Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюутан-цэрэг” хөтөлбөрийг танилцууллаа

Хөтөлбөрт хамрагдах хугацаандаа оюутнууд дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн үүрэгтэн болж бэлтгэгдэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны Засгийн газарт чиглэл өгөх тухай 92 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор энэ оны хоёрдугаар сарын 14-нд Засгийн газар 40 тоот тогтоол гаргаж “Оюутан-цэрэг” хөтөлбөр баталсан билээ. Уг хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Хэвлэлийн бага хуралд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, БХЯ-ны “Оюутан-цэрэг” үндэсний хөтөлбөрийн зохицуулагч, профессор Г.Мягмаржав, БШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Эрхэмбулган, МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нар оролцлоо.

Хэвлэлийн бага хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлигийн талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд товч танилцуулав. Уг зарлиг нь гурван хэсэгтэй.  

1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй 18-25 насны, хугацаат цэргийн алба хаагаагүй тус улсын иргэн эрэгтэйчүүдийг оршин суугаа нутаг дэвсгэр, суралцаж буй мэргэжлээс үл хамааран сургалтын чөлөөт цагт нь цэргийн жинхэнэ албыг хаалгахтай холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

Хоёр. Зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыгЗасгийн газар (Н.Алтанхуяг)-т чиглэл болгосугай.

Гурав. Зарлигийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 12 дугаар сард багтаанМонгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлэл хийж байхыг Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад тус тус даалгасугай” хэмээн Ерөнхийлөгчийн зарлигт заасан байдгийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд танилцууллаа.

 

БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очирын танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын болон  БШУ-ны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны II улирал буюу дөрөвдүгээр сараас “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлэхээр болжээ.

БХЯ-ны “Оюутан-цэрэг” үндэсний хөтөлбөрийн зохицуулагч, профессор Г.Мягмаржав уг хөтөлбөрт хамрагдах болзол, нөхцөлийн талаар тайлбарлав. Түүний хэлснээр дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын ангийн, эрэгтэй, 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн оюутнуудыг сайн дурын үндсэн дээр хөтөлбөрт хамруулах юм байна. Хөтөлбөрийн дагуу цэргийн ерөнхий бэлтгэл сургуулийг хоёр кредитийн программтайгаар сонгон суралцуулж, сургалтын агуулгад нь тусгаж, их, дээд сургуулиудад энэ үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Ингэж ажиллахыг их, дээд сургуулиудын захирлуудад Батлан хамгаалахын болон  БШУ-ны сайд нар хамтарсан тушаалаар даалгажээ. Мөн оюутан залуусаар суралцах хугацаанд нь цэргийн алба хаалгах журмыг баталсан байна.

Хөтөлбөрт хамрагдах оюутнууд сургалтын албандаа бүртгүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдан, цэргийн ерөнхий бэлтгэлийн хоёр кредитийн төлбөр болох 76 мянган төгрөгийг төлж, сонгон суралцах юм.  Үүний дараа орон нутгийн Цэргийн хэлтэст өөрөө өргөдөл гаргаж бүртгүүлээд цэрэгт татагдан, цэргийн тусгай бэлтгэлийн төвд хоёр сар цэргийн тусгай бэлтгэл хийх юм байна. Энэ үедээ хугацаат цэргийн албан хаагчийн нэгэн адил цэргийн байранд байрлаж, эрх, үүргийг биелүүлж, суралцах бөгөөд энэ хугацаандаа мото буудлагын цэргийн тасгийн дарга буюу буудагч гэсэн тусгай мэргэжил эзэмшүүлж гаргах юм. Мөн гадаад, дотоодын цэргийн их, дээд сургуульд элсэх, энхийг сахиулах олон улсын арга хэмжээнд оролцох эрхтэй болох юм байна.

МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун одоогоос яг нэг жилийн өмнө “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж байснаа танилцууллаа. МОХ-ноос 87 мянган оюутан дунд түүвэр судалгаа хийж үзэхэд нийт оюутны хоёр хүрэхгүй хувь нь цэргийн жинхэнэ алба хаасан гэсэн судалгаа гарсан. Иймд оюутнууд цэргийн жинхэнэ алба хаах ёстой, үүрэгтэй гэж үзэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг анх санаачилж байжээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ оюутнуудыг цэргийн нэгдүгээр зэргийн үүрэгтнээр бэлтгэхээр болжээ. Тухайн оюутан уг хөтөлбөрт хамрагдсанаар дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн үүрэгтэн болж бэлтгэх юм. Хэрэгцээтэй үед салаа цэрэг ахалж үйл ажиллагаанд оролцох залуусыг бэлтгэх юм байна. Цэргийн жинхэнэ албыг хаах бололцоо, нөхцөлийг нэмэгдүүлж байгаа, эрүүл мэнд, бие бялдрын өв тэгш хөгжил олгох гэж буй, мөн төрийн албан хаагчийг цэргийн жинхэнэ алба хаасан байх нөхцөлөөр авдаг болох тохиолдолд түүнд бэлтгэлтэй байх зэрэг ач холбогдолтой гэдгийг МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун танилцуулав.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан ирэх долоо хоногийн даваа гаригт буюу гуравдугаар сарын 17-нд Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээн авах арга хэмжээг МУИС-ийн төв байрны дугуй танхимд зохион байгуулахаар болоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан