Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Мөнхзаяа: Уул уурхайнхан 100 хувь газрын гүний ус ашиглаж байна

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын эрчимтэй хөгжилтэй холбоотойгоор говийн ус ашиглалтын асуудал хөндөгдөх болсон билээ. Тиймээс Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын усны нөөц, ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн О.Мөнхзаяатай ярилцлаа.

-Өмнөговь цэвэр усны нөөцийн хувьд хомсдолтой аймгуудын нэг. Дээрээс нь уул уурхайн ашиглалт, олборлолт хамгийн их явагдаж байгаа учраас төрийн болоод төрийн бус байгууллага бас иргэд танай аймгийн экологийн асуудалд байнга санаа зовниж байдаг?
-Манай аймгийн хувьд уул уурхайн салбар түлхүү хөгжиж, дээрээс нь дэлхийн дулаарал экологид нөлөөлж байгаагаас үүдэж иргэд маань булаг шанд ширгэж, усгүй болох нь гэж халаглаж байна. Бидний зүгээс бодит байдалд дүгнэлт хийж,  мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэж, үнэхээр булаг шанд байгалийн гольдролоор ширгэж, хур тунадсаар тэжээг­дэж байна уу эсвэл хүний зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалав уу гэдгийг иргэддээ тайлбарлах үүрэгтэй. Тиймээс орон нутгийн хөрөнгөөр “Монгол ус” төрийн өмчит үйлдвэрийн газарт хандаж судалгааны ажил хийлгэхээр төлөвлөсөн. Тус компани тухайн усны цэг ямар түвшинд байна, юунаас болж ширгэж, юугаар тэжээгдэж байна гэдгийг мэргэжлийн үүднээс тодорхойлж, дүгнэлт гаргах юм. Тийм учраас аймаг орон нутгаас л тодорхой төлөвлөгөө гар­гаж, иргэддээ мэргэжлийн зөв дүг­нэлт­­тэй мэдээлэл хүргэхийг гол зорилгоо болдог. 15 суманд байгаль орчны багц хууль, усны тухай хууль, ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зэргийг маш сайн сурталчилж байна.

-Одоогоор Өмнөговьд яг хэдэн уул уурхайн компани тогтвортой үйл ажиллагаа явуулж, ус ашиглаж байна?
-Өмнөговь аймагт одоогийн байдлаар уул уурхайн 15 ком­пани хайгуулын болон ашиг­лалтын үйл ажиллагаа тогтвор­­той явуулдаг. Үүнээс газрын доорх усны томоохон ордыг хоёр уурхай ашигладаг.”Оюу толгой” гүний хоолойн, “Энержи ресурс” компани Найман­тын хөндий гэсэн гүний усны хоёр томоохон орд ашиг­ладаг. Аймгийн хэмжээнд гадаргын ус гэвэл нийт 650 булаг шанд бий. Гэхдээ100 хувь газрар доорх ус үйлдвэрлэлд ашиглаж байна. Эрдэмтдийн судалгаагаар газар доорх ус маань 5000 жилд нөхөн тэжээгддэг гэх. Хэрвээ Монгол Улсын усны нөөцийн 80 хувь нь газар дээрх, 20 хувь нь газрын доорхи гэж тооцвол ашиглалт нь эсрэгээрээ 80 хувьдаа газрын гүний, 20 хувьдаа гадарга дээрх усаа ашиглаж буй юм. Тэгэхээр гадаргын усны нөөцийг түлхүү ашиглах төсөл хэрэгжүүлэхэд  анхаарлаа чиглүүлж ажиллаж байна. Энэ хүрээнд “Орхон говь” төслийн асуудал яригдаж байгаа. Нааштай шийдэгдэж хэрэгжих болов уу гэж найдлага тавьж байна. Тэгвэл гүний усны ашиглалт эрс багасна.

-Усны орд газ­рын хувьд цэнгэг устай нь хэдэн ху­вийг эзэлдэг вэ?
-1982 оноос хойш л Өмнө­говь аймагт гидрогео­­­логийн хайгуул хийсэн. Улсын болон аж ахуйн нэгжийн хөрөнгөөр. Үүний үр дүнд усны 27 орд газар илэрсэн. Тавынх нь ус эрдэсжилт ихтэй. 25 нь цэнгэг усны орд. Эдгээр 25 ордоос Балгасын Улаан нуурыг маань Эрдэнэс Тавантолгой компани ашиглахаар Засгийн газрын бодлого гарсан.

-Уул уур­хайн­хан бохир усаа эргүүлэн ашиг­лах нөхцөлтэйгөөр гэрээ хийж ажилладаг биз дээ. Та бүхний зүгээс энэ тал дээр хэрхэн хяналт тавьж чаддаг вэ?
-Жишээ нь “Оюу толгой” компани хүдэр баяжуулах үйлдвэртээ нийт усны 85 хувийг эргүүлэн ашигладаг. “Энержи ресурс” 90 хувь, Дү Ён гээд хүдэр боловсруулах үйлдвэр 70 хувьтай гэж байгаа ч яг баттай гэж үзэхэд бэрх. Ихэнх уурхай зөвхөн нүүрс олборлох, угаахад ашигласан карьерын усаа  цөөрөмдөө хура­аж, үүнийгээ тоосжилт дарах, ногоон байгууламж, бетон зуурмагийн үйлдвэрт ашиглаж байна. Бусад ахуйн хэрэглээг их эрдэсжилттэй устай газарт бол цэвэр усны үйлдвэртэй гэрээ хийж, авдаг. Зарим уурхай ихэвчлэн гүн өрөмдлөгийн буюу гүний ус хэрэглэдэг.

-Усны чанарын хувьд говь үнэхээр хэцүү. Цэвэршүүлэх, чанар хэмжих зэрэгт ямар технологи ашигладаг вэ?
-Юу юугүй усгүй болоод сандарсан газар байхгүй. Хамгийн гол нь чанар. Манай аймгийн хувьд их эрдэсжилттэй устай, буцалгахад доор нь тунадас үүсдэг. Ус цэвэржүүлэх төсөл л хэрэгжүүлэх шаардла­га­тай. Усны нөөц газарт нь багаж тавьдаг ч удалгүй эвдэрчихдэг. 2012 оноос РНТ-20 гээд усны чанарын үзүүлэлт хэмждэг Японы багажтай болсон. 15 сумын байгаль хамгаалагч сар болгон тодорхой  цэгүүдэд усны чанар шалгаж, хэмжилт хийж, мэдээллийн сан үүсгэж, хяналт тавьж байгаа. Хоёрдугаарт, усны аюулгүй байдлын төлөвлөгөөг усны хомсдол талаас нь Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамт­­раад Булган болон Цогт-Овоо суманд хэрэгжүүлэх ажил зохион байгуулсан. Энэ жил бүх сумандаа усны аюулгүй байдлын төлөвлөгөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна. РНТ-20 багажаар  таван төрлийн үзүүлэлт хэмжихэд нэгдсэн дүнгээр Цогтцэций сум усны эрдэсжилт, стандарт өндөртэй байгаа бол Номгон сум усан орчин муу, харин бусад сумын хувьд стандарт хангаж байна гэсэн дүгнэлт гарсан.

-Усны чанар иргэдийн өвчлөлд шууд нөлөөлдөг. Аймгийн иргэдийн дунд уснаас шалтгаалан ямар өвчлөл зонхилдог вэ?
-Бөөр, элэг цөс, шүдний өвч­лөлд ус маш их нөлөөлж байна.
-Оюу Толгой компанийн хувьд одоогоор хэдий хэм­жээ­ний ус ашиглаж байна?
-Ер нь, Оюутолгой гүний ус ашиглаж байна. Байгаль орчин ногоон хөгжлийн яамаар ашиглах боломжит усны нөөцийг батлуулсан. Секундэд хамгийн ихдээ 870 литр ус ашиглана гэсэн зөвшөөрөл авсан. Энэ зөвшөөрлийн дагуу жил болгон яамнаас дүгнэлт гаргаж, гэрээ байгуулж, усны баталгаажуулсан тоолуураар хэмжилт хийж сар бүр хяналт  тавьж ажиллаж байна. Одоогоор зөвшөөрөгдсөн хэмжээндээ ашиглаж байгаа.

-Ус ашигласны төлбөр нь орон нутгийн төсөвт орох уу?
-Унд ахуйн ус бол суманд төсвийн тухай хуулиар зохицуу­лагддаг. Харин үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор ашиг­лаж байгаа усны төлбөр аймгийн төсөвт ордог. Үүнээс 55 хувийг нь орон нутаг ашиглана. 45 хувийг нь улсад  орлого болгоно. Байгалийн нөөц ашиглах тухай хуулиар л зохицуулагддаг гэсэн үг.

-Уул уурхайн компаниас гадна маш их хэмжээгээр цэвэр ус гамгүй ашигладаг газар байна уу?
-Автомашин угаалгынхан цэвэр усыг маш замбараагүй хэрэглэдэг. Тийм учраас Өмнө­говь аймгийн хувьд ус бо­хир­дуулсны  төлбөрийн тухай хуулийн дагуу тодорхой ажлууд зохиож арга хэмжээ авдаг. Энэ жилийн хувьд бохир ус эргүүлэн ашиглах технологийг Австралиас судалж, орон нутагтаа ашиглах боломжийг эрж байна.Энэ талаар иргэддээ ойлголт өгч, дараа нь шаардлага тавьдаг болох хэрэгтэй.

-Энэ жилийн хувьд айм­гийн хэмжээнд бараг л цас унаагүй гэж байсан. Хэдийгээр дулаан өвөл болсон ч булаг шандны усны түвшинд шууд нөлөөлөх нь тодорхой боллоо?
-Өнгөрсөн өвөл огт цас ороогүй. Намартаа гурван удаа, хавартаа ганцхан удаа цас орлоо. Үүнээс болоод жижиг цөөрөм бий болгох, булаг шандаа задгайлах зэргээр мал амьтдаа услах арга хэмжээ авсан. Мал эмнэлгийн газраас энэ ажлыг хэрэгжүүлж байна. Ер нь манай аймаг 2011 оны усны тооллогоор 655 булаг шандтай гэж тоологдсон ч үүнээс тав нь бүрэн ширгэсэн гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс хойш нарийвчилсан тооллого хийгээгүй. Усны сав газрын захиргаатай хамтарч энэ жил булаг шандаа тоолохоор төлөвлөсөн. 

-Усны эх ундаргын орчим хай­гуулын ажил явуулсан, бохир усны цэг байгуулсан гэх зөрчил хэр илэрч байна?
-Ийм асуудал мэр сэр гардаг. Тухай бүрт нь хяналт тавьж зөрчлийг арилгадаг. Жишээ нь, хайгуулын компаниуд энгийн хамгаалалттай бүсэд өрөмдлөгө хийх, канава ухах, бохир усны цэг байгуулах гэх мэт зөрчил маш их гаргадаг. Сум орон нутгийн хяналт муу байсны улмаас ийм асуудал гарсан тал бий. Энэ жилээс байгаль орчны газраас ус ашиглах дүгнэлт гаргаад, байгаль орчны менежментийн  төлөвлөгөөг хянаснаар ийм асуудал харьцангуй багаслаа.
-Экологи, усаа хамгаалах гол арга бол иргэдээ мэдээллээр хангах гэдэг нь тодорхой. Танай зүгээс энэ чиглэлээр хийгдэж байгаа ажил юу вэ?
-Иргэддээ аль болох бодит мэдээлэл олгох зорилгоор Дэлхийн усны өдрийг 2011 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ үеэр уул уурхайн усны ашиглалт, хамгаалалт техник технологид төрөөс хэрхэн хянадаг, үүнд иргэд яаж оролцох вэ гэдэг мэдээлэл хүргэж, нээлттэй хэлэцүүлэг зохион байгуулдаг. Иргэдээсээ гаргасан саналыг ажлын төлөвлөгөөндөө тусгаад хэрэгжүүлж байна. Бас байгаль хамгаалах клуб нөхөрлөлтэйгээ нягт хамтарч ажилладаг. Байгаль хамгаалагч, байцаагчид маань тэр бүр ард иргэддээ хүрч чадахгүй учраас нөхөрлөлийнхөн маань хүүхдүүддээ экологийн мэдээлэл өгч бидэнд дэм болдог. Дунд сургуулийнхаа хүүхдүүдэд долоо хоногт хоёр удаа ус, эко­логийн талаар мэдээлэл өгдөг.

-Байгаль хамгаалах нө­хөр­­лөлийнхөн өөрийгөө сан­хүүжүүлж ажиллах ёстой. Энэ боломж нь бүрдсэн үү?
-Байгаль хамгаалах менеж­мен­тийн нөхөрлөл маань го­вийн нөхцөлд ажиллахад хүндрэлтэй. Учир нь нөхөрлөл өөрөө ашиг олно, нөхөн сэргээнэ, хамгаална гэсэн зорилготой. Гэтэл тэд үнэндээ ашиг олох байгалиасаа хишиг хүртэх боломжгүй. Манай заган ой гэхэд хамгаалалтын бүсийнх, заган ойгоо хамгаалахаар үйл ажиллагаа явуулж байгаа нөхөр­лөлийг аймгийн байгаль орчны газраас дэмжиж ажилладаг. Хэд хэдэн идэвхтэй нөхөрлөлөө дэмжиж ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд Далан­задгад эрчимтэй өргөжиж байна. Хүн ам нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ ч өснө?
-2011 онд “Төв ус” компаниас нөөцийн хайгуул хийсэн. Зарим нэг асуудлаас болж усны нөөц нь эцсийн байдлаар батлагдаагүй. Гэхдээ мониторингийн хоёр цэгээр түвшинг нь байнга хэмждэг. Мөн зургаан ажиглалтын цооногтой. 2013 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 1000 метр кубын усан сан бүхий нөөцийн сан, нэг гүүрэн худаг нэмж чадсан. Сар бүрийн 25-нд мониторинг хэмжилт хийдэг. Одоогоор Даланзадгадад 30 усан сангаас цэвэр ус түгээж байна.

0 Сэтгэгдэл
Oyutolgoi xxk huuli busaar us ashiglaj bgaa shuu dee . Eneiig yagaad yarihgui bga yum be?
Хамгийн их уншсан