Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүргүүд тохижилт, хог хаягдал хариуцсан олон нийтийн байцаагчтай болно

Нийслэлийн удирдлагын зөвлөл өнөөдөр хуралдаж хот тохижилт, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг сурталчлах, зөрчил дутагдлыг арилгуулах чиг үүрэг бүхий тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч томилон ажиллуулах журмыг хэлэлцэн батлав.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадралын танилцуулснаар олон нийтийн байцаагч нь нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, цэвэрлэгээ, нийтийн эзэмшлийн тавилга, эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт, үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн засвар, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавих аж. Мөн орон сууцны болон гэр хорооллын гудамж, зам талбайд ил задгай хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллах юм байна. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшил, ашиглалтад байгаа орчны 50м хүртэлх нийтийн эдэлбэр газрын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг тогмолжуулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж.

Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоосон бөгөөд ажлын гүйцэтгэлээс хамааран урамшуулал олгохоор төлөвлөжээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцээд, журмыг нийслэлийн Засаг даргын захирамжаар батлахаар шийдвэрлэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан