Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАЛЧДЫН ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСЫГ ТАВАН ЖИЛЭЭР УРАГШЛУУЛАХ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖЭЭ

Малчдын тэтгэврийн на­сыг наашлуулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар танилцууллаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл боловсруулжээ.
ДНБ-ий 10 гаруй хувийг мал аж ахуйн салбар үйлдвэрлэж, хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30 орчим хувийг малчид эзэлдэг байна. Мөн нийт өрхийн  20 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьжиргаагаа залгуулж байгаа ч малчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, нийгмийн хамгааллын асуудал бүрэн шийдэгдээгүй болохоор залуус төв суурин газар бараадах болсон. Иймээс одоогийн хууль тог­тоом­жоор малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой хэдий ч орлогын түвшин доогуур, орлого нь улирлын чанартай учраас сар бүр шимтгэл төлөхөд хүндрэлтэй байдаг.
25 мянган малчин буюу нийт малчдын  зургаа орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ. Нийгмийн даат­галын сангаас 45.6 мянган малчин өндөр насны, 9.5 мянган малчин хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа аж. Өнгөрсөн онд гэхэд 3.2 мянган малчин шинээр тэтгэвэрт гарсанаас дийлэнх нь 1990 оноос өмнө нэгдэл, сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байжээ.
Малчдыг дэмжиж, нийг­мийн баталгааг нь сайж­руулах, нийгмийн даатгалд хамруу­лахаар дөрвөн асууд­лыг хуулийн төсөлдөө тусгасан. 20-иос доошгүй жил, үүнд 15-аас доошгүй жил нь мал маллаж, шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил зургаан сараас доошгүй жил нь малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгох эрхтэй байх гэнэ. Ингэснээр малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар наашлуулж буй юм. Мөн жилийн дөрвөн улиралд байгаль, цаг уурын шууд хамааралтай нөхцөлд, өдөр шөнөгүй, цаг наргүй, амралтгүй, хүнд хүчир биеийн хөдөлмөр эрхэлдэг онцлогийг нь харгалзан малчнаар ажил­ласан нэг жилийг 1.6 жилээр нэмэгдүүлэн тооцно. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн улир­лын шинж чанар, орло­гын тогтвортой бус байдлыг харгалзан нийгмийн даат­галын шимтгэлээ сар, улирал, жилээр төлж бо­лох юм байна.
Түүнчлэн мал­чид хувиараа мал аж ахуй эрхлэх болсон, мал аж ахуйн үйлдвэрлэлийн онц­­логийг харгалзан Нийг­мийн даатгалын багц хууль хэрэгжсэнээс хойшхи 20 жилийн хугацаанд төлж чадаагүй болон тө­лөх бо­ломжгүй байсан шимт­гэлээ нэг удаа нөхөн төлөх бо­ломжийг уг төсөлд тусгажээ. Дээрх төсөлд тусгаснаар тэтгэ­вэр нэмэхээр бол шаар­дагдах хөрөнгө нь тэтгэврийн даат­галын санд дарамт учруу­­лахгүй гэлээ. Тэд малч­дын захиалгаар хуулийн тө­сөл са­наачилсан гэдгээ тайлбар­лав.

Л.Номин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан