Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Батбаяр: 2020 оноос цааш барилдах ирээдүйн тамирчдаа бэлтгэж эхэлсэн


Манай чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид тив, дэлхийн аварга, универсиад наадмуудаас ганзага дүүрэн ирдэг болж, урьд үзүүлээгүй өндөр амжилт гаргаж байгаа билээ. Улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа энэ эмэгтэйчүүдийг дасгалжуулах үүргийг хүлээж яваа  шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяртай ярилцлаа. Ахлах дасгалжуулагчаар томилогдоод жилийн нүүр үзэж буй тэрээр саяхан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.   

-Гавьяат дасгалжуулагч болсонд баяр хүргэе. 2005 онд анх дасгалжуулагч болсон гэсэн байх аа?
-Тийм ээ, 2005 оны улсын аваргад барилдаад, тэр үед ид гарч ирж байсан хоёр бөхөд ялагдаад тамирчны карьераа төгсгөсөн дөө.

-Тэгээд л шууд дас­галжуулагч болохоор шийд­сэн хэрэг үү?
-Яг дасгалжуулагч болъё гэсэн шийдвэр гар­гаж амжаагүй байлаа. Тэр үед гавьяат тамирчин О.Пүрэ­в­баатар, ОУХМ Б.Батзориг бид хэдтэй “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ уул­заж, Батзоригийг 2008 оны олимпын наадамд бэлт­гэж өгөөч гэж хүссэн юм. Пүрэвбаатар бид хоёрыг дасгалжуулагчаар нь ажил­лаач, бүх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгье гээд Батзоригт 100 ам.метр талбайтай байр өгч байлаа. Тэгээд л Батзоригийн дасгал­жуулагчаар гурван жил ажил­ласан даа.

-Үүнээс хойш дасгал­жуулагч болохоор сэтгэл шулууджээ дээ?
-Батзоригийн дасгалжуу­лаг­чаар ажилласан үе маань ердөө эхлэл байсан. Дас­галжуулагч хүн маш олон төрлийн судалгаа шинжилгээ хийж, өөрийгөө дайчлан, бие даан сурч боловсрох хэрэгтэй юм билээ. Тэгээд гадаад хэл сурахаас эхлээд ном унших, интернэтээр судалгаа хийх гээд олон зүйлд суралцаж эхэлсэн. Багш маань намайг заавал дасгалжуулагч болно шүү гэж захидаг байсан нь ч нөлөөлсөн л дөө.

-Дасгалжуулагч болсны дараах анхны сорил тэм­цээнээсээ ганзага дүүрэн ирж байсан санагдана?
-2009 онд залуучуудын ба­гийн дасгалжуулагч болж ирээд  хоёр сар га­руй хугацаанд бэлтгэл хий­гээд Филиппин явсан. Филип­пиний Азийн аваргад оролцохын өмнө өөрийнхөө гар­гасан төлөвлөгөө, арга техникээр дасгал сур­гуулилтаа нэлээн сайн хийж, Азийн аваргаас нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл аваад ирж байлаа. Тухайн үед том сорилт байсан ч эргээд харахад нэлээн гайгүй давжээ гэж боддог.

-Та одоо эмэгтэй­чүүдийн шигшээ багийг дасгалжуулж байна. Танай баг тамирчдын ойрын зорилго юу байна?
-Ойрынх гэвэл 2016 оны олимпоор аварга тө­рүү­лэхийн тулд одооноос тө­лөв­лөгөө гаргаад бэлтгэл сур­гуулилтаа базааж байгаа. Хэ­­тийн зорилго гэвэл 2020 оны Токиогийн олимп байна даа.

-Дөрвөн жилийн хуга­цаанд одоо байгаа та­мирч­дын нас ахина. Мөн ба­рилдааны арга ч өөрч­лөгдөх байх. Шинэ залуу тамирчдаа яаж бэлтгэж байна вэ?
-Манай багийн гурван багш холбоотойгоо хамтраад чөлөөт бөхийн охидын ака­деми гэж байгуулаад бай­на. Энд 2020 оноос цааш барилдаж, эх орныхоо нэ­рийг олон улсад гаргах тамирчдыг бэлтгэж эхэлсэн. Мөн өсвөрийн улсын аваргад амжилт үзүүлсэн тамирчдаас 20 хүүхэд сонгож авч академидаа байрлах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Манай ирээдүйн аваргууд, амжилт үзүүлэх хүүхдүүд хөдөө орон нутагт л байна. Тэндээс аль болох олон хүүхэд авахаар ажиллана. 

-Ингэж шинэ залуу тамирчдыг бэлтгэхэд орчин нөхцөл, хөрөнгө мөнгө их л шаардагдах байх?
-Тамирчдадаа бид хэлдэг юм. Эхлээд өөрсдийгөө дээд хэмжээнд боловсруулсаны дараа орчин нөхцөлийн талаар ярь. Хэдий бэлтгэлийн заал  маань муу ч гэсэн бид эндээс эхэлсэн учраас эндээ дуусгана гэдэг. Ер нь, тамирчин хүн юун түрүүнд орчин нөхцөл шаардахаас илүү өөртөө өндөр шаардлага тавих хэрэгтэй.

-Магадгүй та 90-ээд оны тамирчин учраас о­доо­­­­­гийн хүүхдүүдийг бод­­­­­вол илүү хүнд үеийг ү­зэж, хал суусан байх л даа?
-Тийм ээ, манай үеийн тамирчид уулзахаараа ярьдаг юм. Бид бол завсарын үеийн тамирчид гэж. Гэхдээ бидний дундаас өндөр амжилт гаргасан тамирчид цөөнгүй бий. Ардчилал гараад удаагүй байсан болохоор нийгэм, эдийн засаг ч хүнд байсан. Одоогийн том компаниуд бизнест дөнгөж хөл тавьж байсан үе. Гэхдээ тэр үед бидэнд тусалдаг хүмүүс олон байсан юм шүү. Гадаад руу тэмцээн уралдаанд явах болоход санхүүгээр биш юм гэхэд бараа материалаасаа өгдөг. Тэрийг нь бид өөрсдөө зарж борлуулаад тэмцээндээ ордог байлаа.

-Та ер нь хэзээ энэ спор­тод хөл тавьсан юм бэ?
-1988 онд аав минь намайг Монген цогцолборт хөтөлж авчраад ОУХМ Н.Ганбаатар багшид шавь оруулсан юм. Миний ах, гавьяат тамирчин Б.Болд тухайн үедээ өндөр амжилт гаргасан, нэр хүндтэй тамирчин байсан болохоор үлгэр дуурайлал нь хэдэн дүү нартаа их нөлөөлсөн л дөө. Манайх долоон хүүтэй болохоор ч тэр үү бөхөөр л амьсгалсан айл байсан.
Чөлөөтөөр хичээллээд хоёр жилийн дараа анхны тэмцээндээ оролцсон. Тэр үед тэмцээнд орох гэж их яардаг, хэзээ оруулах юм бэ гэж багшаасаа байнга асууна. Пионерын байгууллагын нэрэмжит тэмцээн гэж тэр үед болдог байсан юм. Маш нэр хүндтэй тэмцээн. Медаль авсан хүүхдүүдийн тухай “Үнэн” сонинд гардаг. Тэр тэмцээнд анх удаа оролцоод гуравдугаар байр эзэлж билээ.

-Тэр үед тамирчдыг маш удаан бэлтгэж байж тэмцээн уралдаанд орол­цуулдаг байжээ?
-Тийм ээ, багш намайг гурван сар гимнастик, нэг сар хөнгөн атлетикт явуулаад би сүүлдээ зугтааж байж бөхийн секцэндээ ордог байсан шүү. Одоо бол хүүхдүүд хэдхэн сар хичээллээд л тэмцээнд ордог болсон байна. Энэ нь магадгүй багшийн арга барил, сургалттай холбоотой байх.

-Таныг УАШТ-ээс ме­даль хүртээгүй  хэрнээ ДАШТ-д орсон цөөхөн та­мирч­дын нэг гэдэг. Тэр тэм­цээнийхээ талаар яриач?
-1997 оны ДАШТ л дээ. Тэр жил улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан юм. Гэтэл УАШТ-ий эхний гурван байр эзэлсэн тамирчин олон улсын тэмцээнд амжилт муутай оролцсон байсан. Дээр нь, аварга болсон Гансүх ах мөрөндөө гэмтэлтэй гээд дэлхийн аваргад оролцох боломжгүй болсон. Тэгээд би улсын аваргаас медаль аваагүй хэрнээ дэлхийн аваргад оролцсон юм. Ийм тохиолдол ховор л доо. Энэ тэмцээн надад туршлага гэхээс илүү олон зүйлийг нээж өгсөн.

 Б.МӨНХБАТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан