Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүтээн байгуулалт хэдэн хүний амиар босдог вэ

Баригдсан барилга бүр нь ашиглалтад ордог супер бүтээн байгуулалтын үед бид амьдарч байна. Хүний аминд хүрсэн “барилга” хүртэл өдрөөс өдөрт өнгө орж, иргэдийн нүдэн дээр оффис, үйлчилгээний зориулалттай тансаг зэрэглэлийн талбай болон хувирч байгаа нь үүнийг гэрчилнэ. Цаашид ч тансаг гэхэд хэтэрхий тансаг зэрэглэлийн, хүний аминаас үнэтэй барилга олон баригдах нь ч баталгаатай.

Учир нь, он гарсаар барилгын ажил нь үргэлжилж байгаа газруудад хүний амь нас эрсэдсэн хэд, хэдэн тохиолдол бүртгэгдээд байна. Дийлэнх нь барилгын компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон буюу хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй гэдгийг мэргэжлийн байцаагч дүгнэлтээр баталсан байдаг. Гэвч хүний амь үрэгдсэнд хүлээлгэх хариуцлага нь хэтэрхий сул байгаагаас энэ төрлийн осол, аваар цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.

Үүнийг зөвхөн өчигдөр гарсан барилгын гурван ослоор сийрүүлж болох бөгөөд барилга хариуцсан мэргэжлийн хяналтын болон барилгын дотоод хяналтын систем алдагдсаныг ч давхар гэрчилж болох юм. Тиймээс амьд явах баталгаа нэхэж, амь насыг хэдээр үнэлдэг талаарх талцал эрх мэдэлтэн, энгийн иргэдийн дунд өрнөж байна. Барилга, бүтээн байгуулалт эрчимжихтэй зэрэгцэн өрнөж буй энэ маргаан аль ч цаг үед байсан ч, 2012 онд унасан барилгын кранаас эхлээд эрчээ авсныг хэн бүр мэднэ. Тухайн үед осол барилгын талбайд бус хамгаалалтын бүсийн гадна гарч, бага насны хүүхэд амь үрэгдсэнд энгийн иргэдээс эхлээд төрийн тэргүүн хүртэл харамсч байгаагаа илэрхийлсэн. Нэгэнт төрийн тэргүүн барилгын салбарын талаар хэдэн үг хэлсэн учраас дээр, дооргүй дарга, цэрэг хөдөлгөж, борви бохисхийлгүй ажиллахад хүргэж байв. Гэвч хэдхэн сарын дараа кран унасан гэдгийг бүх хүн мартах шахсан. Талийгаачийн эцэг хэвлэлийн хурал зарлаж, барилгын компанийн өмнө хүчин мөхөсдөж байгаагаа үе, үе сануулж байсны хүчинд л хууль, хяналтын байгууллагыг хөдөлгөж байв. Үгүй бол 11-хэн настай охины үхэл үнэ цэнэгүй болж, барилгын салбарын булайг хэн нэгэн хөнгөн мушилзаад дараад л өнгөрөх байв.

Осол яагаад гардаг вэ

Сүүлийн гурван жилийн дотор (2014 оны судалгаа ороогүй) манай улсад 1200 гаруй үйлдвэрлэлийн осол гарсан байна. Эдгээрээс барилгын осол 200 гаруйг нь эзлэх бөгөөд  67 хүн нас барсан бол 73 хүн хүнд, 45 нь хөнгөн бэртэж, 37 хүн тахир дутуу, 81 нь хөдөлмөрийн чадвараа түр алджээ. Харин осол гарсан дийлэнх шалтгааныг техникийн эвдрэл болон аюулгүй ажиллагааны горим зөрчсөн шалтгаанууд эзэлсэн хэмээн Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас мэдээлж байна. Үүнд, хяналтын болон барилга доторх өөрийн хяналтын буюу хөдөлмөр хамгааллын мэрэгжилтнүүдийн алдаа дутагдал нэрлэгдэх нь зүй. Тухайлбал, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй барилгын захиалагч байгууллага болон гүйцэтгэгч компаниуд, төрийн хууль тогтоомжийг зөрчих, дур зоргоороо авирлах, үл тоомсорлох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны наад захын дүрэм, журмыг биелүүлдэггүйн улмаас хүний амь үрэгдсэн осол гардаг гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолдог. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллага өөрөө шаардлага хүргүүлэхээс хэтрэхгүй гэдгийг иргэд шүүн хэлэлцэж байна. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн заалтын хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын газар (МХГ) хангуулах үүрэгтэй байдаг. Гэсэн ч хүн үрэгдсэний дараа МХГ хөл, хөдөлгөөнд ордог хэмээн иргэд ихээр шүүмжилсээр байна. Харин МХГ  зөрчлөө арилгуулах хүртэлх хугацаагаар албан шаардлага өгөх л эрхтэй. Үйл ажиллагааг нь зогсоох дээрээ тулбал хүний амь нас эрсдэх аюул учирсан нь тогтоогдсон тохиолдолд л зогсооно гэж холбогдох хуульд заажээ. Дээрээс нь барилгын асуудлыг Барилга, хот байгуулалтын яам зэрэг олон өөр байгууллага хариуцдаг учраас энэ салбарт хариуцлага хүлээх “эрхтэй” байгууллага олдохгүй байгаа аж. Жишээлбэл, барилгын талбайн аюулгүй зохион байгуулалт хамгийн түрүүнд хаалт хамгаалалт, хашаанаас эхэлдэг. Хашаан доторх талбайн аюулгүй зохион байгуулалт нь стандартын бус газар олголттой холбогддог аж. Учир нь, нийслэлийн барилга байшин барьж байгаа газрын хэмжээ бага учраас стандарт зөрчдөг гэсэн судалгаа гарчээ. Иймээс МХГ барилгын ажил явагдаж буй талбайд шалгалт хийхдээ, зөвшөөрөл авчихсан газарт нь тааруулж, хашаа хашлагаа хэрхэн барихыг зөвлөхөөс хэтэрдэггүй байна. Энэ шалтгааны улмаас барилгын хашааны гадна яваа хүмүүс ч эрсдэлд өртөх магадлал өндөрсдөг аж. Тэгэхээр барилгын болон хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах нь газар олголтоос эхлээд яригдах чухал асуудал болоод байгаа юм. Гэвч МХГ-аас шалгалтын явцад албан шаардлага өгөхөөс өөр арга хэмжээ авч болох гарц бий гэдгийг мэргэжлийн байгууллагууд тодотгож байсан. Тухайлбал, МХГ-ын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг албадан биелүүлдэг хууль эрх зүйн орчинг бүрдүүлбэл, газар дээр нь арга хэмжээ авах боломж бий гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Хэрэг хэрхэн шийдэгддэг вэ

Олны анхаарлын төвд байдаг барилгын ослууд гэнэтийн ослын төрөлд ордог. Өөрөөр хэлбэл, барилгын талбайд байгаагүй, барилга дээр ажиллаагүй байж барилгын ослын золиос болдог хэргүүд. Хэрэг гарч шийдэгдсэн байдлыг харвал, барилгын үндсэн захиалагч болоод туслан гүйцэтгэгч нарын хооронд хийгдсэн гэрээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, үндсэн захиалагч бус барилгын ажлыг гэрээгээр гүйцэтгэж байсан туслах компани талбайн аюулгүй байдлыг хангаж, ажилчдыг ажлын багаж зэвсгээр бүрэн хангах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүрэг хүлээдэг. Осол нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас гардаг учраас хүний амь үрэгдсэн хэрэг Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйл, Аюулгүй ажиллагааны журам зөрчих гэснээр дийлэнхдээ зохицуулагдаж байна. Энэ хуулийн 183.1-т “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Тиймээс хөдөлмөр, аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүн нас барах нь дэндүү харамсалтай, цаанаа хүлээх хариуцлага нь хэтэрхий бага тусдаг аж. Жишээ нь, энэ төрлийн “гэмт хэргийн” золиос болж, олны анхаарлыг татсан хэргүүдийг түүвэрлэн хүргэж байна.   

2012 оны есдүгээр сарын 3-ны өдөр ээжтэйгээ зам хөндлөн гарч явсан Б.Е охин барилгын бетон шахагч кранд дарагдсаны улмаас нас барав. Олон тонн жинтэй кран унахдаа охины талд унасан учраас газар дээрээ нас барсан. Ослын дараа “Төгс гүрэн” компанийн холбогдох хүмүүст Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгав. Хэрэгт есөн хүнийг холбогдуулан шалгасан бөгөөд Баянгол дүүргийн шүүх хэргийг хэлэлцээд “Орд гео” компанид бетон зуурмаг шахагч автопомпны оператор жолоочоор ажиллаж байсан Г.Г-т Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар нэг жил зургаан сарын хорих ялаар, мөн компанид бетон зуурмаг шахагч автопомпны туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Д-д мөн Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Монголын хот байгуулалтын хүрээлэн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батболд, “Төгс Гүрэн” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Болд нарт Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар тус тус тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хоёр жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр болсон. Түүнчлэн “Орд гео” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Саранхүү, “Буянтрак” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Буянтэгш, “Премиум Конкрет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Батмөнх нарын урьд явуулж байсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч тус бүрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28 сая 80 мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг. Харин “Премиум конкрет” компанийн хөдөлмөр хамгааллын ажилтнаар ажиллаж байсан С.Очирсүрэн, Консолит компанийн хяналтын менежерээр ажиллаж байсан Б.Баттулга нарын үйлдлийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгосон байдаг.

2012 оны есдүгээр сарын 7-ны өдөр буюу дээрх хэргээс хэдхэн хоногийн дараа  Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутагт “Хурд” группийн захиалгаар барьж буй “Рапид” харшийн барилгын кран хугарч, кранист 26 настай С гэх залуу нас барсан. Тэрээр барилгын материалаа өргөж байсан бөгөөд краны оройн хэсэг хугарсан.   

2012 оны есдүгээр сарын 18. Ганцхан сарын дотор золгүйгээр амь үрэгдсэн гурав дахь тохиолдол. К.П гэгч нь нийтийн эзэмшлийн усан оргилуур барина гэж анх газрын зөвшөөрөл авсан байдаг бөгөөд 16/24-ийн хэмжээтэй барилгын хамт усан оргилуур барихаар зураг төслөө өөрчилсөн. Гэтэл усан оргилуур нь үйлчилгээний төв болон хувирч 30/24 хэмжээтэй 16 давхар барилга болсон байдаг. Улмаар зөвшөөрөлгүй үргэлжилж байсан энэ барилгын дээрээс төмөр унахдаа доор нь алхаж байсан 25-хан настай залуугийн толгойг оносны улмаас тэрээр газар дээрээ нас барсан. Тухайн үед барилгын гүйцэтгэгч компани гэх “Модун спед” компанийн захирал, менежер нар олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн юм.  Тэд хохирогчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд өнгөрсөн байдаг. Харин энэ хэргийн шүүх хурал хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн бөгөөд барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг мөрдөөгүйгээс үүдэн гарсан энэхүү хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх шийдвэрлэсэн. Дүүргийн прокурорын газраас “Модун спед” компанийн захирал, тус компанийн Хөдөлмөр хамгааллын зааварлагч инженер нарыг уг хэрэгт буруутай хэмээн Эрүүгийн хуулийн 183.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх Т.Б-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.8 сая төгрөгөөр торгосон бол, М.Ц-д хоёр жилийн хорих ял ногдуулаад нэг жил зургаан сарыг нь тэнсэн харгалзсан юм.    
2012 оны арваннэгдүгээр сарын 7. Баянзүрх дүүргийн X хороонд баригдаж байсан “Асар шим” компанийн барилгын гурван давхарт ажиллаж байсан 33 настай Э өндөр хүчдэлд цохиулж, нас барсан.

 2013 оны дөрөвдүгээр сарын 29. Баянгол дүүргийн III хороо Нарны гүүр, Энхтайваны гүүрний хооронд байрлах “Хурд” компанийн “Нарны хороолол”-ын барилгад ажиллаж байсан 40 настай ажилчны дээрээс төмөр сапуд унаж нас барсан. Тэрээр “Шинэ их холдолт” компанийн харьяат ажилчин бөгөөд байрны дэргэд цемент зөөж явсан байна. Энэ үед барилгын есөн давхарт нь “Минимакс” компанийн ажилчид кранаар сапуд өргөж байснаа алдсан байдаг.
2013 оны тавдугаар сарын 17. Төв шуудангийн замын урд баригдаж байсан барилгаас төмөр унаж, авто замаар зорчиж явсан автобусны дээрээс цөмөрч орсон хэрэг гарсан. Бага зэргийн хүчтэй салхи шуурахад урт төмөр унаж, автобусны дээврийг цөмөлж, зорчиж явсан жижиг машины цонх, шилийг хагалсан. Тухайн үед автобусанд явсан 10 гаруй хүний нэг ч бэртэж, гэмтээгүй.
2014 нэгдүгээр сарын 7. “Макс” группийн барилга  дээрээс  төмөр унаж автомашинд зорчиж явсан 36 настай Б газар дээрээ нас барсан. Барилгаас унасан төмөр талийгаачийн толгойг сүлбэсний улмаас нас барсан энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Осол барилгын материалыг дээш зөөдөг дамнуургын олс тасарсны улмаас гарсан. Тус барилгын ажлыг зогсоох шийдвэрийг МХГ гаргасан ч БХБЯ-наас зөвшөөрөл авч барилгын ажлаа үргэлжлүүлж байсан.

2014 оны дөрөвдүгээр сарын 18. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “S-Outlet” дэлгүүрийн баруун талын барилгаас кран унасан. Унахдаа нарны замыг тэгнэн унасан бөгөөд тухайн үед замаар явган болон автомашинтай зорчигч яваагүй тул хүн бэртээгүй. Газар дээр нь ажилласан улсын байцаагч “Краныг буруу байрлуулсан” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Одоогоор ослын шалтгааны албан ёсны хариу гараагүй байна.

2014 оны дөрөвдүгээр сарын 23. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Хүннү” хорооллын барилгаас хүн унаж, амиа алдсан осол энэ өдөр гарсан. Тус хорооллын барилгыг “Хурд” групп барьж буй бөгөөд барилга дээр ажиллаж байсан ажилтан барилгаас унаж, амиа алдсан гэдгийг “Japan town” хорооллын оршин суугчийн мэдээлснээр цагдаагийн ажилтнууд очиж шалгасан. Шүүх эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагынхан ослын газарт ажиллаж, цогцсыг буулгасан байна. Ослын хохирогч нь 25 орчим насны залуу байсан.
2014 оны дөрөвдүгээр сарын 24 буюу өчигдөр. Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй “Аmure” зочид буудлын барилгын өргөтгөлөөс төмөр унаж, ээжийнхээ хамтаар явж байсан охины толгойд тусчээ. Охин Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тархиндаа оёдол тавиулсан. Өмнө нь буюу өнгөрсөн оны аравдугаар сард мөн зочид буудлын өргөтгөлийн барилга дээр ажиллаж байсан гэрээт ажилчин 46 настай, эрэгтэй Э хоёрдугаар давхарт цахилгааны ажил хийж байгаад хонгилд унаж, баруун хөлөө хугалж гэмтээсэн хэрэг гарч байжээ. Мөн өчигдөр хүчтэй салхины улмаас хэд, хэдэн барилгын дээвэр хуурч, хоёр гурван машин тэгнэн унасан байна. Түүнчлэн Соёл урлагийн сургуулийн хананы зарим хэсэг нурж, иргэдийн толгой дээр унажээ.

Монгол хүний амь насыг хэрхэн үнэлэх ёстой вэ

Дэлхийн улс орнуудад хүний амь насыг үнэлэх эрүүл мэндийн эдийн засаг гэсэн шинэ салбар хөгжиж байна. Улс орнууд өөр, өөрийнхөө онцлогт тохируулан бий болгодог энэ үнэлгээг Монголд ч нэвтрүүлэх шаардлагатай байгааг Хүний эрхийн хуульч М.Ичинноров хэлж байсан. Тэрээр Австралийн жишгээр монгол хүний амийг үнэлэх томъёоллыг санал болгосон юм. Жишээ нь, VSL \Value of Statistical Life\ буюу хүний амьдралын статистик үнэ цэнийг тогтоохдоо тухайн хүний насалсан насыг тухайн орны эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын тооноос хасч, амьдрах байсан он жилүүдийн тоог тухайн орны иргэний нэг хүнд ногдох ДНБ-ий тоонд үржүүлэн гаргадаг. Энэ томъёоллоор австрали хүний амь насны дундаж үнэлэмжийг мөнгөн дүнд шилжүүлбэл 3.5 сая долларт хүрч байна. Харин монгол хүний үнэлэмжийг одоо байгаа ДНБ-ээр бодоход 100 саяас 300 сая төгрөг болох боломжтой бөгөөд энэ нь буруутай этгээдээс нас барсан хүний ар гэрийнхэнд төлдөг оршуулгын 300 мянгаас 1 сая төгрөгтэй харьцуулахад том дэвшил хэмээсэн. Түүнээс энэ санаачилгынх нь талаар тодруулахад “Сүүлийн үед барилгатай холбоотой осол их гарч байна. Миний санаачилсан Авсралийн томъёоллоор гаргаж ирсэн монгол хүний амь насыг үнэлэх үнэлэмжийг дэмжсэн байгууллага, иргэн одоогоор алга. Уг нь, бусдын буруутай үйл ажиллагаанаас болж амь насаа алдсан осол шил шилээ даран гарч байна. Хөндөх ёстой л асуудал шүү дээ” гэв. 

Ямартай ч, хүнд эд хөрөнгийн хохирол учруулбал заавал төлүүлдэг хэрнээ хүний алтан амийг үнэлж нөхөн төлдөггүй нь буруу тогтолцоо. Хэдийгээр хүний алтан амийг мөнгөөр хэмжих боломжгүй ч, ядаж тодорхой хэмжээнд үнэлдэг болсноор Монгол Улсад иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах эрх баталгаатай болж, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд нэн нөлөөтэй болох юм. Хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан аж ахуйн нэгж, төрийн байгууллага мөнгөн хариуцлага үүрдэг болсноор нийгэм бүхэлдээ хариуцлагатай, соёлтой болох алхам тавигдана. Энэ үйл явдал Монголд эрх зүйн төдийгүй нийгмийн маш чухал хөгжил, дэвшлийг бий болгоно хэмээн Хүний эрхийн хуульч онцолж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан