Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр хэвлэлээс зайгаа барих уу


Эдийн засгийн байнгын хороогоор “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээ”-ний тогтоол хэлэлцэх үеэр хэвлэл, төрийн байгууллагын хамтын ажиллагааны талаарх асуудлыг дахин хөндлөө. Үдээс өмнө УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар төсвийн мөнгөөр хэвлэлд сурталчилгаа, мэдээлэл гаргаж болохгүй гэх саналыг УИХ-ын чуулганд дэмжсэн боловч байнгын хороонд тэрээр саналынхаа араас тодруулан тайлбарласан юм. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Ц.Оюунбаатар: Найруулга талаасаа ойлголтын зүйл яригдаж байна. Төсвийн хөрөнгөөр сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглох заалт л УИХ-ын нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн. Төсвийн хөрөнгөөр төрийн байгууллага мэдээлэл, үйл ажиллагаагаа тайлагнаж, танилцуулахыг нь хориглоогүй шүү. Энэ талаар тодруулга өгч болох юм. Агентлаг яамны удирдлага ихэнхдээ төлбөр төлж өөрийгөө сурталчлах болон хувийн мэндчилгээ дэвшүүлэх боломжийг л хааснаас төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагааны мэдээллийг байнга нийтлэх ёстой. Тэр нь тодорхой төлбөртэй, төлбөргүй бүх хэлбэрээр явж болохыг гишүүд ойлгох байх.

Г.Уянга: Оюунбаатар гишүүн их зүгээр санал гаргаснаа том ухралт хийчих шиг санагдлаа. Уг нь, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө бие даасан, эрх чөлөөтэй, зөв байхад хэрэгтэй том заалт оруулчихаад өөрөө ухарчихлаа. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиас ч өмнө чухал заалт оруулж ирсэн шүү дээ. Чухам ямар ашиг сонирхол байна, яамдад, сайд нар үүгээр далимдуулдаг нь хаалтын гэрээний хэлбэр мөн. Хэвлэлүүд хэзээ ч төрийн байгууллагатай гэрээ байгуулж тэднээс хараат байхыг, ямар нэг байдлаар атганд нь байхыг хүсдэггүй. Тэд бол үүнийг нэг их хүсээд ч юм уу, заавал яам мөнгөө өгч үйл ажиллагаагаа мэдээллүүлэхийг хүссэн хэвлэлийн байгууллага байхгүй. Үүгээр хувь хүний сурталчилгаа хэзээ ч явдаггүй. Яамны ажлаар далимдуулж, төсвийн мөнгөөр ямар нэг гэрээ хийх л асуудал. Яагаад ийм зарчмын саналаасаа ухарсанд,  Оюунбаатар гишүүнд гайхал төрж байна. Утга, агуулга нь зөв байсан, их зөв, шинэчлэлийн агуулга байсан гэж ойлгож байгаа шүү.

Д.Ганбат: Би үүнийг чинь ойлгосонгүй. Төрийн мөнгөөр сурталчилна гээд байгаа юм уу, татвар төлөгчдийн мөнгөөр сурталчилдаг, тийм зүйл байхгүй шүү дээ. Ажил хийж байгаа бол харагдаад л явна. Тайлангаа тавьдгаараа тавиад л явах байлгүй. Тэгээд ч орчин үед вэб сайтаар сурталчил л даа. Сонин, хэвлэлээр гаргадгаа больсон нь дээр. Наад заалтаа бүгдийг нь авсан нь дээр байх. Хэрэв оруулах гэж байгаа бол бүгдийг нь хориглоод, хэвлэл мэдээллээр гаргадаг юмнуудаа татаж ав. Үүнээс үүдэж хаалтын гэрээний суваг нээгдчихэж байгаа. Ийм зүйлийг бид 20 гаруй жил хангалттай харлаа, одоо больчихвол яасан юм бэ.

С.Дэмбэрэл: Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, яамдын эрх зүйн байдлын тухай бүх хуульд, дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ухаалаг төр, олон улсын түвшинд Монгол Улсын Засгийн газар одоогоор нэгдэж ороод буй бүх гэрээ, ойлголтын бодлого зорилтод ард иргэдэд нээлттэй үйл ажиллагаагаа сурталчил, нээлттэй бай гэж бий. Оюунбаатар гишүүний засварлан оруулж ирсэн томъёоллыг би дэмжиж байна. Ингээд л боллоо. Гэхдээ тэр замаар хувь хүн өөрийгөө сурталчилж болохгүй гэдгийг Оюунбаатар тов тодорхой хэлчихлээ шүү дээ. Тиймээс хэрэв бид энэ засварласан заалтыг оруулахгүй бол харин ч хаалттай засаглал болчихно. Хаалтын гэрээг “хаалттай” хийдэг, хаалттай Засгийн газар болчих учраас Оюунбаатарын засч томъёолсон байдлаар найруулгыг авч хуралдаанд санал хураах нь зүйтэй.
Ингээд байнгын хорооны хуралдаанаар Ц.Оюунбаатар гишүүний засч найруулсан дээрх томъёоллоор санал хураахад 17 гишүүнээс 12 нь дэмжсэн юм.

0 Сэтгэгдэл
УЛСЫН ИХ ЧУУЛГАН БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан