Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мартагдсан богд

Өнөө жил халхын II Богд, Жавзандамба хутагт Лувсандам­бий­доми мэндэлсний 290 жилийн ой тохиож байна. Монголын шашин, төрийн түүхэнд төр түмнийг толгойлж асан есөн богд тодорсон байдаг. Эдгээрээс эхний хоёр нь халх нутгаас тодорсон бол хойчийн долоо нь харь нутгаас буюу Түвдээс залагдсан гэдэг.
Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин адил гэж өтгөс өвгөд сургадаг. Гэвч түүхээ мэдэх нь битгий хэл түүнийг мартах явдал бидний үед бишгүй тохиож байна. Үүний нэгэн жишээ бол халхын II Богд Лувсандамбийдоми юм. Бид анхдугаар Богд Жавзундамба, өндөр гэгээн Занабазарын үүх түүхийг өнөө хүртэл тээсээр ирсэн ч харь элгийн бус Монголын II Богдоо тэр бүр мэдэхгүй. Тиймээс ч Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн хурал, ШУА-ийн Түүхийн хүрээлэн болон Гандантэгчинлэн хийдийн нэр бүхий холбогдох албаны хүмүүс II Богд Лувсандамбийдоми мэндэлсний түүхт 290 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ.
Анхдугаар Богд, өндөр гэгээн Занабазар Түвдийн Жонанг сургуулийн Таранатагийн хувилгаан болон тодорсон бөгөөд төв халхын удирдагч, Түшээт хан Гомбодоржийн хүү байсан гэдэг. Мөн түүнийг халх Монголын оюун санааны их удирдагч байсан гэх нь ч бий. Харин, II Богд Жавзандамба хутагт Лувсандамбийдоми Чингис хааны ураг, удмын язгууртан гэр бүлээс гаралтай хүн байжээ. Мөн өндөр гэгээн Занабазарын адил халх даяар нэр, нөлөө ихтэй нэгэн байсан гэдэг. Тэрээр халхын Түшээт хан аймгийн эфү чин ван Дондовдоржийн хөвүүн ажээ. Чин улс халхын I богд Жавзундамба хутагтыг жанч халсны дараа 1729 онд түүний хойт дүрийг тодруулах ажлыг шууд удирдан зохион байгуулжээ. Улмаар, Ман­жийн хаан түүнд өндөр гэгээний ади­лаар бүхий л эрх ямбыг олгосон гэдэг. Манжийн эзэн хаан Жавзундамба хутагтад зориулж сангийн зардлаар 1727-1736 оны хооронд Амарбаясгалант хийдийг байгуулсан нь өнөө хүртэл оршсоор. Мөн II богдыг 1736 онд Бээжинд залрахад нь өөрийн биеэр бараалхаж, хүзүүн дэх эрдэнийн эрхээ зүүн өгч, буцах зардалд нь 100 мянган лан мөнгө олгох зэргээр ихэд хүндлэл үзүүлж байжээ.
Үүний сацуу Манжийн төр Жавзундамба хутагтын шашин төрийн болоод эдийн засгийн эрх мэдэл, сүр хүч өсөн нэмэгдэхээс сэргийлж байсан. Тиймээс ч хутагтын төрийн эрх мэдлийг хязгаарлах, шашин, төрийн үйл хэрэгт нь хяналт тавих болж 1754 оноос түүний төр захиргааны хэргийг шанзудба яамны эрдэнэ шанзудбад хариуцуулан эрхлүүлэх болсон аж.
1755-1758 оны хооронд Амарсанаа, Чингүнжавын өдүүлсэн бослогын үеэс бодлогоо улам чангатгасан гэдэг. Түүнийг халх даяарыг хамтатгаж харийн ноёрхолыг унагахаар бослого өдүүлсэн, Чингүнжавын үйл хэрэгт туслалцаа үзүүлсэн хэмээн Манжийн хаан хорлосон гэдэг. Улмаар, түүний бүх хойт дүрийг Түвдээс тодруулан залж байхаар зарлиг болгосон аж. Иймийн учир III Богдоос IX Богд хүртэлх бүхий л хутагт, хувилгаадыг Түвд нутгаас залах болсон гэдэг.
1756 оны дөрөвдүгээр сард Богдын ойр төрлийн ван Ринчиндоржийг цаазлуулсанд ихэд ундууцаж “Дөрвөн аймаг хэлэлцээд их үймээн өднө” хэмээн мэдэгдсэн гэдэг. Манжийн хаан халхууд II Богдыг тойрон нягтарч нэр, нөлөөг нь тэмцэлдээ ашиглахаас ихэд болгоомжлон Долнуурт хүчээр цагдан хорьж улмаар эрүүл чийрэг, идэр залуу 34-хөн насандаа учир битүүлгээр насан эцэслэсэн нь Манжийн төрийн нөлөө байсан хэмээн үздэг. II Богд шашин, төрийг хослон барьж асан 1755-1758 оны хооронд халхын нутагт бослого, үймээн дэгдсэн нь түүхийн нэн түгшүүртэй үе байсан юм. Энэ л үед төрийн үйл хэрэгт оролцож явсаны хувьд II Богд Лувсандамбийдоми нь Монгол төр, түмний бахархал байх учиртай басхүү мартаж болохгүй түүхэн хүн билээ.

Ж.Гэрэлчулуун






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан