Малайзийн сураггүй болсон онгоц террористуудын бай болсон уу
2014 оны 3 сарын 9

 Сураггүй алга болоод 24 цаг гаруй болж буй Малайзийн онгоцыг эрэн хайх хүрээг тэлжээ. Малайзийн Куала Лампураас Бээжин рүү ниссэн MH370 дугаар нислэгийн Бойнг 777 онгоц өчигдөр өдөр хөөрснөөсөө хойш хоёр цагийн дараа холбоо тасарсан юм. Сураггүй болоод аль хэдийнэ нэг хоночихоод байгаа онгоцыг далайд унасан байх гэж хэвлэлүүд бичиж байгаа ч одоогоор онгоцыг олоогүй л байгаа юм. Вьетнамын тэнгисийн цэргийн хүчнийхэн далайн усанд ажиглагдсан хоёр ч тосон толбо дээр очиж үзсэн боловч онгоц осолдсон шинж тэмдэг олоогүй байна. Онгоцыг эрэн хайх хүрээг өргөтгөж, Азийн орнуудын тэнгисийн цэргийн хүчнийхэн хүч нэмэгдүүлэн эрж хайж байгаа энэ онгоц техникийн ямар нэг алдаанаас болж осолдоогүй, террористуудын гарт өртсөн ч байж болзошгүй гэсэн таамаг мөн гараад байна.

Учир нь, онгоцонд сууж явсан 239 зорчигчийн нэрсийн дунд сэжиг бүхий дөрвөн зорчигч байгааг цагдаагийнхан шалгаж байна. Өмнө нь, албаныхны өгсөн мэдээллээр бол онгоцонд Итали, Австралийн хоёр иргэн зорчиж явсан гэж байсан ч шалгаад үзтэл тэд тус нислэгээр яваагүй, хэдэн жилийн өмнө гадаад паспортоо Тайландад хулгайд алдсан хүмүүс байжээ. Тиймээс энэ хэрэгт АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус улс тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцоо аврах ажиллагаад оролцуулахаар илгээсэн байна.
Бүх зүйл тодорхойгүй байгаа энэ түгшүүртэй нөхцөл байдал зорчигчдын ар гэрийнхэнд маш хүндээр тусч байна. Нэг талаас Малайзад, нөгөө талаа Бээжинд байгаа зорчигчдийн гэр бүл, ойр дотныхон одоо хүртэл тодорхой мэдээлэлгүй сууж байгаадаа маш их бухимдаж, эрх баригчдыг нарийн тодорхой мэдээлэл өгөхийг шаардаж байна.

Малайзийн эрх баригчид энэ явдлын талаар мэдээлэл гаргахдаа маш цензуртэй хандаж, хэр баргийн мэдээлэл цацахгүй байгаа нь нөгөө талаас хэвлэлүүд янз бүрийн таамаг дэвшүүлж, зорчигчдын ар гэрийнхнийг хямраах нэг шалтгаан болж байгаа аж. Онгоцонд 14 улс орны зорчигч явснаас гуравны хоёр орчим буюу 153 нь Хятадын иргэд,  38 нь Малайзийн үлдсэн нь Ази, Хойд Америк, Европын иргэд байжээ.

Бойнг 777 онгоцны талаар товчхон мэдээлэл хүргэхэд 1995 оноос хэрэглээнд нэвтэрсэн хоёр хөдөлгүүртэй энэ онгоц холын зайг туулах чадвартай онгоцнуудын нэг. 300-380 хүний суудалтай энэ онгоц замдаа зогсохгүйгээр 16-аас дээш цаг нисдэг. 2001 оны есдүгээр сард Денверийн нисэх онгоцны буудалд онгоцны шатахууныг дүүргэх үед гал алдаж багийн нэг гишүүн нь нас барж байсан бол 2013 онд Asiana-гийн Сан-Франциско хүрэх нислэгийн онгоц осол гаргаж, гурван хүн нас барсан юм. 
Б.Сэвжидмаа
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.