Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй


Ирээдүйн угтал болж энд бид амьдарч байна. Тиймээс өмнөө буй тулгамдсан асуудлаа шийдэхгүйгээр цааш явахгүй. Явсан түүх ч байхгүй. Хичнээн зүтгүүлээд үр дүн гарахгүй байх талтай. Гайхамшигтай санаа байсан ч бусаддаа ойлгуулж чадаагүй бол. Хэрэгтэй төсөл байлаа гээд олны дэмжлэг авахгүй бол. Түүнийг бусад нь дэмжихгүйд хүрвэл унах нь бий. Гэтэл дээрх байдлаас болж бид өөрсдөө хохирогч болж үлдэх гээд байдаг. Сайхан боломжоо үгүйсгэдэг. Ирээдүй цагийг өнгөрсөн цагаар давтах гэдэг. Тэмүүлж буй зүйлээсээ заримдаа ухардаг. Зөв гэж итгэсэн хэрнээ түүнийхээ төлөө тэмцэж чаддаггүй. Бусдад автдаг. Эцэст нь бурууг дугуйлах нь бий.

Гэр бүлийн хүмүүс хүртэл хоорондоо ойлголцохгүй байснаар асуудал даамжирдаг. Шархалдаг, шаналдаг. Холддог. Зүгээр л тулга тойрч суугаад шийдчих асуудлаа тоонотод багтамгүй дэвэргэдэг. Үүнээсээ болж хүн хоорондын харилцаа царцдаг бас цаашилдаг. Нэгнийхээ сэтгэлдээ юм үлдээдэг. Ингээд үүссэн асуудал нь хүндрэл үүсгэдэг. Үүнтэй агаар нэг Монгол Улсын эдийн засаг үл ойлголцол дунд удаан явсан.

Уул уурхай хэрэгтэй, хэрэггүй. Оюутолгойн гэрээ буруу, зөв. Төмөр замын цариг бүдүүн, нарийн гээд удтал улстөржсөн. Үүнээс болж улсаараа эдийн засгийн болоод цаг хугацааны хохирол амссан нь бий. Бүгд л чаддаг, мэддэг гэж сондгойрсон ч асуудал хэвээр үлдэж. Өөрөөр хэлбэл, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг буурлынхаа үгийг умартсан нь олширч. “Миний зөв” гэсэн муйхар зан мунхаглал дагуулах нь элбэг. Энэ зангаасаа болж багагүй хөгжлийн хөрөнгө оруулалтыг үргээсэн.

Хууль эрх зүйн тогтворгүй орчин, улс төрийн гэнэтийн мэдэгдэл гээд төвөгшөөх зүйл гаднын хөрөнгө оруулагчдад цөөнгүй байсан. Энэ нь гаднынханд нутаг буцах, шинэ орныг зорих эхлэл болсон. Тэдний “нүүдэл” хөрөнгө оруулалтад эрс мэдрэгдсэн. Ингэснээр ам.долларын ханш чангарч, томоохон төслүүд гацсан. Тавантолгой хуучирсан. Төмөр замын цариг бүдгэрсэн. Гадаад валютын нийлүүлэлт тасалдсан. Уул уурхайн салбар уналтад орсон. Мэдээж эрдэс түүхий эдийн үнэ буурсан, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан зэрэг биднээс үл хамаарсан шалтгаан байсан. Үүнийг үгүйсгэх аргагүй.

Гэхдээ бизнесийн орчны битүү байдал нь дээрх эрсдэлийг бодит нөлөө болгон хувиргасан гэдгийг хожуу ухаарсан. Эдгээр шалтгааны суурь нь хоорондоо хэлэлцдэггүй. Бусдынхаа санаа бодлыг сонсдоггүй. Төрийн бодлого нэгдмэл бус, нийтийн ойлголт зөрүүтэй байгаа нь өдгөө тод харагдсан. Иймд олуулаа хэлэлцэх. Бүгдээрээ чуулах шаардлага нь илт чухал болохыг ойлгож эхэлсэн. Үүнийг нөхсөн томоохон бодлогын чуулга уулзалт, зөвлөлгөөн Улаанбаатар хотноо сүүлийн жилүүдэд болж, уламжлал тогтов. Эхнээсээ чуулганы үр дүн нь шууд болон шууд бус байдлаар гарч байна.

Хувийн хэвшлийнхэн дуу хоолойгоо төрд хүргэдэг боллоо. Төр сонсож эхэллээ. Хамтдаа асуудлаа шийдэх гэж хэлэлцдэг жишиг тогтлоо. Бидний өдөр тутмын амьдралд хүртэл үйлчилдэг төрийн хууль, журамд тодорхой өөрчлөлт, дэвшил гарч эхэллээ. Зөвхөн дарга бус иргэн хүртэл эрх ашгаа хамгаалж, асуудал байвал хэлдэг нийгэмд чуулга уулзалт, хэлэлцүүлэг ажил хэрэгч “уур амьсгал”-ыг бүрдүүлсэн. Томоохон эдийн засгийн тулгуур салбарт ч эргэлт гаргасан. Тухайлбал, уул уурхайн салбарынхан ээлж дараалан асуудлаа хэлэлцэж, энэ сарын дундуур Төрөөс эрсдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг УИХ баталлаа.

Ойрын жилүүдэд Монгол Улс нэмүү өртөг шингээсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Олборлогчоос үйлдвэрлэгч орны зиндаанд дэвших. Эрдэс түүхий эдээ гүн боловсруулах зэрэг хийх ажил их, хэлэлцэх асуудал цөөнгүй байгаа нь ил боллоо. Хэн, хэрхэн, яаж хийх нь тунгалаг болж ирлээ.
Дахиад цаана нь түмэн асуудлын зангилаа бий. Үүнийг тайлах хамгийн дөхөм гарц нь чуулга уулзалт, хэлэлцүүлэг. 2.8 сая хүн нэг танхимд суух боломжгүй. Гэхдээ иргэний оролцоо, санал, хүсэлтийг хүндэтгэх нь зүй ёсных. Тэгвэл тэдний төлөөлөл нэг дор суугаад асуудлаа хэлэлцэж, хөгжлийн зураглалаа тодорхойлох боломжтой.

Яагаад заавал чуулга уулзалт гэж үү. Дэлхийн хөгжингүй орнууд ингэж л асуудлаа шийдсэн байдаг. Сонгодог хэлбэр нь энэ. Хамгийн эрүүл бас шударга, нээлттэй талбар учраас өнөө цагийн шийдэл чуулга уулзалтаас төрж байна. Дэлхийн нийтийн асуудлаар томоохон гүрнүүд хүртэл чуулж, байр сууриа нэгтгэж буй. Чингис хаан ч мөн адил алтан ургийн хүрээнд “Их хуралдай”-г чуулуулдаг байсан. Түүх нэн холоос эхтэй. Монголын эзэн гүрний үеэс улбаатай.

Хамгийн ойрын бодлогын цугларалт ирэх сарын 20, 21-ний өдрүүдэд нийслэлд болох гэж байна. Энэ нь нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “COAL MONGOLI-2014” /www.coalmongolia.mn/ олон улсын чуулга уулзалт. Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулах нь хэр үр ашигтай, ирээдүйтэй болохыг та эндээс мэдэж, баримжаа авч болох юм. Зөвхөн нүүрсний салбарынхан гэлтгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хэрхэн залах тухай энэ цагийнхан хэлэлцдэг. Ингэж хэлэлцэхийн буруу гэж юу байх билээ.

“Discover Mongolia”, “Metals Mongolia”, “Coal Mongolia”, “Эрдэс баялаг-2025” гээд гарын хуруунд багтах олон улсын зэрэглэл бүхий чуулга уулзалт жилдээ нэг удаа болдог. Эдгээр чуулга уулзалт бүхэн өөрийн онцлогтой бас өөрийн гэсэн үзэгчтэй. Монголын талаарх бодит төсөөлөл, ирээдүйн таамаг, зах зээлийн шинэ боломжийг тэнд очсон хэн боловч олж хардаг. Тиймээс үр ашиггүй цугларалт гэвэл дэгсдэх биз ээ.

Нэг талаасаа чуулга уулзалт тухайн цагтаа Монгол Улсыг дэлхийд нээж өгдөг “цонх”. Шинэ хөрөнгө оруулалт, шилдэг технологи энэ бүхнийг угтан авах “гүүр” нь байдаг. Мөн хөрөнгө оруулагчдад сонголт хийх эцсийн хувилбар болдог. Иймээс дээрх дурдсан чуулга уулзалт, хэлэлцүүлэг орчин цагийн Монголыг дэлхийд таниулсан нь үнэн.

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан “Ухаалаг төрийн нууц” номондоо “Ардчилсан улс оронд ийм хэлэлцүүлэг заавал байх ёстой. Ардчилсан бус улсад бол засгийн эрх баригчид, нийгэм хоорондын харилцаа нь нэг урсгалтай зам шиг болдог учир хөгжлийн асуудлуудаар өгөөжтэй шийдвэр гардаггүй” хэмээн дурджээ.
Монгол Улс “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих гэж оролдож байна. Өөр болох гэж үзэж байна. Өөрчлөгдөх гэж байгаа нь энэ. Уг өөрчлөлтийг хэн нэгэн хүн ганцаараа хийж чадахгүй. Үүнийг нийтээрээ хүссэн тохиолдолд амжилтад хүргэнэ. Тэр тусмаа иргэний оролцоог хангах гэж буй ардчилсан орны хувьд нэгээр зогсохгүй хэлэлцүүлэг, чуулганыг зохион байгуулж байж хөгжлийн замаа зөв сонгох нь дамжиггүй. Үүний нэг нь хаврын урь орох цагаар болох гэж байна.
“Хаврын тэнгэр шиг” төрийн бодлого эндээс санаа авч, цэгцэрдэг тал бий. Мөн зах зээл сэргэж, хөрөнгө оруулагчид шинэ алхам хийх гэж яардаг. Тиймээс чуулга, уулзалт, хэлэлцүүлэгт оролцох гэж тив алгасан ирцгээх нь ердийн үзэгдэл.

 
Б.Баяртогтох

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан