Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.ЭНХБАЯР, Ц.НЯМДОРЖ НАРЫГ ХОЁУЛАНГ НЬ...

Н.Энхбаярыг хоёр сар үргэлжлүүлэн хорих гэнэ. Товчхондоо, сонгууль дуустал түүнийг хорьж, МАХН-ыг дарж авах нь. Үүнийг МАН, тэр дотроо ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хийж буй ажил мэтээр олон нийт хүлээж авч байгаа. Арга ч үгүй биз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэд хоорондоо хэчнээн ч их хэм­лэлцлээ. Томчуудын энэ ши­рүүн маргаан нь эцэстээ юунд хүргэх бол гэж түгшиж байсан нь Н.Энхбаярын ялагдлаар дуусах байж. Гэхдээ экс Ерөнхийлөгчийг олны нүдэн дээр л бүдүүлгээр баривчилж, хорьсон болохоор иргэдийн дотор зарсхийхийг бодвол Н.Энхбаярын ялалт ч байж бо­лох. Ц.Нямдорж гэж хэн бэ гэдгийг тодоос тод ха­руулсан үйлдэл боллоо. Хүний гараар могой бариулна гэдэг шиг Ц.Нямдоржийн гараар Н.Энхбаярыг, экс Ерөнхийлөгчийн гараар ХЗДХ-ийн сайдыг бариулав.  
Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сууд­­лаас бууснаасаа хойш ганц дайчин болон ху­вирсан. Эрх ашгийнхаа тө­лөө хэнбугайг ч хамаагүй дэвслээд гардаг увайгүй эр болохоор түүнд одоо хань болчих түшигтэй хүн олдохгүй нь мэдээж. Тэр өнөөдөр Ц.Нямдоржтой тэмцэлдэхэд дэндүү хүчгүйдэж, тойрон хүрээлэгчид нь ч жижигдэж байна. Тиймдээ ч, сонгууль дуустал хоригдохоор бол­чихлоо.Үнэндээ Ц.Нямдорж ч, Н.Энхбаяр ч адилхан сайн хүн биш. Хэн нь ч хэнээсээ дээрдэж, илүү гарах юмгүй. Одоо хоёуланг нь явуулах цаг болсон. Зөвхөн Н.Энхбаярыг хорьж цагдаад өнгөрөх биш араас нь Ц.Нямдоржийг ч мөн адил явуулах хэрэгтэй. Тэр одоо улс төрд “баяртай” гэж хэлээд хаалгыг гаднаас нь хаах цаг ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Ц.Нямдорж бол ганц хүн биш. Түүнийг дуусгахын тулд UBS буюу Увсын фракцаар нь авч хаяхаас өөр аргагүй. Улс төрөөс тэр өөрөө гарсан ч, дөрвөн мөч, нүд, чих, тархи нь парламентад үлдэнэ. Тэгэхээр Ц.Нямдоржтой бол Н.Энхбаярыг баривчилснаас ч илүү тэмцэл өрнүүлэх ёстой байх.     
Гэхдээ Н.Энхбаярыг өмөө­рөх­гүй ээ. Түүнийг улс төрд буцаан авчирч болохгүй. Одоо Ц.Нямдоржийг явуулж чадахгүй бол МАН ард түмний нүдэн дээр л луйвраа хийдэг дарангуйлагч хэвээр байна. Баривчилгаа олны нүдэн дээр ил өрнөсөн. Ямар хэрцгий, ёс суртахуунгүй байсан билээ. Энэ бүх үйл явдал МАН-ын нэр хүндийг сэхэхийн аргагүй болтол унагасан. Ялангуяа хөдөөд. Тэд насаараа дэмжсэн МАХН-ынхаа даргыг өмөөрч, МАН-ыг л буруутгаж сууна. Хоёр ч удаагийн Бага хуралдаа МАН-ын удирдлагууд “МАХН сонгогчдын маань талыг аваад явах нь. Н.Энхбаяр гэж нэг шүдний өвчин гараад ирлээ” гэж албан ёсоор мэдэгдсэн бус уу. Эцэст нь тэр шүдний өвчнөө намынхаа рейтингээ золиослон байж дарж авах байж. Тэгвэл одоо Ц.Нямдоржоор туг тахиж намаа аврахаас өөр гарц үлдсэнгүй. ХЗДХ-ийн сайдаа зольж, алдчихаад байсан сонгогчдынхоо талыг буцааж ав МАН-ынхаан. Сайдыгаа унагаахаас өөр гарц МАН-д үгүй.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан