Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилга, балаг хоёр зэрэг эхлэв


Барилгын кран авто зам руу унажээ. Иргэдэд дэндүү “танил” болсон осол энэ удаад  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Нарны зам дагуу байрлах “S-Outlets” компанийн барилгын өргөтгөл хийж байхад гарсан байна. Золоор өнгөрсөн баасан гарагийн 18.00 цагийн үед авто зам сийрэг байсан учраас кран унахад хүн гэмтсэнгүй. Краны оператор бага зэргийн доргилт авч, нүүрнийх нь зарим хэсэг шалбарсныг эс тооцвол энгийн иргэдэд хохирол учирсангүй хэмээн албаныхан ч шууд дүгнэв. Харин урин цаг ирж, барилгын ажил дөнгөж эхэлж буй үед энд тэнд босгосон кран эхнээсээ унаж байгаа нь МХЕГ болон БХБЯ зэрэг харьяа байгууллагыг хяналтаа өндөрсгөхийг сануулах шиг…

Кран унасан барилгын ослыг мэргэжлийн бай­гуул­лагууд эцсийн байд­лаар дүгнэлт үйлдэж танил­цуулаагүй ч зарим нэг мэ­дээллийг урьдчилсан байд­­­лаар тайлагналаа. Ту­хайл­­бал,  кран нь “S-Outlets” дэлгүүрийн эзэмшлийнх бө­гөөд дэлгүүрийн барилгын өр­гөтгөлийн ажил хийхээр кранаар төмөр өргөж зөөсөн аж. Гэтэл газар цөмөрч, домк­рат /тулгуур/ нь хугарсны улмаас  унасан гэдгийг краны оператор хэлэв. Гэвч хо­тын шуурхай албанд ир­сэн мэдээллийн дагуу ослын газарт ажилласан Мэргэжлийн хяналтын газ­рын  мэргэжилтэн П.Даш­даваа “Унасан төм­рийн жинг тооцоод даац хэтрүүлсэн эсэхийг тодор­хойл­но. Жур­маараа хөрсөө шин­жилж, суулт өгөх эсэхийг судалж байж кранаа байрлуулах ёстой байдаг” хэмээн мэ­дэгдсэн. Энэ нь суулт өгөх эсэхийг шинжилж, кранаар ачаа тээвэрлэх үед аюулгүй ажиллагааг хангах мэргэжилтэн байгаагүйтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, осол гарах үед краны оператор, менежер хоёр л ажиллаж байжээ. Тиймээс урьдчилсан байдлаар Нарны зам дагуу хоёр урсгалтай замыг тэгнэн унасан краныг “суурь хөрсөө тооцоололгүй кранаа буруу байрлуулснаас осол гарсан” гэж дүгнэж байна. Гэвч иргэд үүнийг “Сэлбэ голын сийрэг хөрсөн дээр барилгын ажил хийж байгаа нь буруу” хэмээн мэргэжлийн байгууллагаас давж сэтгэв. Хэдий албан ёсны зөвшөөрөлтэй байж болох ч голын усыг боомилж, урсацаас таван алхам ч хүрэхгүй газар барилгын ажил явуулж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүл­сэн бололтой.

Краны операторыг 45 хоног бэлтгэдэг

Барилгын салбарт гарсан ослын ихэнх тохиолдлыг аюулгүй ажиллагаа хангаа­гүйн улмаас гарсан гэж үз­дэг. Тодруулбал, Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан ажиллуулдаггүй, уг асуудлыг барилгын талбайн инженерт хариуцуулж цал­гар­дуулдаг, хөдөлмөрийн аюул­гүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээнд зар­цуулах хөрөнгийг хуульд заа­сан хувь хэмжээгээр төсөв­лөж, зориулалтын дагуу зар­цуул­даггүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заа­вар­­чилгааг ажилтанд нэр тө­дий өгч, гарын үсэг зу­руулс­наар хязгаарладаг. Мөн 1.3 метр түүнээс дээш өндөрт байрлаж буй ажлын байранд хамгаалалтын хаалт, хашлага, тор, саравч, шат хийдэггүй гэх мэт зөрчлөөс болж барилгын осол гардаг нь тогтоогджээ. Түүнчлэн үйл ажиллагааг нь зогсоох тухай мэргэжлийн байгууллагын албан мэдэгдэл, шаардлага өгсөөр байтал үргэлжлүүлэн ажилладаг, тодорхой үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулдаггүй зэрэг ноцтой зөрчил дутагдал гарсаар байгаа юм. Эдгээрээс анхаарал татаж байгаа асуудал нь барилгын салбарт ажиллах боловсон хүчний асуудал. Учир нь, голцуу оюутнууд зуны амралтаараа ажиллаж, залуучуудад ажил олдоггүйгээс барилга дээр ажилладаг зэрэг үзэгдэл өнөөдрийг хүртэл барилгын салбарт ноёлж байна. Энэ нь, барилгын ажил хар бор гэдэг ойлголттой нягт холбоотой. Гэтэл тоосго өрөх, хадаас зооход хүртэл мэргэжлийн ур чадвар шаардагдах болж, ур дүй, үр дүн зэргийг тооцоолон бодох нь барилгачин хүнээс шаардагдаж байна. Өөрөөр хэлбэл, хар ажилтан хүртэл өөрт ногдсон ажлаа хариуцлагагүй хийвэл тухайн барилгын чанар, стандартад нөлөөлж, иргэдийн амь насанд ноцтой аюул дагуулж эхэлдэг. Гэтэл манай улсад баригдаж байгаа барилгын ажлууд явц дундаа олон зөрчил дагуулж буй нь мэргэжлийн ажилтан байх­гүйтэй холбоотой юм.
Краны осолтой холбон тайлбарлавал өргөн тээвэрлэх машин, механизм буюу краны аюулгүй ажиллагааг 45-хан хоногт сурах зүйл биш гэдгийг барилгын салбарт олон жил ажилласан краны оператор хэлж байна. Хэрэгцээ шаардлагаа даган гарсан элдэв янзын сургалтын төв олширсон нь олон жил ажилласан краны операторуудыг барил­гын салбараас шахагдахад хүргэсэн гэнэ. Нэг ёсондоо, сүүлийн жилүүдэд барил­гажилт хүчээ авч краны оператор, засварчны чиглэ­лээр мэргэшсэн ажиллах хүч­ний эрэлт ихэссэн учраас хоёр жил сургадаг краны опера­торч, засварчныг 45 хоногийн дотор бэлтгэж эхэлсэн аж. Тиймээс ур чадвар дутмаг, өргөх машин механизмын үйл ажиллагаанд хяналт тавь­даг мэргэжилтнүүд ч үүнийг дагаад буурчээ. Ха­рин барилгын компаниуд нас залуу иргэдийг ажиллах хүчээр сонгож байгаа нь туршлагатай краны опе­рато­руудын орон зайг шахаж, оператороос үүдсэн осол аваар гарахад тодорхой хэм­жээгээр нөлөөлдөг гэсэн гаргалгаанд хүргэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан