Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францаас хуурамч бараа авч гарна гэж үгүй

Гадаадтай ямар ч харилцаа холбоогүй тусгаар улс гэж байдаггүй. Тиймээс тусгаар улс байсан цагт гааль заавал орших болно. Ямар ч улсын хувьд гааль гэдэг тухайн улсын нэрийн хуудас болдог төдийгүй гаднаас хор оруулахгүй, дотроос эрдэнээ алдахгүй гэсэн баталгаа болдог. Тиймээс гадаад руу ажил хэрэг, аялал жуулчлалаар явж байгаа хүмүүс тухайн улсын гаалиар ямар зүйл оруулдаггүй бас гаргадаггүй талаар урьдчилан судлаж мэдсэн байхад илүүдэхгүй. Ялангуяа жуулчин болгон очсон орныхоо онцлогийг харуулсан эртний эдлэл, чамин зүйлс авах гэдэг болохоор гаалийн хууль дүрмийг эртнээс мэдэж байхад илүүдэхгүй. Иймд орон орны гаалийн онцлогоос уншигч танд хүргэж байна.


Египет

Энэ улс урин дулаан уур амьсгалтай олон тооны амралтын газар, эртний түүх, соёлоороо алдартай болохоор жил бүр гадаадын олон сая жуулчин хүлээн авдаг. Жуулчид очсон газраасаа бэлэг дурсгалын зүйл заавал авч гарах гэдэг нь бичигдээгүй хууль. Иймд Египетийн гааль эртний үнэт зүйл, ан амьтан гээд  маш олон зүйлийг авч гарахыг хатуу хориглодог. Тухайлбал, шүр, далайн хясаа, зааны яснаас эхлээд далайн зараа, матрын чихмэл хүртэл маш олон зүйлийг авч гарахыг хатуу хориглоно. Эртний түүхийн дурсгалт зүйлсийг авч гарахыг ганцхан тохиолдолд зөвшөөрдөг. Танд тухайн зүйлийн худалдсан хүн эртний эдлэл наймаалах тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Иймд эртний эдлэл худалдаж авахын тулд худалдагчийг сертификатаа өгөхийг хүсэх хэрэгтэй. Сертификат дээр тухайн эд зүйл нь Египетийн түүх, соёлын өвд хамаарахгүй гэдгийг заавал заасан байх ёстой. Ийм сертификатгүй хүнээс худалдаж авсан эртний эдлэлийг гааль дээр хурааж аваад зогсохгүй контрбанд хийхийг завдсан гэж шүүх, цагдаа болж үйлээ үзнэ гэсэн үг. Тэгэхээр эртний зүйл авахын өмнө сайн бодох хэрэгтэй. Харин алтан эдлэлийн тухайд үнийн дүн нь 3000 ам.доллараас хэтрээгүйг авч гарч болно.

Турк

Турк мөн л эртний өв соёлоор арвин тул эртний эдлэл худалдаж авсан жуулчин хилээр гарахын тулд багагүй бэрхшээлтэй тулгарна. Гааль дээр эхлээд эртний эдлэлийн насжилтыг тодорхойлж, 50 ба түүнээс олон жилийн өмнөх эд зүйл бол шууд хураан авна. Тэгэхээр худалдан авсан эртний эдлэлийн насжилтийн аль нэг музейд хандан тэндэхийн шинжээчээр насыг тодорхойлуулдаг. Эндээс эртний эдлэл авна гэдэг Египетээс дутахааргүй адармаатай ажил тул авахын өмнө сайн бодох хэрэгтэй. Турк улс гар хийцийн хивсээрээ алдартай болохоор жуулчид авахыг хүсэх нь зүйн хэрэг. Гэтэл хивсийг мөн л эртний эдлэлтэй адил насжилтыг тогтоох хэрэгтэй болно. Тэгээд тавь ба түүнээс олон жилийн өмнө нэхсэн хивс бол гаргахыг хориглох бөгөөд хураан авна. Гар хийцийн тансаг хивс худалдаж авахын өмнө багаар бодож хэдэн жилийн өмнө нэхэгдсэн эд вэ гэдгийг лавлаад, тодорхойлолт бичиг хийлгэхэд гэмгүй. Хилээр авч гарахыг зөвшөөрдөг алт, үнэт эдлэлийн хувьд нийт үнийн дүн нь 15 мянган ам.доллараас хэтрэхгүй байх ёстой. Үүнийг яаж тогтоох вэ гэхээр кассын тасалбараар.

Арабын Нэгдсэн Эмират

Эмират маш хатуу хуультай. Гэхдээ гаалийн хязгаарлалтаараа дээр нэр гарсан хоёр улсаас арай зөөлөн гэдэг. Үнэт эдлэл, хивсийг худалдан авсан тасалбар байгаа тохиолдолд авч гарахыг зөвшөөрнө. Хамгийн гол нь эдгээр зүйлс нь Эмиратын түүх болон соёлын өвд хамаарахгүй байх ёстой. Мөн зэрлэг амьтдыг улсаасаа гаргадаггүй.

Тайланд

Үнэт эдлэлийг кассын тасалбар болон түүх ба соёлын өвд хамаарахгүй гэсэн сертификат олгодог дэлгүүр, лангуу, хүнээс авах ёстой. Үгүй бол хилээр гаргахгүй. Эртний эдлэл авч гарах хэрэгтэй бол дүрслэх урлагийн асуудал хариуцсан тусгай албанд хандаж зөвшөөрөл хүснэ. Зөвшөөрөөд лиценз өгвөл эртний эдлэлийг гаргана, өгөхгүй бол хурааж авна. Зааны яс, боловсруулж засаагүй шүр гаргахгүй. Будда бурханыг үндэсний өв гэж үздэг тул зураг, баримал, сийлбэр гээд ямар ч байдлаар хийсэн бай улсаас гаргахыг хориглоно. Харин зөвхөн өөрөө зүүхээр авсан сахиус хэлбэртэй жижиг Буддаг  гаргахыг л зөвшөөрдөг.

Энэтхэг

Энэтхэгт могой, матар гэх мэт хэвлээр явагч амьтдын арьсаар хийсэн бүх л эдлэлийг гаргахыг хориглодог. Мөн зэрлэг амьтдын арьс, ширээр хийсэн эд зүйл гаргахгүй. Зуу ба түүнээс дээш насжилттай эртний эдлэлийг улсаасаа гаргадаггүй. Хэдийд хийсэн, аль үеийнхээс үл хамаараад зоосон ба цаасан мөнгө гаргахыг хориглодог. Иймд Энэтхэгээс гарахын өмнө рупийг өөр валютаар сольсон нь зөв. Биед байгаа 2000 ба түүнээс дээш ам.долларыг гаалийн мэдүүлэг дээрээ заах ёстой. Мөн мөнгийг хууль ёсоор олж авсан гэдгээ батална.

Вьетнам

Вьетнамын гаалийн хууль Тайландтай төстэй. Шүр, зэрлэг амьтад гаргах хориотой. Ховорт тооцогддог ургамал, яст мэлхийн чихмэл, эртний эдлэлийг мөн л хилээр гаргахгүй. Гар урлал, үнэт эдлэлийг хилээр гаргахын тулд кассын тасалбар үзүүлэх ёстой. Алтан эдлэлийн жин 300 граммаас хэтрээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл шаардалгүйгээр гаргах боломжтой. Энэ хэмжээнээс илүү жинтэй алтан эдлэл гаргах бол Төв банкны зөвшөөрөл хэрэгтэй.

Бали

Индонезийн энэ арлын гаалийн журам Ерөнхийдөө Энэтхэг Хятадын хойгийн орнуудынхтай адил. Ховордсон ан амьтан, шувуу, ургамал, шүр, далайн хясаа зэргийг гаргахгүй. Эртний эдлэлийг мөн гаргахгүй.

Израйль

Тусгай зөвшөөрөлгүйгээр ургамал эсвэл амьтан гаргахгүй. Эртний эдлэлийн талаар маш хатуу журамтай. Эртний эдлэл гаргахын тулд тусгай газраас зөвшөөрөл авна. Зөвшөөрөл дээр тус газрын захирлын гарын үсэг заавал байх ёстой.

Кипр

Арлын энэ улсын гаалийн хязгаарлалт журам нэлээд өвөрмөц. Жимс, жимсгэнэ, амьд ургамал оруулах хориотой. Мөн тоть шувуу оруулж болохгүй. Зохиогчийн эрхийн хуулийг хатуу мөрддөг тул хууль бусаар хуулж авсан кино, хөгжим, тоглоом зэргийг оруулахгүй бас гаргахгүй. Эртний эдлэлийг тусгай газрын зөвшөөрөлгүйгээр гаргахгүй. Мөнгө, үнэт чулуу, сувдны агуулга нь 25 хувиас хэтрээгүй эд зүйлсийг жуулчид авч гарч болно. Хувийн хэрэглээний эд зүйлс үүнд хамаарахгүй.

Грек

Грекчүүд түүхий өв соёлдоо маш гамтай ханддаг. Тиймээс улс болгоны гаальд байдаг уламжлалт гэмээр хорио, цээрээс гадна Грекээс эртний эд зүйлс гаргахыг хатуу хориглосон. Үүнд нь  археологийн судалгаа хийж байгаа газраас авсан жирийн чулуу хүртэл ордог. Мөн далайн ёроолоос олдсон бүх зүйл багтана. Гааль дээр иймэрхүү зүйлсийг шууд хурааж аваад явуулна, эвгүйтвэл контрбанд хийсэн хэргээр цагдаад шалгагдах хэрэг гарна. Гэхдээ жуулчид эртний эдлэлийн хуулбарыг авч гарч болно. Үнэт эдлэл, орчин үеийн урлагийн бүтээл гэх мэт үнэ ихтэй зүйлс авбал хууль ёсоор авсан гэдгээ гааль дээр батлахын тулд заавал кассын тасалбараа үзүүлэх хэрэгтэй болно.

Хорват

Түүх эсвэл соёлын өвд хамаардаг гэж үзсэн бүх л зүйлсийг Хорватын гааль дээр шууд хурааж авна. Авч гарахыг ихэд хүсвэл энэ асуудлыг хариуцсан тусгай албанд хандан зөвшөөрөл авна. Мөн зэрлэг араатан амьтдын арьсыг үнэт өвд оруулан тооцдог.

Итали

Бэлэг дурсгалын зүйл худалдан аваад гарахад асуудалгүй ч тухайн эдийн нас нь 100 жилээс давбал шалгуулах шаардлагатай болно. Ийм эдийг шууд эртний эдлэлийн тоонд оруулан хураадаг. Археологийн малтлага хийж байгаа газраас олдсон үнэт ба жирийн эдлэлүүд мөн энэ ангилалд ордог. Эртний эдлэлийг авч гарахын тулд Италийн соёлын яамнаас зөвшөөрөл авах хэрэгтэй.

Испани

Испани руу мансууруулах бодис, зэвсэг оруулах, гаргах хориотой. Эртний эдлэлийн тухайд Европын холбоонд мөрддөг хуультай адил. Тус улсаас 2500 хүртлэх еврог гарал үүслийг нотлох бичиг баримтгүйгээр авч гарах боломжтой. Хувийн хэрэглээний эд зүйлсийг авч гарахад хориглохгүй ч харин тамхийг найман блокоос илүүг гаргахгүй.

Франц

Улс болгоны гаальд байдаг зэвсэг, хар тамхи, түүх ба соёлын өвийг гаргахгүй хууль энд адил мөрдөгддөг. Онцлог нь гэвэл дэлхий дахинаа Францын нэрийг өргөж байдаг алдартай брэндийн хувцас, эд хэрэглэлд онцгой анхаарна. Жишээлэхэд, та өөрөө ч мэдэлгүй эндээс “Кристан Диор” –ын хуурамч үнэртэй ус авч яваа бол гааль дээр шалгаад жинхэнэ биш гэдгийг нь тогтоовол хилээр нэвтрүүлэхгүй. Буцаж гарахад ч мөн адил. Тэгэхээр алдартай брэнд барааг хямд авчихлаа гэж баярлах хэрэггүй. Хил дээр хураагаад хаанаас авсан гээд бөөн асуудал үүсэх тул нэрийн барааны дэлгүүрээс нь зохих үнээр авсан нь дээр.

Финлянд

Финлянд руу 20 –иос дээш насны хүн согтууруулах ундаа, тамхийг чөлөөтэй авч орохыг зөвшөөрнө. Биедээ нэг дор 12 литрээс ихгүй шар айраг авч орж болно. Хатуулаг ихтэй согтууруулах ундааны хэмжээ таван литрээс хэтрэхгүй байх ёстой. Урлагийн бүтээл худалдан авбал кассын тасалбараас гадна худалдагчаас өгдөг тусгай баримтаар баталгаажих ёстой.

Швед

Швед Европын орнуудтай адил гаалийн журамтай. Ургамал, амьтдыг зөвхөн тусгай баримт бичигтэй бол гаргана. Амьтдын дагалдах баримтыг малын эмч, ургамлын баримтыг өөр тусгай зөвшөөрлөөр авах хэрэгтэй. Анхаарах зүйл гэвэл нойрсуулах, тайвшруулах, сэргээх гээд хувийн зорилгоор ашигладаг эм, бэлдмэлд хянамгай хандах хэрэгтэй. Яах авсан, хаанаас авсан гэх мэт янз бүрийн асуулт, байцаалтад орж магадгүй.

Болгар

Болгараас 50 ба түүнээс илүү насжилттай эртний эд, үнэт эдлэл гаргахыг хориглодог. Ийм эд зүйл түүхийн үнэт өвд тооцогдоогүй тохиолдолд тусгай мэдүүлэгт заах ёстой. Үнэхээр ховор эдийг Музей, дүрслэх урлагийн үндэсний төвийн зөвшөөрөл шаардлагатай. Дэлгүүрээс авсан бэлэг дурсгалуудаас тусгай зөвшөөрөл нэхдэггүй.

Чех

Ховор ургамал, амьтан гаргахгүй. Ашигт малтмалыг мөн хориглоно. Хууль бусаар хуулбарлаж авсан кино, тоглоом, программ зэргийг мөн л оруулахгүй бас гаргахгүй.

Доминикан

Энэ улсаас зарим төрлийн ургамал авч гарахыг хориглодог. Тухайлбал, цахирмаа гэх мэт ховордсон цэцэг, дал модны голыг авч гарахын хориглоно. Далайн ёроолоос олсон эд зүйлсийг мөн л гаргахгүй. Нэг 50 ширхэгээс ихгүй тооны навчин тамхи авч гарахын зөвшөөрдөг.

Энэ бүхнээс хэд хэдэн дүгнэлт хийж болж байна. Юуны өмнө гадаадад очсон хойноо бэлэг дурсгал болгон эртний эдлэл худалдаж авах гэж яарах хэрэггүй. Авахаар бол гар дээрээс, захаас бус харин тусгай дэлгүүрээс түүхийн өвд багтаагүй гэсэн магадлагаа гаргуулан кассын тасалбар, зөвшөөрлийн сертификат гэх мэт зүйлсийг заавал авч байх хэрэгтэй. Эсвээс гааль дээр ирээд контрбанд хийсэн хэрэгт унаж хайран цаг, мөнгөө дэмий гарздана. Энэ зөвлөгөөг дагалгүйгээр хар захаас гар дээрээс ганц хоёр үсэг сийлсэн чулууны хэлтэрхий авчихаад гааль дээр иртэл чулуу нь олон зуун жилийн настай түүхийн өв болж таараад шүүх, цагдаа болсон тохиолдол цөөнгүй байдаг.
Мөн алт мөнгө, үнэт эдлэл авахын өмнө эхлээд хэдийн хэмжээ алт, мөнгө гаалиар гаргахыг зөвшөөрдөг талаар асууж мэдэхэд огт илүүдэхгүй.

0 Сэтгэгдэл
novshiin yum be
Хамгийн их уншсан