Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Урт нэртэй хуулийн хэрэгжилттэй Хэнтий, Дорнод аймгуудад танилцав


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаар тогтоолоор байгуулагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг 2013 оны 11 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэр мандал, Өмнөдэлгэр, Батширээт сум, Дорнод аймагт ажиллаж хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа.

Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, байнгын хорооны ахлах зөвлөх Р.Батсүх, референт Б.Баярмаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын байцаагч Б.Баттулга, Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн Нөөц, эдийн засгийн судалгааны тасгийн Уул, уурхайн салбарын татвар, хураамж, төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Золзаяа, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 2-р тасгийн дарга Э.Гантулга нар ажиллаж орон нутгийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг тухай бүр татан оролцуулж холбогдох тайлбарыг авч байлаа.

Ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймгуудад Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор хориглосон, хязгаарласан талбайн хилийн заагтай давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжүүдийн талбайд нөхөн сэргээлт хийж байгаа нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа эсэхтэй газар дээр нь танилцаж, хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын талаар мэдээлэл авч, хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлыг нь сонсов.

Байнгын хорооны ажлын алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан