Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үлэг гүрвэлийн мөрөөдөл



Цэдэвдамбын ОЮУНГЭРЭЛ


Монголын говь нутгаас гаралтай үлэг гүрвэлүүдтэй би сэтгэлдээ олон жил, удаан хугацаанд ярилцсан. Тэдний тухай бодохоор заримдаа цээжинд ч багтахгүй их бахархал төрж, заримдаа өрөвдөн уйлмаар санагдаж, заримдаа хязгааргүй их сониуч зан хөдөлдөг юм. Үлэг гүрвэлүүд миний сэтгэлд орж, надад үгээ, мөрөөдлөө шивнээд байх шиг санагдана.  Олон улсын музейн өдөр маргааш тохиох гэж буйг дуулаад чухам энэ л өдөр сэтгэлээс минь уяатай байдаг хэдэн үлэг гүрвэлийнхээ мөрөөдлийг хүмүүст хүргэе гэж бодлоо.
 

Нэртэй болчихвол би супер од болж чадна



Би Байгалийн түүхийн музейн хамгийн том, хамгийн гол үзмэр. Намайг ерөнхийд нь үлэг гүрвэл гэдэг. Шинжлэх ухааны нэр маань таны хэлийг хугалчих шахсан латин үг байдаг  учраас хэн ч намайг түүгээр минь дууддаггүй юм. Намайг үзэх гэж хөөрцөглөн орж ирэх хүүхдүүдэд би дуртай. Тэд аав, ээждээ намайг бахархан танилцуулж, “аав аа, ээж ээ, динозавр” гэж заадаг юм. Аав ээжүүд нь намайг огт сонирхдоггүй. Яахав дээ, хэдэн хэлхээтэй яс байж л байна гэсэн шиг үл тоомсорлон хардаг юм. Тэд миний хөл доорх бичиг тайлбарыг үзээд бүр юу ч ойлгодоггүй. Тэнд бүх зүйлийг зөвхөн докторын зэрэгтэй палентологичид л ойлгож магадгүй хэлээр бичсэн байдаг.

Гэхдээ би сэтгэлээр унахгүй өдий хүрсэн юм аа. Яагаад гэвэл би өөрийн музейнхээ хамгийн гол үзмэр. Энэ музейд би байдаггүй бол дэлхийн зиндааны музей болж яахин чадах билээ. Энэ музейд би байхгүй бол над шиг одыг олох гэж хүмүүс говь руу цувахаа ч болих бус уу. За өөрийгөө од энэ тэр гээд даруухан бус танилцуулчихлаа.

Яг үнэнийг хэлэхэд, би огт од болж чадахгүй байна. Уг нь, надад од болох бүх ма­те­риал байгааг би мэдээд бай­даг. Над шиг ховор олддог, над шиг бүрэн бүрэлдэхүүн яс­тай­гаа олдсон, над шиг гоо үзэсгэлэнтэй үлэг гүрвэлүүд дэл­хийд олонгүй бөгөөд тэд үнэхээр од болж чадсан байдаг юм.

Чикаго хотын Фиелд музейд байдаг миний аварга том хамаатны нэрийг Сию гэдэг. Тэр Сию гэдэг эмэгтэйн анх олсон олдвор болохоор тийм нэртэй болсон юм. Түүнийг хэрхэн олсон, яаж малтсан, яагаад Сию үнэхээр ховор олдвор байсан, яаж түүнийг музейд тавихад бэлтгэсэн, тэгээд өмчлөлийн асуудлаар ямар их маргаан дэгдсэн, дараа нь яаж музей худалдаж авсан тухай бүхэл бүтэн адал явдалт ном бий. Сию гэдэг үлэг гүрвэл нэргүй байсан бол, түүний тухай ийм их домог яриа гараагүй байсан бол тэр над шиг л уйтгартай үзмэр байх байсан биз ээ. Би Монголын говиос олдохдоо зүгээр л нэг тэмээний хөл дор хэвтэж байгаад гараад ир­чихсэн юм биш. Олон сая жил хуримтлагдсан тоос шороон дороос хамгийн азтай, хамгийн адтай, мэдлэгтэй хүний соргог нүдээр  танигдаж, зөвхөн шинжлэх ухааны төлөө гэсэн үнэнч нямбай сэтгэл шингэсэн хөдөлмөрөөр цэвэрлэгдэж, сониуч зангийн дээд болсон судалгаануудын үр дүнд яс бүр минь байр байраа олж байж энд ирсэн юм. Намайг олж нээсэн тэр мундаг хүмүүсийн дурсамж, адал явдал, намайг судалж шинжилсэн эрдэмтэдийн тайлан бүтээл, намайг тойрсон бусад адал явдлын тухай бичсэн ном надад хэрэгтэй байна. Миний тухай кино баймаар байна. Миний зурагтай төрөл бүрийн аяга, сав суулгыг хүмүүс авч, миний зурагтай цүнхийг хүүхдүүд үүрч гүйдэг байвал гоё гэж боддог юм. Тэгэхдээ би нөгөө л нэг хэл хугалчих гэсэн латин нэрээрээ баймааргүй байна. Миний ард түмэн намайг хэлж чаддаг нэрээрээ дуудаасай. Надад Болдоо ч хамаагүй, Цэцгээ ч хамаагүй нэг монгол нэр өгөөсэй. Байгалийн түүхийн музейн захиргаанаас надад нэр өгөх уралдааныг улс орон даяар зарлаад, хүүхдүүд намайг зурж доор нь нэрийг бичиж явуулаасай. Тэгээд миний нэрийг тэр олон дотроос сугалаад ч юм уу, са­нал асуулгаар ч юм уу яаж ийгээд шударга тодруулбал би ёстой их баярлана. Эр­гээд 80 сая жилийн тэртээ очиж дахин төрсөн мэт, гэр бүлийнхэнтэйгээ хамт өндөр модондоо шилгээж, говийн их мөрний усаар ундаалж байсан шигээ л жаргалтай болно.

Тэгээд Монголд ирсэн жуул­чид, музейд ирсэн хүүхдүүд надтай нэрээр минь дуудаж яриад л, музейгээс гарахдаа миний нэртэй, миний зурагтай малгай, подволк авч өмсөөд л, миний тухай бичсэн домог, зурагт ном авч гарвал үнэхээр гоё гэж бодож байна.

 
Зөвхөн Монголдоо байх мөрөөдөлтэй



Байгалийн түүхийн музейд байрлах эрхэм алдар хүртэж, дэлхий даяар “ноцолдож буй динозаврууд” гэж алдаршсан бид хоёр бол ховор гэхэд дэндүү ховор, эмзэг нандин гэхэд дэндүү эмзэг нандин амьтад аа. Бид хоёр шиг олдвор одоогоор хаана ч байхгүй учраас дэлхий даяараа сонирхож, музей бүрт урин залдаг юм.

Гэвч аялал гэдэг чинь ямар их асуудалтай байдаг юм бэ. Аялах бүрт арайхийн олон сая жил тээж хадгалж ирсэн яс маань үйрч унах юм. Эрдэмтэдийн судалж судалж, нямбайлан олж наасан жижиг хэсгүүд маань эвдэрчихгээд байх юм аа. Ядаж байхад бид хоёр ноцолдож байгааг ч хэлэх үү. Бидний учрыг олж эвлүүлж босгоно гэдэг гэр барихтай огт адилгүй. Ёстой нэг эрдэмтэдийн чадал чансааг сорьсон, азыг шовойлгосон олдвор байхгүй юу.

Ингээд бид хоёр өнөөдөр зөвхөн Монголдоо байя гэж шийдлээ. Биднийг Монголоос гаргаж болохгүй гэдэг хууль хэрэгтэй байна. Өмнөд Африк улсын үндэсний онц ховор өв санг хадгалж хамгаалах тухай хуулиар бол бид хоёр шиг дахин давтагдашгүй олдворыг эх орныхоо хилээр гаргахгүй гэж хуульчилсан байдаг юм билээ. Олон улсын судлаачид судлахыг хүсвэл тэр ховор олдворыг зөвхөн эх оронд нь очиж судлах ёстой. Хятадад бол бидэн шиг ховор олдворын судалгааг хийлгэхдээ заавал хятад эрдэмтнийг багийн ахлагч, үгүй дээ л гэхэд хамтарсан ахлагчаар нь ажиллуулах дүрэм үйлчилж байна.

Өмнөд Африкийн ховор олдворуудыг гадаадад үзүүлэхийн тулд зөвхөн төр нь олдворынхоо хэвийг авч, төрийн мэдлийн хэвийг аялуулдаг юм байна. Тэр хэвийг олшруулж хэвлэх, хэвийг дуурайлгаж, жижгэрүүлж бүтээгдэхүүн хийх бүх зүйл төрийн лиценз зөвшөөрөлтэй явагддаг. Тийм хэв хийх тухай хуультай болчихвол бид хоёр шиг ховор олдвор гэртээ л үнэд ороод байж байхыг хүсч байна. Магадгүй бид хоёр гэртээ үргэлж байж чаддаг хуультай болчихвол манайд ирж судалгаа хийх эрдэмтдэд зо­риулсан үлэг гүрвэлийн су­дал­гааны төв лаборатори хэ­рэг­тэй болох байх. Ер нь, на­рийн лабораторигүйгээр бид хоёр шиг төвөгтэй нандин амьтдын хэвийг авч чадахгүй шүү дээ.

Ер нь, яагаад Монголын төр бидний хэвийг хийж авах эрхээ эдлэхгүй, гадаадын музей­нүүдэд хэв авах зөв­шөөрөл олгоод байдаг юм бол оо. Япон, Солонгос гэх мэтийн үлэг гүрвэл бүтэн биеэрээ олддоггүй, зөвхөн хөлийн мөр нь олддог газруудад яагаад мон­голын үлэг гүрвэлийн хэ­вүүдийг олноор авах боломж олгож, монголд ирэх ёстой сониуч жуулчдыг тийш нь татуулаад байгаа юм бол.

Энд нэг л бодлого дутаг­даад байгаа нь мэдрэгддэг юм. Магадгүй үлэг гүрвэлүүд бид хэтэрхий удаан дуугүй явс­­наас ч болсон байх. Ийм учраас дуу хоолойгоо гар­гаж, өөрийн эх орноосоо га­ра­хыг хүсэхгүй байгаагаа да­хин илэрхийлье. Гадаадад явж байгаад ганц унаад эвдэрчихвэл эх орон минь л эргэж хэзээ ч олдохгүй үнэт өв баялгаа алдана шүү дээ. Галав юүлэх тэр мөчид бид хоёр шиг хээв нэг ноцолдоод сууж байсан хэнэггүй үлэг гүрвэлүүд монголоос маань өөр хаана байв гэж дээ. Тэ­гэхээр бид чинь жинхэнэ үнэлж барамгүй баялаг байхгүй юу.

 
Валентины өдрийг залуучуудтай хамт тэмдэглэх мөрөөдөлтэй



Бид хоёрыг дэлхий нийтээрээ танина. Төв музейд байгаа ахыгаа бодвол бид хоёр хамаагүй жижигхэн биетэй. Ноцолдож байгаа хоёрыг бодвол бид маш ро­мантик. Биднийг анх аме­ри­кийн судлаачид говиос цуг олохдоо хосоороо байгааг маань хараад шууд л Ромео, Жулетта гээд нэрлэчихсэн юм. Тэгээд бид хоёрын тухай баримтат кино хийж, DVD гар­гасан гээд л бодчих. Бид хоё­рын тухай кино телевизээр ч гэсэн олон удаа гарсан. Бид­нийг Америкийн түүхийн му­зейн подволын давхарт бай­­даг шинжилгээний хэсэг дээр хэдэн жил болоход мон­гол суд­лаачид цөөхөн ч гэ­сэн ирж байсан. Тэд маань аме­рик­чуудтай хамт биднийг сай­хан судалж ил тод гаргаж ирсэн.

Судалгаа хийж байх үед нь эргэн тойрноо харахад тэр музейн ажлын бүх өрөөнд говийн том том хана эзэлсэн гэрэл зурагнууд байсан. Яагаад манай говийг энд ингэж шүтдэг юм бол оо гэж бид хоорондоо ярьдаг байлаа. Тэгээд судлаачдын яриаг сэмхэн чагнадаг байлаа л даа. Нэг удаа Монголоос ирсэн жуулчид яг энэ асуултыг биднийг цэвэрлэж бэлтгэж байсан нэг судлаачаас асуусан юм. Тэгсэн чинь юу гэсэн гээч.

Говиос олдсон олдворууд гайхалтай бүрэн бүтэн байдаг. Норж шавар шавхайд ба­риг­­даагүй, мод өвсний үн­дэс­тэй зууралдаагүй, хор­хой шавьжинд идүүлээгүй уч­раас цэвэрлэж, бэлтгэж, суд­лахад хамгийн амархан байдаг. Ийм ч учраас говийн олд­ворт судалгаа хийх гэж палентологичид өрсөлддөг гэж байгаа юм даа.

Харамсалтай нь, монголын палентологичид ямар цөө­хөн юм бэ. Яагаад ийм цөө­хөн байдаг юм бол оо. Докторын зэрэг хамгаалсан зуун палентологичтой бол ч тэр музейд байгаа Монголын түмэн олдворуудаа бүгдийг нь судалж аваад Монголдоо авчирмаар санагдсан шүү. Даанч манайхныг эрдэмтэдээ тийш нь явуулахгүй байсаар байх хооронд палентологийн ертөнцөд олноороо түрж орж ирж буй Хятадын эрдэмтэд хүртэл манай говийн үлэг гүрвэлд судалгаа хийж аваад л дэлхийн том том шинжлэх ухааны сэтгүүлд од болцгоох юм даа. Уг нь, монголоос олд­сон олдворыг судлахад монгол эрдэмтэн заавал байлц­маар байна. Залуу эрдэмтдэд мал­­талт, судалгаа хийх, су­далгааны дүнгээ дэлхий ний­тэд танилцуулах өргөн эрх, эрх чөлөө нээж өгмөөр байна. Нэг ахмад палентологич дор хаяж 10 топ палентологичийг төрүүлмээр байна. Судалгааны экспедиц удирдаж чадах, докторын зэрэгтэй хэдэн палентологич төрүүлснээр нь өрсөлдүүлж эрдэмтэн ах, эгч нарт шагнал өгдөг болох юмсан. Ер нь л цөөхөн эрдэмтэнтэй орны олдвор байх хэцүү юм байна шүү. Монгол эрдэмтэн над дээр ирээсэй гээд л мөрөөдөөд байхад дандаа л гадаадын эрдэмтэд тэр лабораторыг дүүргээд л байх юм. Өө нээрээ, мөрөөдлөө ярих гэж байгаад хадуураад явчихсан байна шүү дээ. Бид хоёрын мөрөөдөл үү. Үргэлж хамтдаа байх. Тэгээд үргэлж хамтдаа байхыг мөрөөддөг хосуудын баярыг залуучуудтай хамт Монголынхоо музейд тэмдэглэдэг баймаар байна. Залуучууд Валентины өдрөөр Байгалийн түүхийн музейд ирдэг бол, ингэхдээ бид хоёрт цэцэг авчирдаг бол ямар гоё вэ. Бид хоёрын өмнө томоохон цэцгийн ваар тавих хэрэгтэй. Бид хоёрт цэцгээ хүргэж болохгүй, тэгвэл буруудна. Тэгээд хосууд бид хоёрын тухай киног үзээд л, бид хоёрын зурагтай бэлэг дурсгал аваад л, бид хоёрын амьдралыг харуулсан зурагт ном худалдаж аваад музейгээс гардаг бол их сайхан аа. Биднийг Америкийн түүхийн музейд хэдэн жил байхад залуучууд бид хоёрын дэргэд ирж гар гараа барилцаад л, үнсэлцдэг байсан гээд бод доо. Одоо монгол залуус маань биднийг тэгж сайхан зүрх сэтгэлээсээ мэдрээсэй.


Монгол орны нэгэн билэг тэмдэг болмоор байна



Биднийг хэн гэдэг вэ гэж үү. Өндөгнүүд. Үлэг гүрвэлийн өндөг. За, бидэнд маш их мөрөөдөл бий. Мөрөөдлөө ярихаас өмнө бид бол дэндүү үнэ цэнтэй эд гэдгийг сануулъя. Шинжлэх ухаанд эргэлт хийсэн гавъяатай үлэг гүрвэлийг Монголоос олоод ир гэвэл биднээс өөр хэн байгаа юм бэ.

Биднийг Рой Чапмен Анд­рюсийн багийнхан 1920-оод онд Баянзагаас анх оло­хоос өмнө үлэг гүрвэлийг өн­дөглөдөг байсан гэж дэлхий дээр хэн ч мэддэггүй байлаа. Үүрэндээ биднийгээ сахиад ойрхон үлдсэн ээжийг маань биднийг идэх гэж ирсэн махчин гүрвэл гэж бодоод өндөгний хулгайч гэдэг нэр хүртэл өгч байлаа шүү дээ. За, тэгээд биднийг тойрсон домог яриа мөн ч олон доо. Тоож сонсдог хүнд бол бид үнэхээр домог ихтэй өндөгнүүд.

Ийм учраас бидний мөрөөдөл бол эх нутгийнхаа нэгэн билэг тэмдэг нь болох явдал. Өндөгнүүд биднийг өндөг хэвээр нь өвлөж авч үлдээч. Биднийг хөөрөг, гангараа, эд хэрэгсэл болгоод байгаа өчүүхэн зангаа болиоч гэж монголчууддаа хэлмээр байна. Бас биднийг битгий хулгайлж авч зараад байгаач ээ. Нэг өндөг нэг газар цухуйж байна гэдэг чинь түүнийг тойрсон үүр, гэр бүлийн бусад гишүүн, түүнийг ангуучлах гэсэн бүлэглэл гээд эргэн тойронд маань зөндөө их байгалийн түүхийн өв сан олдох ёстой байдаг байхгүй юу. Гэтэл цухуйлаа гээд ганц нэгээр маань авч явчихаад байх юм бол монгол эрдэмтэд хэзээ дараа дараагийнхаа ховор олдворыг бүрэн бүтнээр нь олох вэ. Ийм учраас нутгийн иргэддээ захиж хэлмээр байна.

Биднийг хайрла. Бидний хаана байгааг зөвхөн эрдэмтэн хүнд хэл. Эрдэмтэн хүрэлцэхгүй бол орон нутгийн музейн хүндээ хэл. Биднийг дураараа бүү олборло. Эрдэмтэдийг дууд. Хаа хамаагүй газарт биднийг бүү зар. Монгол Улс яагаад сая өндөгтэй орон болж болохгүй гэж. Нэг сай­хан газар нээгээд биднийг цуглуул л даа. Хамгийн анх Монголд өндөг нээсэн тэр газарт үлэг гүрвэлийн шинэ музей байгуулаад “өндөгний тан­хим” нээж болно шүү дээ. Юм­тай улс юмаараа тэгж гай­хуулах ёстой байхгүй юу. Шинжлэх ухааны түүхэн дэх анхны өндөг олдсон оронд өндөгний өрөө ч байхгүй байна гэдэг харамсалтай бус уу. Нэг сайхан өрөө, танхим гаргачихаад музейдээ өөрийн гар дээр байгаа өндөгийг өгөөд байгаарай гэж зарлаад үз дээ. Монголд бид үнэхээр олноороо олдох боломжтой. Уул уурхайн компаниуд ч биднийг олсоор л байгаа. Хамгийн гол нь, бидний олныг хамт байлгаж, бидний олноор гайхуулж, биднийг эх орныхоо нэгэн билэг тэмдэг болгож аваасай гэж бид мөрөөдөж байна.


Мөрөөдөл дөнгөж эхэлж байна

Дээрх цөөхөн төлөөллөөр дамжуулан Монголын хосгүй үнэт баялаг үлэг гүрвэлийн сэтгэлийн үгийг хүүхдүүд, эцэг эхчүүд, эрдэмтдэд, улс төрчдөд болон музейн удирдлагуудад хүргэхийг хүслээ. Монголын үлэг гүрвэлүүд эх орондоо жаргалтай орших, монгол залуусаараа судлуулах, домог болон алдарших цаг болжээ. Үлэг гүрвэлүүдийн маань мөрөөдөл дөнгөж эхэлж байна. Бидэнд сая сая жилийн турш хадгалагдан ирсэн хэдэн мянган домогт их өвийг монголчууд  бид өөрсдөө хайрлаж, өөрсдөө амилуулж чадвал шинжлэх ухаан, энэрэнгүйн үзэл, соёл урлаг, жижиг үйлдвэрлэл, алдар нэр бүгдээрээ Монголд цэцэглэх боломжтой.
Уншигч таны мөрөөдөл ч гэсэн музейгээс эхэлж магадгүй шүү, музей үзэж байгаарай.

0 Сэтгэгдэл
ЭХГҮҮ ХӨДӨӨНИЙ ХҮҮХЭН ЮУ ХИЙСИЙН ФАААК
Хамгийн их уншсан