Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЯЦХАН ЦИРКТ “МАДАГАСКАР” ХҮҮХЭЛДЭЙН КИНО АМИЛСАН НЬ

Хүүхэд насыг гэгээн, гэгэлгэн хэвээр нь аргамжиж үлддэг зүйл бол дурсамж. Хүүхэд байх үеийнхээ дурсамжийг ярихаар нүд нь сэргээд л хэдий ач, зээ нараараа өвөө, эмээ гэж дуудуулсан ч миний найз охин, найз хөвгүүн гэж ирээд л хүүрнэдэг хэн нэгэн таны санаанд одоо бууж байгаа биз. Яг л энэ шүү дээ, хүүхэд насны гэгээн дурсамж.
Өнгөрсөн амралтын өдөр дүүгээ дагуулаад Үндэсний соёл амралтын хүрээлэн орж, цирк үзлээ. 2005 онд дэлгэцээр гарсан амьтны хүрээлэнгээс оргож, эрх чөлөөт амьдрал олохоор тэмүүлж буй арслан, анааш, тахь, усны үхэр дөрвийн хөг­жилтэй адал явдлыг ха­руулсан “Dream works” кино компанийн бүтээл “Мадагаскар” хүүхэлдэйн кино Үндэсний соёл амралтын хүрээлэнд амилжээ. Монгол циркийн хөгжлийн төвийнхөн Чех улсаас нүүдлийн цирк захиалан ирүүлж, Үндэсний соёл амралтын хүрээлэнд барьсан байна. Энд өнгөрсөн сарын 31-нээс эхлэн “GG Мадагаскар” тоглолт болж буй гэнэ.
Амьтны хүрээлэнгээс оргосон тахь, арслан, анааш, усны үхэр Африк тивд очно. Энэ бол торондоо хэвтээд, зорьж ирсэн хүүхэд багачуудад зориулан хаа нэг өөрсдийн үзүүлбэрээ үзүүлчихээд бэлэн хоол идэж суухаас огт өөр ертөнц. Амьтны хүрээлэнгээс гарч үзээгүй амьтдын хувьд зэрлэг байгальд дасан зохицох амаргүй. Үүний хажуугаар Африк тивийн ширэнгэн ойн амьтадтай эвээ олно гэдэг түүнээс хэцүү зүйл байв. Гэсэн ч тэдэнд буцах арга байхгүй. Тиймээс амьтны хүрээлэнгээс оргосон амьтдад ямар адал явдал тохиолдохыг эндээс үзэж болно.
Хамгийн үнэнч үзэгч хүүх­дүүд учраас тэднийг догд­луулах нь амаргүй зүйл. Гэхдээ л Монгол циркийн хөгжлийн төвийнхөн чадаж байна. Тоглолтын дараа амьтадтай зургаа татуулахаар хүүхдүүд дугаарлах нь тэд чадсан гэдгийг батална.
Ширэнгийн зэрлэг амьтдын дүрд циркийн жүжигчин болон СУИС-ийн оюутнууд, ХБК-ийн сурагчид хувирна. 70 гаруй хүн удирдаж энэ тоглолтыг найруулж байгаа хүн нь Ю.Гэрэлбаатар. “Циркгүй циркийн найруулагч” хэмээн хочлуулдаг энэ залуу ОХУ-д циркийн найруулагчийн мэргэжил эзэмшсэнээс гадна ХБК-ийн Циркийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг юм. Тэрээр өмнө нь шилдэг үлгэрүүдээс сэдэвлэсэн олон тоглолт найруулж, үзэгчдийн хүртээл болгож байсан. Харин энэ удаа “Циркгүй циркийн найруулагч” маань нүүдлийн цирктэй болж. “Нарны цирк”-ийг мөрөөдөн, Монголын циркийн урлагийг тэр хэмжээнд аваачих зо­рилго тавьсан залуусын хүсэл биелэх мөч ойртжээ.
13.5 метр өндөртэй, 28 метр тойрогтой нүүдлийн циркт нэг удаа 800 хүн үйлчлүүлэх боломжтой. Зориулалтын явуулын цирк учраас энэ манежинд шидэх банзнаас үсрэгч, цагаригаар наадагч, уран нугараачид, дээсээр наадагч гээд бүх төрлийнхөн тоглох боломжтой юм билээ. Тиймээс Африкийн ойн зэрлэг амьтдын авирыг циркчид бүрэн гаргах боломжтой гэсэн үг. Мөн амьтдын нүүр царайг тод харуулахын тулд Монгол циркийн хөгжлийн төвийнхөн Германаас тайз­ны тусгай будаг авчирч, мэр­гэжлийн нүүр будагчтай хамт­ран ажиллаж байгаа аж. Тоглолтын тасалбар нь 5000 төгрөг. Есдүгээр са­рын 15 хүртэл нийслэлийн бага­чуудад хүрэх уг тоглолт Дархан-Уул, Орхон аймгийн бяц­хан үзэгчдэд ч хүрэх юм билээ.
Миний бага насны дурсамжид цирк манеж тойрон хурдлах морины нуруун дээр чадварлаг нугарах нугараач, нохойтойгоо эрхлэн, хүүхдүүдийг инээлгэх алиалагчийн дүр л үлдсэн. Гэсэн ч цирк маань амьтанд ээлтэй байгууллага болсноор миний дүү тэр бүхнийг над шиг дурсан үлдэх боломжгүй ч циркчид өөрсдөө амьтны дүрд хувирсан энэ үзүүлбэр бяцхан ухааных нь хаа нэгтээ хадгалаад үлдэх биз ээ.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан