Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТУЛАХ ЦЭГ, ТҮШИХ ТӨРГҮЙ ӨВЛИЙН СПОРТ

Өнөө жилийн өвлийн олимп өргөн дэлгэр болж цэнхэр гаригийн тив бүрээс цагаан олимпод хүч үзэхээр 98 улс орны 2500 гаруй тамирчин Сочигийн тэнгэр дор хуран чуулж байна. Чамгүй хэл ам, хэрүүл шуугиан бас ч гэж багагүй айдас дагуулсан Сочигийн олимп эхэлсээр даруй дөрөв хоног өнгөрчээ. Хүн төрөлхтөний эв найрамдал, энх тунх зэрэгцэн оршихын бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд орон, гүрэн бүр шилдгийн шилдэг тамирчдаа шилж сонгон илгээдэг. Манай улсаас энэ жилийн цагаан олимпод тэшүүр, гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин оролцож хурд, хүч сорихоор хойд хөршийн зүг хүлгийн жолоо залсан билээ. Мөн энэ онд Монгол Улс, эх  дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болсон өвлийн олимпод оролцож эхэлсний 50 жилийн ой тохиож байна. Тэртээ 1964 онд анх удаа Австрийн Инсбрук хотноо зохиогдсон наадамд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу тэшүүрийн дөрөв, цанын есөн хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож баруун Европын тэнгэрийг төрийн далбаагаараа чимж байсан билээ. За энэ ч яамай, түүх бол түүх түүнийг хэн ч өөрчилж чадахгүй.
Харин, үг олдож үхэр холдохоос өмнө өөрчилж болох гол асуудлаа хөндье. 50 жилийн тэртээ 13 хүний бүрэлдэхүүнтэй баг Австрийн олимпод оролцож байсан бол энэ жил хоёрхон тамирчин хойд хөршийг зорилоо. Энэ тоо эрхгүй нэгийг бодогдуулахгүй байна гэж үү. Хуучин цагт хурдацтай хөгжиж байсан өвлийн спорт өнөө үед, 21 дүгээр зуунд хэрхэн уруудан доройтсоныг удаах тоо хэлээд өгнө. Тив дэлхийн өмнө төр улсаа төлөөлөх хоёр тамирчныхаа олимпын зардалд зориулж ердөө л 12 сая төгрөг төсөвлөн өгчээ. Энэ юу вэ. Энгийн нэг сурвалжлагч миний бүтэн жил гаруйн цалин. Гэхдээ, их спортын оргил болсон олимпын наадамд оролцох тамирчдад замын зардал төдий.
Өмсөх хувцас, өнгө зүсийг нь л яриад байснаас халаасан дахь хэдэн бор төгрөгийг нь хайхарч анзаарсан нь хэн билээ. Ерөнхийлөгч үү, Ерөнхий сайд уу аль эсвэл амьтан ургамал цуглуулж араг яс хөөцөлдсөн ССАЖ-ын сайд уу. Хэн ч биш. Нэг үеэ бодвол спорт хариуцсан яам, тамгын газар нь тусдаа статустай болсон ч амьгүй яс хөөцөлдсөн хүмүүс л байна. Яс ч яамай, ямар олимпод оролцож цана, тэшүүрээр гулгах биш. Тэртээ тэргүй бүхэл бүтэн музей хулгайлчихдаг нь байдаг болохоор ганц араг яс төдийг гаргахгүй биз.
Гэтэл үнэлж барашгүй үнэ цэнэтэй тамирчдаа гар хоосон явуулчихаад ганзага хоосон ирвэл хэрхэн угтаж авах бол. Манайхан их муухай улс шүү. Одоо ч гэлтгүй өнгөрсөн нийгэмд ч тив дэлхийн чанартай тэмцээн уралдаанд оролцож шагналт байранд шалгараагүй бол ажлаас нь халж, авч хэлэлцэн хэн дуртай нь хэл амаа билүүддэг байсан. 1980 оны АНУ-д зохион байгуулагдсан өвлийн олимпод оролцсон тамирчдыг медальт байранд шалгарсангүй хэмээн эх орондоо ирэхэд нь ажлаас нь халах тушаалыг нь бариад угтсан гэдэг. Угтаа, эх орон элгэн түмнийхээ нэрийг гаргаж Монгол гэдэг улс байдаг юм шүү, морь л унаж чаддаг бус цана тэшүүр нь дээр ч гарсан цагаан олимпын талбарт хүч үзэж чадна гэдгийг харуулсан хэрэг. Энэ байдал одоо ч хэвээрээ. Зуны, зуны, зуны л гээд байхаас өвлийн спортын хөгжил дэвшлийг өнгийж харсан яам, сайд дарга, спорт хороод, холбоод байна уу.
Төрийн өмчит байсан зориулалтын ганцхан цанын бааз болох “Хандгайт”-ыг хувьчилж, хавь ойрын газрыг нь хэн дуртайд нь эзэмшүүлснээр цанын спортын хөгжилд цэг тавьсан ч гэж болно. Цана гэхээр л хөлдөө хос гулсуур углачихаад гулгаж тэшээд байдаг гэж бодож болохгүй. Дотроо маш олон төрөлд хуваагддаг спортын эл төрөл нь эрүүл чийрэг бие цогцсыг бэлэглэнэ. Тиймээс ч энэ спортоор хичээллэсэн хүмүүс хамгийн урт насалдаг болохыг шинжлэх ухаан баталсан. Цанаар гулгахад хүний биеийн бүхий л булчин зэрэг ажиллахаас гадна цусны эргэлт сайжирдаг аж. Мөн цастай, цэвэр агаартай газар л цана чаргаар гулгахаас хотын утаан дунд гулгахгүй нь мэдээж. Тиймдээ ч тэнгэр нь цэлмэг, агаар нь цэвэр хотоос зайдуу газар цанын бааз байх ёстой.
Гүйлтийн цана, биатлон, таранплен гээд тоочоод байвал цөөнгүй цанын төрлүүд өөр өөрийн гэсэн онцлог давуу талтай. Манай улсын олон улсын чанартай уралдаан тэмцээнд урдаа барьдаг ганц төрөл бол цана. Тэр дундаа гүйлтийн цана. “Скай ресорт” цанын баазыг эс тооцвол цанаар гулгаж болох зориулалтын зам талбай, цэнгэлдэх хүрээлэн гэхээр юм үгүй. Тэшүүр ч тэр адилхан. Өвлийн хэдэн сардаа хаа нэг таардаг коток буюу мөсөн гулгуурын жижиг талбайнуудыг эс тооцвол энэ спортын материаллаг бааз энэ хүрээд л өндөрлөнө.
Цаначид маань уулын аманд уралдаж, тэмцээн уралдаан зохиохгүйгээс хойш дээр дурдсан “Скай ресорт”-ыг зорих нь мэдээж. Гэвч, хувийн юм хувийнх, хүний юм хүнийх л байдаг. “Эвий муу хэдэн цаначид, энд ирээд гулга” гэж “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргал олигтойхон гар сунгачихаж чадахгүй л дээ. Тэгэхээр яах вэ. Тэртээ Сочийг зорьсон хоёроо энгэртээ медаль гялалзуулсаар эх орондоо ирнэ гэж найдсаар байх уу. Үнэнийг хэлэхэд өдийг хүртэл өвлийн олимпын түүхэнд медаль авах нь байтугай чансаагаар эхний 10-т орж байсан удаагүй. Жүдочид шиг гэнэт л олимп, дэлхийн дэвжээнээс ар араас нь алтан медаль түүгээд ирнэ гэж ойлгож болохгүй. Жүдочдийг зөв бодлого, менежмэнт, сайн санхүүжилтээр өдий зэрэгтэй авч яваа болохоос тулах цэггүй, түших төргүй хөсөр хаяагдсан цана, тэшүүрчид шиг дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу хүмүүс биш. Өвлийн спортын ахмад тамирчидтай уулзаж ярилцаж байхад “Биднийг юу юугүй л алт, мөнгөн медаль аваад ирэх мэт сэтгэдэг хүмүүс олон. Тамирчин хүний хамгийн чухал зүйл бол материаллаг бааз мөн сэтгэлзүй. Сэтгэлзүй хамгийн эмзэг зүйл. Нэг удаагийн тэмцээн уралдаанаас ганзага хоосон ирвэл угтаж авах улс түмэн нь элдвээр ярьж нүүрээ нуух газаргүй болгодог. Энэ нь дараа дараагийн тэмцээн уралдаанд нөлөөлж амжилтаа ахиулахад нь тээр болдог юм. Хуучин цагт намын хатуу чанга даалгавар, дектатураар ширүүхэн авч хэлэлцдэг байсан нь ард түмэнд тамирчдыг хэн ч биш хэмээн итгүүлснээс ялгаагүй болгодог. Энэ байдал одоо ч бий” гэж байлаа.

Энэ үнэн. Хүзүүгээ хүндрүүлж, амжилтаа ахиулаагүй л бол тамирчны өөрийн муугийнх мэт сэтгэдэг нь их. Гэтэл тэдгээр тамирчдын амжилтанд нөлөөлөх асар их зүйл бий. Материаллаг бааз, хангамж, санхүүжилт гэхчлэн. Төвхнөх байр сууц гэхээр юмгүй цана, тэшүүрийн холбоо тамирчдаа юугаар тэтгэх вэ. Үндэсний бөхийн холбоо ямар нэг барилдаан зохиож түүнийхээ тасалбарын орлогоор санхүүждэг. Гэтэл, цанын холбоо тэмцээн уралдаан зохион байгуулж хөрөнгө босгоно гэвэл хүчрэхгүй ажил болно. Нэгдүгээрт, өвлийн спорт сонирхогчдын тоо цөөн. Хоёрдугаарт, техник тоног төхөөрөмжийн үнэ өртөг өндөр. Гуравдугаарт, заал талбай, зам харгуй, цэнгэлдэх хүрээлэн гээд аятай тухтай бэлтгэл хийх боломж нөхцөл муу. Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол “Чи амжилт гарга, тэгвэл тэтгэнэ” гэдэг тэнэг, муйхар ойлголт. Жүдочид, боксчдыг олимпын дэвжээнээс медаль шүүрэхээс өмнө төр засаг нь тэднийг тоож байсан бил үү. Спортод элэгтэй, ээлтэй ганц нэг хүн л гар сунгасан нь өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн. “Чи амжилт гарга, тэгвэл тэтгэнэ” гэхийн оронд давын өмнө тусалж дэмжин амжилт гаргах нь зүйтэй.
Юутай ч, өвлийн спортыг өдийг зэрэгтэй авч яваа Монголын цанын болон Тэшүүрийн холбоог төлөөлөн Сочиг зорьсон тамирчиддаа амжилт хүсье.

Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
Нээрээ тийм шүү, Бид чинь нэг л их хүлээлттэй улс суудаг. Хэн тэр тамирчныг бэлтгэдэг, ямар нөхцөлд бэлтгэлээ хийдгийг нь ч мэдэхгүй мөртлөө улсын зардлаар явсан энэ тэр гээд хариуцлага ярих их дуртай. Яг үнэндээ бол манай тамирчдын бэлтгэл хийдэг нөхцөл тийм сайнгүй ч амжилт нь гайгүй байдаг гэж боддог шүү. Та нартаа амжилт хүсье
Сочигийн олимпийг тв5 суваг албан ёсны эрхтэйгээр надад үзүүлж байгаад баярлаж байна. Спортын төрөл бүр дээр сайн тайлбарлагч олдохгүй байгааг ойлгож байна. Өвлийн спорт монголд олон нийтийг хамарч чадахгүй байгаагийн илрэл гэж ойлгогдсон. Уг нь УБ дэлхийн хамгийн хүйтэн нийслэл юм шү дэ.
Хамгийн их уншсан