Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2014 он ба манай стратегийн гол түүхий эдүүд


Монгол Улсын эдийн засаг хийгээд хөгжлийн хурд ашигт малтмалын экспортоос маш их хамааралтай. Ялангуяа зэс, нүүрс, төмрийн хүдрийн экспортоос. Энэ гурван ашигт малтмалын эрэлт дэлхийн зах зээл дээр хэдий их, үнэ нь өндөр байна тэр хэмжээгээр манайд ашигтай.

Мэргэжилтэн шинжээч нар эдгээр түүхий эдийн үнэ ирэх онд ямар байх талаар хэрхэн урьдчилсан таамаг дэвшүүлсэн талаар сонихуулъя.
“Barclays Plc” банкны шинжээчид нь ирэх жил дэлхийн хэмжээнд зэсийн нөөц хэрэгцээнээсээ бараг гурав дахин хэтэрч гарна гэсэн дүгнэлт хийжээ. Эдний таамаглаж байгаагаар энэ жил зэсийн үйлдвэрлэл 5.1 хувиар, ирэх жил 4.1 хувиар өсөх нь 2012 оныхоос бараг хоёр дахин илүү хурдацтай нэмэгдэж байгаа үзүүлэлт. Гэтэл энэ жил эрэлтийн өсөлт нь 4.8 хувиар, ирэх жил 4.1 хувиар буурна.

Ингэснээр зах зээл дээрх ашиглагдаагүй илүүдэл зэсийн хэмжээ 94 мянган тонноор нэмэгдэж,  2014 онд 272 мянган тоннд хүрэх ажээ. Энэ оны хэмжээнд Лондоны металлын бирж дээрх зэсийн үнэ дөрөвдүгээр сараас уналтын байдалд орсон бөгөөд нийтдээ 8.7-9 хувиар унасан. Зах зээл дээрх илүүдэл ингэж өссөн үед дараа жил зэсийн үнэ онц нэмэгдэнэ гэж найдалтгүй гэж болно.
Коксждог нүүрсний үнийн хувьд зарим шинжээч уналт нь энэ жил хүрч болох доод цэгтээ нэгэнт хүрсэн тул 2014 оноос нэмэгдэнэ гэж үзэж байна. Нүүрсний үндсэн нийлүүлэгч болох Австрали нь далайгаар хийж байгаа нийлүүлэлтийн 70 хувийг дангаар хангасан хэвээр байна. Дээр нь манай улс ба Мозамбик нь тээврийн дэд бүтэц байхгүйн улмаас ойрын хэдэн жилдээ зах зээлийн үнийг бууруулах хэмжээний нүүрс нийлүүлж чадахгүй аж. Нөгөө талаас дэлхийн хэмжээнд коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч нь Япон /35 хувь/, дараа нь Энэтхэг /20 хувь/ бөгөөд Хятад 10 хувьтай гуравт, Европ мөн адил 10 хувьтай дөрөвдүгээрт ордог. Тиймээс Хятадын зах зээл дээрх коксжих нүүрсний эрэлтийн өөрчлөлт нь үнийг огцом өөрчлөгдөх хэмжээнд нөлөөлж чадахгүй гэж шинжээчид үзсэн байна. Энэ бүхнээс үүдээд хөрөнгө оруулалтын “Macquarie” банкны шинжээчид ирэх жил дунд хугацааны төлөвт коксжих тонн нүүрсний үнэ 180 ам.долларын төвшинд байх ч дөрөвдүгээр улирлын үед ахин тонн нь 145 ам.доллар хүртэл буурах ажээ. Америкт занарын хийн олборлолт эрс нэмэгдсэнээс болж илүүдэл нүүрсийг дэлхийн зах зээл дээр зарах болсон. Иймээс дэлхийн зах зээл дээрх Америкийн 10-15 сая тонн илүүдэл нүүрс байгаа цагт Австралийн том экспортлогчид нь нүүрсний үнийг сая дурдагдсан тонн нь 145 ам.доллар гэсэн хэмжээнд тогтоон барих аж. Учир нь ингэснээр Америкийн экспорт өрсөлдөх чадваргүй болно. Гэхдээ 2015 оноос нүүрсний үнэ ахин нэмэгдэж эхлэх бөгөөд тонн нь 200 ам.долларт хүрч магадгүй байгаа юм байна. Энэ бүхэн мэдээж их нааштай, боломжийн санагдаж байгаа нь ойлгомжтой. Гэтэл зарим шинжээчийн үзэж байгаагаар 2014 он гэхэд нүүрсний корпорацуудын 20 хувь нь урсгал зардлаа даахгүйд хүрнэ. Хятад нь ихээхэн алдагдал хүлээж байгаа дотоодын олборлогчдоо дэмжихийн тулд импортын нүүрсэнд татвар ноогдуулсан, Энэтхэгт рупийн ханш 25 хувиар буурсан, эдийн засгийн төлөв таагүй байгаагаас нүүрс импортлохоо больж, нөөцөө ашиглаж байгаа зэрэг нь манай улсын нүүрсний салбарын ирээдүйг тун ч бараанаар төсөөлөхөд хүргэж байгаа юм. Гэхдээ нөгөө талаас Дэлхийн зах зээл дээрх гангийн эрэлт эргэн нэмэгдэж байгаа нь коксжих нүүрсний үнэд нааштай нөлөөлж таарах байх.
“Morgan Stanley” банкны шинжээчдийн үзэж байгаагаар 2014 оны нэг ба хоёрдугаар улирлын төмрийн хүдрийн үнийг өсгөжээ. Учир нь дэлхийн зах зээл дээрх төмрийн хүдрийн дутагдал хэвээр байгаа, эрэлт нь аажмаар сэргэж байгаа юм байна. Ингэснээр ирэх оны эхний гурван сард төмрийн хүдрийн дундаж үнэ өмнө нь таамаглаж байсан шиг тонн нь 125 ам.доллар бус харин 130 ам.доллар байх аж. Хоёрдугаар улирлын үнийг тонн тутамд 117 ам.доллар гэж байсныг 120 ам.доллар болгон өсгөсөн байна. Улмаар төмрийн хүдрийн 2014 оны дундаж үнэ тонн 120 ам.доллар болж байгаа нь шинжээчдийн урьд гаргасан таамгаас гурван хувиар өндөр байгаа юм.

Австралийн нөөц баялаг ба эрчим хүчний товчооноос 2014 оны төмрийн хүдрийн үнийг тонн нь 112 ам.доллар байна гэснийгээ мөн л өсгөн 119 ам.доллар болгожээ. Хятадын зах зээл дээрх төмрийн хүдрийн өсөлт үнийг ингэж өсгөхөд хангалттай гэж шинжээчид үзлээ.

Энэ мэт мэдээнээс үзвэл ирэх жил гурван үндсэн түүхий эдээс ямар ч байсан нүүрс, төмрийн хүдрийн үнэ манай таамаглаж байснаас ч дээгүүр байж элдэв өр ширнээсээ салах боломж олгож магадгүй л юм байна.
2014 оны төсөвт зэсийн үнийг тонн тутамд нь 6242 ам.доллар, нүүрсний үнийг чанараас нь хамаарч 81.6-115.9 ам.доллар байхаар тооцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан