Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуйя, түрээсийнх гэж битгий хэлээрэй


  -Цэнгэлдэх хүрээлэнг “царай алдах” цаг айсуй-

“Манай улс энэ цэнгэл­дэ­хийг түрээсэлж, Үндэс­ний­хээ их баяр наадмаа тэм­дэглэдэг” хэмээн хэн нэг жуулчинд хэлбэл, элэг нь хөшиж “үхнэ” хэмээн мөрий­цье. Эсвэл нүд нь орой дээрээ гарчихаад бууж ирэхгүй байх магадлалтай. Жаахан хэтрүүлэгтэй байж болох ч 800 гаруй жилийнхээ үүх, түүхийг наадам нэрэн дор дэлхий дахинаа дэлгэж, Хятадтай хуваалцахгүй хэмээн дархлаа тогтоох энэ уламжлалт заншлаа тэмдэглэхийн тулд төр засаг нь хэн нэгнийг царай алдаж байгаа “нууц”-ыг задалбал, жаахан ичгэвтэр л хэрэг болно.
Тиймээс гуйя, түрээсийнх гэж тэдэнд битгий хэлээрэй. “Хүний өмнөөс бөгс улайх хэцүү” байдаг хойно төр засгаа магтаж, цэнгэлдэх хүрээлэнгээ дээвэртэй болгох гэж байгаа эсвэл өөр газар томыг барина гээд жаахан “пан гөрөөрэй”. “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг биз дээ. Жилийн гурван хоногт дэнж хотойтол хуушуурдаж, төв цэнгэлдэхийг тавхайгаа эргэтэл тойрох чинь угаасаа бидний үндэсний “бахархал” учраас энэ гурван хоногтоо хэн нэгнийг “шок”-нд оруулалгүй дээрх нууцыг хав дараад өнгөрөөе.

Харин үүнээс урьдаж, цэнгэлдэхийн асуудлыг халив давж дэврэхээс өмнө тогоон дотроо хэлэлцэх хэрэгтэй болчихоод байна. Алга дарам газар арчилж чадахгүй гээд хувьд гулгуулсан шийдвэр нь хар толгой дээр нь бууж өмчөө алдсан төр засаг өөрийн гэсэн наадмын талбайгүй олон жилийг үдлээ. Хаа нэг “цэнгэлдэхийг эргүүлэн авна”, “Хүй долоон худагт шинийг барина” хэмээн хоржоонтой “мэдэгдэл” хийдэг ч өнөө жил дахиад л 51 хувь нь хувьд шилжсэн хэн нэгэн иргэний өмчийг улсын төсвөөр засварлаж, урсгал засвар хийх талаар ярьж байна. Өнгөрсөн жил цэнгэлдэх орчмын замыг шинээр тавьж, автомашины зогсоол хүртэл хийж өгсөн нь хангалттай биш санагдсан учраас тэр байх. Энэ байдлаараа ирэх жил ч сандал, суудлыг нь шинээр хийж өгөөд бүр мөсөн хувийнх болгох бэлтгэлийг нь базаагаад өгч магадгүй л юм. Тиймээс цэнгэлдэхийн зүгээс тавьсан сандал солих хүсэлтийг нь татварын мөнгөөр хийчих вий гэсэн хар хүртэл үүсээд байна. Мэдээж, улсынх байсан бол хамаагүй ч ашиг олж байгаа бизнесмэнд ажил хөдөлмөр эрхлэх иргэдийн татварын мөнгөөр дэмжлэг үзүүлэх нь зүйд нийцэхгүй билээ.

Харин цэнгэлдэхийн та­лаар багахан түүх сөхвөл, 18 секцтэй, 10 хүрэхгүй мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэнг 1958 онд хятадууд барьж дараа онд нь ашиглалтад өгсөн. Түүнээс хойш гол зогоох урсгал засварыг улсын төсвөөр шийдэж, сандлыг нь будах, өнгийг нь сэргээх, сүүдрэвч, секцүүдийн дээврийг засах зэрэг ажлыг жил бүр гүйцэтгэж байна. Харин 1993 онд Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын шийдвэр гарч, 49 хувийг нь хувьд шилжүүлж, 51 хувийг нь улсын мэдэлд үлдээж байжээ. Үүний дараа нийслэлийн ИТХ хууль бус тогтоол үйлдэж, хоёр хувийг нь Ж.Жанцан гэх иргэнд зарсан байна. Мөн павильоны үнэ буюу 1.6 хувийг төрийн өмчийн эзэмшдэг хувь хөрөнгөөс хасах шийдвэр гаргажээ. Харин хувь эзэмшиж байсан Т.Нямдаваа гэгч бусад хувь эзэмшигч нарын хувийг цуглуулснаар өдгөө 51 буюу давуу эрхтэйгээр “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийг байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Энэ хугацаанд төр түүний давуу эрхтэй эзэмшдэг объектыг засаж өгсөн хэвээр байгаа бөгөөд 2012 онд 15 сая төгрөгийг төсөвлөж байсан бол өнгөрсөн онд гурав дахин их буюу 45.5 сая төгрөгийг төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажилд зарцуулсан байна. Гэхдээ хувь болоод хувьсгалын талууд энэ байдал удаан үргэлжлэхгүйг сайн мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, 2012 онд боловсруулсан шинэ цэнгэлдэх барих төсөл хэзээ нэгэн цагт хэрэгжих ёстой. Тэр хүртэл хүний юманд хүрз барьсан гэдэг шиг хүйтэн сэтгэлээр хандаж, цэнгэлдэх хүрээлэн түүний орчмоо өөрийн хөрөнгөөр засаж байгаагүй хувийн хэвшлийнхэн улсын мөнгөөр аргацаах сонирхолтой байгааг үгүйсгэх аргагүй. Баяр наадмаар олсон мөнгөө наадмын комисс хуу хамаад авдаг гэдэг ч сохор зоосны ашиггүй бол “Төв цэнгэлдэх хүрээлэн” компани оршин тогтнох ч ёсгүй. Тиймээс жилээс жилд нэмэгдэж байгаа зардлын мөнгөө хумьж, шинэ цэнгэлдэх барих тал дээр бодлого баримтлах цаг нь болоод бараг өнгөрч байна.

Нөгөөтэйгүүр, өсөн нэмэгдэж байгаа хүн амын тоо, хөрөнгө оруулалт хиймээр байгаа ч бага хувь эзэмшдэгтээ гол харладаг байдлаа Нийслэлийн удирдлага ил гаргаж, “Хүй долоон худаг”-т баяр, наадмыг төвлөрүүлэх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй юм. Үүнтэй холбоотойгоор, тоо баримт харвал өнгөрсөн онд манай улсад 417 мянган жуулчин иржээ. Нийслэл хотын хүн амын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний энэ тоо 60 гаруй жилийн өмнө боссон цэнгэлдэх хүрээлэнгийн стандартаас хавь илүү даваад байна. Харин өнгөрсөн онд  2056 суудлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр нэмж, 12 мянга 280 хүний суудалтай болгосон ч үүнээс 7000 нь иргэдэд, 2000 гаруй нь дарга, жуулчдад хуваарилагдаж байна. Үүнээс гадна анх ашиглалтын талбай нь 31 га байсан бол эргэн тойрны газрыг нь зарсаар 14 га-д  хүрч, үйлчилгээ явуулах, үндэсний зүйлсээ сурталчлах боломж нь эрс хомсдсон билээ.

Үүнийг дагаад аялал жуулчлалын салбарын хоолоо олж идэх оргил үе буюу Үндэсний их баяр наадмаа дэнж хотойтол тэмдэглэх, түүх, шастираа дэлхий дахинд таниулах их цэнгээн төрийн шинийг барих, хувийн хуучнаа сэргээх талаар баримтлах голоо цохисон бодлогоос үүдэн улам бүр татарсаар байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан