Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кристин Лагард: ОУВС-гийн дарга болсон сүүлчийн эмэгтэй би биш


Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагардтай АНУ-ын “CBS” телевизийн хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болоод хямралтай тулалдах гол үүргийг хүлээж буй ОУВС-гийн тухай, мөн хувийнхаа амьдралын талаар ч энэ ярилцлагад өгүүлжээ.

-Дэлхийн эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг товчоор тодорхойлон хэлбэл?
-Маш ноцтой. Урьдчилан тооцоолоогүй зүйлүүд ч бидний өмнө гарч ирж байна.
-Үүнээс ч муу нөхцөл байдал үүсвэл юу болох бол?
-Хэрэв байдал үүнээс дордвол эдийн засгийн өсөлт зогсч, ажилгүйдэл нэмэгдэж, үүнээс үүдэн нийгэмд тогтворгүй байдал үүснэ. Санхүүгийн зах зээл ч ялгаагүй тогтворгүй болно.
-Бид 2008 онд өөр нэг хямралыг туулаад гарсан шүү дээ. Одоогийн хямралыг түүнтэй харьцуулбал?
-Та бүхэн мэдэж байгаа байх. Энэ бол 2008 оны хямралын үргэлжлэл. Яг л түүнтэй ижил процесс бидний нүдний өмнө болж байна.
-Тэгвэл бидний одоогийн үзэж буй хямралаас ч хүнд нөхцөл байдалд орох эрсдэл бий юу?
-Би өөдрөг байхыг хүсч байна. Улс орнууд асуудлаа шийдэж, өөрчлөгдөж чадна гэж итгэхийг хүсч байна.
-2008 оны хямралын үед та Францын Сангийн сайд байсан. Тэр үед хямрал болох нь гэдгийг АНУ-ын Сангийн сайд Хэнк Полсон юм уу та урьдаас мэдээгүй юу. Тэр үед хямралаас сэргийлэх боломж байгаагүй юу?
-Хямрал болох шинж тэмдэг аль хэдийнэ мэдэгдээд эхэлсний дараа би Хэнктэй энэ тухай ярилцаж байсан. Би түүнд “Бидний байгаа байдал бол цунами юу юугүй ирэх гэж байхад ямар янзын усны хувцас өмсөх вэ гэж яриад сууж байгаагаас өөрцгүй байна” гэж анхааруулж байсан. Харин тэр “Үгүй, үгүй. Бүх зүйл хяналтад байгаа. Бүгд хэвийн” гэж хэлж байсныг санаж байна
-Грекийн асуудал одоо хүмүүсийг залхааж байна. Грект хангалттай туслалаа. Одоо евро бүсээс хөөх цаг нь болсон гэж ярьж байна. Таны хувьд энэ хэр зөв санаа вэ?
-Нэгдүгээрт, энэ миний шийдэх асуудал биш. Хоёрдугаарт, евро бүсийн орнууд, Евро комисс,ОУВС Грекийн эдийн засгийг дахин өрсөлдөхүйц хэмжээнд аваачих хүртэл нь ажиллах болно гэдгээ амласан.  
-Евро ингээд үгүй болох нь гэсэн айдас төрсөн үе танд бий юу?
-Өнгөрсөн оны тавдугаар сарын 9-10-ны үед тийм бодол төрж байсан. Тэр үед яг амралтын өдөр таарсан. Бид Грекийг аварч, зах зээлийн итгэлийг сэргээх гэж бямба гаригт нь хамаг арга хэмжээгээ авч, хүчээ шавхсан. Харин тэр зүтгэлийн үр дүн гарах эсэх нь даваа гаригийн өглөө мэдэгдэх ёстой байв. Зах зээлийн хариу реакцийг хүлээж байх тэр үед л еврог цаашид оршин тогтнож чадах болов уу гэж эргэлзэж байсан.

Дэлхийн 187 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын валютын сангийн нийт санхүү одоо 842 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Гэвч энэ мөнгө Европын хямралд нэрвэгдсэн бүх орныг аврахад хүрэлцэхгүй. Гэтэл ОУВС-гийн хамгийн том хандивлагч болох АНУ Европыг аврахад мөнгө гаргах сонирхол төдийлэн алга.


-Таныг ОУВС-д ирэхээс өмнө энэ байгууллагыг “хөвгүүдийн клуб” гэж нэрлэдэг байлаа. Энэ ханаар өрсөн өмнөх захирлуудын хөрөг зургийг харахад л тодорхой байна.
-Тийм ээ.
-Энэ албыг хашиж буй анхны эмэгтэй гэдэг тодотгол танд ямар нэг дарамт үүрүүлдэг болов уу?
-Үгүй ээ. Би анхны эмэгтэй дарга байж болох ч сүүлийнх биш гэдэгт л хамаг учир бий гэж боддог.
- Урьд өмнө ямар ч эмэгтэй хүрч байгаагүй ОУВС-гийн захирал гэдэг томоохон өндөрлөгт та хүрсэн. Гэвч энэ бол дэлхийн эдийн засаг хямралтай байгаа үед хэр баргийн эмэгтэй гүйцэтгэж чадах алба биш?

-Үргэлж найз нөхдөөр хүрээлүүлж байдаг ажил гэж ерөөс байдаггүй. Ялангуяа улс орнууд их хэмжээний өр зээлд баригдаад байгаа энэ үед гашуун үнэнийг сонсоход тийм ч таатай байхгүй.
-Та энэ албыг анх авахдаа эргэлзэж байв уу?

-Огтхон ч эргэлзээгүй. Одоо ч харамсахгүй байна.
-Таны удирдаж буй ОУВС-г нэг ёсны гал сөнөөгчтэй зүйрлэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Аль нэг улсад хямрал тохиолдсон үед бол ОУВС гал сөнөөгчийн үүрэг гүйцэтгэдэг гэдэгтэй санал нэг байна. Бид эхлээд гал унтраахын тулд дараа эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр мөнгө санхүүгийн туслалцаа санал болгодог. “Бид танайд ийм хэмжээний мөнгө зээлүүлье. Танайхыг дэмжинэ. Хямралаас гарахад туслана. Харин та бүхэн асуудлаа шийд” гэсэн зарчмаар ажлаа явуулдаг.
-Таныг Францын Ерөнхийлөгч Николь Саркозигоос заавар зөвлөмж авч, ажлаа явуулдаг гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?
-Хэрвээ энэ асуултад хариулах шаардлагатай бол шүүх дээр очсон цагт л хариулна. Энэ бол хэвлэлээр ярихад тохиромжтой сэдэв биш.
-ОУВС-гийн захирлын суудлыг Европ, Дэлхийн банкныхыг АНУ мэддэг нь бичигдээгүй хууль. Харин одоо дэлхийн эрх мэдлийн хүчний төвлөрөл өөрчлөгдөж буй энэ үед ОУВС-г тэргүүлж буй Европын сүүлчийн төлөөлөгч нь таныг гэж ажиглагчид үзэж байна?
-Энэ байгууллагад ажиллаж буй хэн боловч аль нэг улсыг жишээлбэл Францыг эсвэл Европ тивийг төлөөлдөггүй. Олон улсын байгууллага учраас дэлхийн хэмжээнд сэтгэж ажиллах хэрэгтэй болдог. Энэ байгууллагын тэргүүнийг мэдлэг туршлагатай олон хүний өрсөлдөөн дундаас сонгодог учир таны хэлсэн зүйлтэй санал нийлэхгүй байна.

Цагаан ордноос гуравхан гудамжны зайд орших ОУВС-гийн байрнаасаа Кристин Лагард 66 жилийн түүхтэй олон улсын энэ том байгууллагыг удирдаж байна. Тийм ч учраас түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй хэмээн “Forbes” сэтгүүл нэрлээд байгаа билээ. Гэвч тэрээр одоо хүртэл Парист ирэх үедээ хүнсний захаар орж, гэр бүлийнхээ хүнс хоолыг бэлтгэдэг айлын эзэгтэй хэвээрээ. Түүнтэй хамт амьдраад таван жилийг үдэж буй Хавьер Жиоканти хэмээх бизнесмэн эр голдуу Парис дахь гэртээ байдаг аж. Тэрээр Кристин Лагардыг анх ажлаа авах үед нь сар бүр нэг долоо хоног Вашингтонд очиж хамт байхаар тэд хоорондоо тохиролцжээ. “Үүнээс олон хоног байвал надад ажлаа хийхэд ч төвөгтэй” хэмээн хатагтай Лагард ил шулуухан хэлэх аж.
 

-Та хэтэрхий шулуухан ярьдгаасаа болж асуудалд орж байсан уу?
-Тийм шүү. Улс төрийн хувьд энэ нь буруу ч гэлээ би бодит үнэнийг ярихыг илүүд үздэг.
-Сайд болмогцоо Францын парламентад хэлсэн үг тань олон хүнийг цочирдуулж билээ?
-Тийм ээ, тэр үгийг санаж байна. “Франц ердөө л ярьдаг улс болж. Одоо ярьж ханалаа. Ханцуйгаа шамлаад ажиллах хэрэгтэй байна” гэж би хэлсэн. Би энэ үгийг хэлсэндээ баяртай байдаг. Миний үг парламентын гишүүдийн олонхийг нь цочирдуулах шиг болсон. Яагаад гэвэл тэд ийм хэлээр ярьдаггүй юм.
-Та хүмүүсийг хөдөлгөх гэж ийм үг хэлсэн байх?
-Тийм ээ. Миний үгийг АНУ-д маш халуунаар хүлээн авч, харин Францад шүүмжлэлээр булсан даа.
-Гэхдээ одоо таныг Францад ирээд, гадуур явах үед хүмүүс яг л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй харилцаж байгаа юм шиг хандаж, асуудлаа ярьдаг болжээ?
-Францад одоо ид сонгуулийн уур амьсгал орсон учраас тэр биз. Миний хувьд ОУВС-гийн захиралын ажлаа л хийж байна. Цаашаа дахиад таван жилийн хугацаа байна.
-Таны амьдралд хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ?
-Ээж минь. Тэр маш хүчтэй, зоригтой, зорилготой эмэгтэй байлаа. Намайг маш их шахаж шаарддаг байсан.

Хатагтай Лагардын амжилт түүний бүр залуу наснаас эхлэлтэй. Дээрээ дөрвөн ахтай, айлын ганц охин тэрээр ном, хөгжим дунд умбаж өсчээ. Түүнийг 16 настай байхад эцэг нь өвчнөөр нас барсан учир ээж нь хүүхдүүдээ чанга гараар өсгөх гэж хичээдэг байжээ. Лагардын хэр амбицтай бүсгүй болох нь бүр залуу байхаас тодорхой харагдаж байж. Тэрээр анх ажилд орохоор өргөдөл бичихдээ л  Парисын нэртэй хуулийн фирмийг сонгож очжээ. Гэвч тэр фирм Лагардыг эмэгтэй учраас ажилд авах боломжгүй хэмээн татгалзсан хариу өгч. Гэвч өөртөө итгэлтэй байдлын ачаар өөр нэг нэртэй фирм түүний өмнө үүд хаалгаа нээжээ. Тэр бол дэлхийн хамгийн том хуулийн фирмийн нэг “Baker & McKenzie”. Америкт төвтэй, 3500 гаруй хуульчтай энэхүү  фирмд 14 жил ажилласны дараа тэрээр анхны эмэгтэй захирал нь болтлоо дэвшиж, мэргэжлийнхээ оргилд хүрчээ. Түүнийг ийнхүү Америкт гялалзаж явахад эх орон нь дуудсан юм. Түүнийг бас л “анхны” гэсэн тодотголтой нэгэн албан тушаал хүлээж байсан нь Францын Сангийн сайдын суудал байлаа. Н.Саркози түүнийг Засгийн газартаа урьсны дагуу Кристин Лагард сайдынхаас хэд дахин өндөр цалин хангамж  бүхий захирлын суудлаа орхиод Парист иржээ. Харин одоо тэр ажлын шаардлагаар Парисаас эргээд л АНУ-д ирж, анхны гэсэн зүүлттэй гурав дахь ажлаа хийж буй нь ОУВС-гийн захирал юм.  

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан