Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай лам: Надад хоёр гэм бий. Мах иддэг, цаганд хорхойсдог

Дээрхийн гэгээнтэн таны нас сүүдэр дээр гарч байгаа ч үргэлжид инээд баяслаар гэрэлтсэн, залуу хэвээрээ байх юм. Яаж тань шиг болох вэ?
-Нойр сайн авах нь их чухал шүү.
-Гэвч нойроо барахгүй байвал яах вэ?

-Буддын лам хуврагууд орой хоол иддэггүй. Энэ нь сайхан амарч нойрсох үндэс болдог юм. Бид өглөө, өдөр хангалттай сайн иддэг. Бие махбодийн хувьд энэ их чухал. Гэхдээ сүүлийн үед гарч буй шинжлэх ухааны судалгаагаар бол бие махбодь эрүүл байхад эрүүл оюун ухаан тун чухал гэдгийг батлах болж. Би өөр дээрээ жишээ авахад миний оюун санаа ер нь л амгалан тайван байдаг. Тиймээс бие маань эрүүл саруул байдаг байх.
-Олон хүн таны нүдэнд оч гялалздаг гэдэг. Тантай уулзаж учирсан хүн бүр аз жаргалтай, амар тайван болох шиг санагддаг. Та энэ гаднах байдал шигээ үргэлж дотоод сэтгэлдээ амар амгалан байдаг уу, эсвэл шашны тэргүүн хүний хувьд сүсэгтэн олноо бодоод өөртөө зориуд эерэг сэтгэгдэл төрүүлдэг үү?
-Би түрүүн хэлсэн дээ. Миний оюун ухаан ерөнхийдөө тайван амгалан байдаг.  Бусад бүх хүн ийм байж чадна. Учир нь, бүх хүн адилхан. Бие махбодийн хувьд өөр байж болно. Бусдаар бол бид бүгд адилхан. Хүмүүсийн уураг тархи, мэдрэлийн судал өөр байдаг уу гээд эрдэмтдээс асуугаад үзээрэй. Үгүй л гэж хэлнэ. Бид сэтгэл зүй, оюун ухааны хувьд бүгд ижил юм. Тийм учраас би хүнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, эсвэл гуйлгачин гэж хардаггүй. Миний оюун ухаанд бүх хүн ижил. Энэ хандлагын хүчээр оюун ухаан маань тогтвортой, амгалан байдаг. Гэхдээ бас уурлаж уцаарлах үе ч хааяа гарна.
-Та уурладаг гэж үү?
-Тэгэлгүй яахав. Хэрэв таныг асуултаа олон дахин давтаж тавиад байвал уурлана шүү. /инээв/
-Би ч бүр айж орхилоо шүү?
-Намайг Америкт байхад яг ийм явдал тохиолдсон юм. Нью-Жерсид байсан санагдаж байна. “Нью-Йорк Таймс” сонины нэг сэтгүүлч эмэгтэй надтай ярилцлага хийхээр ирсэн юм. Тэр надаас “Ирээдүйдээ таны нэр алдар хэрхэн дурсагдаасай гэж та хүсч байна” гэж асуув. Би түүнд хэллээ. “Би буддын ухаан судалдаг хүн. Тиймээс миний нэрийг тэгж, ингэж дурсаасай гэж онцгойлон хүсэхгүй байна” гэж хариулав. Гэтэл хэсэг ярьж байснаа тэр нөгөө асуултаа дахиад л тавилаа. Би ч өмнө хэлснээ давтаад л хэлчихэв. Гэтэл хэсэг хугацааны дараа дахиад л өнөө асуултаа асуудаг байгаа. Тэгээд л би түүнд уурласан даа. /инээв/ 


-Гэхдээ та уурлалаа гээд түүнийгээ илэрхийлж гаргадаг уу? Уур бухимдлаа хэрхэн хянаж, түүнээс ангижрахыг өнөөгийн энэ их стресстэй орчин нөхцөлд амьдарч буй жирийн ард олонд зөвлөхгүй юу?
-Хэрэв бусад хүний гаргасан жижигхэн алдаанаас болж уурлавал би түүнийг гаргаж орхидог. Учир нь, ийм уур бухимдлыг гадагш нь гаргачихад л үгүй болчихдог. Гэтэл бүр ноцтой асуудлаас болж уурласан бол би өөрийгөө тэр уураас салгаж, хөндлөнгөөс сэтгэл хөдлөл, уур бухимдлаа харахыг хичээдэг. Хэрэв ингэж чадвал тэр уур бухимдал дорхноо ариладаг. Сэтгэл санаагаа тайван байлгах нь хүний эрүүл мэндэд дархлаа ямар чухал үүрэг гүйцэтгэдэгтэй л адилхан. Дархлаа сайн бол ямар нэг өвчний вирус гаднаас нэвтрэн орж ирлээ ч төд удалгүй устдаг. Тэгвэл хүний оюун санаа үргэлж тайван дөлгөөн, эерэг байвал түр зуурын уур бухимдал ч таны сэтгэлийн гүнд нэвтрэн орж чадахгүй замхарна.
-Таны бичгийн ширээнд хүний тархийг дуурайлган хийсэн загвар байдаг гэж сонссон юм байна. Та бол шашинтай нягт холбогдсон хүн. Гэтэл шинжлэх ухаанд итгэдэг, түүний сонирхон судалдаг нь ховор тохиолдол шүү?
-Хэрэв үнэхээр л шашныг сонирхон судалдаг бол, ялангуяа буддист хүн бол реалист байх ёстой. Хүн аливаа зүйлд реалист хандаж байж бодит байдлыг мэдэж, ойлгож чадна. Шинжлэх ухаан ч бодитой зүйлийг судлан шинжилдэг шүү дээ. Ер нь, буддын шашинд Наландагийн уламжлал нэлэнхүйдээ шингэсэн байдаг. Наланда бол аливаа зүйлийг маш шинжлэх ухаанчаар бодож цэгнэх хандлага юм л даа. Будда сургасан байдаг. Түүний сургааль номлолыг зөвхөн итгэл бишрэлээр бус өөрсдийн задлан шинжлэл, туршлагаар баталж чадвал дагаарай, түүнээс хоосон сүсгээр дагаж хэрхэвч болохгүй шүү гэж сургасан байдаг. Наландагийн их мастерууд, тухайлбал, Нагаржунай буддист үгэнд итгэхээс илүүтэй өөрөө ухаж, ойлгосон зүйлдээ л итгэдэг байж. Бүх юмны утга учрыг өөрөө ойлгож мэдэх гэж хичээдэг. Ийм хандлага намайг бүр бага байхаас тогтсон юм. Би хүүхэд байхдаа энэ юу юм, тэр ч ямар учиртай юм гэсэн сониуч хүүхэд байлаа. Тэр үед Лхаст Англиас элч төлөөлөгч ирэх бүрт надад тоглоом авчирч өгдөг байв. Тийм болохоор тэндээс хүн ирсэн гэж сонсвол надад ямар тоглоом авчирсан бол гэхээс их л баярлаж хөөрдөг байж билээ.
-Та ямар тоглоомонд дуртай байсан бэ?
- Галт тэрэг, машин. Учир нь, тэд бол бидний хувьд шинэ содон зүйл байсан юм. Би шинэ тоглоомоороо хэсэг наадаж байгаад л задалж эхэлдэг байв. Тоглоом болгоноо задалж, дотор нь юу байгааг ажиглах дуртай. Олон ч тоглоомоо ингэж эвдсэн дээ.
-Та бүр нялх балчир наснаасаа Далай ламаар өргөмжлөгдөж, багаасаа эрдэм ном хөөж эхэлсэн. Хэдий та бурхан шашны тэргүүн ч гэлээ жирийн л махбодид төрсөн хүн шүү дээ. Тийм болохоор хүүхэд насаа бусад шиг өнгөрүүлэх боломж олдоогүйд харамсдаг уу?
-Үгүй, харамсдаггүй. Намайг хоёр настай байхад хойд дүрээр тодруулсан шүү дээ. Түүнээс хойш хоёр, гурван жил би ээж аав, ах, дүү нартайгаа хамт амьдарсан шүү. Харин таван нас хүрэх үед л Лхаст авчирч, ээжээсээ тусдаа амьдрах болсон доо.
-Бяцхан хүүхдийн хувьд амаргүй л байсан байх?
-Поталад ирсэн хойно ч гэрийнхэн маань ордны ойр амьдарч байсан учраас бараг өдөр бүр л намайг эргэж тойрдог байлаа. Би ч хааяа тэдэн рүүгээ гүйчихнэ. Харин долоон нас хүрэх үед багш маань миний гарах орох хөдөлгөөнд хязгаар тогтоож, би тэдэнтэйгээ байнга уулзах боломжгүй болсон юм. Үүнд нь уурласан би багшийнхаа зааврыг зөрчих үе ч гарч байлаа. Заримдаа хичээлээ хийхгүй, бушуухан дуусгачихаад ээж рүүгээ гүйчихдэг үе ч байсан.
-Тэгэхээр та хичээл, шалгалтад дургүй бусад хүүхдийн л нэгэн адил байж дээ?
-Тийм ээ, ялангуяа Поталагийн ордны үйлчлэгчидтэй тоглох үедээ би шашны хэргэм зэргээ бүр мартаж орхидог байв.Ёслол хүндэтгэлийн үед тэд намайг дээд зэргээр хүндлэнэ. Харин тэдэнтэй тоглох үед бол огтхон ч өршөөхгүй шүү. Намайг хайр найргүй хождог . Заримдаа би тэдэнд хожигдсондоо уйлдаг байлаа. Гэвч тэд надтай ингэж жирийн хүн шиг харьцсанаар хожим миний сайн найз нөхөд болсон юм. Тэд хэдий боловсрол мэдлэг нимгэн ч туйлын итгэлтэй, үнэнч хүмүүс.  
-Та нэгэнтээ тэтгэвэрт гарах нь хүний эрх гэж хошигнож байсан удаатай. Тэгвэл тэтгэвэртээ гарч, Түвдийн дүрвэгсдийн засаг захиргааг Ерөнхий сайд Лувсан Сангайд хүлээлгэж өгснөөс хойш ямар ажил амжуулж байна даа?
-Би тэтгэвэртээ гараад гурван зүйл хийнэ гэж амласан. Нэгдүгээрт, буддын гүн ухааны үнэт чанарын тухай шашинд үл итгэгч хүмүүст ойлгуулан таниулах, хоёрдугаарт, шашны эв нэгдлийг сурталчлах. Энэ хоёр бол миний амьсгал хураах хүртлээ хийх гүйцэлдүүлэх ажил. Харин гуравдугаарт Түвдийн асуудал байгаа юм. Одоо би тэтгэвэртээ гарснаар өөрт олдсон цаг заваа дээрх хоёр амлалтаа биелүүлэхэд зориулах болсон.
-Одоо байгаа Далай ламын институц хэзээ нэгэн цагт үгүй болох болов уу?
-Тийм ээ. Яг л Будда шиг. Одоо ертөнцийн хаана ч Буддагийн институц байхгүй шүү дээ. Гэвч сургаал, ном нь оршсоор байна. Мэдээж, Далай ламын институцийг үүнтэй харьцуулах аргагүй юм л даа. Гэхдээ дээрхтэй адил миний бие үгүй болсон ч ном сургааль маань хэдэн зууны дараа ч оршсоор айх болов уу.
-Тэгэхээр таны дараа Далай лам тодрох үгүй нь тийм ч чухал бус байх нь ээ?
-Зарим хүмүүс Далай ламын институц байх нь Түвдэд хэрэгтэй гэж боддог. Мэдээж, Түвдэд эрх чөлөөний төлөө тэмцэл үргэлжилж буй үед ийм институц байх нь тус нэмэртэй л дээ. Гэхдээ хамгийн чухал нь биш.  
-Далай ламын хойд дүрийг тодруулдаг уламжлалт ёс таны дараа өөрчлөгдөх болов уу. Хятадын эрх баригчид энэ уламжлалд саад тотгор болох вий гэж хүмүүс санаа зовнидог?
-Хятадын Коммунист нам огт шаардлагагүй зүйлд асуудал үүсгэхдээ мэргэжилтнүүд. Панчин ламыг л хар. Өнөөдөр хоёр Панчин лам гарч ирээд байна. Хэрэв би хэзээ мөдгүй амьсгал хураачихвал магадгүй Хятадын Засгийн газар нэг хүүг гаргаж ирээд, Далай ламаар өргөмжлөх байх. Гэвч Түвд, Гималайн ард түмэн, Далай ламын институцтэй шууд холбоотой байдаг монголчууд, буддын шашин шүтдэг бусад улс үндэстэн жинхэнэ Далай ламаа тодруулах болно.
-Би яг одоо Нью-Йорк Таймс сонины сэтгүүлчийн алдааг давтах гээд байна л даа.  Та бүү уурлаж үзээрэй. Та өөрөө хойд дүрээ тодруулж болохгүй юм гэж үү?
-Би үүнд санаа зовохгүй байна. Хятадын коммунистууд Далай ламын институцийн талаар надаас илүү санаа тавьж байгаа байх. Бодит байдалд бол тэгж яарах шаардлагагүй. Би эрүүл саруул байна. Амиа егүүтгэдэггүй л юм бол дахин 10-20, магадгүй 30 жил ч амьдарна.
-Та өөрийгөө бурхан биш гэж хэлдэг. Харин ихэнх шашны зүтгэлтэн өөрийгөө ер бишийн гэж итгүүлэхийг оролддог?
-Би яах аргагүй эгэл жирийн л хүн шүү дээ. Энд ямар ч эргэлзээ байхгүй. Надад ер бусын анагаах ид шид байхгүй гэдэг нь хэдэн жилийн өмнө мэс засалд орох үед тодорхой болсон шүү дээ /инээв/ Гэхдээ миний бие наснаасаа залуу сайн байна гэж эмч маань магтаж байсан шүү. Тэр үед би 73-тай байсан гэхэд бие маань 60-тай хүнийх шиг байна гэж хэлсэн.
-Дээрхийн гэгээнтэн, та өөрийгөө хоёр дутагдалтай гэж хэлдэг. Тэр юу юм бэ?
-Надад хоёр гэм бий. Нэгдүгээрт мах иддэг, хоёрдугаарт цаганд туйлын дуртай. Миний нүд цаг харахаараа л сэргээд явчихдаг юм. Надад нэлээд хэдэн цаг бий. Америк, Энэтхэг, Япон гээд газар бүрээс л найзууд маань цаг илгээдэг болохоор дутагдлыг минь улам сэдрээгээд байдаг гэмтэй. Миний хамгийн анхны цагийг Ерөнхийлөгч Рузвельт намайг долоон настай байхад бэлэглэж байв. Тэр надад нэг цаг, мөнгөн жааз, захидлын хамт илгээж л дээ. Гэтэл би дөнгөж долоон настай хүүхэд байсан болохоор захиаг нь ч уншиж үзэлгүй, цагандаа хамаг ухаанаа тавьчихаж билээ. Харин мөнгөн жаазыг нь усанд урсгаад алдчихсан.
Тэр үед Америкийн Ерөнхийлөгч надад цаг явуулсан тухай би өмнө нь олоод мэдчихсэн байсан болохоор тэдний төлөөлөгч Лхаст ирмэгц уулзалтын хэрэг зоригийг нь ч асуулгүй “Цагаа авчир” гэж хэлж байсан гэдэг. Маш муу хүүхэд байгаа биз. Тэр жаахан хүүхдээс яаж тийм их шунал гарсан байна аа гэж би одоо ч гайхдаг шүү. Ерөнхийлөгч Рузвельтийн илгээсэн захидлыг би хожим, Ерөнхийлөгч Б.Обаматай уулзах үедээ л уншиж билээ. Тэр надад 70 гаруй жилийн өмнөх тэр захидлыг хуулбарлаад дахин бэлэглэхэд л тэнд юу гэж бичсэнийг уншсан юм даа.

-Одоо нөгөө дутагдлынхаа тухай ярья?
- Буддын шашинд мах идэхийг тэр бүр хориглоод байдаггүй. Тиймээс Тайланд, Бирм, Шриланк зэрэг улс оронд лам хуваргууд нь мах, ногоо аль алийг нь иддэг. 40 жилийн өмнө Шриланкийн нэгэн ламтай ярилцаж байхад тэр “Буддын лам олдсоноо хүртэж байх хэрэгтэй” гэж хэлж байж билээ. Ер нь, винаягийн ёсонд бол зориудаар хөнөөсөн амьтны махаас бусдыг идэж болно гэдэг.
Миний төрж өссөн Түвд шиг ямар ч ногоо тарьдаггүй газарт мах идэхгүй байх аргагүй. Намайг 10-аад настай байх үед Түвдийн албан ёсны бүхий л наадам, ёслолоор зоогийн ширээнд дандаа л маш шүүс тавьдаг байв. Гэхдээ би түүнийг өөрчилж, мах ихээр идэхийг болиулж, хүнсэндээ ногоо хэрэглэдэг болгосон. Тэгээд Энэтхэгт ирснээс хойш ногоо бүр ч их хэрэглэдэг болсоор 65-тайдаа цагаан хоолтон болсон. Ингээд 20 сар шахам цагаан хоолны дэглэм чанд баримталсан. Гэвч сүү, тос их хэрэглэснээс болж хоёр жилийн дараагаас цөс өвдөх болж, гепатит туссан. Бараг бүх бие шарласан даа. Тэр үед би бараг л амьд Будда шиг болсон байв /инээв/ Ингэж гурван долоо хоног шахам явсны дараа түвдийн нэг оточ намайг мах идэхийг зөвлөсөн. Ингээд хуучин дэглэмдээ буцаж орсон доо. Одоо би долоо хоногт нэг юм уу хоёр удаа махтай хоол, бусад үед цагаан хоол иддэг.
-Дээрхийн гэгээнтэн танд амьдралдаа харамсах зүйл байдаг уу?
-Өдөр тутмын амьдралд өчүүхэн жижиг зүйлд харамсах явдал бишгүй л тохиолдоно шүү дээ. Жишээлбэл, Делид маш халуун байгаа гэж бодоод нимгэн хувцастай очтол зочид буудлын агааржуулагч нь дааруулвал зузаан хувцастай ирэхгүй яав гэж харамсах жишээтэй.
-Тэгвэл та амьдралдаа харамсахаар зүйл огтхон ч хийгээгүй байх нь ээ?
-Хүүхэд байхдаа жаахан залхуу байсандаа харамсдаг шүү. Би багадаа багшийнхаа ташуурын амтнаас айж хичээлээ хийдэг байлаа. Багш маань байнга ташууртай явдаг. Хэзээ ч инээмсэглэдэггүй байсан болохоор би их айдаг байлаа. Надтай хамт багшийн аав, миний том ах сурдаг байсан юм. Тэдний ташуур минийхээс арай өөр. Минийх гэгээнтний ташуур гэдэг нэртэй, шар өнгөтэй. Гэвч гэгээнтний ташуур нэртэй болохоос ялгаагүй л өвтгөдөг. Багадаа тэгж ном үздэг байсандаа одоо харамсдаг. Тиймээс одоо 77 гарсан ч цаг зав л гарвал Түвдийн ном судар, Нагажунайгийн сургааль уншиж суудаг даа. Үүнээс өөрөөр бол 16 наснаасаа хойш өдийг хүртэлх хугацаанд харамсах зүйл огтхон ч хийж байсангүй.
Б.Сэвжидмаа

4 Сэтгэгдэл
лам байж мах иддэг бол хонины арьс нөмөрсөн чоно.
Хорвоо пин гээд бий болсон гэж боддог хүн өвчтэй хүн
Хорвоо пин гээд бий болсон гэж боддог хүн өвчтэй хүн
Хорвоо пин гээд бий болсон гэж боддог хүн өвчтэй хүн
Гэгээнтний мэлмий тунгалаг байг
nii nuugui het daruu hun , 1 tom shashnii terguulegch shuudee
Үнэхээр гайхамшигтай хүн юмаа урт удаан наслах болтугай
Маш сайхан санагдаж байнав
Маш сайхан ярилцлага байна, өшөө олон ийм сайхан ярилцлага тавиарай,баярлалаа.
сайхан байна.
уншиж байхад цаанаа л амар амгалан, сайхан байна
bagshiin maani olmiin bat baij urt naslah boltuguai
estoi shan yriltslaga bn.....
Saihan bn, bayarlalaa
saihan yariltslaga bolson bn. bayarlalaa.
Хамгийн их уншсан