Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭХЛЭЭД ГЭМТЭЛТЭЙ ГЭМТЛИЙН ЭМНЭЛГЭЭ ЭМЧИЛЬЕ, САЙД АА

Аминаас холуур өнгөрүүлдэг ч...

Оюутны хоёр дахь жил. Анхны хайр, үерхэл нөхөрлөл яриад л, хичээл, бие даалтад даруулж, номын санд өнгөрүүлсэн өдрүүд. Хаврын шалгалт дөхчихсөн нэгэн өдөр ангид маань муу хэл ирэв.
Булган аймгаас ирсэн ангийн маань охин осолд оржээ. Нутгийн залуутайгаа үерхэж, хамт амьдраад анхны үрээ тэврээд удаагүй хосууд осолд орсныг сонсоод бүгд л цочирдов.
Өвлийн амралтыг таа­руулж амаржсан найз маань хүүхдээ ганцхан сар  харж асраад л аавд нь үлдээгээд хичээлдээ орсон юм. Ивлэсэн сүү нь цамцыг нь нэвтлээд л гоожчихно. Ангийн хөвгүүдийн харцнаас нуугдаад л сааж суудаг найз маань Булган аймаг орчихоод буцах замдаа осолдсон байлаа.
Хоногтоо буцаад ирэх яаруу ажлаар явсан тул охиноо үлдээгээд нөхөртэйгөө хамт явжээ. Замын жолооч үүрээр буцах замдаа зүүрмэглэснээс осолдож, үрийнхээ зулайг үнэрлээд удаагүй залуухан нөхөр нь бурхны оронд оджээ. Харин найз маань маш хүнд гэмтсэн байлаа.
Энэ мэдээг сонсоод ангийнхан маань байсан мөнгөө цуглуулаад ГССҮТ-д очвол гэрийнхэн нь Булганаас аль хэдийнэ ирж. Охиноо амьд мэнд үлдээхийг гуйн залбирах тэд дөнгөж тавхан сартай нялх охиныг нь ч авчирчээ. Азаар найз маань хагалгаанд орж, аймшигт осол амь наснаас холуур өнгөрсөн ч насаараа босч чадахгүй болсон юм.  
Найз маань саяхан нэгэн сайн үйлсийн нийгэмлэгийн ачаар Тайландад очоод иржээ. Өвчнийхөө оношийг ч тодруулжээ. Осолд орсны дараах хагалгааг зөв хийсэн бол шууд л хөл дээрээ босох байсныг тайланд эмч нар түүнд хэлж. Тухайн үед мэс засал хийсэн эмч нар нугасыг нь чөлөөлөөгүйгээс найз маань босч чадахгүй болсон байж. “Одоо нугасыг нь хавчсан ясыг авхуулахын тулд Тайландад 10 сая төгрөгийн хагалгаа хийлгэх хэрэгтэй байна. Өр тавиад ч болсон хийлгээд үзмээр байна. Ингээд насаараа сууж байснаас...” хэмээн учирлаж суулаа.
Манай эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд хэдийгээр мэргэжилдээ чад­вартай, бас ачаалал­тай ажилладаг ч гэлээ аюулыг холуур өнгөрөөж, алс хэтэд нь уршиг болох эмчилгээг энэ мэт хийсэн жишээ цөөнгүй сонсогддог.
Саяхан харааны бэрх­шээл­тэй нэгэн эмэгтэйтэй ярилцаж суутал мөн л эмч нарын буруугаас болж хараагүй болсон гэж байсан юм. Тэр 2006 онд осолд орж, түүнээс жилийн дараа нэг нүднийх нь хараа муудсаар бараг харахаа больсон үед нь хагалгаа хийсэн эмчдээ ханджээ. “Эрүүл нүдний маань хараа муудаад байна. Сувгийг нь таслуулах байсан юм биш үү” гэхэд эмч, “Зүгээр ээ, тийм зүйл байхгүй” гэж тайвшруулж. Гэтэл тэр эмэгтэйн нэг нүд одоо огт юм харахгүй, нөгөө нь тоймтой зүйл л хардаг болжээ.
Энэ мэт аюул ослоос амьд үлдсэн ч эмч мэргэ­жилтнүүдийн алдаанаас болж хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн хүн олон. Эмч ажилчдын буруугаас гэж гомдол гаргахаар мэргэж­лийнхэн өөдөөс ямар нэгэн байд­лаар өөрсдийгөө өмөөрч, зөвтгөсөн шалтаг ол­чих­дог. ГССҮТ-ийн удирдлагын дуулиант маргаан өрнөж байх хооронд ч үүнтэй ижил, эмч хүний мэргэжлийн ёс зүйд нийцэхгүй явдлууд ч мэр сэр гарчээ.

ГССҮТ 2004 оноос эхлэн түнхний үе солих хагалгаа хийж ирсэн. Дотооддоо бол 3600-4000 ам.долларын төлбөрөөр хийдэг энэ хагалгааг сүүлийн үед хийхээ больсон учраас ийм өвчтэй хүмүүс 40 сая төгрөг зарлагадан Солонгос явах болж. Өмнө нь гүйцэтгэж байсан хагалгаа, эмчилгээ үйлчилгээгээ яагаад сүүлийн үед хийхээ больсон талаар ГССҮТ-ээс тодруулахад “Ма­­найх ачаалал ихтэй ажил­лаж байгаа учраас заа­вал энэ хагалгааг дотоод­доо хийж байгаагаа зарлаад байх шаардлагагүй. Зөвхөн шаард­­­­­­­­лагатай хүмүүст л хийдэг” гэв. Тэгвэл “шаард­лагатай” гэсэн ангилалд хэн багтах вэ.

“Шаардлагатай”-д багтах арга

Эрүүл мэндийн яам улсын төсөвт имплант протезын мөнгийг дорвитойхон суулгуулдаггүй. ГССҮТ-д сард 48 ширхэг л нурууны бэхэлгээ хуваарилдаг байна. Энэ нь ердөө зургаан хүний хэрэглээ. Сарын эхний 15 хоногийг яахав, төсөвт суулгасан мөнгөөр авсан төмөр материалаар хангадаг. Сүүлийн 15 хоногт нь аргалж чаргалаад л өвчтөнөөс мөнгө гаргуулах юм уу, хуучнаа хөрөөдөж, янзалж, монголчилж хийдэг гэж гэмтлийн сувилагчид зов­лонгоо тоочиж байна. Гэмтэл бол гэмтэл, яаралтай ха­галгаа хийхгүй л бол насаараа тахир дутуу болох юм уу амь насаа алдах эрсдэлтэй гэдгийг дээр дурдсан. Гэтэл “Михайльд нэг бодол бий...” гэдэг шиг эмч нарт нэг бодол бий. Тэр нь хэнд төрийн мөнгөөр авсан хадаасаа гаргаж хагалгаа хийх вэ, хэнээс нь мөнгө гар­­гуулж хадаас авахуулах вэ гэдэг. Өөрөөр хэлбэл хэнийг “шаардлагатай”-д багтаах тухай асуудал энэ үед яригдана.
Агсам согтуу тавьж яваад гэмтсэн тэнэмэл архичнаас ямар мөнгө авах билээ. Гэхдээ эмчилгээ үйлчилгээ үзүүлэх үүргийнхээ дагуу үйрсэн ясыг нь хадаж янзлахгүй бол болохгүй. Энэ тохиолдолд улсын имплантыг хэрэглэдэг байх нь. Харин хугарсан ясаа эвлүүлж л байвал мөнгө яаж ийж байгаад нь олдоно гэсэн нэгэнд бол улсад хадаас байхгүй гэж учир байдлаа тайлбарлах нь байна. Үүнийг мэддэг ГССҮТ-ийн байнгын үйлчлүүлэгчид яаж ийгээд “шаардлагатай”-д багтчихна. Бас болоогүй мөнгө төгрөггүй тулгамдаж яваа нэгэнд ч аргаасаа хуваалцана. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн хүн эмнэлэгт гуйлгачны дүрээр үйлчлүүлэх нь эмгэнэл.
ГССҮТ-д шинээр томилогдсон дарга нар нь хэлэхдээ “Эмч нар бизнесээ хаалгахгүйн тулд бараа материалын хангамж муу гэж гомдол гаргадаггүй байсан юм байна. Энэ байдлыг одоо таслан зогсооно” гэж гараан дээрээ том дуугарах ч ажлаа аваад ганц хоёр сар болоод л өнөө үгээ мартаж, өөрөө ч гэсэн нөгөө ажилд гар дүрчихсэн явдаг нь нууц биш болжээ.

Нэмэлт хэрэгслийн төлбөрөө нэмэхгүй бол балрах нь


Оны өмнө ГССҮТ-ийн хэд хэдэн эмчийг ашиг сонирхлын зөрчилтэй, хагалгаанд хэрэглэгддэг имплант материалыг өвчтөнүүдэд өндөр үнээр зарж борлуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгаж эхэлсэн. Энэ үндэслэлийг энгийнээр тайлбарлавал яс нь үйрсэн, зөрсөн, хугарсан бутарсан хүнд хагалгаа хийхдээ имплант буюу яс бэхжүүлэх, орлуулах төмөр материал хийдэг юм байна. Үүнийх нь үнийг хэр баргийн хүн дийлэхгүй. Аминд тулсан нэг нь яаж ийгээд л худалдаж авдаг гэнэ. Ингэхдээ нэг ширхэг хадаасыг л хоёр сая төгрөгөөр авна. Тэр нь хэр баргийн эмийн сангаас байтугай Улаанбаатарын хаанаас ч олдохгүй. Хаана байдгийг эмч нар л сайн мэддэг. Тэгээд өвчтөнүүддээ тэнд тийм имплант байдаг, авбал ав гэж зуучлагч хийдэг. Эсвэл өөр дээрээ авчихаад шууд зардаг. Эмч, имплант нийлүүлдэг эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх төв хоорондоо сүлжээ болтлоо нарийн холбоотой болсон байдаг аж. Гэхдээ энэ сүлжээ авлигын сүлжээ юу, хүний амь аврах сүлжээ юу гэдгийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа ч шалгалтын үр дүнгийн талаар ам нээх хүн алга.
Үүнээс өмнө эмч нар өвч­төнөөс илүү төлбөр аваад байна гэсэн иргэдийн гомд­­лоор шалгаж, ЭМЯ-нд дүгнэлт явуулсан бай­даг. Тэр дүгнэлтдээ “Эмнэл­гүүдийн нэмэлт төлбөрийг тарифтай болго. Ийм тариф байдаггүйгээс өвчтөнүүд илүү төлбөр өгч байгаадаа бухим­даж байна. Эмч нар авлига авсан болж харагдаж байна” гэжээ. Гэтэл салбарын яамнаас аль 1996 оноос хойш нэмэлт төлбөр авдаг эм, эмчилгээ, хагалгааныхаа жагсаалтыг гаргаж өгөхгүй байгаа нь эмч нарыг мөнгөний асуудалтай холиход хүргэжээ.

ГССҮТ ганцаараа согог тусчихаагүй бололтой

Даргын сандал ширээний хэрүүлээс илүү том асуудал ГССҮТ дээр үүсээд байгаа. Гэтэл энэ талаар ам нээх хүн алга. Эмчилгээ хариуцсан дэд захирал, Стратеги бодлогын дарга нь ч тэр. Аль аль нь хагалгааны тасгийн төмөр металлын сейфэнд хагалгаанд хэрэглэх ширхэг ч хадаасгүй болсон талаар тайлбар хийсэнгүй, ердөө л үйл ажиллагаа хэвийн байна гэсэн хариулт өглөө. Саяхан л хүүхдийн түнх хаддаг хадаас, гар шууны ясыг эвлүүлдэг шөрөг гэхчлэн юм юмгүй болсныг баттай эх сурвалжаас сонссон учраас  лавлах гэж холбогдсон юм.
Гэтэл тэр тасалдаад байгаа төмөр металлыг нь “Монмекс” гэдэг эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх компани нийлүүлэх гэрээтэй юм байна. Энэ төвийг МХЕГ-аас хаачихаж. Яаралтай хагалгаа, эмчилгээ үйлчилгээг залгуулдаг эмнэлгийн амин чухал хэрэглээг нийлүүлдэг газрыг яагаад мэргэжлийн хяналтын байгууллага хаав. МХЕГ-ын эрүүл мэндийн салбар хариуцсан даргаас тод­руулахад “Монмекс” гэж эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх төв өөрийн гэсэн байргүй, мэр­гэж­лийн боловсон хүч­нээр  хангагдаагүй юм би­лээ. Хаахаас өөр аргагүй болсон гэж хэлсэн. Нээрээ ч “Монмекс” гэдэг төв хаана ч байдаг нь мэдэгдэхгүй, осолтгүй улсын бүртгэлийн дугаартай л газар юм байна. “Монмекс”-ийнхэнтэй 991005.. гэсэн дугаараар хол­­­богд­­лоо. Өөрийгөө тух­айн компанид ямар алба хаш­дагаа ч хэлэхийг хүсээгүй нэгэн эрхэм     “Манай үйл ажи­л­­лагааг гурван сарын хуга­цаатай л зогсоосон. Эмч нар гуйгаад байхаар нь нийлүүлэх ёстой бараанаасаа илүү ихийг өгчихсөн юм. Одоо бол хэвийн ажиллаж байгаа” гэв.  Тэрээр хаанаас материалаа оруулж ирдгийг хэлэхийг хүссэнгүй. Төрийн байгууллагатай гэрээлж ажил хийж байгаа газарт уг нь хүлээсэн үүрэг баймаар. Хүний биед эрхтэний үүрэг гүйцэтгэх хэрэглэгдэхүүнийг Эрээнээс гахай үүрч байгаа юм шиг оруулж ирдэг компани ингээд нууцлаг хэвээр үлдэх үү.

Эцэст нь Н.Удвал сайдад үлдээх хэдэн асуулт


Бодлогын яам, сайдын тушаалаар нэмэлт үнэтэй эм тарианы жагсаалтыг одоо хүртэл яагаад гаргаж ча­дахгүй байгаа юм бэ. Өвчтөн өөрөө авах эм тарианы жаг­саалтгүйгээс эмч нар бизнесмэн, авилгачин болж харагдаж байгаа нь тодорхой. Удирдлага нь хараа хяналтгүй, тендерчин, газрын наймаачин болж орхисныг мэдсэн үү, сайд аа. Гэхдээ үүнд эмч нарт талархсан сэтгэлээ илэрхийлж өг­дөг чихэр, наборыг тоо­цоо­гүй юм шүү. Дээдэс нь сууд­лаа олохгүй бол доодос нь гүйд­лээ олохгүй гэдэг үгийг са­наж, салбартаа хийж байгаа “сам­раагаа” цэгцлэх болоогүй юу.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Энийг чинь шийдхэд ядаж цөхөөд байх юу байнаа шаардлагатай багаж материалаа хангалттай хангаад өг тэгээд эмч нарынхаа цалин хангамаа нэмээд өгчих.Харин Монгол хүн бид нар хэдэн зуун саяын үнэтэй машин унаж хэдэн зуун мянгаар машиндаа сэлбэг авдаг байж өөртөө нэг хадаас тавиулчихаад үхэтлээ горойн л доо.Эрүүл мэндийн салбар үнэгүй явсаар байгаад бүгдийг улсаас нэхдэг болсон даварсан ард түмэн.Хятадад мөнгө дууслаа эмчилгээ дуусна хөөгөөд л гаргана.Үнэгүй юм бүхэн үнэгүйл байдаг байхгүй юу
Battulgiin sait harin samrahaa bolioroi ene salbariig 23 jil samarsan MANANgaasaa lavla naadahaa
Хамгийн их уншсан