Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ҮҮРИЙНТУЯА: ГАДААДЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН КОМПАНИУДЫГ СУДАЛЖ БАЙНА

Ашигт малтмалын  газрын дэд дарга Д.Үүрийнтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ашигт малтмалын газар өнгөрсөн онд яаж ажиллав. Энэ онд улсын төсөвт хэдий хэмжээний орлого оруулах вэ?
-Манай байгууллагын  улсын төсөвт оруулах орлогын төлөвлөгөө 90 хувьтай биелсэн. Ашигт малтмалын Тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосон байгаа. Иймд түүнээс орох үйлчилгээний төлбөрүүд тасарсан юм. Дээр нь урт нэртэй хуулийн хүрээнд олон тусгай зөвшөөрөлд хязгаарлалт  тавьсан. Мөн 106 тусгай зөвшөөрлийг шүүхээр шийдсэн зэрэг нь орлого тасрахад нөлөөлсөн. Ашигт малтмалын газар өнгөрсөн онд үйлчилгээгээ сайжруулах талаар нэлээд ажил хийлээ.  Тухайлбал хяналт шинжилгээ, үнэлгээ статистик мэдээллийн хэлтэстэй болсон. Энэ нь дотоодын хяналт, шалгалт, гадагшаа чиглэсэн статистик мэдээллээ сайжруулах талаар үр дүн гаргаж амжилтанд хүрсэн.  
Мөн  шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргааны тоо буурсан. Энэ онд Ашигт малтмалын газар  улсын төсөвт  43 тэрбум орчим төгрөг  төвлөрүүлнэ.
-Урт нэртэй хуулиар цуцлагдаж буй лиценз эзэмшигчдэд  нөхөн төлбөр төлөх асуудал бий. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Нөхөн төлбөрийн асуудал одоохондоо шийдэгдээгүй. Ашигт малтмалын газраас хамааралтай бүх судалгаа, тооцоог нь гаргаж Сангийн яаманд өгсөн.  Жишээлбэл зарим нь хайгуул хийсэн, олборлолт явуулж байсан компаниуд бий. Тэд манай байгууллагаар  тайлан, төлөвлөгөөгөө батлуулаад явж байсан.   Энэ бүх тооцоо судалгааг нь  Сангийн яаманд гаргаж өгсөн. Одоо тэнд асуудлыг шийдэх учиртай. Асуудлыг ойрын хугацаанд шийдэх шаардлагатай байгаа юм. Учир нь зарим тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл л гэхэд есөн жилийн хугацаатай байдаг. Мөн ашиглалт нь хэдий хугацаагаар зогсоно тэр хэмжээгээр аж ахуйн нэгжүүд хохирол хүлээж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг аль аль талаа бодсон ч яаралтай шийдээсэй гэж хүлээж сууна.
-Лиценз барьцаанд тавьсан явдал нэлээд гардаг. Энэ талаар ямар нэг хүндрэлтэй асуудал тулгардаг уу?
-Тусгай зөвшөөрлийг  хуулиар банкинд барьцаалах боломж бий. Хамгийн гол нь барьцаанд байх үед нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах асуудал гардаг. Гэвч нэгэнт банкны барьцаанд байгаа тул Ашигт малтмалын газарт бүртгэлтэй хэвээр байх болдог.
-Олон компани гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж мөнгө босгодог. Монголын баялгийг барьцаалж буй тул тодорхой хэмжээний татвар ногдуулах ёстой гэсэн яриа нэг хэсэг гарсан. Энэ талаар ямар нэг судалгаа хийсэн зүйл бий юу?
-Гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй олон компани бий. Ашигт малтмалын газар, Санхүүгийн зохицуулах хороо хамтарч  гадаадын  хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргасан компаниудын судалгаа хийж байна. Энэ судалгаагаар хэдэн компани гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан, ямар үнэлгээтэй байгаа зэргийг тогтоох юм. Эцсийн үр дүн нь гараагүй тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Санхүүгийн зохицуулах хорооныхон бидний бодож байснаас харьцангуй олон компани байна гэсэн. Энэ судалгааг гарсны дараа Монголд хөрөнгө оруулалтаа хэрхэн оруулах, татварын хувь хэмжээг яаж тогтоох асуудлаа шийднэ.
-Хайгуулын ажилд зарцуулах улсын төсвийн хөрөнгө өнгөрсөн онд нэлээд нэмэгдсэн. Энэ онд хэдэн төгрөг зарцуулах вэ?
-Өнгөрсөн онд улсын төсвөөс хайгуулын ажилд 7.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Оны эцэст 6.8 тэрбум төгрөгөөр хайгуулын ажил хийсэн. Гол нь улсын төсвийн хөрөнгөөр хийх хайгуулын ажлын тендер шалгаруулалт оройтдог. Дээр нь санхүүжилт нь бас оройтож хийдэг тал бий. Энэ нь ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдөг юм. Нөгөө талаар аймаг, сум орон нутаг ажил удаашруулах явдал гардаг. Хайгуулын ажлын төлөвлөгөөг нь тухайн аймаг, сумд баталж өгдөг. Гэтэл орон нутгийнхан маань хувийн хөрөнгөөр хайгуул хийж буйтай адилтгаж үздэг. Уг нь улсын төсвийн хөрөнгөөр хийж буй хайгуул нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил. Өөрөөр хэлбэл тухайн нутаг, тэр талбайд  хэдий хэмжээний ямар эрдэс баялаг хэдий хэмжээний нөөцтэй байж болох вэ гэсэн таамаг судалгаа, зураглал хийдэг юм. Үүнийг  орон нутгийнхан шууд уурхай нээгээд ухаад эхлэх нь гэж андуу ойлгоод манай бэлчээр, шүтлэгтэй уул гээд байдаг. Үүнээс болж хугацаа алдах, бүр ажлаа зогсоосон удаа ч бий. Урд нь жилд 3-4 тэрбум төгрөгийн хайгуулын ажил хийдэг байсан юм. Энэ онд бас өнгөрсөн жилийнх шиг хэмжээний мөнгө зарцуулах төлөв байгаа.
-Тэгвэл манай орны геологийн зураглалын ажил ямар түвшинд явна вэ?
-Дэлхийн зах зээл дээр тухайн орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг нэг зүйл бол эрдэс баялаг, түүхий эдийн нөөцийн сан байдаг. Жишээлбэл Монгол Улс хэдэн тонн алтны нөөцтэй байна вэ гэдгээс хамаарч өрсөлдөх чадвар нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр эрдэс баялгийн нөөц, сангаа бодитой тогтоож, зураглалаа хийж чадвал тэр хэмжээгээр дэлхийн зах зээл дээр өрсөлдөж байр сууриа бататгаж чадна. Мөн тэр баялгаа зөв зохистой ашиглах бодлогоо тодорхойлох, тухайн бүс нутгийг ирээдүйд хэрхэн хөгжүүлэх гарц нь  тодорхой болно. Зарим улс орон геологийн зураглал хийхдээ хөрсөн дээр, доор нь, ус, газар хөдлөл гээд бүх судалгааг цогцоор нь хийсэн. Энэ судалгаагаа өнөөдөр бүх түвшинд харуулах боломжтой 3D-гээр хийгээд эхэлсэн.
Гэтэл   Монгол Улсын нутаг дэвсгэрийн зураглалын ажил хоцорч байна. Одоогоор 200 мянганы зураглалын нэг саятын машстабаар бүрэн бүрхэгдсэн.   200 мянганы машстабын зураглал 99 хувьтай явж байна.  Үүнийг 2016 он гэхэд зуун хувьд хүргэх төлөвлөгөө бий. 50 мянганы машстабын зураглал дөнгөж 29 хувьтай байгаа. Бид ойрын хугацаанд 40 хувьд хүргэхээр зорино. Иймд санхүүжилтийг энэ жилээс нэмэгдүүлэх юм. Гэвч дээр хэлсэн. Энэ ажил төлөвлөсөн хугацаандаа амжих эсэх нь орон нутгаас ихээхэн шалтгаална. Орон нутгийн засаг захиргаа, иргэд зөвөөр ойлгож дэмжвэл ойрын хугацаанд ажлаа амжуулах бололцоо бий. Өнөөдөр аль аль талдаа ойлголцож геологийн зураглал, судалгаа хийх ажлаа хөгжүүлэх шаардлагатай байна. Үүнийг одоо болох “Эрдэс баялгийн салбар-2025” хурал дээр голлон ярина.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан