Монголчууд Оюу толгой, нүүрс хоёргүйгээр амьдрах цаг үе ирээд байна. Өөрөөр хэлбэл Оюу толгойгоос орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт хойшилсон, нүүрсээ зарж гадаад валют олж чадахаа больсон билээ.
Манай улсын төсвийн орлого энэ оны эхний улиралд их хэмжээгээр тасалдаж байна. Иймд төсөвт тодотгол хийх нь тодорхой боллоо. Тухайлбал, өнгөрсөн сарын байдлаар улсын төсөвт 757 тэрбум төгрөг төвлөр, 225 тэрбум төгрөг буюу 22.9 хувиар дутуу биелжээ. Цаашид төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрэх найдлага байхгүй байгаа юм. Энэ нь монголчууд биднийг бүсээ чангалахад хүргэж буй билээ.
Монголд орж ирэх гадаад валютын урсгал муудсан, эдийн засгийн өсөлт буурч буй энэ үед инфляц хүссэн хүсээгүй буух төлөв бий.
Манай улсад орж ирэх гадаад валютын урсгал татарснаас үүдэн эдийн засаг агшиж байна. Энэ онд эдийн засгийн өсөлт нэг оронтой тоонд орж ирэх төсөөлөл гараад буй юм. Ялангуяа импортын бизнес сар бүр буурч байгаа. Тэгэхээр эдийн засагчдийн тооцоогоор импортын бизнесийн салбарт ажилладаг 24-30 мянган хүн энэ онд ажлын байраа алдах төсөөлөл гараад буй юм.
Эдийн засгийн өсөлтөө хоёр оронтой тоонд хадгална гэвэл гадаад валют хэрэгтэй. Гэтэл валют олж ирэх гарц харагдахгүй байна. Иймд эдийн засгийн өсөлтөө золиосолж тогтвортой байдлаа авч үлдэх сонголт бий. Тогтвортой байдлаа алдах юм бол хямралд орох юм. Эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлаа хадгалж үлдэхийн тулд мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх ёстой. Тэгэхдээ ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх учиртай аж.
Өнгөрсөн оны долдугаар сараас эхлээд төгрөгийн ханш 12 хувиар суларсан. Одоогоор төгрөгийн ханш 19 хувиар сулраад буй билээ. Төгрөгийн ханш сулрахад инфляцад үзүүлэх нөлөөлөл нь богино хугацаанд хүчтэй байдаг аж. Гэвч дунд хугацаандаа саармагждаг байна. Иймд одоо байгаа инфляцын 12.3 хувийн төвшинд шингэсэн бөгөөд барааны үнэ дахин нэмэгдэхгүй гэсэн үг аж. Гэхдээ төгрөгийн ханш цаашдаа сулраад байвал энэ оны хоёр, гуравдугаар улирлын инфляцад нөлөөлнө. Харин төгрөгийн ханш сүүлийн нэг сарын хугацаанд тогтворжсон байгаа тул ирэх улирлуудад инфляцад нөлөөлөх нь бага байх юм. Валютын ханшийн өсөлтөөс үүдээд хувцас, хуурай сүүний үнэ нэмэгдэж инфляцад өндөр нөлөө үзүүлсэн байна. Импортын 174 төрлийн бараа бүтээгдэхүүн инфляцад 35.2 хувийн нөлөө үзүүлдэг гэх судалгаа бий.
Өөрөөр хэлбэл, импортын барааны үнэ огцом нэмэгдэж инфляц өсөхөд нөлөөлөөд одоо тогтворжлоо. Товчхондоо, импортын барааны үнэ инфляцад түр зуурын огцом нөлөө үзүүлдэг ажээ.
Улаанбаатар хотын инфляц өнгөрсөн жилийн долдугаар сард долоон хувьтай гарч байв. Гэтэл наймдугаар сард 12.3 хувьтай болсон. Инфляц ингэж өсгөсөн гол өдөөгч нь валютын ханш, цахилгаан дулааны үнэ, их дээд сургуулийн сургалтын төлбөр 29 хувиар нэмэгдсэн явдал байлаа. Цаашид эдийн засгийн өсөлт буурах хандлага гарч буй тул эрэлтийн гаралтай инфляцын дарамт байхгүй бөгөөд найман хувьд орж ирэх хүлээлт байна.
Эрэлт нь нийлүүлэлтээс их байгаа тохиолдолд бараа бүтээгдэхүүний үнэ өсч инфляц нэмэгддэг. Манай улсад 2008 онд эрэлтийн гаралтай инфляц өндөр байв. Мөн 2010, 2012 онд эрэлтийн гаралтай инфляцын өсөлт гарсан. Тухайн үед эдийн засагт орж ирэх валютын урсгал өндөр, мөнгөний нийлүүлэлт их хэмжээтэй байсан тул эрэлт өсгөж инфляц нэмэгдсэн. Тодруулбал, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт эрэлт хэрэгцээгээ гүйцэж чадахгүй байсан билээ.