Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бурхан гурван хүслийн хоёрыг л зөвшөөрсөн учраас...


Ханшийн өөрчлөлтөөс хамаарч эдийн засагт ихээхэн хүндрэл үүсч буйг нийгэм даяараа шүүмжилж байна. Яагаад ийм хувь тавиланд монголчууд уначихсан юм бэ гэхчлэн гомдоллох. Үүний хариуг мэргэжилтнүүд энгийн домог мэт баримтаар тайлбарладаг аж. Бурхан ч юм уу, бирд ч юм уу хүсэл биелүүлдэг нэгэнтэй монгол эдийн засагч уулзжээ. Эдийн засагч бурханд гурван хүслээ хэлж гэнэ. Нэгдүгээрт, өөрийн гэсэн мөнгөн дэвсгэрттэй болмоор байна гэхэд “Май, төгрөг” гээд өгчээ. Хоёрдугаарт, төгрөгөө үнэ цэнэтэй, орох гарах урсгалтай болгомоор байна гэхэд “За тэг” гээд зөвшөөрс, төгрөг бусад валюттай харьцах боломж нээгдэж. Гуравдугаарт, төгрөгийн ханшаа тогтвортой байлгая гэхэд нь бурхан шууд замхран оджээ. Ингэхдээ тэр нэгэн зурвас үлдээсэн нь “Таны гурван хүсэл хэзээ ч зэрэг биелэхгүй. Хоёр нь биелсэн тохиолдолд үлдсэн нь заавал толгой өвтгөнө” гэсэн байжээ. Ийм л учраас манай төгрөгийн ханш тогтворгүй хэлбэлзэж, ам.долларын өмнө босон суун, хүчгүйдэж байдаг аж. НҮБ-д бүртгэлтэй 200 гаруй улс орон бүгд л энэ гурван хүслийн ердөө хоёрыг гүйцэлдүүлсэн байхад зарим нь ганцыг л биелүүлж чаджээ. Энэ гурван хүслийн талаар илүү нухацтай авч үзье.

Өөрийн гэсэн мөнгөн дэвсгэрт. Энэ бол тусгаар тогтнол, бие даасан байдал, түүх гээд олон талаасаа ач холбогдолтой зүйл. Үнэн мөн чанараар нь бодож үзвэл бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнийг арилжиж, сольж болох үнэ цэнэ бүхий цаасан бараа юм. Мөнгөн дэвсгэрт гарахаас өмнө цайгаар, алт, мөнгөн ембүүгээр арилжаа хийдэг байсан ч тойм төдий “мөнгө” байж. Жишээ нь, нэг шуудай гурилыг чинь хоёр тэрэг цэвэр усаар арилжъя гэвэл тэнд ачиж, буулгах, тээвэрлэх гээд асуудал үүснэ. Эсвэл өнөөх ембүүнийхээ өчүүхэн хэсгийг эмтэлж өгөх шаардлага гарна. Ийм л учраас бүх барааны үнэ цэнэд хувилж чадах мөнгөн дэвсгэрт гарсан түүхтэй. Тэгэхээр монголчууд төгрөггүй байсан бол бусдын доллар, юань, иен эсвэл рубль ашиглах байж. Тэр тохиолдолд мөнгөний ханшийн хэлбэлзэл бидний биш Америк, Хятад, Япон эсвэл оросуудын шүдний өвчин болох учиртай. Гэвч ийм тавилан тохиогоогүй нь бидний аз.

Өөрийн мөнгөтэй байгаад түүнийгээ бусад валюттай чөлөөтэй солилцдоггүй, орж гардаггүй, хаалттай байсан бол яах вэ. Бидний төгрөг Монгол Улсын хилийн зурвас дотор л үнэ цэнэтэй байх хэдий ч чухам ямар хэмжээний үнэ хүрэх вэ гэдгийг хэрхэвч мэдэх бололцоогүй. Өөрөөр хэлбэл, төгрөг хэмээх цаас нь долларын өмнө хүчтэй байх уу, дорой байх уу гэдгийг дээрх урсгалын эрчим шийднэ. Сүүлийн хоёр жил шахам хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт удааширсан нь гадаад валютын урсгалыг төдий хэмжээгээр тасалдуулсан. Тэр хэрээр төгрөгийн ард баталгаа болох ам.долларын хэмжээ багассан нь өдгөө монгол мөнгө үнэгүйдэх үндэс болжээ.

Харин одоо гурав дахь хүсэл буюу монголчууд хувь тавилангаасаа няцдаггүй л юм бол хэзээ ч биелэхгүй нэг зүйл үлдсэн нь төгрөгийн тогтвортой ханш. Юм л бол ам.долларын өмнө сөхөрч, юанийн урд суучих гээд байгаа тэр ханш гэж чухам юу вэ. Дээр өгүүлсэнчлэн мөнгөн дэвсгэрт гэдэг нь цаасаар үйлдвэрлэсэн нимгэхэн бараа юм. Рубль бол оросуудын үйлдвэрлэсэн мөнгө, юань бол хятадуудын үндэсний цаас. Онцлог нь эдийн засгийн бүх төрлийн харилцаанд үнэ цэнэ хадгалж, оролцох бололцоотой. Өөр, өөрийн хил хязгаар, хэмжээ ширхэгтэй энэ цааснууд хоорондоо ямар нэг харьцаагаар илэрхийлэгдэнэ. Жишээ нь, ширхэг ам.доллар 1782 ширхэг төгрөгтэй, нэг рубль 50 төгрөг, юань 286 төгрөг гэхчлэн харьцаа нь тодорхойлогдоно. Яагаад манай төгрөг ийм жижиг юм бэ гэдэг асуулт ургах нь мэдээж.

Үүний өмнө дэлхий нийтэд ямар валютын зах зээл, хэрэглэх хүрээ хамгийн их вэ гэдгийг бодож үзэхийг зөвлөе. Ямар ч улс оронд ам.доллар хүчирхэг хэвээр байна. Үүнийг сааруулахын төлөө Европын холбооны улсууд нэгдсэн мөнгөн дэвсгэрттэй болж еврог санаачилсан. Хятадууд дэлхийн зах зээлээс ам.долларыг маш их хэмжээгээр нөөцөлж, үйлдвэрлэгч Америк орныг нэг хэсэг бажигдуулсан. Зургаан тэрбум хүн хүлээн зөвшөөрч, хэрэглэдэг ам.долларын дэргэд монгол төгрөг ердөө 2.9 сая хэрэглэгчтэй өчүүхэн зах зээл юм. Нарыг сагсны бөмбөг гэж үзвэл дэргэд нь дэлхий теннисийн бөмбөгний дайтай гэдэг шиг ам.доллар гэх хүчирхэг мөнгөн дэвсгэрттэй төгрөг гэх “теннисийн бөмбөг”-ний харьцах харьцаа дэндүү бага. Нэг төгрөг 0.0005 ам.доллартай тэнцэж байна шүү дээ. Түүний дараа 1.3 тэрбум хүн амтай хятадын мөнгөн дэвсгэртийн дэргэд монгол төгрөг хямдхан байх нь мэдээж. Араас нь рубль, иен гээд л монгол төгрөг бүх төрлийн валюттай тодорхой хэмжээгээр харьцаа тогтоожээ. Үүний цаад мөн чанар нь дээр өгүүлсэн хоёр дахь “хүсэл” буюу мөнгөний чөлөөтэй урсгал, баталгаатай нөөц юм. Том зах зээлүүд ардаа томоос том-хүчирхэг нөөцтэй болоод л төгрөгийн өмнө бардам байгаа гэж ойлгож болох аж.

Бурхан бидэнд гурван хүсэл бус ердөө хоёр хүслийн сонголт бэлэглэжээ. Түүнээс хамгийн сайхан хоёрыг нь монголчууд сонгож. Сайхан бүхний ард саар, саад бэрхшээл, хүндрэл ургах нь тодорхой. Одоохондоо, тэр нь ханшийн тогтворгүй байдал болчихоод байгаа тул монголчууд тавилантайгаа эвлэрч, байгаа хоёр хүслээ л тордох учиртай. Ялангуяа , гадаадын хөрөнгө оруулалт, мөнгөний орох, гарах урсгал гэдэг хүслээ илүү сайжруулахад ухаанаа чивчлэх ёстой гэнэ. Дашрамд сонирхуулахад, ам.долларын ханш яагаад 1780 дээр тогтдог юм бэ гэж асуух хүн олон. Эдийн засагчид энэ тоог санаан зоргоор тогтоож, бодолд бууснаар биччихдэггүй хэмээгээд тайлбарлаж өгсөн юм. Хүн бүр, юм болгон хоорондоо учир утгатай, холбоо хамааралтай, бие биеэсээ шалтгаалдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг биз. Энэ зарчмаар валютын ханшийн эсрэг төгрөгийн зогсох хүч-ханш гадаад худалдааны тэнцлээс хамааралтай байдаг гэнэ. 2014 он гарсаар гадаад худалдааны тэнцэл анх удаа эерэг үзүүлэлттэй гарсан бөгөөд цаашид энэ хэмнэлээ хадгалах төлөвтэй аж. Өөрөөр хэлбэл, ханш дахин огцом савлахгүй гэдгийн дохио.  Монголын гадаад худалдааны сектор өөрийнхөө жамаар ам.долларын ханш өнөөгийн түвшинд байх ёстой гэдгийг шаардаж буйн илрэл хэмээн тайлбарлав.

0 Сэтгэгдэл
"Ханшийн өөрчлөлтөөс хамаарч эдийн засагт ихээхэн хүндрэл үүсч буйг нийгэм даяараа шүүмжилж байна". Энэ нь бол тийм биш, буруу тайлбар байна. Харин эдийн засаг хүндэрч байгааг бид ханшийн өөрчлөлтөөр мэдэрч байна.
Хамгийн их уншсан