Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Берлин хүрсэн монгол морь

Дэлхийн хоёрдугаар дайн манай гариг дээрх хамгийн анхны цэргийн моторжуулсан дайн байсныхаа зэрэгцээ бас хамгийн сүүлийн морин цэргийн тулалдаан байлаа.

Морин цэргийн дайн

1941 оны зургадугаар сарын 22 гэхэд Оросын ажилчин тариачны улаан арми 526,4 мянган морьтой байлаа. Гэтэл германы зэвсэгт хүчин 6000 гаруй морин цэрэгтэй байлаа. Ер нь германы тал ЗХУ-тай хийсэн дайнд нэг сая гаруй морь ашигласны 88 хувь нь явган цэргийн дивизүүдэд байсан байна.
Дайн эхэлсний дараа ЗХУ морин цэргийнхээ бүрэлдхүүнийг нэмж  1941 оны есдүгээр сар гэхэд нэг сая 324 мянгад хүргэсэн юм. Ингэж нэмэгдсээр морин цэргийн тоо 1,9 саяд хүрсэн байна. Дайны талбарт нийтдээ нэг сая гаруй морь үхсэн байдаг. Олонхи нь байлдааны явцад сум, бөмбөгөнд өртөж  амь алдсан бол зарим нь өлсгөлөнгөөр үхэж байсан гэдэг.
Дайны эхлэхэд ЗХУ 17,5 сая адуутай байсан бол дайны эхний нэг жил энэ адууныхаа бараг тал хувийг алдаж 1942 оны есдүгээр сар гэхэд ердөө 9,0 сая толгой адуу үлдсэн байсан юм.
Машин үйлдвэрлэх хэцүү ч адуу өсгөнө гэдэг бол мэдээж санаагаар болохгүй  бүр хэцүү.

Фронтод хагас сая морио бэлэглэсэн Монгол


Дайны туршид ЗХУ-д морьдоор тусалсан ганц орон бол Монгол байлаа. 200 гаруй жил манжийн эрхшээлд байж хүн ам нь бүхэлдээ өвчинд нэрвэгдэж бараг бүх хүн нь тэмбүүтэй байсан энэ орныг большевикууд дэмжиж тэтгэж хувьсгал хийлгэж, хүн амыг нь эрүүлжүүлэх ажил хийж байсан. Үүний цаана мэдээж Монгол улс японы эзэмшлийн Манж-го улсын эсрэг зөвлөлтийн гол түшиц байлаа.
Ийм ч болохоор дайны эхнээс л монголчууд зөвлөлтийн найдвартай ар тал болж фронтод чадлынхаа хэрээр тусалж байсан юм. Энэ тусламжийн ихээхэн хэсэг нь мэдээж морьд байлаа. Монгол угаасаа малаар баян нүүдэлчин ард түмэн болохоор юу л байна, ёстой морьд л элбэг байсан. Дайны эхний өдрөөс л монголчууд фронтод бэлэг хуримтлуулж эхэлсэн, үүний ихэнх нь монгол морьд байсан. 1942 оны гуравдугаар сараас фронтод морьд бэлэглэх ажлыг бүр төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж эхэлсэн юм.

Дайны дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс, ЗХУ-д нийтдээ 485 мянган монгол морьдоо бэлэглэсэн байна. Зарим эх сурвалжид энэ тоог 500 мянга гарсан гэдэг. ЗХУ морьдыг зүгээр авч байгаагүй, зохих үнээр нь авч байсан. 32 мянган морийг монголчууд зөвлөлтийн ард түмэнд бэлэг болгон өгсөн байдаг. 1941-1945 онд морьт механикжуулсан групп командалж явсан генерал Исса Алексанрович Плиев хожим нь “Зөвлөлтийн танктай хамт монгол морьд Берлин хүрсэн” гэж дурссан байдаг. Зөвлөлтийн улаан армийн таван морины нэг нь монгол морь байсан гэдэг. Дайны үед америкчуудын үзүүлж байсан “ленд-лиз”-ийн тусламжийг өндөр үнэлдэг шиг монголчуудын сайхан сэтгэлийн тусламж, ялангуяа монгол морьдын нь тухай дурдахгүй байхын аргагүй.

БНМАУ мөн мах ноос нийлүүлж байлаа

Монголчуудын “ленд-лиз”-ийн тусламж зөвхөн морьдоор хязгаарлагдаагүй. Дайны туршид АНУ зөвлөлтийн талд 665 мянган тонн махан консерв нийлүүлсэн бол Монгол улс 500 мянган тонн мах нийлүүлсэн байдаг. Энд малын болон ангийн мах орж байлаа. Монголчууд байлдаж байгаа улаан армид туслахын тулд өдөрт 10 цаг ажиллаж байсан. Дайн жилүүдэд АНУ-гаас ЗХУ-д 54 мянган тонн ноос нийлүүлсэн бол Монгол Улс 64 мянган тонн ноос нийлүүлсэн байдаг. Улаан цэргүүдийн шинелийн тавны нэгийг монгол ноосоор хийж байсан юм шүү дээ.

Монголоос нийлүүлж байсан өөр нэг чухал бүтээгдхүүн бол  нэхий дээл, эсгий гутал, бээлий байлаа. 1941 оны арваннэгдүгээр сард Москвагийн босгон дээр германчуудтай тулж байлдсан хэд хэдэн дивизийг монголчуудын нэхий дээлээр хувцаслаж байсан юм.
Дайны жилүүдэд цэргийн аж үйлдвэрийн гол түүхий эд болох волфромыг ганцхан Монгол улс нийлүүлж байлаа. Чухам энэ түүхий эдийн ачаар германы “барс”, “ирвэс” танкийг устгах чадвар бүхий сумыг үйлдвэрлэсэн юм.

Хоёрдугаар дайнд монгол хүн бүр “тулалдаж” байлаа

1942-1945 онд зөвлөлт-германы  фронтод монголын ард түмний хөрөнгөөр байгуулсан “Монгол ард” нисэх эскадриль, “Хувьсгалт монгол” танкийн бригад тулалдсан юм. Энэ их дайнд хэдэн арван сөнөөгч онгоц, танк бага мэт харагдаж болох ч үүнийг өгсөн ард түмний сэтгэл нь үнэлж баршгүй юм. Дорно зүгт японы эсрэг ЗХУ цэргийн тодорхой бүлэглэлийг барьж байсан ч энд Монгол Улс старатегийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

1941-44 онд Монгол Улс зэвсэгт хүчнийхээ бүрэлдхүүнийг дөрөв дахин нэмэгдүүлж, бүх нийтээр цэргийн алба хаах хууль гаргаж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Монгол улс батлан хамгаалах салбартаа улсын төсвийнхөө 50 хувийг зарцуулж байсан юм. Иймдээ ч японы Квантуны армийн эсрэг монголын зэвсэгт хүчин тодорхой үүрэг гүйцэтгэж хаалт болж байсан юм. Үүний ч үр дүнд ЗХУ алс дорноодос тодорхой хүчээ байлдааны баруун фронт руу татах боломж олгосон юм.

1945 оны наймдугаар сард Японы эсрэг дайнд монголын хүн амын 10-ны нэг нь оролцож хятадын цагаан хэрэм хүртэл явж ялалтад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан юм. Аугаа их Эх орны дайнтай харьцуулахад японы эсрэг дайн гарз хохирол багатай, богино хугацаанд болж өрнөсөн дайн байсан. Гэхдээ тэр үед ердөө 800 мянган хүнтэй байсан Монгол улсын хувьд цэргийн насны бүхий л эрчүүд нь оролцсон том дайн байсан. Монголчуудын хүн хүчний хохирлыг хүн амтай нь харьцуулан хувилж үзвэл дэлхийн хоёрдугаар дайнд АНУ-ын хүн хүчний хохиролтой тэнцэнэ. Тэгэхээр дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл болсон японы эсрэг дайн бидний гол холбоотон Монгол Улсын хувьд амаргүй дайн байсан юм хэмээн Алексей Волынец http://rusplt.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
баримт тодорхой бич
Ter barag khun am n bukhleeree tembuutei baisan gedeg barimtaa gargaad irvel l itgye. Tembuu ikh baisniig n medne. Gekhdee bukh khun am n gevel bi yaavch itgekhgui.
mongoliig durdval tembuugiin durd gej zuvlult ah nar heldegsen...tembuu tembuu orost bas ih baisan daa
Saihan bichsen bna.bid martaj bolohgyi
Дэлхийн 2-р дайн холбоотон гүрнүүдийн ялалтаар дуусаны 6? жилийн ойг тохиолдуулан ОХУ ерөнхийлөгч ЗХУ-ын ялалтад тусалсан орнуудад баяр хүргэсэн дотор Монголыг оруулаагүй харин Шинэ Зеланд Өмнөд Африк орсон байсан
баримт тодорхой бич
Saikhan bichij ee
Хамгийн их уншсан