Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Доноруудын анхаарлыг жижиг дунд үйлдвэрлэлийнхэнд чиглүүлэв


Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж  хэн бэ. Өрхийн үйлдвэрлэгчээс юугаараа ялгаатай юм бэ. Яагаад зөвхөн үйлдвэрлэгч гэж онцолдог юм бэ. Бичил бизнес эрхлэгч гэхээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчээс ямар ялгаатай гэж хэмээн түмэн асуулт зөвхөн энэ сэдвийг тойрон эргэлддэг.  Тэгвэл хуульд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдгийг хэрхэн тодорхойлдог юм бэ. Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд зааснаар ийн тодорхойлсон байгаа юм. Хуулийн хоёрдугаар бүлгийн тавд:

5.1.1.контракт, хөдөл­мө­рийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;

5.1.5.контракт, хө­дөл­­мөрийн гэрээгээр ажил­лагч­дын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнийг хэлнэ ээ гэж. Тэгэхээр зөвхөн үйлдвэрлэл эрхлэгч энэ нэр томьёонд ордог хэрэг үү гээд лавлаад харвал;

5.1.2.контракт, хөдөл­мө­рийн гэрээгээр ажил­лагчдын тоо нь 149-өөс дээш­гүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн бор­луу­лалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;

5.1.3.контракт, хөдөл­мө­рийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;

5.1.4.контракт, хөдөлмө­рийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд нэг тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн гэсэн байна.

Тэгвэл Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт аж ахуйн нэгжийн 46,5 хувь нь энэ ангилалд багтдаг гэнэ. Үнэндээ Монголын ажиллах хүч, нийгмийн баялгийн ихэнх хэсгийг тэд бүрдүүлдэг гэхэд хилсдэхгүй. Тиймээс Засгийн газрын зүгээс хамгийн их анхаарал хандуулдаг төдийгүй, бага­гүй мөнгө ч энэ салбарт төсөвлөдөг. Өмнөх Засгийн газрууд бүх л бүтэн агентлаг байгуулан энэ салбарыг хариуцан ажиллахыг даалгаж, жилд 30 гаруй тэрбум төг­рөгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор арил­жааны банкуудад хуваарилаж байсан.Гэвч энэ нь төдийлэн үр дүнтэй арга хэмжээ биш хэмээн агентлагийг татан буулгаж, 2011 оноос сум хөгжүүлэх санд хэмээн 24 тэрбум төгрөг зөвхөн зээл тусламжинд зориулан хуваарилаж байсан. Хөдөөд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдэг нь 1-3 хүнтэй талх, нарийн боов, эсгий эдлэл, гар урлал төдий цехийн хэмжээнд ажилласаар өнөөдрийг хүрлээ гэдгийг орон нутгийнхан байтугай УИХ-ын эрхэм түшээд ч хэлдэг. Тэгэхээр энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ. Үйлдвэрлэгчдээс ирдэг санал нь арилжааны банкнаас зээл авч байна, зээл зээлийн хүүндээ дарлуулж байна, улс хөнгөлөлттэй зээл олгооч л гэсэн үндсэн ганц зүйл байдаг. Улс ч энэ л хүслийг нь гүйцэлдүүлэх гэж ажилласаар өнөөдрийг хүрч байна. Өчигдөр Хөдөлмөрийн яам НҮБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан “SME DONOR COORDINATION MEETING” уулзалтын үеэр донорууд энэ сэдвийг хөндөж байлаа. Төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулагсдыг дэмжих зорилгоор мөн 1000 гаруй тоног төхөөрөмжийг НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлсөн байдаг. Уулзалтын үеэр албаны зарим хүнтэй уулзлаа.


Б.Бат-Амгалан: Оюуны хөдөлмөр эрхлэгчдийг жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлд хамруулах боломжтой гэж үзсэн

Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалангийн сэтгүүлчийн асуултад хэрхэн хариулсныг сонирхуулъя.

-Өнөөдрийг хүртэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ гэдэг маргаантай хэвээр л байна?
-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчин нь сайн бүрдсэн боловч үүнийг амьдралд хэрэгжүүлэх тухайн аж ахуйн нэгжийн хүсч байгаа орчинг бүрдүүлэх, нүдээ олсон шийдвэр гаргах хэмжээний механизмыг л бид бий болгох шаардлагатай. Өнөөдрийг хүртэл энэ хэмжээний орчин бүрдээгүй гэж үзэж байгаа. Ер нь өрхийн үйлдвэрлэл эрхлэгч ч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болчихдог. Засгийн газрын зүгээс иргэн аж ахуйн нэгжийг аль алиныг нь дэмжиж ажиллах бодлого л баримталдаг. Ялангуяа сум хөгжүүлэх сангийн дэмжлэгээр орон нутагт нэлээн бодитой дэмжлэг иргэд авч чадаж байгаа.

-Энэ салбарыг дэмжих зорилгоор зарим тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх тухай хууль баталсан ч энэ жилээр хугацаа нь дууслаа. Цаашид хэрэгжүүлэх нь зөв үү. Эсвэл хуулийн хугацаа нь дууссан гээд орхих уу?
-Засгийн газарт бид гааль НӨАТ-аас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг нэмж оруулахаар ярьж байна. Өнгөрсөн жилүүдэд мэргэжлийн  холбоод салбарын яам, төрийн бус байгууллагаас  авсан жагсаалтыг үндэслэн гааль дээр олон улсын бараа кодлуулах системийн дагуу ажиллаад барааных нь ангилал таарсан тохиолдолд бид жижиг дунд үйлдвэрийн хуульд зөвшөөрөгдсөн салбарын тоног төхөөрөмжийг аль болох түлхүү оруулж өгсөн. 700 гаруй тоног төхөөрөмжийг өнгөрсөн оны байдлаараа гааль НӨАТ-аас чөлөөлж байсан бол энэ жилийн арванхоёрдугаар сарын байдлаар 1065-ыг чөлөөлсөн.
Энэ бол жижиг дунд үйлдвэрлэгчдэд үзүүлж байгаа маш том дэмжлэг. Өнгөрсөн жилийн гаалийн мэдүүлгээс үзвэл үндсэндээ 54 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид авчээ. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн өөрийн хүссэн тоног төхөөрөмж нь тэрхүү кодлох системийн ангилалд таарахгүй, эсвэл нэр нь зөрөөд гэсэн зарим хүндрэл гарсан. Дээрээс нь гааль дээр очингуут жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн гэрчилгээ тодорхойлолт авах гэсэн нэг асуудалтай тулгардаг. Үүнийг зохицуулахын тулд бид УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийнхэнтэй уулзалт хийсэн. Гаалийн болон татварын ерөнхий газрынхантай ч уулзсан. Тэгэхээр аж ахуйн нэгжийг бүртгэхдээ анхнаас нь жижиг дунд үйлдвэрлэгч гэсэн статус тавьж өгөх асуудлыг улсын бүртгэлийн ерөнхий газрынхантай ярьсан.

-Доноруудыг нэг дор цуглуулж, Засгийн газар салбарын яам нь үйл ажиллагаагаа танилцуулж байгаа учраас нэлээн бодитой үр дүн хүлээж буй болов уу?
-Жишээ нь, Европын холбоо болоод НҮБ-ын зүгээс манай залуучуудын хөдөлмөрийн биржийн санаачилж байгаа оюутнуудын цагийн ажил буюу сум хөдөө орон нутагт оюутнууд дадлага хийх тэр ажлыг дэмжиж өгье. Зөвхөн Хөдөлмөрийн яам санаачлан Залуучуудын хөдөлмөрийн биржтэй хамтарч хэрэгжүүлж байгаа гэсэн үүднээс оюутнуудаа цалинжуулаад зогсохгүй, БСШУЯ-тай хамтраад оюутнуудын кредит цагийг нэмэгдүүлэх чиглэлээр гурвалсан холбоо байгуулаад үйл ажиллагаагаа уялдуулбал яасан юм бэ. Бид санхүүгийн  талаас нь буцалтгүй болоод хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ гэсэн асуудлыг донорууд маань ярилаа. Тийм учраас бид ийм бодит үр дүнг харахын тулд Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бүх донор байгууллагуудаа цуглуулаад жил бүр энэ зөвлөгөөнийг  хийхээр төлөвлөж байна.

-Өнгөрсөн жил зөвхөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэлээ. Ирэх жилийн хувьд?
-Ирэх жилийн хувьд сум хөгжүүлэх сангийн 24 тэрбум төгрөг бол үндсэндээ 50 хувиар багассан. Бид үүнийг нөхөхийн тулд донор байгууллагуудтай ярилцаж байна. Сум хөгжүүлэх сангийн 24 тэрбум төгрөгийг 2011 оноос хойш гаргасан. Нийтдээ 72 тэрбум төгрөг энэ сангаар дамжин хөдөөгийн иргэдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг хөгжүүлэх чиглэлээр зориулагдсан. Улсын төсөвт жил бүр суулгахаас гадна жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор гарсан хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтүүд төвлөрдөг. Оны эхэнд 20 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрт сонгон шалгаруулалт зарлах болов уу. Мөн Чингис бондын мөнгөнөөс зээлжихээр тодорхой хэмжээний тооцоо судалгаа Эдийн засаг хөгжлийн яаманд гаргаж өгсөн. Хэрвээ батлагдвал ойролцоогоор 100 орчим сая  ам.долларыг, төгрөгөөр 120-160 тэрбумыг үйлдвэрлэл эрхлэгчдийн гарт хүргэхээр ажиллаж байна.

-Жижиг дунд үйлд­вэрлэл эрхлэгчдэд л гэхээр жижиг дунд бизнес эрхлэгчид маань орхигдчихоод байдаг. Саяхан программ хангамжийнхан цуглахдаа энэ талаар хөндсөн.
-Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо энэ чиглэлээр бас нэлээн том арга хэмжээ зохион байгуулсан. Энэ үеэр Хөдөлмөрийн яам мэдээлэл харилцаа шуудан технологийн газартай хамтран ажиллах саналд гарын үсэг зурсан. Ажлын хэсэг гараад Ерөнхий сайдын ажлын албанд хэд хэдэн удаа танилцуулсан. Тийм учраас зөвхөн программ хангамж үйлдвэрлэгчид гэлтгүй оюуны бизнес эрхлэгчдийг жижиг дунд үйлдвэрлэлд  тооцон, төрийн хөнгөлөлттэй зээлэнд хамруулах бодитой алхмууд хийх тал талынхаа судалгааг хараад боломж байна гэсэн дүгнэлтэд хүрээд ажиллаж байна.

-Энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгчид маань санхүүгийн хариуцлагын талаар сүүлийн жилүүдэд гайгүй сайн мэдлэгтэй болжээ. Зээлийн эргэн төлөлт их өндөр байгаа гэж дуулсан?
-Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас өгч байгаа мэдээллээр зээлийн эргэн  төлөлт 94 хувь байна. Үндсэндээ 100 хувь байна гээд бид санаа  амрах ёсгүй. Хэрэгжилтийн асуудал бол тухайн салбарт ажлын байр бий болж байна уу. Тухайн зээл зориулалтаараа ашиглагдаж байна уу, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна уу, импортыг орлосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэр байна гэдгээс л эргэн төлөлтөө харах хэрэгтэй.


Ш.Алтанхуяг: Арилжааны банкинд очихоосоо өмнө бидэнд хандаарай

Энэ жилээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн өөр нэг шинэ зүйл нь зээлийн батлан даалтын сан. Үндсэн хөрөнгө нь барьцааны зээл болоход хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар арилжааны банкны зээлийн босго давахгүй аж ахуйн нэгж цөөнгүй. Тиймээс Засгийн газраас зээлийн батлан даалтын санг үүсгэн байгуулж, өнгөрсөн зургадугаар сараас албан ёсоор үйл ажиллагаа нь жигдрээд буй. Тус сангийн захирал Ш.Алтанхуягаас цөөн асуултад хариу авлаа.

-Одоогоор хэчнээн төг­рөгийн зээлд батлан даалт гар­гаад байна вэ?
-Манайх хуулийнхаа да­гуу хамгийн ихдээ 250 сая төг­рөгийн батлан даалт гаргадаг. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн хүсч байгаа зээлийн 60 хувьд батлан даалт гаргах ёстой. Одоогоор арилжааны 10 банктай хамтран 99,7 тэрбум төгрөгийн 39 зээлд 3,2 тэрбумтай тэнцэх хэмжээний батлан даалт гаргасан. Арилжааны банкны, Жайкагийн гээд төрөл бүрийн зээлийн эх үүсвэрт гаргасан байгаа юм. Хэдийгээр үйл ажиллагааны гол чиглэл хөдөө орон нутаг гэж байгаа ч одоогийн байдлаар Улаанбаатарынхан ихэвчлэн хамрагдсан.

-Та бүхний хувьд шинэхэн байгуулагдсан байгууллага төдийгүй, шинэлэг үйл ажиллагаа эрхэлж буй учраас дэвшүүлсэн зорилт ч цөөнгүй байх?
-Тийм ээ, үйл ажил­лагаа­гаа шуурхай стандарт хэлбэрт оруулах, ажиллагсдынхаа ур чадварыг сайжруулах, батлан даалтын сангийнхаа өөрийн хөрөнгийг өсгөх, хөдөө орон нутагтаа түлхүү чиглэх гэсэн үндсэн дөрвөн зорилттой ажиллаж байна.

-Гэвч хөдөө орон ну­тагт түлхүү гэж байгаа ч мэ­дээлэлд ойр байгаагийн хувьд хотынхон илүүтэй хам­рагдаж буй. Тэгэхээр хөдөө танайх хэрхэн хүрч ажиллах юм бэ?
-Мэдээллээ сайн хүргэх л шаардлагатай байна. Манайх орон нутагт салбаргүй ч зур­гаан банкны орон нутгийн сал­бараар дамжуулан батлан даалт үзүүлэх боломжтой. Тий­мээс банкуудынхаа орон ну­тагт ажилладаг ажилтнаар дам­жуулан мэдээлэл түгээх нь илүү оновчтой гэж бодож байна.

-Хамгийн ихдээ 250 сая хүртэл төгрөгийн батлан даалт гаргана гэж байсан. Энэ нь хэр хүртээмжтэй тоо байж чадах вэ?
-Хуулиар өөрийн хөрөн­гийн 10 хүртэл хувьд гэж бай­гаа ч хүртээмжээ нэмэх, эрс­дэлээ багасахын тулд 250 сая төгрөг хүртэл гэж тогтоосон. Энэ бол зарим тохиолдолд хэтэрхий их юм шиг боловч нөгөө талаас харвал томоохон компаниудын хувьд бага ч юм шиг дүн. Гэхдээ эхний ээлжинд энэ төвшиндөө аваад явна гэж үзэж байгаа. Явцын дунд энэ босгыг өсгөх нь илүү үр дүнтэй болов уу гэсэн хөгжлийн чиг хандлага харж байна.

-Батлан даалтын сан уг нь жижиг дунд үйлд­вэр­лэл эрх­лэгч­дэд чиг­лэсэн гэж буй. Тэгэ­хээр энэ салбарынхан өөрс­дөө арил­­жаа­ны банкны зээ­лийн шаардлагад бүдрэх нь элбэг. Гэтэл танайх арил­жааны банкны шаард­лагаар ажиллана гэсэн байсан?
-Сангийн гол зорилго бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч­дээ  дэмжихэд чиг­лэ­сэн. Эхлээд банкны дүгнэлтэд тулгуурлаж бид батлан даалт гаргах учраас зайлшгүй банкны үнэлгээ хийгдэх ёстой. Гэхдээ урьчилан манайд хандаад зөвлөгөөгөө авч болно. Ер нь, эхлээд манайтай уулзаад  юуг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг мэдээллээ авчихаад дараа нь банкинд хандаж болно шүү.


Жайка Монгол жилийн 0,65 хувийн хүүтэйгээр 80 сая ам.доллар оруулжээ

Доноруудаас энэ салбарт чиглэсэн үйл ажиллагаагаараа тэргүүлэгчдийн нэг бол Японы Жайка олон улсын байгууллага. Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Като Тошинобүгийн ярьснаар тус байгууллага нь 400 гаруй компанид санхүүжилт олгон 7000 гаруй ажлын байр шинээр бий болно гэж үзжээ.Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс манайд хандаж байгаа ихэнх аж ахуйн нэгж нь 3-5 ажилтантай бичил бизнес эрхлэгчид байдаг. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгж зээл авснаар худалдааны эргэлтээ нэмэгдүүлээд зогсохгүй ажлын байр олноор нэмэгдүүлдэг гэж үздэг.  Жишээ нь, манайхаас зээл авсан гахайн аж ахуй эрхлэгч нэгэн өөрийнхөө худалдааны эргэлтийг арав дахин нэмсэн. Энэ мэтээр манай зээл маш их эрэлттэй байгаа гэв.

Японы Засгийн газар Монголын Засгийн газрын гэрээгээр 2006 оноос эхэлсэн Жайкагийн хөнгөлөлттэй зээлээр одоогоор 80 сая ам.доллар орж ирээд буй. Гэрээ ёсоор эхний арван жилд үндсэн зээлээ төлөлгүй мөнгөө ашиглах боломжтой. Жилийн 0,65 хувийн хүүтэй зээлийн төслийг Сангийн яам хариуцан ажиллаж буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан