Солонгос хүнтэй гэр бүл болж, тус улсад амьдрах хүмүүст зориулсан шинэ хууль гарчээ. Шинэ хуулийн дагуу Солонгос хүнтэй гэрлэх гэж буй гадаадын иргэн Солонгос хэлний үндсэн мэдлэгтэй байх ёстой гэнэ. Тэд хэлний мэдлэгээ батлахын тулд шалгалт өгөх юм уу хэлний курст суралцах ёстой ажээ. Тэгвэл гадаадын иргэнтэй гэр бүл болох гэж байгаа Солонгосын иргэн нь жилд дор хаяж 14 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн орлоготой байх ёстой гэсэн босго тогтоожээ. Энэ бол Солонгост хамгийн бага өртгөөр амьдрах амьжиргааны зардлаас 120 хувь давсан хэмжээ юм.
Сүүлийн жилүүдэд гадаад эмэгтэйчүүд солонгос эрчүүдтэй гэрлээд, эцэс сүүлд нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал их гарч байгаа нь энэ хуулийг гаргахад хүргэжээ. Амьдралын боломж муутай, мэдлэг боловсролгүй солонгос эрчүүд Вьетнам, Монгол зэрэг орноос сайхан амьдрал амлаж, эхнэрээ болгохоор бүсгүйчүүдийг авчирсныхаа дараа зодож дарамтлах явдал гарсаар байгаа юм.