Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өөрсдөө үйлдвэрлэж импортоо багасгая


Эдийн засагчид тухайн улс орны гадаад валютын нөөц импортын гурван сарын хэрэглээгээ дааж байвал хангалттай гэдэг. Өнөөдөр манай улсын гадаад валютын нөөц импортын 5.4 сард хүрэлцээтэй хэмээн Монголбанкнаас мэдээлсэн.
Өнгөрсөн оны сүүлчээс эхлээд манай улсын экспорт буурч, орж ирэх гадаад валютын урсгал татарч эхэлсэн. Үүний нөлөөгөөр энэ оны хагас жилээс хойш улсын төсвийн орлого тасалдах, төгрөгийн ханш сулрах үзэгдэл ажиглагдах болсон билээ. Тухайлбал, сүүлийн гурав, дөрвөн сарын дотор валютын ханш хэлбэлзсэн хөдөлгөөн гарсан. Гадаад худалдааны энэ байдлаас шалтгаалсан  богино хугацааны шокууд дээр төв банкнаас тодорхой хэмжээнд оролцож  ханшийн огцом хөдөлгөөнийг зөөлрүүлэх, саармагжуулах арга хэмжээ авч байгаа.
Өчигдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 1.723, нэг юань 283 төгрөгтэй тэнцэж байна. Төв банкны ам.доллар, юанийн ээлжит дуудлага худалдаа өчигдөр боллоо.  Үүгээр 23.5 сая ам.доллар, 80 сая юань арилжааны банкуудад худалдаж валютын захад нийлүүлжээ. Мөн гурван сая юань своп хэлцлээр арилжааны банкуудад  худалдсан аж. 

Гэвч Монголбанк одоогийн валютын ханшийн төвшнийг макро эдийн засгийн сууриа дагасан, тодорхой нөхцөл байдалтайгаа уялдаатай, нийцтэй байна гэж дүгнэж байгаа билээ.  Өөрөөр хэлбэл, ханш гадаад эдийн засгийн өөрчлөлтийн дотоодын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг багасгаж эрсдлийг өөртөө шингээж авдаг аж. Иймд гаднаас ирэх нөлөөг  зөөлрүүлж өгдөг  автомат тохируулагч гэж хэлж болох нь.

Саяхан болж өнгөрсөн “Мetals Mongolia-2013” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад  ЭЗХЯ-ны Хөгжлийн бодлого, Стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Г.Батхүрэл “Гадаадын хөрөнгө оруулалт ба макро эдийн засгийн төлөв байдал” хэмээх илтгэл тавьсан. Тэрээр “Манай улсын гадаад  худалдаа  алдагдалтай явж ирсэн.  Ялангуяа  энэ оны эхний гурван улиралд төлбөрийн тэнцэл  дараалаад хасах буюу алдагдалтай гарлаа.  Үүнээс улбаалж төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэлээдгүй суларсан. Гол шалтгаан нь  ашигт малтмалын үнэ ханшийн уналт, экспортын бууралт, гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан явдал юм.  Тухайлбал, одоогоор гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр орчим тэрбум ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс бага үзүүлэлт. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин өөрчлөгдсөн тул ирэх онд байдал сайжирна гэж харж байгаа. Ер нь, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэл хөгжиж байж гадаад худалдааны алдагдал буурна” гэсэн билээ.
Ирэх онд ашигт малтмалын үнэ төдийлөн өсөхгүй хэмээн олонхи судлаачид хэлж байгаа. Иймд манай улс ашигт малтмалын экспортын зардлаа бууруулах, төрөөс дэмжих, экспортын хэмжээг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг. Нөгөө талаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчноо шинэчилсэн тул эдийн засагт эерэг үзүүлэлт гарна хэмээн найдаж байна.

Манай улс  хүнсний бүтээгдэхүүнийхээ  52.7 хувийг нь импортоор авч  үлдсэн  47.3 хувийг  нь л  өөрсдөө үйлдвэрлэдэг. Үүнээс гадна хүнснээс бусад өргөн хэрэглээний  235 барааны  55 хувийг нь  импортолж байна.  Тэгээд эдгээр барааг ихэвчлэн  юань, ам.доллараар худалдан авдаг. Иймд энэ хоёр валютын ханш нэг кг цагаан будаа, нэг ширхэг цамцны үнийг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй.  
Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын тухай тайлан гаргасан. Үүнд  Монголбанк инфляцыг жилийн туршид нэг оронтой тоонд багтааж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард эхлүүлсэн “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”  нь амжилттай хэрэгжиж инфляц буурч,  тогтвортой барихад дэмжлэг үзүүлсэн.  Гэвч сүүлийн саруудад төгрөгийн  ханш суларсан нь импортын бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж,  үнэ ханшаа тогтмол барихад төвөгтэй байдал үүсгэж байна. Валютын ханшийн  өнөөгийн  байдал, макро эдийн засгийн тэлэх бодлогуудын нэмэлт дарамтаас үүдэж  инфляцыг нэг төвшинд барихад улам төвөгтэй болгох талтай” гэж дүгнэжээ.

Тэгэхээр энэ онд хэцүүхэн сорилт, эрсдэлийг даван туулж байна. Судлаачдын  хэлж буйгаар эрсдэл арилаагүй, харин ч нэмэгдэж болзошгүй аж. Айсуй эрсдэлээс сэргийлэхийн тулд төлбөрийн тэнцлийн алдагдлаа багасгах арга хэмжээ авах  нь чухал гэж эдийн засагчид анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан