Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрөх газарт солигдсон хүүхдийнхээ төлөө 2 сая рубль нэхэмжилжээ


Энэ явдал ингэж эхэлжээ. ОХУ-ын Казанийн иргэн Разия Факаровагийн утас дуугарч нэгэн эмэгтэй залгаад өөрийгөө Флера Фазыева гээд хүү Айдарынх нь ээж байна гэсэн байна. 
Факарова хариуд нь:
-Та юу ярьж байна аа. Айдар бол миний хүү, тэгээд ч тэр маань өөд болсон гэлээ.
Гэтэл өөдөөс нь
-Та  1986 оны долдугаар сард Дербышкад хүүхэд төрүүлсэн үү? Би бас тэнд хүүгээ гаргасан. Тэгэхэд л бидний хүүхэд солигдож орхиж гээд хэсэг уйлснаа таны хүү өнөөдөр эрүүл саруул, манайд өсч байгаа. Нэрийг нь Ильшат гэдэг юм гэх нь тэр.

Уучлаарай, чи миний хүү биш

Флера Фазлыева 1986 оны долдугаар сарын 3-ны өглөөгүүр төрж хүүтэй болжээ. Хүүг нь гар дээр нь өгсөнгүй, сувилагч шууд л аваад явчихаж. Ингээд л маргааш нь хөхүүлэх гэж авчирсан байна.
-Тэгэхэд л би  энэ миний хүү биш байна гэж мэдэрсэн. Надтай огт адилгүй, хонгор үстэй хүү байсан. Тэгээд эмчид хэлтэл тэд солигдох учиргүй, энэ таны хүү мөн, гарт нь өөрийн чинь нэр  бичээстэй байгаа гэсэн юм хэмээн Флера Фазлыева дурсч байна.
Гэвч ээж насан туршдаа л хүний хүүхэд өсгөж байна гэдгээ мэдэрсээр байсан байна. Ильшат бол энэ талаар төсөөлөх ч  үгүй аав ээжийгээ яг л төрсөн эцэг эх шигээ хайрласаар. Аав ээж хоёр нь ч өөрсдийн сэжиг таамгаа мэдэгдүүлдэггүй байж.

Хэдэн жилийн өмнө залуу хүү цусны шинжилгээ өгтөл, цусны бүлэг нь эцэг эхийнхтэйгээ огт таардаггүй. Гэтэл аав ээж хоёрынх нь адил байдаг.
2011 оны намар Флера хүүдээ ДНК-гийн шинжилгээ хийлгэсэн байна. Гэхдээ Ильшатад болохоор мэс засалд орохын тулд ингэх хэрэгтэй гэж ойлгуулжээ. Ингээд л эмч өдөр нь утасдаад хүү өөрийн чинь төрсөн хүү биш байна гэж хэлсэн гэнэ.

Урт удаан эрэл

Ингээд л эмэгтэй хамт төрсөн эмэгтэйчүүдээ хайж эхэлсэн байна. Хамгийн эхлээд Дербышкийн төрөх газарт очиж 25 жилийн өмнө хамт төрсөн эмэгтэйчүүдээ сурах гэтэл хэдийнээ хаачихсан байж. Бүхий л карт баримт бичиг нь байдаггүй. Тэгэхээр нь иргэний бүртгэлийн газарт хандаж тэр үед төрсөн  бүх хүүхдийн жагсаалтыг олжээ. Тэр өдөр Флератай хамт 16 эх төрснийг мэдээд бүгдийг нь сурагласаар эцэст нь Разию Факароваг олсон байна.
Ингээд арай гэж нэг юм Разиятай уулзах нь тэр. Нээрээ л Ильшатын гэрэл зураг нь хүртэл ээжтэйгээ, дүү нартай нь адил байлаа. ДНК-гийн шинжилгээ хийсэн чинь бас л нотлоод өглөө. Гэхдээ л 25 жилийн туршид өөр айлд өссөн Ильшат өөрийн жинхэнэ гэр бүлдээ дастал хугацаа шаардлаа.
-Миний аав ээж хоёр миний төрүүлсэн эцэг эх биш гэж хэзээ ч миний сэтгэлд бууж байсангүй. Надад анх хэлэхэд нь ч чихэндээ итгээгүй гэж Ильшат Фазлыев хэлж байна.
                   
Харамсалтай нь төрүүлсэн үрээ удаан эрж хайсан Флера хүүтэйгээ уулзаж чадсангүй. Айдар хүү 10 жилийн өмнө нас барсан байлаа. Яагаад нас барсан тухайд нь энэ хоёр гэр бүлийнхэн хэн ч хэлэхийг хүсээгүй юм.

Уг нь тэд нэг дор л өсцгөөж

Хамгийн гайхалтай нь энэ хоёр гэр бүл хөрш  шахам амьдарч, хоёр хөвгүүн нэг цэцэрлэгт явж, дараа  нь нэг сургуульд орон зэргэлдээ ангид сурч байж.
-Би хэзээ ч хүүгээ олоход минь нас барчихсан байна гэж бодоогүй. Харамсалтай нь ийм л байлаа. Би бүхий л амьдралынхаа туршид миний хүү яг л надтай адил байх, тэгээд л бид хоёр уулзана гэж бодож байсан. Даанч ингэж чадсангүй. Гэхдээ яахав надад арай хөнгөн болж байна. Уг нь би хүүгээ арай л эрт  эрэх ёстой байж дээ гэж Флера уйлан ярьж сууна.
Гэхдээ Флера хүү Ильшатыгаа төрсөн эхдээ оччих вий гэж хардаж харамлахгүй байна. Харин ч эмэгтэйчүүд яг л эгч дүүс шиг үерхэж, Флера хүүгээ өөрийнхөө төрсөн эхийг “ээж” гэж дуудаасай гэж байна.
Хүү нь ч аажимдаа дасах биз. Ильшат  одоо дүү нартайгаа нийлээд том байшин барьж байгаа, түүндээ бүхий л гэр бүлээрээ орно гэнэ.

Шүүх

Өнөөдөр Разия Факарова энэ асуудлаар Вахитовын районы шүүхэд өргөдөл өгөөд байна. Тэрээр энэ бүхий л хугацаанд өөрийнхөө хүүхдийг өсгөж чадаагүй, тэгээд ч одоо хүний хүн шиг болчихсон байна. Сэтгэл санааны энэ хохирлыг хоёр сая рублиэр үнэлж байна гээд Эрүүл мэндийн яамнаас нэхэмжилжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан