Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний их баяр наадмын хурдан морины тойм

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө. Хүй долоон худгийн хөндийд хурдан хүлгүүдийн тоос зангиран, унаач хүүхдийн гийнгоо цангинан, төв цэнгэлдэхэд эртэй бяртай бөхчүүд нь уран мэхээ уралдуулан, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорьж,  дэлхий дэлэгнэсэн дэлгэр зунаар дэлхийд ганцхан монгол наадам дэнж хотолзуулан сайхан болж өнгөрлөө. 

Үндэсний их баяр наадмын зургаан насны хурдан морьдын уралдаанд газар газрын 1960 гаруй хурдан буян тоосоо өргөж монгол түмнийхээ хийморийг сэргээлээ. Баяр наадмын хурдан морины уралдааны нас насны морьдын уралдааны айргийн тавыг танилцуулж байна.

Даага


Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд 280 гаруй хурдан буян тоосоо өргөснөөс болж Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүллээ. Аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Х.Улам-Өрнөхийн хээр даага давхисан бол гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын хар бор даага ирлээ. Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ж.Бат-Эрдэнийн хул даага, айргийн тавд Өмнөговь аймгийн Б.Бадраагийн зээрд даага хурдалж наадамчин олноо баясгалаа.  

Шүдлэн

Шүдлэн насны хурдан морьдын уралдаанд 297 үрээ мордож  гарааны зурхайгаас эргэснээс Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бат-Очирын Цэрэнбалтавын хул үрээ магнайлж олон түмнээ баясгасан бол 802 дугаартай хүүгийн  унасан бор саарал аман хүзүүдэж,  
Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Цэвэгжавын Тувааны хул,
Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан, Зэвсэгт хүчний 232 дугаар анги Ононгийн Батболдын бор айргийн гурав дөрөв, тавд  хурдаллаа.

Хязаалан

Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг  уламжлал ёсоор хязаалан насны морьдын уралдаан эхлүүлсэн. 
Хүй долоон худагт нийт 318 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уяач Т.Батзоригийн хурдан хээр үрээ  түрүү магнай болж, наадамчин олноо баясгасан бол аман хүзүүнд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Ш.Баянбатын халзан үрээ ирсэн.  Төв аймгийн Сэргэлэн сумын, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн хурдан зээрд,  Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Даваахүүгийн хонгор үрээ, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Эрдэнэбилэгийн хурдан хээр үрээ айргийн гурав, дөрөв, тавд хурдалж, наадамчин олноо баясгалаа.

Соёолон

Туурайн тоосонд нь даруулахад дараа жилийн наадам хүртэл алзахгүй хэмээн монгол түмний бэлгэшээдэг, хамгйин иртэй хурдан хүлэг соёолон насны морьдын уралдаанд 230 гаруй хурдан хүлэг уралдсанаас Архангай аймгийн Их тамир сумын Г.Тэмүүлэнгийн халтар соёолон  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлж хурсан олныг баясгалаа. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн сартай зээрд,  айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн ногоон, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, алдарт уяач Т.Гантөмөрийн бор, айргийн тавд Дорнод аймгийн Баяндун сумын уяач П.Цэгмидийн хул соёолон хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, үзсэн олноо баясгалаа.

Азарга

Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд газар газрын  223 шандаст  хүлэг тоосоо өргөснөөс  Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын хонгор  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлэн наадамчин олноо баясгалаа.
Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун, гуравт Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан, дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Содномцэрэнгийн Цэмбэлийн зээрд, айргийн тавд Завхан аймгийн уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат Бадамын Оргилын оодон халтар тус тус хурдалж асрын өмнө торгон жолоогоо өргүүллээ.

Их нас

Их Монгол Улс байгуулагдсан 808, АХ-ын 93 жилийн ой, Төрийн их баяр наадмын их насны морьдын уралдаанд 325 хүлэг бүртгүүлснээс 314 их нас морь гараанаас нэгэн зэрэг эргэж 14 настай Отгонбаатарын Намхайнямбуугийн унасан  Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Аюурын Амарбатын хул түрүү магнай болж хурсан олныг цэнгүүллээ.
Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржийн Баясгалангийн Суман хүрэн ирсэн бол айргийн гурав, дөрөв, тавд  Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, “Хөх чоно” группийн захирал Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сосорын Мөнхбатын хүрэн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы хүрэн ирж төрийн их баяр наадмынхаа төв асрын өмнө торгон жолоогоо өргүүлэн цоллуулж наадамчин олноо баясгалаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан