Обамагийн нэг давуу тал нь хандиваа эртнээс босгож, түүнийгээ ухаалгаар өрсөлдөгчийнхөө эсрэг ашигласан явдал юм. Хэрэв Хиллари одоо шийдвэрээ гаргачихвал гурван жилийн дотор тэрбум гаруй ам.долларыг хөнгөхөн босгох боломжтой. Мэдээж мөнгөтэй хүн түрүүлж хөдөлнө шүү дээ. Бүгд найрамдах намын нэр дэвшигчийн сураг ч үгүй энэ үед Хиллари мөнгөө босгоод эхэлвэл Обама шиг ялах боломж бүрэн бий.

6. Сонгуулийн коллегийнхон Ардчилсан намд талтай байна

Өнгөрсөн удаагийн сонгуулиудаас сонгуулийн коллегийнхон Ардчилсан нам руу хэр хэлбийсэн нь тодорхой харагдаж байсан. Хиллари биш байлаа ч Ардчилсан намын нэр дэвшигч хэн ч болов сонгуулийн коллегийн гишүүдээс 270-аас дээш санал амархан авч чадахаар харагдаж байгааг ажиглагчид тэмдэглэж байна. 2012 оны сонгуулиар Б.Обама сонгуулийн коллегиос 332 санал авсан бол Ромни 206-г авсан нь хоёр өрсөлдөгчийн саналын харьцааг бүр тодорхой болгож өгсөн билээ.

7. Намдаа өрсөлдөгчгүй

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүссэн хүн юун түрүүнд намынхаа сунгаанд ялах ёстой. Харин Хилларигийн хувьд хэрэв тэр нэр дэвшихийг хүсвэл намдаа өрсөлдөөд байх шаардлагагүй.  Ардчилсан намынхны хувьд Хилларигийн хамаг анхаарлыг гол өрсөлдөөнд нь хандуулахын тулд дотоод сунгаагаа нэр төдий хийх нь тодорхой. Харин намын сунгаанаас Хилларигийн дэд Ерөнхийлөгчийг сонгоно гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Ардчилсан намын нөлөө бүхий сенатор Чарльз  Шумер Твиттертээ “Өрсөлд, Хиллари өрсөлд. Хэрэв та өрсөлдвөл сонгуульд ялна. Таны ялалт бидний ялалт байх болно” хэмээн бичсэнээс ч харвал хатагтай Клинтон нам дотроо маш өндөр дэмжлэг хүлээж байгаа аж.


8. Латин америк гаралтай сонгогчдыг татах арга

Өнгөрсөн удаагийн сонгуульд Митт Ромни латин америк гаралтай сонгогчдыг татаж чадаагүй нь ялагдах нэг үндэс болсон. Харин Обамагийн сонгуулийн штабын хувьд тэдгээр сонгогчдыг татах аргыг сайн мэднэ. Мэдээж тэд Хилларитай хамтран ажиллах учир савлагаатай сонгогчдын нэлээд хувийг бүрдүүлдэг латин америк гаралтай сонгогчдыг татах боломж Ардчилсан намд илүү байна гэсэн үг.


9. Түүнд Билл Клинтон гэж үнэлж баршгүй “эрдэнэ” бий

2012 оны сонгуулиар Б.Обамаг дахин сонгох ёстой хэмээн итгүүлж чадсан хүн бол Билл Клинтон. Мэдээж тэр Б.Обамад ингэж үнэлж баршгүй тус хүргэж чадсан учраас эхнэртээ бол түүнээс ч илүүгээр туслах нь ойлгомжтой. Хоёр ч бүрэн эрхийн хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан хүн хажууд нь байж, зөвлөнө гэдэг Хиллари Клинтоны хувьд асар том түшиг тулгуур болж чадна.

10. Барак Обама эсвэл Билл Клинтоны гурав дахь бүрэн эрх

Хэрэв 2016 оны сонгуулийн өмнө Б.Обамагийн засаг захиргаа рейтинг сайтай байвал Хиллари Клинтон түүний бодлогыг үргэлжлүүлж, гурав дахь бүрэн эрхийн хугацаа маягаар ажиллана хэмээн сонгогчдыг итгүүлж болох юм.  Эсвэл Б.Обамагийн бодлого олны таалалд нийцэхгүй бол нөхөр Билл Клинтоныхоо үргэлжлэл болж ажиллана гэсэн ч нээлттэй  шүү дээ.

11. Хилларитай тэнцэх хэмжээний өрсөлдөгч байхгүй

Хэрэв Хиллари Клинтон нэр дэвшихээс татгалзвал Ардчилсан намын хувьд Бүгд найрамдахаас ялгарах давуу талгүй болно. Харин тэр өрсөлдвөл Бүгд найрамдах намын хувьд Хиллари шиг нөлөө бүхий, нэр хүндтэй, туршлагатай улстөрчтэй өрсөлдөх хэмжээний нэр дэвшигч олох маш хэцүү.

12. Бүгд найрамдах намын хэтэрхий урт сунгаа

Өнгөрсөн сонгуулиас жишээ авбал 2012 оны тавдугаар сарын 30-нд Ромни намын сунгаанд ялах нь тодорхой болсон билээ.  Түүнийг нам дотроосоо гарч ирэх гэж ядаж байх хооронд Б.Обама аль хэдийнэ тоглоомоо эхлүүлчихсэн байсан бөгөөд М.Ромнигийн тухай таагүй сэтгэгдлийг сонгогчдод төрүүлж амжсан байв. Тоглоомд хожимдож орсон М.Ромни тэр бүх таагүй мэдээллүүдийг сонгогчдын тархинаас баллуурдаж амжихааргүй болсон байлаа. Үнэндээ Ромни тавдугаар сард л сонгуульд ялагдчихсан байсан гэж улс төр судлаачид хэлдэг. Намын сунгаанаас гарч ирмэгцээ улс даяар сонгуулийн кампаниа зохион байгуулна гэдэг түүнд хэтэрхий их ачаа болсон нь лавтай.  Бүгд найрамдах намын сунгаа нь өндөр рейтингтэй нэр дэвшигчийнхээ боломжоос ингэж хумсалж, хүнд ачаа болдог нь өрсөлдөгчийнх нь хувьд давуу тал болж байгаа юм.  

13. Улс үндэстнээ нэгтгэх хүчирхэг удирдагчийн дүр төр


Хиллари шиг хэвлэлд олон найзтай хүнд хүчирхэг удирдагчийн имижийг бүрдүүлэх тийм ч хэцүү ажил биш. Улс үндэстнээ нэгтгэж, Америкийг тэргүүлэх байр сууринд байлгаж чадах хүчирхэг удирдагч түүнээс өөр байхгүй гэсэн имижийг Хилларид багийнхан нь бүрдүүлж өгнө гэж ажиглагчид таамаглаж байгаа.

14. Өнөө үеийн 70 нас хуучны 55 гэсэн үг

Хиллари Клинтон 1947 онд төрсөн учраас хэрэв нэр дэвшвэл 69 насандаа Ерөнхийлөгч болно. Гэхдээ өнөө үеийн 70 нас гэдэг бол хуучны 55 юм. Тийм ч учраас нас гэдэг Хилларигийн хувьд асуудал болж чадахгүй.  Өнөө цагийн ахмад улстөрчид өөрсдийгөө илүү ухаантай, илүү туршлагатай, илүү буурь суурьтай гэсэн үүднээс сурталчилдаг болсон учир Хилларид нас нь харин ч давуу тал болж мэдэх юм. Тэгээд ч  түүний үеийнхэн Хилларигийн төлөө саналаа өгөхөөс буцахгүй нь тодорхой.

15. Бүгд найрамдах намын ядмаг кампани

Өрсөлдөгчийнхөө талаар гаргасан хар бараан мэдээлэл эргээд өөрт нь сөргөөр нөлөөлдөг гунигтай жишээ олон ч сонгуулийн үеэр ажиглагдаж байсан. 2016 оны сонгуульд өрсөлдөх байдлыг нь харвал Бүгд найрамдах намынхан эхнээсээ байгаа олоогүй сөрөг PR-ын мэдээлэл цацах төлөвтэй. Тэдний дэмжигчдийн зүгээс Хиллариг яагаад сонгож болохгүй вэ гэсэн дүрс бичлэг олон нийтэд цацсан нь хэнийг ч итгүүлэх хэмжээнд байгаагүйн дээр харин ч олны дургүйцлийг төрүүлэхээр байж. Тэгэхээр Хиллари Клинтон шиг хүчтэй өрсөлдөгчтэй тулсан үед эмзэг цэгийг зөв олж хатгахгүй бол эргээд өөрөө шархдахгүй гэх газаргүй.

16. Туршлага

Жилийн өмнөөс Төрийн нарийн бичгийн даргын завгүй ажлаа өгөөд одоо “гэр зуураа” нам гүмхэн амьдарч байгаа ч Хиллари Клинтонд өдөр алгасахгүй гадаад, дотоодод зорчиж, ажил хэргээ амжуулах маш их туршлага  бий. Үнэндээ түүн шиг өндөр байр сууринд хүрсэн хүчирхэг эмэгтэй цөөн учраас түүний дараагийн хүрэх ёстой зогсоол бол Ерөнхийлөгч гэж үнэлэх хүн олон бий.

0 Сэтгэгдэл
Обама АНУ-ийн хамгийн сүүлчийн ерөнхийлөгч. АНУ бутран хэдэн хэсэг болно.Хараарай.
Хамгийн их уншсан