-Хөөмэй их хэцүү, хүссэн аавын хүү хийж чадах зүйл биш гэж ярьдаг. Ярилцлагынхаа эхэнд энэ урлагтай хэрхэн холбогдсон тухай асуумаар байна?
-Анх ХБНГУ-д гурван жил ажиллаж, амьдарч байхдаа Амартүвшин багшид шавилж хөөмэйлж сурсан. Багш маань Германд ардын урлагийн “Эгшиглэн” хамтлаг байгуулж, арав гаруй жил амьдарсан, хөөмэйг гарамгай эзэмшсэн хүн дээ. Харин амьсгааг орчин үеийн хөөмэйн гол төлөөлөгч болох Одсүрэн багшаар заалгасан. Хөөмэйн урлагийн талаар бичсэн ном судалгааны материал уншиж, судалдаг байлаа. Ялангуяа, Бадраа гуайн хийсэн судалгаа их тус болсон.
-Хөөмэйг буруу сурвал эрүүл мэнд, амь насанд ч аюултай гэх юм билээ?
-Ямарваа нэг юм буруу байхаараа л болдоггүй шүү дээ. Хөөмэйг маш зөв сурах хэрэгтэй. Буруу зөвгүй хөөмэйлдэг хүн байдаг ч эцэст нь нас ахих үед эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг. Амьсгалаа буруу авснаас болж цагаан мах нь эргэж болно. Ер нь, янз бүрийн сөрөг нөлөө үзүүлж мэднэ гэсэн утгаараа аюултай урлаг гэдэг. Бэлтгэл сургуулилт, тэр бүү хэл тоглолтын үеэр ухаан алдаж унасан тохиолдол ч цөөнгүй байдаг юм билээ. Хөөмэйлж байгаад ухаан алдаж унахдаа паарны ёрдгор төмрийг мөргөөд бэртсэн хүн ч байдаг. Сонирхуулахад, яг ухаан алдахын өмнө гарч байгаа дуу нь өөрт маш гоё сонсогддог гэсэн. Хачин сайхан хөөмэйлж байгаад л гэнэт нүүр нь улайгаад унаад өгдөг байхгүй юу. Амьсгааны их том урлаг учраас анхнаасаа амьсгаагаа зөв авч сурах хэрэгтэй.
-Амьсгалын дасгалаас гадна хүч тамирын дасгал хийдэг гэв үү?
-Хөөмэй сурахад амаргүй. Маш олон төрлийн дасгал сургуулилт хийдэг. Хэлний техник гэхчлэн. Үүнээс амьсгалын дасгал хүч чадлын дасгал хоёр маш чухал. Хөөмэйчид яагаад гүзээтэй байдаг юм бэ гэж хүмүүс асуудаг. Энэ чинь мэргэжлийн онцлог болохоос бидний зохиосон имидж биш л дээ. Гүзээтэй жинтэй хүн чадалтай дуугардаг юм. Хэвлийдээ амьсгалаа хурааж чадал гаргаж дуугарч байгаа учраас ийм байдаг. Амьсгалын дасгал хийгээд байхаар хэвлий чангардаг. Гэдсэн дээр нь хүн гараад зогсоход ч өргөчихдөг тийм л чадалтай болдог юм. Ямар сайндаа нэг хөөмэйч эмчид үзүүлтэл эмч нь чагнаж үзээд юу ч сонсогдохгүй байна гүн амьсгаа ав гэж байх вэ дээ. Тэгэхээр нь гүн амьсгаа автал бас л болохгүй байсан гэсэн. Хурдан хурдан аахилж байгаа мэт богино амьсгаа автал сая нэг юм уушгийг нь чагнасан гэдэг. Хөөмэйчид амьсгалаа уушгинд биш хэвлийдээ аваад сурчихсан байдаг байхгүй юу. Гэхдээ их гүзээтэй хөөмэйч мундаг чадалтай гэж хэт явцуурч ойлгох нь нэг талаар өрөөсгөл. Сайн хөөмэйч дотоод энерги сайтай байдаг. Бидний дунд “Хэн өөрийнхөө биеийг илүү сайн чагнана тэр хүн хөөмэйг илүү сайн сурдаг” гэсэн яриа бий. Ортой юм шүү. Тэнд нь дарвал тийм нот дуугарна гэсэн юм хөөмэйд байхгүй шүү дээ. Яг өөрийнхөө мэдрэмжээр дуугардаг. Тагнаан дээр ямар өнгө дуугарч байна, татахад ямар өнгө вэ гэдгээ сайн чагнаж чадсан хүн сайн хөөмэйлдэг гэж судлаачид ч ярьдаг.
-Хөөмэй Монголын үндэсний ардын урлаг мөн хэмээн ЮНЕСКО бүртгэж авсан ч гадаадынхан их суралцах болж. Манайхнаас илүү гарчих вий гэсэндээ ч юм уу надад таатай санагддаггүй. Энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Хэд хоногийн өмнө Киргизэд очоод ирлээ. Киргизтэй харьцуулахад л манай ардын урлаг даруй 20 жилээр түрүүлж явна. Тэндэхийн үндэсний хөгжмийг сонсоод байхад нэг хэвийн дуугаралтууд л яваад байсан. Өөрөөр хэлбэл, монголчууд ардын урлагийг дэлхийн өнөөгийн хэм хэмнэлтэй нэгтгэн хөгжүүлж чадаж байгаа. Ардын урлагаар дагнасан олон хамтлаг гарч ирж, үндэсний рок, үндэсний модерн, жааз гээд янз бүрийн чиглэл гарган хөгжүүлж байна. Ингэж ардын урлаг хурдацтай хөгжиж байгаа нь манай залуус гадаадын улсуудад тоглож, амьдарч, тэднээс авах юм аа авч чадсантай холбоотой гэж боддог. Европт амьдардаг “Эгшиглэн” хамтлагийн залуус ардын урлагийг ретмтэй болгож, дуугаа үгэлж, ард нь аялгуулан дуулж болдог юм байна гэсэн санааг анх гаргаж ирсэн. Ардын урлагаар дагнасан гол төлөөлөгчид болох “Хөсөгтөн”, “Жонон”, “Арга билэг”, “Алтан ураг”, “Домог” хамтлагийг үүсгэн байгуулагчид Европт амьдарч ажилласан хүмүүс байдаг. Монгол туургатнууд бүгд л хөөмэйлэх гэж оролддог. Тува хөөмэй гэж бий. Гэвч жинхэнэ монгол хөөмэй бол аялгуулаг, хүч тамир шаардсан байдгаараа ялгардаг юм.
-Ингэхэд эмэгтэй хөөмэйч байдаг уу?
-Ховдын Чандманьд очиж үзээгүй ч хөөмэйчдээс олонтаа сонсч байсан. Чандмань уул өөрөө нар шингэх үед хархирдаг гэх юм билээ. Тэр утгаараа Ховдын Чандманьд эр эм, хөгшин залуугүй хөөмэйлдэг гэсэн. Байгалиасаа л сурчихдаг байх. Харин яг эмэгтэй хүнд шавь төвтэй сургалт хийж хөөмэй заасан тохиолдол бараг байдаггүй. Анх Одсүрэн багш маань эмэгтэй хүнд хөөмэй зааж байсан. Ингэж зааж байхдаа эмэгтэй хүнд хөөмэй сургана гэдэг нь маш их эрсдэл дагуулдаг юм байна гэдгийг харуулсан. Наад зах нь сарын тэмдэг нь алдагдах зэрэг сөрөг үр дагавар гардаг гэсэн.
-Ховдын Чандмань гэснээс хөөмэй эндээс гаралтай гэдэг биз дээ?
-Тэгж ярьдаг л юм. Хөөмэйг уул ус, байгалийн дуу чимээ, араатан амьтны архирах бахирах дуу чимээнээс үүдэлтэй гэж үздэг. Хөөмэйг дөрвөн төрөл байдаг гэж ярьдаг ч тийм биш л дээ. Исэргээ буюу харгиа гэсэн хоёр төрөл байдаг. Харин энэ хоёр нь дотроо маш олон төрөл болж задардаг. Нэг хүн хоёр давхар өнгө дуугардгаараа хөөмий агуу юм аа гэж дэлхий дахин тодорхойлсон байдаг. Тэгвэл миний багш гурав, дөрвөн давхар өнгө дуугаргадаг. Нэг нь салхи байлаа гэхэд хархираа суурьтай исгэрэх гэхчлэн.
-Ардын урлаг тэр дундаа хөөмэй, морин хуурт судлагдаагүй зүйл олон байдаг уу?
-Байлгүй яахав. Морин хуурны тэддүгээр актаваас тийм нот дуугарах боломжтой юм аа гээд судлаачид заачихсан байдаг. Гэтэл чийл хөгжмийн арга барилаар аваад үзэхээр бложнит өнгө гээд гараад ирж байгаа юм. Энэ өнгийг морин хуур дээр гарамгай эзэмшсэн залуус олон бий. Үүгээрээ морин хуур дээр дуугарч болохгүй өнгө гэж байхгүйг харуулж буй хэрэг.