Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Цогтбаатар: Ховор ан амьтныг хамгаалахад иргэдийн сэтгэл чухал


БОНХЯ-ны Амьтан, ургамал хамгаалах үндэсний хорооны нарийн бичгийн дарга В.Цогтбаатартай ярилцлаа.

-Сүүлийн 10 жилийн хугацаанд ховор болон элбэг ан амьтдын тоо толгой багассан гэх юм. Энэ талын тоо баримтыг та хэлж өгөөч?
-1980-иад онд 40 мянган аргал хонь, 140 мянган халиун буга тоологдож байсан бол 2001, 2004 оны тооллогоор 13 мянга орчим аргал хонь, 10 мянга орчим халиун буга тоологдсон. Харин 2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бөхөн 2005 онд 1500 орчим байна гэсэн дүн мэдээ гарч байсан. Өөрөөр хэлбэл, ховор, нэн ховор амьтдын тоо толгой буурч байна.  Түүгээр ч зогсохгүй ховор амьтнаар зогсохгvй элбэг гэж vзэгддэг агнуурын ач холбогдолтой тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цөөрсөн. Энэ нь, ангийн гаралтай түүхий эд,бvтээгдэхүүний зохисгүй буюу хууль бус худалдаатай холбоотой юм.

-Та элбэг гэгддэг байсан тарвага ховордсон гэсэн. Түүнтэй адил 1980 оны паркт хүртэл бэлчдэг байсан буга өдгөө нүдний гэм болсон тухай ойн хамгаалагч нар ярьдаг юм билээ?
-Тийм шүү. Халиун бугатай хамт баданга хүдрийн тоо толгой ч буурсан. Элбэгт тооцогддог байсан энэ амьтны тоо толгой буурахад хулгайн ан нөлөөлсөн хэрэг. Бараг 90 гаруй хувиар цөөрсөн. Ховор амьтдын тоонд багтсан буга, хүдрийн тоо толгойг өсгөх талаар яамнаас энэ онд хэд хэдэн ажил төлөвлөсөн байгаа. Одоохондоо энэ талын ажлын чиглэл гараагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Харин тарваганы тухайд жилдээ бараг сая гаруйг агнаж, улсын төсөвт төвлөрүүлж байсан үе бий. Өдгөө ил, далдаар агнаснаар илт тоо толгой нь цөөрсөн. Гол нь, хууль эрхзүйн орчноосоо илүүтэй иргэд байгалиа, ан амьтдаа хамгаалдаг байх ёстой юм. 

-Элбэг амьтдын тоонд багтдаг байсан өөр ямар амьтны тоо толгой цөөрсөн бэ. Амьтны эрх ашгийн төлөө ажилладаг хувь хүн, байгууллагуудад сонин байх. Яагаад гэвэл, бид чинь байснаа устгачихаад тахь, минжээ гадаадаас авчран  нутагшууллаа шүү дээ?
-Соргог бөхөн, цөөвөр чоно, тарвага, халиун буга, баданга хүдэр гэх мэт. Бөхөнгийн хувьд Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь нутгаар судлаад үржүүлгийн газар байгуулахаар болсон.

-Оны өмнөхөн хо­вор болон элбэг байж бай­­гаад ховордсон амьт­дыг эрдэмтдийн судал­гаатайгаар Улаан номд бүртгэсэн. Нэлээд өөрчлөлт орсон харагдсан?
-Тийм. Нэн ховор болон ховордсон амьтан, ургамлыг бүртгэдэг Улаан ном анх 1969 онд хэвлэгдсэн бол хоёр дахь хэвлэл нь 17 жилийн дараа 1997 онд шинэчлэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа.  Харин өнгөрсөн онд Улаан номын гурав дахь хэвлэлтийг Биологийн шинжлэх ухааны доктор Ц.Шийрэвдамба ахалж, эрдэмтдийн хамт хэвлүүлсэн.  Энэхүү номонд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгдсэн. Уг номонд Шилүүс, Суусар булга, Ойн булга, Хүрэн баавгай зэрэг зургаан хөхтөн,  Цагаан тогоруу, Усны нөмрөг бүргэд, Одой галуу, Ооч ёл, Манхин галуу зэрэг 18 зүйл шувуу, Эгэл загалмайт могой нэг зүйл мөлхөгч зэрэг нийт 25 зүйл амьтан шинээр бүртгэгдсэн.

 -Гэхдээ Улаан номонд бүртгэлээ гээд ховор амьтдаа бүрэн хамгаалж чаддаг юм уу?
-Энэ маань Монголд ховордсон амьтан, ургамал юм гэдгийг нь эрдэмтдийн судалгаатайгаар гаргаж ирэн бусдад мэдүүлж буй хэрэг. Харин энэ номонд орсон амьтан, ургамлаа иргэд хуулийн байгууллагатай хамтран хууль бус худалдаа, хулгайн анчдаас л хамгаалах ёстой юм.

-Тэгвэл шинэчлэгдсэн Улаан номноос тоо толгой юм уу ургамлын төрөл зүйл нь нэмэгдээд хасагдсан тохиолдол байх уу?
-Байлгүй яахав. Өмнөх улаан номонд орсон гурван зүйлийн хөхтөн,13 зүйлийн замаг хасагдсан. Учир нь, эдгээр амьтан, ургамлын тоо толгой ургалтын тархалт нэмэгдсэн. Жишээлбэл, тахийн тоо толгой 400 гаруй болтлоо өссөн. Мөн аргаль, янгирын тархалт нэмэгдсэн. Ер нь, дэлхийн дулааралд хэт өртөж байгаа улсын тоонд Монгол багтдаг бөгөөд агаарын температур өөрчлөлт нэмэх хоёр градусаар өөрчлөгдсөн цөөхөн улсын нэг. Түүнчлэн цөлжилт, бэлчээрийн талхлалт нийт газар нутгийн 70 хувийг хамарч 5000 гаруй гол горхи устаж, уул уурхайн ашиглалтаас болж хөрсний гүн эвдрэлд орж, зарим нэн ховор амьтан үзэгдэхээ больсон. Эко системийн энэ үзэгдлээс болж ан амьтан, ургамлын тоо толгой, тархалт цөөрөн багасч, устах аюулд хүрсэн учраас хамгаалахын тулд сая Улаан номыг шинэчилсэн юм.

-Олны хүч оломгүй далай гэдгийг өнгөрсөн онд иргэд, төрийн бус байгууллага, төрийнхний авч хэрэгжүүлсэн говийн мазаалайг хамгаалах хөтөлбөр харуулсан. Тоо толгой нь цөөрсөн энэ амьтны амьдрах орчин, нөхцөлийг нь бүрдүүлснээр дөрвөн бамбарууштай болжээ гэх сайхан мэдээ оны өмнөхөн дуулдсан шүү дээ?
-Тийм ээ. Говийн дархан цаазат газрын эзэн болсон мазаалай баавгай Монголдоо төдийгүй дэлхийн ховор амьтдын тоонд багтдаг. Мазаалай баавгайн судалгааг манай улс 1960 оноос эхэлж, 1962 онд академич А.Болдын мазаалай баавгайг ойн хүрэн баавгайтай харьцуулсан судалгаанаас хойш дорвитой судлаагүй гэдэг. 1987 онд Улаан номны нэн ховордсон амьтны ангилалд орсон энэ амьтны хувь заяанд олон нийтийг хандуулснаар өнгөрсөн онд багагүй ажил хийснээр өдгөө өсөн үржиж, дөрвөн бамбарууштай болсон. Энэ жил ч гэсэн хийхээр төлөвлөсөн ажил бий.

-Ховор гэж хэлчихээд агнуулах нь зөв үү ч гэж хүмүүс ярьдаг л даа.  Улсын төсөвт жилдээ хэдэн төгрөг ордог юм бэ?
-Ховор амьтныг тусгай төлбөртэйгөөр олзворын болон спорт чиглэлээр агнах, барих тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг манай улс 1962 оноос эхлэн өнөөдрийг хүртэл улсын төсөв бүрдүүлэх зорилгоор явуулж ирсэн. Гэхдээ спорт, олзворын чиглэлээр гадаадын иргэнд тусгай төлбөртэй агнуулж, бариулдаг. Жишээ нь, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн орлогоос 2009-2011 онд нийт 11,4 тэрбум орчим төгрөг улс болон орон нутгийн төсөвт оруулсан.

-Орон нутагтаа хэр дэмтэй байдаг юм?
-Тусгай төлбөртэй агнуулах ан агнуурын бодлого нь орон нутагт агнуурын бүс нутагт ховор амьтны нөөц хамгаалах менежментийг бий болгох зорилготой. Үүний тулд агнуурын бүс нутагт ховор амьтныг тогтвортой өсөх нөхцөл хангасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, агнуурын ховор амьтныг ашиглах бодлого нь ховор амьтны тоо толгойг өсгөх түүнийг хамгаалах менежментийг дэмжихэд чиглэгддэг гэсэн үг.

-Ан амьтны тvvхий эд зvйлийн хууль бус худалдаа дэлхийд хар тамхины дараагаар ордог гэсэн. Тиймээс ч ангийн гаралтай эд зvйл, тvvхий эдийн худалдааг хязгаарлах хэрэгтэй гэж төрийн бус байгууллагынхан хэлдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Энэ талын асуудлыг сайн мэдэхгүй юм. Гэхдээ ан амьтны түүхий эд зүйлийн худалдааг хязгаарлах зорилгоор эрхзүйн орчинг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах  нь чухал. Ер нь, хууль бусаар ховор амьтдыг агнасан тохиолдолд эрүү үүсч, нөхөн төлбөрийг төлүүлэхээс гадна хохирлын хэмжээнээс хамаарч хорих ял оноодог юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан