Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЦАГААН АЛТ”-НЫ САЛБАРТ “НООС САВАГЧ” ЦӨӨРЧЭЭ

“Цагаан алт” гэж нэрлэгдэх хүртлээ өндрөө авсан ноос, ноолуур өнөөг хүртэл аж үйлдвэрийн салбарын голлох бүтээгдэхүүн байсаар байна. Түүнчлэн эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, нөхөн үйлдвэрлэл явагддаг, чанар сайтай зэрэг олон шалтгааны улмаас зах зээлийн савлагаанд өртөлгүй өдийг хүрлээ. Мөн түүхий эдээ гарган авдаг хонь, ямаа нь 50 сая толгой малын дийлэнх хувийг эзэлдэг учраас түүхий эдийн хараат байдал нь харьцангуй бага. Хэдий тийм ч ноос, ноолууран бүтээгдэхүүн нь дотоодын зах зээлийн тансаг хэрэглээнд багтаж, үндэсний хэмжээний брэнд хэмээн нэрлэгдэх болов. Энэ салбарт өнөөдрийн байдлаар жижиг, том нийлсэн 250 гаруй боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж,  тодорхой хэмжээнд бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна.
Гэхдээ жилд зах зээлээс 6000 тонн түүхий ноолуур бэлтгэн, 30 хувийг гүн боловсруулж, үлдсэн хэсгийг нь түүхийгээр нь урд хөрш рүү гаргадаг. Тиймээс цаашдаа ноос, ноолуурын салбарынхан экспортын түүхий бүтээгдэхүүний тоо хэмжээг багасгаж, 2017-2020 оны хооронд ноолуураа дотооддоо 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгох томоохон зорилго тавьсан билээ. Энэ хүрээнд олон ажил хэрэгжиж байгаа ч боловсон хүчний тал дээр дутмаг байгаа юм байна. Бид энэ талаар өчигдөр болж өнгөрсөн Монголын ноос, ноолуурын холбоо, Италийн “Ачимит” Нэхмэлийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэгчдийн холбооны хамтарсан семинарын үеэр тодруулсан юм.

Г.Ёндонсамбуу: Ноолууран түүхий эдийн төв цэг нь Монгол болно

/Монголын ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч/

-Италийн нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран семинар зохион байгуулж байна. Тэгэхээр Монголын ноос, ноолуурын салбарт ажиллаж байгаа үйлдвэрүүд технологийн тал дээр ямар хоцрогдолтой болон түүхий эдийн чанар ямар байгаад үнэлэлт өгөхгүй юу?

-Манай хоёр байгууллага 2011 онд хамтын гэрээ байгуулсан. Гэрээнд тусгагдсаны дагуу энэ удаагийн семинарыг зохион байгуулж байна. Харин агуулгын хувьд, Италийн хамгийн сүүлийн үеийн техник, технологи, үндсэн болон туслах материалын тухай мэдээлэл олж авах, Италийн холбогдох компаниудтай дотоодын үйлдвэрүүд цаашид хэрхэн хамтарч ажиллах тухай ярилцах, нөгөө талдаа манай эрдэмтэн мэргэд, сэхээтнүүд өнөөгийн ноос, ноолуурын салбарын нөхцөл байдлын тухай ярилцах юм. Ялангуяа гүйцэтгэн боловсруулалт буюу бүтээгдэхүүнд хэрэглээний үзүүлэлт суулгахад бид дэлхийн түвшинд хүрээгүй учраас энэ дутагдлыг хэрхэн засах, юу дутагдаж байгаа талаар нухацтай ярилцах зорилготой. Харин нэгэнт ноолуурын салбар экспортын зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас техник технологи нь дэлхийн түвшнээс хоцорч болдоггүй ёстой.
-Бид хоцорч байна уу?
-Хоцроогүй. Гагцхүү инженер техникийн ажилтан болон ур чадвар дутмаг. Манай үйлдвэрүүд Япон, Хятад, Италийн техник ашигладаг. Сүүлийн үед Япон хоцрогдож, Итали дэлхийн түвшинд түрж орж ирлээ. Тиймээс бид ч энэ тал руу хэлбийж байгаа хэрэг. Харин Хятад боловсруулах салбарт дэлхийд тэргүүлдэг. Бүтээгдэхүүний хувьд ч манайхаас илүү. Жишээлбэл, Итали дэлхийд загвараар, Хятад цөөн тооны гоц бүтээгдэхүүнээр давамгайлж байна. Харин масс бүтээгдэхүүний хувьд манайх цэвэр ноолууран бүтээгдэхүүн гэдэг утгаараа дэлхийн зах зээл дээр худалдан авагчдын сонирхлыг татаж байгаа.
-Бид давуу талаа хэрхэн ашиглаж болох вэ?
-Цэвэр ноос, ноолуураа ашиглах хэрэгтэй. Тэгэхдээ дэлхийн хэмжээний техник, технологи дээр ажиллаж, өөрсдийн инженер техникийн ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна. Хятад, Япон, Итали зэрэг улсууд манайд хандаж байгаа нь ноолууран түүхий эдийн дэлхийд эзлэх байр суурь нэмэгдэж, эсрэгээрээ Хятадынх буурч байгаа хэрэг. Тиймээс ирээдүйд ноолууран түүхий эдийн төв Монгол болох нь гэсэн хандлага байгааг үгүйсгэхгүй. Том гүрнүүд чинь тэнэг биш шүү дээ. Тооцоо судалгаатайгаар манай ноолуурын зах зээлд орж ирж байгаа хэрэг.
-Инженер, техникийн ажилчдын чадварын тал дээр шүүмжлэлтэй байр суурьтай байгаа юм байна. Тэгэхээр бид энэ тал дээр яаж анхаарах ёстой вэ. Хөрөнгө оруулалтаас гадна төрийн бодлого байна уу?
-Ганцхан ОХУ инженер, техникээр сурах гадаад оюутанг дотоодын сургуульдаа элсүүлж байх шиг байна. Ер нь энэ чиглэлээр гадны улсууд оюутан бараг авдаггүй нь нууцын зэрэглэл ч юм уу, нэг тиймэрхүү зүйлтэй холбоотой байх. Гэхдээ эрж хайвал Америк, Япон зэрэг улсуудад суралцах боломж бий. Харин бид яаж болгоод байна гэхээр хамтын ажиллагааны чиглэлээр л суралцуулж байна. Италитай хийсэн хамтын гэрээнийхээ хүрээнд дизайнер, тоног төхөөрөмж засвар зэргээр ажилтан солилцож байгаа. Өнөөдрийн байдлаар үүнээс өөр боломж алга. Тиймээс төр цаашдаа боловсон хүчний тал дээр анхаарахгүй бол болохгүй.


Р.Гарабелли: Монгол дэлхийн зах зээлд ноолуурын чанараар өрсөлдөх боломжтой


/Италийн “Ачимит” Нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч/

-Сэтгэгдлээсээ хуваал­цана уу?
-2011 онд Монголын талаас бидэнтэй ирж уулзаад, хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар ярихад их таатай байсан. Итали бол ноос, ноолуур тэр дундаа ноолуур боловсруулалтын тал дээр дэлхийд тэргүүлдэг. Мөн машин, тоног төхөөрөмжийн хэмжээ, хамрах хүрээний хувьд маш өргөн зэрэг шалтгаанууд бидэнтэй хамтран ажиллах гэрээний үндсэн хоёр тулгуур болсон болов уу гэж бодож байна.
-Гэрээ хийснээс хойш Монголын ноолуурын салбар технологийн тал дээр ямар хувьсгал хийж чадсан гэж та бодож байгаа вэ?
-Тэр үеэс хойш тоног төхөөрөмж худалдаж авсан, шинэчилсэн зэрэг өөрчлөлт харьцангуй бага гарсан. Гэхдээ өөрсдийн тоног, төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах хүсэл эрмэлзэл ихээр бий болсон нь таатай байна. Түүнийг нь танай улсын Засгийн газар болон Ноос, ноолуурын холбоо дэмжиж байгаа нь ирээдүйд Монголын ноос, ноолуурын салбарт эерэг өөрчлөлт авчрах байх гэдэгт итгэлтэй байна.
-Дэлхийн хэмжээний технологи ашиглаж ноос, ноолууран бүтээгдэхүүн гаргах нь чанарын хувьд өөрчлөлт авчирна гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ бид бүтээгдэхүүнээ хэрхэн  дэлхийн зах зээлд борлуулах боломжтой вэ?
-Монголын ноос, ноолуурын чанар дэлхийд номер нэг гэдгийг олон улс хүлээн зөвшөөрсөн. Танай улсын хувьд Хятад гэх асар том зах зээлийн хажууд байдаг. Мөн энэ улс нь дэлхийн хамгийн том ноолуур ханган нийлүүлэх зах зээлтэй учраас Монгол үйлдвэрийн чадвараараа тус улсыг давж гарах боломжгүй. Тиймээс Монголын ноос, ноолуурын салбар системтэй, бодлоготойгоор чанартай түүхий эдээ ашиглан бүтээгдэхүүн гаргаж дэлхийн зах зээлд өрсөлдөх хэрэгтэй гэж би хувьдаа бодож байна. Манай улсад гэхэд хангалттай ноолуур байхгүй ч Монголоос эсвэл Хятадаас ноолуур авч маш сайн брэнд үйлдвэрлэж чаддаг гэдгээрээ онцлог байдаг шүү дээ. Мэдээж энэ нь нь технологи, тоног төхөөрөмжийн тусламж­тайгаар хийгдэх ажил.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан