Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Театрт нууц амрагийн сэдэв моодонд оров уу

Нууц амраг... Эхнэр, нөхөртэй хэн нэгэнд л хамаарах энэ ойлголт сүүлийн үед моодонд оров уу. Театрыг нийгмийн толь гэдэг. Тэгвэл УДЭТ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа “Долоон найруулагч, долоон жүжиг” төслийн жүжгүүд бүгд энэ сэдвийг хөнджээ. 

Төслийг нээсэн “Хэрээт төгөл” жүжиг гэхэд бүх насаараа нэр төр, хөрөнгө мөнгөний төлөө явсан ч эцэстээ өөрийг нь хуурдаг эхнэрээс өөр дотно хүнгүй үлдсэн эрийн тухай гарна. Түүнийг үхэх гэж байхад за­луухан эхнэр нь нууц амрагаа дагуу­лан ирээд гэрээслэлд нь багтаах гэж хүчилнэ. Бүсгүйд хайртай эсэх нь мэдэгдэхгүй ч түүгээр тэжээлгэж байгаа нууц амраг. Хачирхалтай ч гэлээ тэр хоёрыг нөхөр нь уучилж, гэрээслэлдээ багтаан, хөрөнгө өв­лүүлж байгаагаар жүжиг төгсдөг.Үнэхээр энэ нийгэмд байдаг ч тэр бүр ил гаргаад, хөндөөд байдаггүй сэдэв.

Дээрх жүжгийн араас урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг найруулагч “Бүүвэй” жүжгээ тайзнаа тавьсан. Гадаад руу олон жил ажиллахаар явсан эр нөхрөө өөр эхнэртэй болсон гэж цуу үг сонссон бүсгүй нөхрийнхөө хамгийн сайн найзтай нууц амрагийн холбоо тогтооно. Бүр гэрлэнэ гэж төлөвлөөд, бие давхар болсон ч өнөөх нууц амраг нь эхнэр хүүхдүүдээ орхиж чадсангүй, бүсгүйг орхиод явна. Бүсгүй нууц амрагийнхаа хүүхдийг тээж байх үед сураггүй болсон нөхөр нь эргэн ирнэ. Ингээд эхнэрийнхээ сайн найзтай нь тогтоосон нууц харилцааг мэдсэн ч эцэстээ тэднийг уучилснаар сайхан амьдарна.

Эдгээр жүжгийн араас найруулагч Ч.Түвшингийн “Уучлаарай та дугаар андуурч” жүжиг үзэгчдэд хүрсэн. Хэдийгээр нууц амрагийн явдал өмнөх жүжгүүдийн адилаар тайзан дээр өрнөхгүй ч 12 жилийн турш хэвтэрт байсан эхнэрээ захиалгаар хөнөөлгөж байгаа нь бас л нууц амрагаас болсон гэдэг нь жүжгийн дууны клипээс тодорхой харагддаг. Тэр бол жүжгийн тайлал.
Тэгвэл нээлтээ хийгээд удаагүй байгаа Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын “Өчигдөр” жүжигт нууц амрагийн сэдвийг ээдрээтэйгээр, ил тодоор харуулжээ. Амьдралынхаа 10 жилийг хамт өнгөрүүлсэн эхнэр нөхөр хоёр хайр сэтгэл нь хэдийнээ хөрж орхисондоо нэгнээсээ ч ичиж эмээлгүйгээр нууц амрагтай болно. Эхнэр нь нууц амрагтайгаа өдрийг хэрхэн өнгөрүүлснээ орой нөхөртөө ярихад, нөгөө нь биеэ үнэлэгчтэй ямар байсан тухайгаа өөдөөс нь өгүүлэх. Хэрэв тэд нэгнээ харамлаж хардах сэтгэл жаахан ч гэсэн үлдсэн гэдгээ ядаж ганц өгүүлбэрээр ч болов хэлж ойлгуулсан бол тэдний амьдралд хоёрдахь харилцаа гэж огт байхгүй ч байж болохоор.

Энэ мэт нууц амрагийн явдлыг харуулсан жүжиг “Өчигдөр”-өөр дуу­сахгүй нь. Ирэх лхагва гарагаас үзэгч­дэд хүрэх “Чөлөөт хос” жүжиг ч мөн л энэ сэдвийг харуулсан гэдгийг най­руулагч Ч.Найдандорж хэлж байсан.
Магадгүй нууц амрагийн явдлаас үүдсэн хэрэг хаа нэгтээ гарч, нийгэмд үе үе хурцаар яригдаж буй болохоор найруулагчид энэ сэдвийг барьж авсан байж болох. Тэдний жүжгүүд ч  гэр бүлийн хөшигний цаана орших энэ хаалттай асуудлыг шийдэх зарим гаргалгааг үзэгчдэд хэлж өгч байна. Гэвч... бүхэл бүтэн улсын академик театр сэдвийн дутагдалд орсон мэт нэгэн ижил сэдэв хөндсөн жүжгүүдийг ар араас нь тавих хэрэг байгаа гэж үү гэж асуумаар.

 Б.СОНОР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан