Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэчлэлийн Засгийн газрын үед “амилсан” Лениний музейн түүхэн мөрөөр

Дэлхийн хөдөлмөрчдийн суут багш, ЗХУКН, Зөвлөлт төрийг үндэслэгч, Монголын ард түмний аз жаргалтай амьдралын замыг заагч Владимир Ильич Ленин. Социалист нийгмийн үед өдөр тутмын тогтмол хэвлэлээр зогсохгүй хүн бүрийн оюун санаанд энэ л урт цол гуншинтайгаа хадагдан үлдсэн түүхэн хүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 1870 оны энэ өдөр мэндэлсэн түүхт хүн өдгөө сайнаар гэхээсээ илүүтэй саараар дурсагдах цаг үе ирж. Ердөө хоёрхон аравны өмнө нийгэм даяараа түүний амьдралын намтар,  замнал түүх, сургааль номлолыг нь цээжээр үг үсэггүй хэлдэг байсан бол өнөөдөр тэр бүхэн балартан арилжээ. Учир нь, энэ хүний тухай түүхийн явцад үнэнийг өгүүлэх үүрэг хүлээсэн музей нь 1990 он гарахтай зэрэгцэн устсан учраас тэр.
Ардчилсан нийгэм бидэнд эрх чөлөө гэх үнэт зүйлийг авчирсан ч хэтэрхий хурдацтай нийгмийн өөрчлөлтөөр олон зүйл сүйдэж алга болсны нэг нь энэ музей юм. Өнгөрсөн  үеэ  таньж мэдэхгүйгээр  өнөөгөө  цэгнэж,  ирээдүйгээ  төсөөлөхөд  нэн  бэрхтэйг  хүн  төрөлхтөн хэдийнэ мэдэрсэн болохоор түүх соёлоо  хойч үедээ өвлүүлэх гэж  музей гэдэг зүйлийг бий болгосон билээ. Гэтэл өмнөх нийгмийн өнгө төрхийг гэрчилж, түүхийн жимээр аялуулах ёстой хуучны музейгээ бид харсаар байгаад үгүй хийчихсэн.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, олон яам шинэ бүтэц зохион байгуулалтад орсны нэг нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам. Тус яам байгуулагдсан цагаасаа барьж авч, дорвитойхон хөөцөлдсөн гол ажлын нэг нь төрийн төсвөөр боссон Лениний музейг МАН-ын өмчлөлөөс төрд буцаан авсан явдал байлаа. Энэ хэргийн шүүх хурал жил тойрон үргэлжилж, бүх шатны шүүхээр дамжсаны эцэст төрийн өмч гэдэг нь маргах зүйлгүй батлагдсан. Гэвч МАН-ынхан одоо хэр нь тус барилгыг төрийн мэдэлд хүлээлгэн өгөөгүй л байна. ССАЖЯ-наас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүсэлт гаргасан учраас тун удахгүй шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх байх хэмээн хүлээж байна.  
Монголд байгаа цөөн хэдхэн музейн зориулалттай барилгын нэг гэдгийг нь ч умартан хөлдүү мах, сүүнээс эхлээд элдэв шалдав бараа таваар зарж, тоглоомын газар, баар ажиллуулах зэрэгхнээр ашиглаж байсан энэ байрыг эх орондоо эргэн ирээд удаагүй байгаа Т-Батаар л нэг амь оруулах нь. АНУ-руу хууль бусаар гаргасан Т-Батаарыг эргүүлэн авчрах дуулианаар л нээрээ бидэнд Лениний музейн барилга бий шүү дээ гэж салбарынхан нь санаснаар энэ барилгыг сая нэг зориулалтаар нь ашиглахаар болоод буй. Ингээд жил гаруйн турш ярианы халуун сэдэв болсон Лениний музейн мэдээллийг үүх түүхтэй нь хамт багцлан хүргэж байна.


Музейн барилга баригдав


1971 онд Төв музейн өргөтгөлд В.И.Лениний музей гэсэн тодотголтой танхим нээгджээ. Сэтгүүл, сониноос эх болгож зурсан хэдэн зургаар үзмэрээ хийсэн тус  музейг 1973 онд Москва дахь Лениний музейн захирал О.С.Кривошейна манайд айлчлах үеэрээ үзээд явахдаа “Бид Лениний музейн үзмэрт зориулаад гэрэл зургуудаас нь өгье” гэж хэлээд буцжээ. Үүний дараа Соёлын яаманд хойноос ирсэн гэрэл зургуудыг хаана тавих билээ гэдэг яриа гарч. Ингээд  энэ ярианаас Лениний музейд зориулсан тусгай барилга барья гэсэн санаа гарч, улс тунхагласны 50 жилийн ойгоор буюу 1974 онд ашиглалтад оруулахаар тогтож. Ингээд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1973 оны дөрөвдүгээр сарын 30-ны 103, Сайд нарын Зөвлөлийн 264 дүгээр тогтоолоор  Улаанбаатарт пролетарийн их удирдагч В.И.Ленинд зориулсан музейн барилга  бариулах шийдвэр гарч, ганцхан жилийн хугацаанд тус барилгыг барьж дуусгахаар төлөвлөсөн ч зураг төслийг нь гаргах гэж явсаар төлөвлөсөн хугацаа өнгөрч, нэг жилийн дотор хийчих ажил биш гэдэг нь тодорхой болсноор дараа оных нь арваннэгдүгээр сарын 5-нд барилгын суурь тавих ёслол үйлджээ.
В.И.Лениний  музейн  барилгын  зургийг  манай  нэрт  уран  барилгач  Г.Лувсандорж  бүтээсэн  бол    дотоод  чимэглэл,  үзмэр  байрлуулах  ажлыг  хуучнаар  Ленинград  хотын  уран  барилгач,  зураач  В.И.Коротков,  Л.В.Ривин нарын толгойлсон зохиогчдын хэсэг хийсэн аж.     

Түүнээс хойш долоон жилийн хугацаанд Соёлын яамны захиалгаар улсын төсвөөс мөнгийг нь гаргаж 43000  шоо  метр  багтаамжтай,  7550  ам.метр  ашигтай  талбайтай,  үзмэрийг  хэвийн  байлгах  агааржуулалт,  гэрэл түүлэг,  чийглэгийг  тохируулах,  бас  галын  ослоос  урьдчилан  сэргийлэх  дохиоллын  хавсарсан  мэдээлэл  бүхий  томоохон  байгууламжийг босгосон гэдэг. Музейн барилга сүндэрлэх хүртэл ийм л зүйл өрнөсөн хэрэг. Үүнээс цааших асуудлыг түр азнаад ингэж сүндэрлэх хүртлээ улсын төсвөөс санхүүжсэн гэдгийг хэрхэн нотолсон талаар дурдъя.
Жилийн өмнө шүүх хурал болох сургаар амтай бүхэн өөрийнхөөрөө ярьж, засгийн эрхийг гартаа авсан нам сөрөг хүчнийхээ үнэт өвийг булаан авч байгаа мэтээр ярьж байсан. Тэгвэл бодит байдал эсрэгээрээ гэдгийг дараахь баримт харуулна.


МАН-ын биш төрийн өмч

Лениний музейг төрийн өмчид авна гэдэг яриа гарч эхлэхтэй зэрэгцээд л МАН-ынхан АН тэр дундаа ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл рүү хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрч давшилж, удаа дараа мэдэгдэл хийж байсан. Лениний  музейг  төр  засгийн  хөрөнгөөр  биш,  нэг  намын  гишүүд  хандив  өгч,  бараг л субботникоор бариулсан мэтээр телевиз, мэдээллийн хэрэгслээр  юугаа ч мэдэхгүй МАН-ын залуу лидер гэх нөхдүүд ярьж байсан. Гэтэл шүүхээр удаан хугацаанд заргалдсаны эцэст Монголбанкнаас гаргаж өгсөн баримтад Соёлын яамны санхүүжилтээр баригдсан гэдэг нь тодоос тод дурайж байсан юм. Энэ баримтыг ССАЖЯ гол болгож МАН-тай заргалдаад ялсан.

Энэ талаар ССАЖЯ-наас тус хэрэг дээр ажилласан хуулийн зөвлөх Т.Энхбаяр 1974 онд тухайн үеийн Засгийн газар буюу Сайд нарын зөвлөлөөс Лениний музейг барих шийдвэрийг гаргаснаас эхлээд тухайн газар олгох, зураг төсөв батлах, барилга угсралт, ашиглалтад хүлээлцүүлэх, тухайн барилгын өмчлөлтэй холбоотой бүх л ач холбогдолтой баримтуудыг гаргаж өгсөн гэдгийг хэлж байлаа. Тухайлбал, 1974-1980 оны хооронд долоон жилийн турш барилгыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж барьсан, түүнээс хойш жил бүр мөн улсын төсвийн хөрөнгөөс урсгал зардлыг нь гаргаж байсныг нь нотолсон материал Монголбанкны архиваас гарч иржээ. Мөн тэрээр “Тус барилга нь 1980 онд ашиглалтад ороод 1989 он хүртэл музейн зориулалтаар ашигласан байдаг. Энэ хугацааны урсгал зардлыг улсын төсвөөс гаргасан. Соёлын яамны харьяа Лениний музей гэдэг газарт хэдэн төгрөг төсөвлөж, 390177 тоот дансанд шилжүүлж байсан баримтыг Монголбанкнаас гаргаж өгсөн. Бүр он оноор нь гаргасан санхүүгийн гүйцэтгэлийн тайланг Үндэсний архивын газраас гаргаж авсан. Ийм хөдөлшгүй баримтууд дээр үндэслээд шүүхийн шийдвэр гарсан” гэв.
Үнэхээр Монголбанкнаас гарсан тус баримтад 1974-1980 оны хооронд жил бүр улсын төсвөөс мөнгө гаргаж барилгыг барьсаар 4800000 төгрөгийн зардал гарсныг тэмдэглэжээ. Гэтэл тэр үед 40 дүгээр цэцэрлэгийг л гэхэд 29300 төгрөгөөр л барьж байсан дүн байдаг. Бараг 20-иод цэцэрлэгийн барилгын үнээр тус музей сүндэрлэсэн гэсэн үг.

Гэхдээ МАН-ын залуу лидерүүдийн хэвлэлээр улайхгүй ярьж байсныг нэг талаар зөвтгөх явдал 90-ээд онд болсон байдаг. 1996 онд Төрийн өмчийн хороо байгуулагдаад төрийн өмчийн бүртгэл хийж байхад Лениний музейн барилгыг маргаантай барилгуудын жагсаалтад оруулсан байдаг. Тэр үед маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд шүүхэд хандсан боловч Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс барилгыг МАН-ын өмч гээд тогтоочихсон юм. Харин ССАЖЯ байгуулагдсан цагаас эхлэн хувь хүмүүсийн гарт байсан чухал баримт мөн Төв номын сан, Үндэсний Архивын газар зэрэг газруудаас нотлох баримтууд гарч ирснийг үндэслэн Төрийн өмчийн хороонд хүсэлт гаргаснаар шүүхэд уг асуудлаар хандаж шийдвэрлүүлээд байгаа нь энэ.


С.Батчулуун: Хүнээр бол маш эрүүл хүнийг бий болгох ёстой байсан

Тус барилгыг төрийн өмчид буцаан шилжүүлэн авна гэсэн цагаас эхлэн хамгийн их яригдсан зүйл бол “Монголд байгаа музейн зориулалттай цөөн барилгын нэг” гэдэг асуудал. Гэхдээ чухам ямар учраас музейн зориулалттай барилга гэж тодотгоод байгаа учрыг хэн ч нарийн тайлбарлаагүй бас сонирхоогүй. Ингээд энэ талаар барилгыг бараг л “төрүүлсэн” тухайн үеийн Соёлын яамны захиалагч С.Батчулуун гуайтай уулзаж ярилцлаа. Тэрээр музейн тухай өмнө нь дэлгэж байгаагүй олон сонирхолтой зүйлийг ярьсан юм.

-Таныг Монголынхоо ихэнх музейг байгуулахад хүч хөдөлмөрөө зориулсан хүн гэж сонссон. Музей барих нь зүгээр нэг барилга байгууламж барихтай адилгүй байх...?
-Би хэд хэдэн музейн ажилд оролцож явлаа л даа. Заримыг нь захиалж хийлгэхэд биечлэн оролцож, хөөцөлдөж явсан. Заримынх нь интерьерийг ч хийж байсан. Хамгийн анх Лениний музейг барьж байгуулахад бүх зүйлийг нь захиалж хийлгэж байлаа. Музей бол зүгээр юм хадгалдаг газар биш. Бас орж ирсэн хүнд сэтгэлийн таашаал өгөхүйц байх ёстой. Музейд дуртай хэн нэг нь ирэхээс илүү мэдье гэсэн хүн ирдэг учраас дуураймалаас илүү жинхэнэ зүйлийг хадгалах, жинхэнэ хувиас маш өндөр технологиор хуулбарласан хувийг тавьдаг. Нэгэнтээ тийм нарийн зүйл хадгалдаг юм бол бүх төрлийн осол гэмтлээс хамгаалагдсан барилга байх ёстой. Музейд гал гарлаа гэж бодъё. Манайхан чинь гал руу ус цацчихвал л болно гэж боддог. Тэгвэл музейн үзмэрийг галаас аврахын тулд ус цацчихвал аврах биш сүйтгэж байгаа хэрэг. Тэгэхээр аль болох музейн барилгад гал гарах ёсгүй. Тиймээс дохиолол байх ёстой. Утаа болон халууныг нарийн мэдэрдэг дохиолол байдаг. Нөгөө нэг зүйл бол гэрэлтүүлэг. Музейн өөрийн гэрэлтүүлэг, байшингийн гэрэлтүүлэг хоёр огт өөр. Үзмэрийн гэрэлтүүлэг дотроо бас агуулгатай. Үзмэрийг гоё сайхан харагдуулахын тулд тодорхой өнцгөөс үзмэр рүү тусдаг гэрэлтүүлэг бий. Энэ нь үзмэр рүү шууд биш ямар нэг зүйлээр орж байх ч юм уу, тийм нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Үзэгчдэд харагдуулахаас бусад үед байшингийн гэрэлтүүлгийг ашиглах ёстой.
За тэгээд музейд янз бүрийн зүйл хадгалагддаг учраас агааржуулалтыг нарийн шийдсэн байх ёстой. Музейн барилгад олон цонх байдаггүй. Олон цонх хийчихвэл үзмэрээ тавих газаргүй болчихно. Тиймээс байгалийн агаарыг үзмэр бүрийн онцлогт тохируулан чийглэгийг тохируулан нэвтрүүлэх ёстой. Ингэхдээ агаар оруулаад л байвал муудчихна. Аль болох сольж байх ёстой биз дээ. Үүнийг шийднэ. Мөн үзмэрийг байрлуулах төхөөрөмжийг тохируулан шийднэ. Хоргонд хийх юм уу, ил байлгах уу гээд. Хоргонд хийлээ гэхэд түүнийгээ хана, тааз, шаланд тогтоох уу, агааржуулалт, чийглэг гээд үзүүлэлтүүдийг нь хэрхэн шийдэх вэ гээд л асуудал их. Зарим хоргонд томруулдаг шил байрлуулаад түүгээр нь хардаг байхаар ч шийдэж болно. Лениний музейд энэ бүхнийг төгс шийдсэн. Энэ ажлыг хүлээн аваад хүнээр бол цоо эрүүл байх ёстой гэж төсөөлөөд л ажилдаа орсон.

-Музейн барилгад агааржуулалтын систем их чухал?
-Том байшинд агааржуулах систем төвлөрсөн байдаг. Нэг удирдлагатай гэсэн үг л дээ. Гэхдээ өрөө өрөөнд нь ч тохируулж хийж болдог. Тэгж өрөөнд нь хийсэн агааржуулах хоолойг төвлөрсөнтэй холбож болдоггүй. Бас төвлөрсөн агааржуулалт муу талтай. Төвлөрсөн агааржуулалтыг хоолойгоор дамжуулдаг учраас гал гарах юм бол сорогдоод явчих аюултай. Тийм учраас энэ бүхнийг тохируулж, музейн ажиллагааг зохицуулдаг. Бас музейд ус алдаж болно. Энэ бүхнийг хариуцсан сайн мэргэжилтэн байх ёстой гээд л шийдэх ёстой асуудал бүр нь л ухаан шаардана.

-Олон шинэлэг шийдлийг шингээж урласан ч үүнийг тань шиг ярих хүн цөөрч дээ?
-Лениний музейн боржин, гантиг чулуун шалыг хийснээр манайд цоо шинэ технологи нэвтэрч байлаа. Манайд тэр үед чулууны ажил хийдэг хүн байдаггүй. Ганц нэгхэн хүн л жаахан юм хийнэ үү гэхээс бүтэн хана, бүтэн том шалыг боржингоор хийх мэргэжлийн хүмүүс байгаагүй. Тэгээд бид мэргэжлийн хүмүүсийг Зөвлөлтөөс, Унгараас авчирсан даа. Тэд манайхны шал хийдэг технологиос огт өөр аргаар хийж байсан. Манайхан болохоор тэр үед цемент зуураад чулууныхаа дор хийчихдэг, маргааш нь харахад нэг өнцөг нь доошоо орчихсон ийм л юм гардаг байлаа. Гэтэл нөгөө хүмүүс элсний багсармалыг чулууныхаа доор тавьдаг. Одоо манайхны чулуун шал, хана хийгээд байгаа технологи чинь Лениний музейг хийсэн тэр ажлаас эхэлж нэвтэрсэн юм шүү дээ. Бас манайд тэр үед чинь одоогийнх шиг том том шил ирдэггүй байсан. Лениний музейд зориулж том шил захиалаад л түүнийгээ зүсэх гэж хөглөсөн. Тэгэхэд гадаадын мэргэжилтнүүд метр барьж байгаад л шууд татаад зүсчихнэ. Тэр технологи ч гэсэн одоо нэвтэрсэн.

-Тухайн үедээ улавч өмсч явдаг ганц музей байсан гэдэг?
-Лениний музей нээгдсэн цагаас хойш л монголчууд музей гэж нэг иймэрхүү зүйл байдаг юм байна гэж мэдэрсэн. Хүн өөрийнх нь гутал бохир бол гишгэж байгаа газраа хардаг. Гутал цэвэрхэн бол газар шагайгаад явдаггүй. Тэр музейг үзэж байсан хүмүүс хэлнэ дээ. Муухай хувцастай орохын аргагүй гээд л. Тийм л цэвэрхэн байсан юм. Музей үзэгчдийг татах ёстой.


Музейд чухам ямар үзмэр байв

“Строительство и архитектура Ленинграда” сэтгүүлд
В.И.Лениний музейн тухай гарсан нь


Монгол Улсын Үндсэн хуулийн долдугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг сурталчлах, судалгаа, шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглана” гэж заасан байдаг тул ССАЖЯ хадгалалт, хамгаалалтдаа авах шаардлагатай үзмэрүүдийг буцаан цуглуулахаар ажиллаж, В.И.Лениний музейн сан хөмрөгт байсан үзмэрүүд алга болсон эсэх асуудлыг шалгуулахаар өнгөрөгч оны гуравдугаар сард ЦЕГ-т албан бичгийг хүргүүлсэн. Ингэхдээ тус музейд хадгалагдаж байсан 5000 орчим үзмэр болон бусад соёлын дурсгалт зүйлсийг МАН-аас нэхэмжилсэн. Гэтэл үзмэрийн бүртгэлийн дэвтэр алга болсон гэсэн шалтгаанаар мөрдөн байцаах ажил удааширч, нэг жилийн хугацаанд явсны эцэст МАН-ынхан одоо гаргаж өгч чадах үзмэрийн жагсаалтыг Мөрдөн байцаах газарт гаргаж өгчээ. Одоо гаргаж өгч чадах гэхийн учир нь бусад үзмэрүүд МАН-ын хуучин байртай хамт шатсан гэж тайлбарласантай холбоотой. Тэр жагсаалтад чухам ямар үзмэрүүд байсныг одоогоор хэн ч олон нийтэд зарлаагүй ч МАН-аас ажлын хэсэг гарч, тус жагсаалтад багтсан үзмэрүүдийг цуглуулж байгаа гэсэн. Гэхдээ түүхэн үнэн хэзээ ч хуучирдаггүй учраас гэрчүүд болон тухайн үеийн баримт сэлтийг сөхөж, чухам ямар үзмэр байсан талаар судалсан юм.

Музейн барилгын нүүрэн талд байрлуулсан одоо “Доргио” гэх улаан сурталчилгааны самбарын цаана халхлагдсан таван зэс хөөмөл хувьсгалт орнуудын хөгжлийг бэлгэдсэн гэдгийг тэр бүр хүн мэдэхгүй. Гэхдээ түүхийн шарласан хуудасны хаа нэгтэй тэмдэглэгдэн үлдсэн мөрүүд дурайна.
Музейн гол танхимд байрлаж байсан В.И.Лениний цээж барималыг цагаан гантигаар бүтээснийг ч мэдэх хүн ховор. Лениний музейн зөвхөн гуравдугаар давхрын гол хананы чимэглэл гэхэд л уран баримлын маш том бүтээл байж. Энэ үзмэрийн талаар С.Батчулуун гуай “Энэ бол гол ханыг тойруулан тавьсан товгор баримал. Манайдаа бол цоо шинэ зүйл байсан. Баруун, зүүн талд нь тус бүр 18 метр урт, гурван метр өндөртэй, мөн ар хананд байрлах 6:3 харьцаатай 48 метрийн урттай өвч хүрэл цутгамал баримлыг Ленинградын Уран сайхны фонд, Урлаг чимэглэлийн комбинатад хийлгэсэн юм. Энэ баримлыг урлахад улс орон дамжсан нүсэр ажил орсон доо. Зураг төсөл нь бэлэн болчихоод байтал бодитоор хийх ажил нэг л явж өгдөггүй. Учир нь тэр том хэмжээний баримлыг хийх байр байдаггүй гээд нэлээд саатсан юм. Тэгээд тэр үед Намын төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Сосорбарам гуай Зөвлөлтөд ажлаар явж байгаад Ленинградын Намын хорооны даргатай уулзаж учрыг дуулгаж баримал хийх байрыг шийдүүлсэн. Ингээд тус хотын Соёлын ордны үзвэрийн танхимыг бидэнд гаргаж өглөө. Тэр танхимын хануудад түлшний мод шиг жижиглэж бэлтгэн зай завсаргүй зөрүүлж хадаад орос урчууд баримлын ногоон шавраар барельефаа барьцгаав. Тэнд би долоо хоноход баримлыг шавраар барьж дуусгасан. Гэтэл урчууд маань орос хүмүүс учир манай үндэсний дээл хувцасны байр байдал, морины хазаар, чимэглэлээс авахуулаад угсаатны зүйн нарийн ширийн зүйлсийг олигтой урлаж чадаагүй. Нэг л онцгүй харагдаад байхаар нь Улаанбаатар руу ярьсанд Я.Үржнээ гуайг ирүүлсэн юм. Ингээд л Үржнээ гуай Ленинградад ирж засч залруулан эхний шатны ажил болох шавар баримлаа дуусгасан. Дараа нь түүнээсээ хэсэгчлэн хэв авч хүрлээр цутгуулахаар үйлдвэрт нь хүргүүлсэн юм. Тэр том хэмжээний ханын баримлыг хэсэгчлэн цутгахад тус бүр нь 800 килограммаас нэг тонн 400 килограммын жинтэй 60 орчим тооны баримлын хэсэг болж байгаа юм. Тэр нүсэр баримлыг Улаанбаатарт авчраад музейн хоёрдугаар давхарт нэг тонн хагасын даацтай өргөгч (кран) байрлуулан байж гуравдугаар давхарт гаргаж байлаа. Дараа нь нөгөө хэсэгчилсэн олон арван баримлаа залгаж нийлүүлэхдээ утаа тортог гаргахгүйн тулд жирийн гагнуураар гагнахгүй шүү дээ. Чийдэнгийн доторх шиг арагон хийн дотор хүрлийн электродоор гагнуураа хийж нөгөө жаран хэсгээ залгаж энэ ханын баримал бэлэн болсон доо. Музейгээ нээхэд хүмүүс энэ баримлыг ямар сайхан болсныг шагшиж байснаас биш хэчнээн нүсэр ажиллагаа зарцуулсныг төсөөлдөг ч үгүй юм” хэмээн ярьсан. Мөн тэрээр хамгийн сүүлд Лениний музейгээр ороход хүрэл цутгамалын наагуур хөөсөнцөрөөр хана хийгээд халхалчихсан байсныг ярив.

Энэ бол музейн зөвхөн нэг үзмэр. Үүнээс гадна тавигдсан  үзмэр  бүхэн  өөр,  өөрийн  гэсэн  өндөр чанартай, яг тохируулан хийсэн гоёмсог хорго, гүнгэрваа,  тавиур,  самбар,  жааз,  хаалт,  хашлага,  шургуулга    зэргээр  тоноглосон  бөгөөд  тэр  тоног  нь  өөрөө  урлагийн бүтээлүүд байв. Манайхаас  тавьсан үзмэрүүд гол төлөв  жинхэнэ  эхээрээ  бол  ЗХУ-аас  авсан  В.И.Лениний  амьдралтай  холбогдох  түүхэн  баримт,  биет  үзмэр,  урлагийн  бүтээлүүд  нь  Москва хотын В.И.Лениний төв музейд хадгалсан жинхэнэ эхээс нь хамгийн шилмэл аргаар буулгасан эх өвтэйгээ дүйцэхүйц байсныг хэлэх хэрэгтэй юм.
1921  онд  Монголын  төлөөлөгчдийг Кремльд В.И.Ленин хүлээн  авч  уулзсан  албан  өрөөг  нь  яг  бодит  хэмжээ,  байдлаар  нь  хийж  байрлуулсан байсныг одоо мэдэх хүн цөөн. Уран  зургаас  хуулбарласан  зураач  Голубковын  “Первая  листовка”,  Виноградовын  “Выступление  В.И.Ленин  на  II ом  съезде  РСДРП”,  Бродскийн  “Выступление  В.И.Ленин  на  Путиловском  заводе”  гэсэн  алдарт  зургууд  нь  байсан  бол мөн “Ленин Гимназмст”, “Булыжник ору жие  пролетариата”,  “Ленин  в  Раз  ливе”,  “Ленин  в  шапке”,  “Ленин  облоко тивщийся”  зэрэг  баримлаас  гадна  цөөнгүй  зохиомж,  макет,  диаграм,  слайд   байсны  дээр  зөвхөн  төрөл  бүрийн  зурагт  хуудас  гэхэд  л  359  байсныг ярих хүн байна.  


Хосгүй үнэт үзмэртэй үнэгүй музей

Ингэж л уран гарт хүмүүсийн ачаар улсын төсөв зарлагадан байж Лениний музей 1980 оны долдугаар сарын 9-ний өдөр нээлтээ хийсэн юм. Энэ талаар тухайн үеийн төв хэвлэл “Үнэн” сонинд “Цэлмэг тэнгэрээс гэрэлт наран ээсэн зуны тунгалаг өглөө К.Маркс, Ф.Энгельс, В.И.Ленин, Д.Сүхбаатар, нөхөр Л.И.Брежнев, Ю.Цэдэнбал нарын хөрөг, уриа, лоозон улаан, цэнхэр далбаа, өнгө өнгийн цэцэг барьсан баяр хөөртэй олон зуун хүн нийслэл хотын баруун хойт дүүрэгт сүндэрлэн боссон В.И.Лениний шинэ музейн барилгын өмнөх цэлгэр талбайд хуран цугларсан байв...” хэмээн эхлээд үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг онцолж нөхөр Д.Моломжамцийн хэлсэн үгийг нийтэлжээ. Соёлын яамны таван жилийн төсвөөр долоон жилийн турш барьсан барилга тойрсон гэр хорооллоо амь оруулж байв. Тэр үед Лениний музейг барих шийдвэрийг гаргаад нийслэл хотыг баруун тийш нь тэлэх зорилгоор гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, даатгалтай айлуудад нь нөхөн төлбөр олгоод тус газар буурийг нь зассан юм билээ.
Ийнхүү боссон музейг МАХН-ын төв хорооны Нийгмийн институтийн мэдэлд хариуцуулж, Лениний үзэл суртлыг нийтэд таниулж, сурталчлахын тулд үнэ төлбөргүйгээр үзүүлэх шийд гарсан юм. Харин ашиглалтын зардлыг улсын төсвөөс тусгайлан гаргаж байсныг дээр дурдсан.


Лениний музейн хувь заяа


Төрийн өмчийн хороо шүүхийн шийдвэрийн дагуу В.И.Лениний музейн барилгыг хүлээн авч төрийн өмчид бүртгэн авч Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлэх юм. Харин балансад шилжүүлсний дараа ажлын хэсэг байгуулагдан  засварын ажил хийж Үлэг гүрвэлийн музейг оруулна. Хэдийгээр МАН-ынхан барилгыг хүлээлгэн өгөөгүй ч “Үлэг гүрвэлийн музей”-нхэн аль хэдийнэ зураг төслөө гаргачихаад байгаа. Ингэхдээ музейн барилгыг шууд ашиглалтад оруулж чадахгүй ч хэсэгчлэн засварлаад, үзмэрээ байруулахаар болсон. Харин МАН-аас хүлээлгэн өгөх үзмэрүүдийг холбогдох музейнүүдэд шилжүүлэх юм.


Түүхээ устгасан МАН-ынханаас ял асуух хэрэггүй юу

Сонины хоёр нүүр дамжуулан Лениний музейн тухай өгүүлээд байгаа ч үүнээс ч өөр бичих зүйл бий. Тухайн үед музейд ажиллаж байсан, үзмэр бүрийг үзэж харж байсан, мэдэх хүмүүсээс нь тодруулаад явбал үзмэрийн бүртгэл ч бий болчихоор. Гэтэл бүхэл бүтэн яамны таван жилийн төсөв хөрөнгөөр баригдсан музейн барилгыг зориулалтынх нь дагуу есхөн жил ашиглаад л эзэнгүй хотонд галзуу чоно орсон мэт хайр гамгүй үгүй хийчихсэн МАН-ынханаас ял асуумаар. В.И.Лениний хөшөөг буулгахад “Олон жилийн түүхтэй ууган намын түүхийг зориудаар үгүй хийж байна” хэмээн тухайн үедээ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Г.Занданшатар хэлж байсан. Тэгвэл тэд өөрсдийн гараар түүхээ үгүй хийчихэж.

Б.ЦЭДЭВСҮРЭН

1 Сэтгэгдэл
2018.12.8 nd uzej baina. bi ene muzein talaar sudalj baigaa oyutan yum. baga bagaar sudalsaar ene medeelel iig haraad uneheer zochirdoloo. odoo nii baigaa niigem uuniig tohchgui yu aldsanaa medehguu yvsaar l baina uuniig engeed marchihaar minii zugees mash haramsaltai l baina.
үнэхээр бүүр үнэхээр аймшигтай
mongolchuud asar ih vumaa ustgasan daa hezee negen tsagt oilgoh l bolno halaglaad barahgvi dee
2018.12.8 nd uzej baina. bi ene muzein talaar sudalj baigaa oyutan yum. baga bagaar sudalsaar ene medeelel iig haraad uneheer zochirdoloo. odoo nii baigaa niigem uuniig tohchgui yu aldsanaa medehguu yvsaar l baina uuniig engeed marchihaar minii zugees mash haramsaltai l baina.
Занданшатар аргагүй л түүхийн талаар маш нимгэн мэдлэгтэйгээ хариулж дээ. Тэгээд бас ямарч том албан тушаал хашиж байсан юм дээ. Ийм л хүмүүс манай намыг удирдаж байсан гэхээр харамсаар.МАН музуйг булаацалдалгүй ххүн чанар гаргаж, шударгаар хуучин хэвэнд нь оруулна биз дээ
Ardiin namiin medeld ch gesen buten uldsen bna. Huvi zaya ni burheg bolson busad baurilguudaa tor olj avaasai daa. Ard kino teatr neg galzuu soliotoi hunii omch bolood tureesiin bair bolsan. Eldev-Ochir kino teatr yalaa. Bur araas ni tsirk orj bna. Enenii derged buten avch uldseniig ni bas uneleh heregtei. Uym buhniig dandaa har talaas ni hardgaa hezee bolih ve
Хамгийн их уншсан