Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАЯЛГИЙН ТҮРИЙВЧЭЭ НЭЭ

Монгол Улсын төр хоёр дахь удаагаа бүх иргэндээ хувьцаа эзэмшүүлээд байгаа. Хуучин нийгэм солигдож, 1990-1994 онд өмч хувьчлал хэмээх их нэрийн дор хүн бүр бага хувьчлалын 3000, их хувьчлалын 7000 төгрөгийн эрхийн бичиг авсан.  Ингэснээр иргэд хувьцаагаа ашиглан орон сууц, мал авч, хувьцаат компаниудад хувьцаа эзэмшиж өөрийн гэсэн хөрөнгөтэй болсон билээ. Гэвч хувьцааны талаар огт мэдлэггүй байсан тухайн үед эрхийн бичгээ зах дээр зарах, нэг нэгэндээ бэлэглэх, өдий болтол хадгалж, ашиглаж чадаагүй, үр шимийг нь хүртээгүй явдал ч цөөнгүй гарсан. Үүнээс хойш 20 гаруй жилийн дараа Монгол Улс асар их баялагтай гэдгээ мэдэрч, ард иргэддээ баялгаасаа хүртэж эх орны хишиг хүн бүрт өгөхөөр УИХ, Засгийн газар шийдэв. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тогтоолоор иргэн бүрт төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн  1072, “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн нэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх болсон юм.
Ийн Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн  116 дугаар тогтоол гарч “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээг батлав.
Товчхондоо хүмүүсийн хэлж заншсан “МАНАН”-гийн Засгийн газрын хийсэн хамгийн сайн ажил гэж  хэлж болно.
Ингэснээр иргэн бүр хувьцаа эзэмшигч болсон. Гэвч хувьцаагаа авах уу, Засгийн газарт нэг сая төгрөгөөр зарах уу гэдэг сонголтыг иргэдэд үлдээсэн.  Судалгаанаас үзвэл нэг сая иргэн хувьцаагаа эзэмших замыг сонгосон. Үлдсэн 1.8 сая иргэн бэлэн мөнгө авах хүсэлт гаргажээ. Гэхдээ одоогийн байдлаар 1.5 сая иргэн нь өнөөг хүртэл бэлэн мөнгө авч чадаагүй байна. Иймд иргэд хувьцаагаа буцааж авах хүсэлт гаргах нь ихэсчээ.  Хэрэв хувьцаагаа эргүүлж авах бол брокер диллерийн компанид хандаж дансаа та 5000 төгрөгөөр нээлгэх хэрэгтэй. “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв” төрийн бус байгууллага байгуулагдан иргэдэд хувьцаагаа эргүүлж авахад тусалж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл уг төвд хандаж өргөдлийн маягт бөглөөд өгөхөд л хангалттай аж. Тус төвийн дэргэд хувьцаа эзэмшигчийн данс нээх үйлчилгээ ч бий. Хамгийн гол нь хувьцаагаа эргүүлж авах иргэн данс нээлгэсэн байх ёстой. Учир нь та өөрийн эзэмшил ямар нэг хөрөнгөө зараад үнэ, мөнгийг нь авалгүй удсан бол эргүүлээд авах боломж нээлттэй гэсэн үг. Жишээ нь хашаа байшин, орон сууцаа үнэ тохирч зараад ноториатаар баталгаажсан гэрээ хэлцэл хийж гэж бодъё. Гэтэл тэр худалдан авагч үнийг нь төлөлгүй удсан тул наймаагаа буцааж хөрөнгөө эргүүлж авах эрх танд бий.
Үүнээс гадна хувьцаа худалдаж авсан аж ахуйн нэгжүүд ч төрд буцааж өгөөд мөнгөө авах хүсэлт тавиад буй. Энэ бол тухайн компанийн эрх. Яагаад гэвэл ногдол ашиг авах гэж хүлээснээс мөнгөө аваад бизнестээ хөрөнгө оруулалт хийх нь цаг хугацааны хувьд ашигтай гэж үзсэн хэрэг. Иргэний хувьд бол хувьцаа эзэмшинэ гэдэг нь тухайн гэр бүлийн цалингаас гадуурах орлого, баялгийнхаа хувь хишгийг хүртэж буй явдал.
Дээр дурьдсан “Эрдэнэс Таван толгой”, “Эрдэнэс МГЛ” компанийн хувьцаа эзэмшигч нэг сая иргэний 90 хувь нь хувьцааны дансаа нээлгэж өмчилж аваагүй. Хувийн өмч, хөрөнгөө баталгаажуулж орлогоо хийх түрийвчээ бэлтгээгүй байна гэсэн үг. Тэгэхээр ойрын хугацаанд аль нэг брокер диллерийн компанид хандаж түрийвчтэй болох ёстой. Эсвээс өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбараа үр ашиггүй үрсэн явдал давтагдах болоод буй хэрэг.
Энд Таван толгойн ордын хувьцаа эзэмшигчдэд ямар баялаг ногдож буй, хэдий хэрийн хөрөнгө оруулалт хийх тухай зарим баримт дурдая. Таван толгой орд 80 мянган га талбайтай. Үүнд 6.4 тэрбум тонн нүүрс бий.
Тус ордод гурван хөрөнгө оруулагчтай. Тухайлбал төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн мэдэлд  7.5 тэрбум хувьцаа байгаа. Ингээд тус компани уг ордод таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм.  Олон улсын хөрөнгө оруулагчдад нийт хувьцааны 4.5 тэрбум ширхэг нь ногдоно. Иймд уг ордод гурван тэрбум  ам.долларын хөрөнгө оруулалт хийх учиртай. Тэгвэл иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааны нийт тоо нь гурван тэрбум. Энэ хувьцааг иргэдэд үнэгүй өгөхийн тулд Засгийн газраас “Эрдэнэс МГЛ” компанид  хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Нэг хувьцааны нэрлэсэн үнэ 932 төгрөг. Тэгэхээр 1072 ширхэг хувьцаа нь нэг сая төгрөг болж байгаа. Иймд иргэн бүр Таван толгойн коксжих нүүрсний ордыг ашиглахад нэг нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг. Нөгөө талаар тус ордын 450 тонн нүүрсний эзэн гэсэн үг аж. Одоогоор “Эрдэнэс Таван толгой” компанид хийсэн бидний хөрөнгө оруулалт амь орж ашиг орлого болж чадаагүй байна. Хэзээ амь орж, хөрөнгөлөг монголчууд болох вэ гэдэг талаар албаны хүний үгийг дамжуулая. “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян “Хүний хөгжил сан”-гийн дэвтрээр “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа иргэн бүрт олгосон. Одоогоор “Эрдэнэс Таван толгой” компани алдагдалтай ажиллаж байгаа. Ашигтай ажилласан үедээ хувьцааныхаа ногдол ашгийг хувиарлана. Гэхдээ бүх иргэн хувьцаа эзэмшээгүй. Учир нь иргэд сонголт хийсэн. Ингээд зарим  нь бэлэн мөнгө авсан. Нийт хэдэн иргэн хувьцаа эзэмшиж байгаа түүвэр судалгаа манайд бий. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нь олгоно гэсэн. Мөн зарим аж ахуйн нэгжүүд авсан хувьцаагаа буцаасан. Ер нь, энэ компанийн хувьцаа гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалагдаад үйл ажиллагаа нь тогтворжоод ирэхээр хувьцааны ногдол ашиг олгоно. Хамгийн гол нь компани ашигтай ажиллах нь ногдол ашиг өгөх хугацааг шийднэ. Иймд  дэлхийн эдийн засаг,  нүүрсний зах зээлийн байдал шууд нөлөөлж буй юм. Ойролцоогоор 1.5 сая иргэн хувьцаа эзэмшсэн. Үндэсний 1500 аж ахуйн нэгж анх хувьцаа авахаар төлбөр тооцоо хийсэн. Гэхдээ зарим нь өргөдөл гаргаад мөнгөө эргүүлж авсан. Энэ талаар судалгаа хийж байна. Удахгүй тодорхой болно” гэлээ.
Тэгэхээр баялгийн эзэд аль нэг брокер диллерийн компанид хандаж дансаа нээлгэх, бэлэн мөнгө авах өргөдөл гаргасан иргэд хувьцаагаа эргүүлж авах асуудлаа хурдан шийдэх нь хэрээтэй юм.  Тэгэхэгүй бол “Аманд ч үгүй хамарт ч үгүй” гэдэг адил болох нь. Эцэст нь “өнөөдрийг биш маргаашийг харж баялгийн эзэд гэдгээ ухаарах ёстой”-г энэ цаг үе хэлээд байна.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан