Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮЭХ-ны саналыг уих хэлэлцэхгүй

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос УИХ-д хаягласан сонордуулгыг энэ сарын 4-нд хүргүүлжээ. Энэ нь иргэдийн амьжиргаа, цалин хөлс, нийгмийн хамгаалал, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зарим хөтөлбөр, баримт бичиг, хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх санал байсан аж. Гэтэл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад дээрх хоёр байгууллагын санал тусгагдаагүйд МҮЭХ, МАОЭНХ-ны удирдлагууд гомдолтой байна. Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.  

-Та бүхэн УИХ-д хэдэн зүйл бүхий санал хүргүүлсэн юм бэ?
-МҮЭХ, МАОЭНХ  бол үндэсний хэмжээний нийгмийн түншлэгч байгууллага. Тэр утгаараа иргэд хөдөлмөрчдийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар Засгийн газар, УИХ-д санал тавих бүрэн эрхтэй. Гэтэл бидний өгсөн саналаас зөвхөн Худалдааны тухай хуулийг хэлэлцэх асуудлынхаа жагсаалтад оруулаад бусдыг нь  яах нь тодорхойгүй орхисон байна. Бид эрх зүйн орчин бүрдүүлэх, тодорхой хөтөлбөр баримт бичиг батлах, бусад чиглэлээр нэн яаралтай авах шаардлагатай хэд хэдэн асуудлыг санал болгосон.

-Гадаа жагсаал болж байгаа болохоор нэг зүйл асуумаар санагдлаа. МҮЭХ, МАОЭНХ-оос тавьсан саналыг жагсаалтад тусгаагүйг эсэргүүцэж байна гэсэн. Үүнийгээ яаж илэрхийлэх вэ?
-МҮЭХ, МАОЭНХ-с маргааш /өнөөдөр/  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороог хуралдуулж УИХ-д саналаа дахин сонордуулахаар шийдвэрлээд байна. МҮЭХ нийгмийн түншлэгч үндэсний хэмжээний байгууллагын хувьд хариуцлагатай байх ёстой. Зөвхөн өөрөө хариуцлагатай байхаас гадна УИХ, Засгийн газрыг тогтвортой, ажил хэрэгч, хариуцлагатай байхыг шаардах бүрэн эрхтэй.

-Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хуулийн ач холбогдлыг арай дэлгэрүүлж хэлж өгөөч. Энэ хууль батлагдсанаар юу өөрчлөгдөх юм бэ?
-Цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхдээ ямар итгэлцүүрийг харгалзах юм бэ, Индексжүүлэлтийг ямар хэлбэрээр явуулах юм бэ, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхдээ аль оны инфляцын түвшинг харгалзах вэ гэхчлэн ойлгомжгүй байгаа олон харилцааг энэ хуулиар зохицуулна. Өөрөөр хэлбэл цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой харилцаа гэсэн үг. 

-Хэд хэдэн хөтөлбөр, долоо, найман хуулийг яаралтай батлаач гэсэн санал тавихад нэгийг нь л жагсаалтад оруулсан гэж ойлголоо. Хэрэв та бүхний санал болгох асуудлаас дөрвийг нь нэмж оруулаад хэлэлцэе гэвэл та ямар хуулийг нэрлэх вэ?
-Үнэ бүрдэлтийн тухай, цалин тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай, иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг нэн яаралтай батлах хэрэгтэй. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль гэхэд батлагдах шатандаа явж байгаа. Хүүхэд харах үйлчилгээний хууль нь олон мянган хүүхдийн эрх ашигтай холбоотой.  УИХ-н гишүүн бүрийн амнаас гарч байгаа сэдэв. УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд их яригдсан.

-Хүүхдээ хараад гэртээ байгаа маш олон ээж энэ хуулийг тэсэн ядан хүлээж байгаа байх?
-Цэцэрлэгийн хүрэлцээ маш муу, улсын хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барихад хүндрэлтэй байгаа. Тэгэхээр  хувийн цэцэрлэг барих, гэрээр хүүхэд харах үйлчилгээ бий болгох, гэртээ байгаа хүүхдэд цэцэрлэгийн боловсрол олгох боломжтой болно. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулж ажилчдынхаа хүүхдийг асрах боломжтой. Гол нь эрх зүйн орчинг нь яаралтай бий болгох хэрэгтэй. Энэ асуудлаар олон удаа хэлэлцүүлэг өрнөсөн. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт ч байдаг. УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлаад жил гаруй болсон энэ хууль хаврын чуулганы жагсаалтын эхэнд байх ёстой.

-Танай тавьсан саналыг харж байхад нэлээд чухал асуудлууд байна. Яагаад жагсаалтад оруулаагүй юм бол. Эдийн засгийн хямралтай холбоотой юм болов уу?
-Хямралтай огтхон ч холбоогүй. Хэрэв эдийн засгийн хүнд нөхцлөөс шалтгаалан жагсаалтад оруулаагүй гэж үзвэл Үнэ бүрдэлтийн тухай, цалин тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль хямрал, хүндрэлээс гарах хамгийн том эрх зүйн орчин. МҮЭХ, МАОЭНХ-оос батлахыг шаардаж байгаа бүхий л хууль энэ хүндрэлээс гарахад нөлөөлөх хамгийн чухал хөшүүрэг болохуйц асуудал шүү дээ.

-Яагаад энэ удаагийн чуулганаар хэлэлцэх жагсаалтдаа оруулаагүй болохоо УИХ тайлбарласан уу?
-Шалтгааныг сонсох цаг хугацаа байсангүй. Дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулган хэлэлцэх асуудлаа баталсан. Гэхдээ МҮЭХ, МАОЭНХ-с сонордуулга саналаа чуулган эхлэхээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 4-нд өгсөн. Өөрөөр хэлбэл, бидний саналд ач холбогдол өгч, хэлэлцэх асуудлын жагсаалтдаа оруулах бололцоо УИХ-д бүрэн байсан. Бидэнд “бусад хэлэлцэх асуудлын хүрээнд саналыг чинь тусгасан” гэсэн хариу өгч магадгүй л юм. МҮЭХ тийм хариу хүлээж авахгүй. Жагсаалтдаа тодорхой тусгаж хэлэлцэхийг шаардна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан