Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уянга дууны караоке уран бүтээлийг гутааж байна

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг, найз нөхөд хамт олноороо очих дуртай газрын нэг нь караоке буюу “хоосон ая” гэсэн утгатай англи үгнээс гаралтай цэнгээний газар болж. Эрэлт хэрэгцээгээ  дагаад ийм газар өнөөдөр манайд хаа сайгүй олширсон. Үүнийг дагаад манай караокенууд дууны сан арвинтай, эндээ гадаад дотоодын, хуучны болон шинээр гарч байгаа дуунуудыг байнга оруулж баяжуулж байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь, караоке хэмээх энэ газруудын тоног төхөөрөмжид бичсэн дуунууд нь үг үсгийн алдаатай, шүлгийг нь зохиогчийн бичсэнээс гажуудуулан буруу зөв бичсэн, дүрс үзүүлэлтийн хувьд шаардлага хангахгүй байгаа нь хэрэглэгчдэд буруу дууриал үзүүлсээр байгааг дуугүй өнгөрч боломгүй.

Үг үсгийн алдаа

Караокенуудын хамгийн нийтлэг алдаа бол тухайн дууны үгийг бичихдээ үг үсгийн алдаатай бичиж байгаа явдал. Энд монгол хэлний наад захын дүрмийг огоорч, ерөнхий боловсролын дунд сургуулийн гуравдугаар ангийн хүүхэд ч уншаад муу тавьчихаар олон алдаатай байгаа нь даан ч харамсмаар. Хамгийн түгээмэл алдаа бол гээгдэх эгшгийн дүрмийн алдаа юм болов уу. “Учиръя” гэхийг “Учирая”, “Газраас“ гэхийг “газараас” гэхчлэн бичсэн нь наад захын жишээ. Сүүлийн үед нийтийн дунд ихээхэн хит болж байгаа Ц.Улаантугийн хөгжим, Н.Насангийн шүлэг “Хар хархан харц” дууны үгэнд гэхэд л ...
“Уйлж дуулах орчлондоо
Ухаарч хайрлаж амьдрая даа хоёулаа” гэсэн мөрөнд “Амьдаръя” гэж бичих ёстой атал “амьдрая” гээд буруу биччихсэн явж л байна.
Л.Лодоншаравын үг, алдарт “Монгол бүсгүйн үзэсгэлэн” дууны үгэн дотор “илчилсэн” гэхийг “илчлэсэн”, хөмсгөөрөө” гэхийг “хөмсөгөөрөө” гээд биччихсэн нь арай ч дээ гэмээр.
Чухамдаа өнөөдөр хэвлэл сонин, ном, байгууллагын нэр хаяг, албан бичигт нү­дэнд эвэр ургатал таараад байдаг үг үсгийн алдаанууд караокенуудын дууны үгэнд бүр түгээмэл.  Хүн бүр Монгол хэлний дүрмийг ягштал цээ­жил­чихээд үг бүрийг бичихдээ түүнийгээ дагаад байдаггүй. Харин нүдэнд дасал болсныг илүүтэй баримталдаг нь ёс. Тэгэхээр хүмүүс ихэнх цагаа, интернэт караокед сууж өнгөрүүлж байгаа өнөөгийн нөхцөлд энэ алдаатай үг, жишиг жинхэнэ буруу үлгэр дууриал болж бай­гаа нь тодорхой. Тэгээд ч дууны үгийг тэр бүр мэддэггүй хүмүүс бол эхнээс нь аваад дуусан дуустал нь харж дуулдаг болохоор үг бүрийг нүдэндээ бат тогтоогоод авч байгаа хэрэг. “Энэ үгийг чинь ингэж бичдэг” гэсэн ой тогтлыг нүдэнд нь бат суулгаж байна л гэсэн үг.

Үгийн алдаанаас зохиогчийн эрх

Ийн зөв бичгийн алдаа нь утгын алдаа болж, утга нь алдагдахгүй ч зохиогчийн эрхийг зөрчихөд хүргэнэ. Нэгэн караокены бичлэгт Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Эр­дэ­­нэбатын дуулдаг С.Цэрэн­дэн­дэвийн үг “Тэмээн сүргийн говь” дууны үгэнд
“Байцын оройд сэрвийлдэх
Аргаль янгирыг хараад
Уран зэргэлээт говьдоо
Уярсан сэтгэл хоргодно”  гэдэг бадгийг “.....Уран зэргэлээ говьдоо Уяхан сэтгэл хорогдоно” гээд биччихсэн байх юм. Энэ нь нэг талаасаа уг дууны яруу сайхан утга санааг бүр эсрэгээр болгож өөрчилж, үүгээрээ зохиогчийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Нутагтаа сэтгэл хоргодоно гэсэн яруу сайхан үгийг хорогдож багасах болгоно гэдэг юутай аймшиг, бас гутамшиг.
Мөн Т.Туваансүрэнгийн шүлэг “Дөлгөөн хэрлэн” дууны үгэнд
“Ажил хөдөлмөр ундарсан
Алтан шаргал тал минь
Адуу малаа ундаалсан
Амгалан дөлгөөн Хэрлэн минь” гэсэн гуравдугаар бадгийн эхний мөрийг   “Ажил хөдөлмөр алдаршсан” гэсэн байх юм. Энд зохиогч уг нь “Ажил хөдөлмөр ундарсан” гэж бичсэн байдаг. Энэ нь алтан шар талд ажил хөдөлмөр ундарч, Хэрлэнгээс адуу мал ундаалдаг гэсэн санаа гарахаас гадна энэ бадаг дахь “ундарсан”, “ундаалсан” гэсэн хоёр үгийг нэг мөр алгасуулан толгой холбосон байна. Гэтэл энэ үгийг сольсноор нэг их утга санаа алдагдахгүй ч зохиогчийн оюуны өмчид бүдүүлгээр халдаж, эрхийг нь зөрчиж байгаа хэрэг. Энэ дууны хоёрдугаар бадагт бас “Саваа халин мэлтэлзсэн” гэсэн мөрийг “Санаа халин мэлтэлзсэн” гэсэн байх юм. Голын сав гэдгээс үүдэж, Хэрлэн гол  их устай гэдгийг зохиогч “Саваа халин....” хэмээн яруу сайхан дүрсэлснийг ингэж муухай өөрчилж болох уу даа.
Монголын уран сайхны “Мартагдашгүй намар” киноны “Анхны хайр”  дууны “Уулын гөрөөс шиг омголон явтал.....
Усгал сайхан харцтай учирлаа” гэхийг  “урсгал” болгожээ.
Энд ганц хоёрхон жишээ  л бичлээ. Өөр хэчнээн дууны үгийг ийн санаан зоргоор өөрчлөн бичиж хүүхэд залуусын өмнө тавьж байгаа бол. Тэр хэрээрээ манай хойч үеийнхэн аль 60, 70-аад онд зохиогдсон ч өнөө болтол ард түмний дуулах дуртай  хэвээрээ байгаа энэ дуунуудыг ийм л буруу үгээр нь тогтоож дараа дараагийн үед өртөөлөн хүргэнэ гэсэн үг.

Дүрсний өгүүлэмж

Хүмүүс яагаад заавал караокед орж дуулдаг вэ. Аятай тухтай байх, дууны үгийг харахаас гадна дүрс, клиптэй болохоор нь цагаа сайхан өнгөрүүлэх гэснээс тэр. Нэг үгээр хэлбэл караоке гэдэг дүрсэн өгүүлэмж. Гэтэл караокед байгаа дуунуудын дүрс гэж ёстой хаа хамаагүй дүрс “наагаад” тавьчихсан байх жишээтэй.
Зуны сайхан цагийн дуу явж байхад өвлийн цас мод бут харагдаж л байна, Монголын хөдөө нутаг, ээжийн тухай дуун дээр Солонгосын хотын дүрс гарч л байна.
Тэр бүү хэл нэг дуу явж байхад өөр дууны клип гарч, огт өөр дуучны дүрс гарч ам нь зөрж байх ч байна. “Битгий уйл” гэсэн англи дуу явж байхад байгалийн сайхан дүрс өгч л байна. Монголын уран сайхны “Мартагдашгүй намар” киноны “Анхны хайр” гэдэг дууны клипийг халуун орны далдуу модны фото зургуудаар чимжээ. “Хайр” гэдэг дуу явахад дуучин П.Түдэвдоржийн “Чамайг тойрон эргэлдэнэ” дууны клип яваад байх нь ямар бол. Мэдээж дууных нь үг өөр юм болохоор дуучных нь ам зөрөөд нэг л биш дээ.
“Номин талст” хамтлагийн “Чамайг санахдаа” гэдэг дуу явж л байхад хадны сүг зургийн дүрсийг яах гэж өгсөн юм бол. Арай л эрт эдүүгээгийн талийж одсон нэгнийг хайрлан санасан дуу гэж бодоогүй баймаар.

Төгсгөл буюу илүү үг

Ийн манайд өмнөд хөрш, Солонгосоос түрэн орж ирсэн караоке гэдэг нь уушийн газар юм уу, зоогийн газар шиг нэгэн төрлийн үйлчилгээ хэдий ч хоолонд амт чанар хэрэгтэйн адил бас л чанар соёл үгүйлэгдэж байна.
Тэр дундаа караоке бол урлагийн үйлчилгээ, өөрөө урлаг. Тэгэхээр асар их соёл, гоо сайхан хэрэгтэй. Үүнийг манай ийм үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс онцгой анхаарах цаг нэгэнт болжээ. Нөгөө талаас энэ бүхэн төр, засгийн байгууллагуудаас ямар нэгэн зөвшөөрөл авч ажиллаж байгаа нь мэдээж.
Манай төр засгийн байгууллагад нэг дутагдал байгаа нь эндээс харагдаж байгаа нь энэ. Эхлээд зөвшөөрөл өгөх гэж түмэн зүйлийн бичиг баримт гарын үсэг шаарддаг атлаа дараа нь тэр чигээр нь мартаж орхидог. Хэдий хэмжээтэй өрөөнд тавих юм, ямар техниктэй, ямар хөгжимтэй, дүрс гаргах телевиз чинь ямар маркийнх, хэдэн инчийнх, чанга яригч нь хэдэн ваттынх гэх  зэргийг л шаардахаас биш яг тавих гэж байгаа дуу нь ямар юм, бичлэгийн чанар, дүрсний өгүүлэмж, үг үсэг, утгын  алдаа гээд хамгийн чухал зүйлийг нь орхигдуулдагтай энэ бүхэн бас холбоотой.
Энэ бүхнийг нэг цэгцлэхгүй бол караокегоор дамжиж бүгдээрээ зөв бичгийн дүрмийн алдаатай бичдэг болж, хөгжмийн зохиолч, яруу найрагч, шүлэгчдийн нөр их хөдөлмөр талаар өнгөрөн тэр сайхан бүтээл нь буруу зөрүү болон хойч үед түгээл болох нь байна даа.
Караоке гэдэг хүмүүсийн амралтын цагаа зөв аятайхан өнгөрүүлэх газар. Анх эхэлж байснаа бодвол өнөөдөр хөлөө олоод хүмүүсийн очих дуртай газрын нэг болоод байгаа нь сайн хэрэг. Одоо ганцхан чанаржуулах, жинхэнэ урлагийн өргөө болгох л дутаж байна санж.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан