Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шинэ толь” хэмээх сонин бичиг буюу монголын анхны тогтмол хэвлэл


1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр буюу өдгөөгөөс 101 жилийн тэртээ гадаад Монголын нийслэл хүрээнээ “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн Монгол орноо соёлын том хувьсгал байлаа.
Энэ бол Богд хаант улс байгуулагдсаны хоёр дахь жил буюу Олноо өргөгдсөний хоёрдугаар он. Богд хаант Монгол Улсын ерөнхий сайд, сайн ноён Намнансүрэнгийн таван яамт Засгийн газрын хийж байсан олон шинэтгэлийн нэг нь ийн Монгол Улсад анхны тогтмол хэвлэл гарч эхэлсэн явдал байсан юм.
Сониныг монголчууд дангаараа бие даагаад гаргачихсангүй. Монгол Улсын Гадаад яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу нийслэл хүрээнд байсан оросын хэвлэлийн газрыг түшиглэн хэвлэж байлаа. Мэдээж, оросууд энэ хэвлэлээр өөрийн бодлогыг сурталчлах сонирхолтой байсан хэрэг.

Түүхэнд “Шинэ толь” сонин бичиг гэж нэрийдсэн энэ хэвлэл эхлээд 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэн Ттөрийн байгууллагуудад тараагдаж, цөөн хэдийг  нь худалдаалдаг байж. Дараа нь хуудасны тоог цөөрүүлэн сонины хэлбэрт оруулан хэвлэх болж нийтдээ 20 дугаар гарсан байдаг.

Энэ сониныг Судар бичгийн хүрээлэнг байгуулж, түүх, угсаатны зүйн тухай эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монгол хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан  Буриад Монголын номын их хүн Жамсраны Цэвээн  эрхлэн гаргаж байжээ.

Тэрээр 1909 оноос Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг” сонины идэвхтэн сурвалжлагчаар ажиллаж байсан нь монголын анхны тогтмол хэвлэлийг бий болгож, олны хүртээл болгон монголчуудад ертөнцийг харах нэгэн цонхтой болгож Монголын сэтгүүлзүйн түүхийг эхлүүлэхэд ихээхэн туршлага болжээ.
“Шинэ толь” сэтгүүлийн эхний дугаарууд “Эрдэм сурахад эрхэмлэх дэвтэр” нэрээр шинжлэх ухааны сэтгүүл хэлбэрээр гарч байсан бол дөрөв дэх дугаараасаа улс орны нийгэм, улс төрийн амьдралыг тусгасан сонин болсон байна.

Ийнхүү  арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр улсынхаа  тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарлаж, Богд хаана ширээнд нь залсан Монгол Улсын засгийн газрын хийж байсан олон шинэчлэл болон цахилгаан станц, утасны хороо, төв хөдөөгийн сургууль, орос сургууль, ший янгууны газар зэргийн нэг нь энэхүү “Шинэ толь” хэмээх сонин бичиг байсан юм.
“Шинэ толь” сонин бичгийг  сэтгүүл зүйн ухааны доктор Л.Норовсүрэн “Монгол Улсад анхны бөгөөд Засгийн газрынхаа сөрөг чиглэлтэй тогтмол хэвлэл...... харьцангуй чөлөөт хэвлэлийн шинжтэй” гэсэн байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан