Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Очир: Соёлын өвийн тухай хууль сайн хэрэгжиж байгаа


Доктор, профессор А.Очир бол хөшөө чулууны бичээс судлалаар манай улсын урдаа барьдаг эрдэмтний нэг. Тэрээр тавьсан илтгэлдээ бичиг соёлын эл өвийг хамгаалах асуудлаар илүүтэй анхаарал хандуулах тухай өгүүлсэн юм.

-Таны илтгэлд дурдсанчлан 1990 оноос хойш өөрөөр хэлбэл зах зээлд шилжсэний дараа хөшөө, чулууны бичээс, булш, хирэгсүүрийг тонодог, ухдаг явдал ихээр дэлгэрсэн. Хөшөө чулуу хамгааллын ажил манайд ямар төвшинд байдаг юм бол. Олон улсын оролцоо ямар байдаг вэ?
-1990-2010 оны хооронд хөшөө чулуу болоод бусад түүх, археологийн олдворууд үрэгдэх нь их байсан. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хүний буруутай үйлдлээр үрэгдэж байна. Хоёрдугаарт, байгалийн жамаар баларч үгүйрэх нь бий. Өөрөөр хэлбэл нар, салхи, бороо усанд элэгдэж хуучраад үгүй болох нь ч байна. Олон улсын эрдэмтдийн үзсэнээр 1980-аад оноос байгалийн дурсгалууд элэгдэлд орох нь эрчимжсэн. Үүнд, байгаль цаг уурын өөрчлөлт нөлөөлж байгаагаас гадна хөрс, ус, агаарт химийн элемент ихээр агуулагдах болсноос урвалд орж элэгдэж муудаж байгаа хэрэг. Товчоор, хүрээлэн буй орчин бохир байна гэсэн үг. Энэ нь эргээд ургамал, амьтан төдийгүй хад чулууны бичээс устаж үгүйрэхэд нөлөөлсөн юм.

-Өнгөрсөн онд Соёлын өвийн тухай хууль батлагдсан. Хуулийн хүрээнд хамгаалах ажил хэр үр өгөөжтэй өрнөж байгаа бол?
- Хамгааллын асуудлаар багагүй ажил хийж байгаа. Хуулийн шинэчлэлийг дагаад тухайн дурсгал байгаа орон нутагт түүнийг харж хамгаалах, судлах мэргэжлийн хүмүүсийн орон тоо бий болсон. Өөрөөр хэлбэл төсвийн ажилтан тэр дурсгалыг хамгаална гэсэн үг. Нөгөө талаас орон нутаг сүүлийн үед жижиг нөхөрлөл бий болгож байна. Жишээ нь, энэ хавийг малчин Доржийнх, тэрийг нь Батынх гэх мэтээр даалгачихсан. Мөн сургуулийн хүүхдүүд биднийг хөдөөгүүр явж байхад давхиад ирнэ. “Юун хүмүүс яах гэж явна. Манай энүүгээр хад чулуу, газар шороо ухаж төнхөж болохгүй шүү” гэнэ. Энэ чинь хэрэндээ хамгаалалт юм. Ийм юм зохион байгуулж байгаа нь сайшаалтай санагдаж байна. Сайн ч үр дүн үзүүлж байна.
Ер нь, 2010 оноос хойш манайд эл түүхийн дурсгалыг хамгаалах ажилтай эрчимтэй өрнөсөн. Хэдий манай орон өргөн уудам нутагтай ч хүн амын тархац сийрэг, бичээс, дурсгал элбэг. Тэдгээрийг хамгаалдаг хүн цөөн учир хүч хүрэхгүй сул тал бий. Сайшаалтай нь Соёлын өвийн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль батлагдсанаар хамгаалах ажил эрчимжиж энэ ажлыг ССАЖЯ хариуцаж эхэлсэн.
Мөн энэ дурсгалыг хамгаалахад олон улсын эрдэмтэд, энэ чиглэлийн байгууллагын оролцоо их. Жишээ нь, судалгаагаар малтаад гаргаад ирсэн олдвор дурсгалыг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг фондууд байдаг. Америк, Япон зэрэг орныг энд дурдаж болно. Эдгээр нь манайхаас олдсон дурсгалыг засч сэлбэх, сэргээх, бэхжүүлэх ажилд хөрөнгө хүч өгч байна.
Манай судлаачдын зүгээс төсөл бичиж түүндээ санхүүжилт авч сэргээн засварлах ажил хийдэг. Би л гэхэд Японд хоёр, Америк руу нэг төсөл бичиж санхүүжилт авсан.

-Төслийнхөө тухай дэлгэрүүл­бэл?
-Америкийн хөрөнгө оруулалтаар Заамрын Шороон бумбагар гэдэг газраас олдсон 170 орчим олдворыг зассан. Дараа нь Булганы Баяннуур сумын Улаан хэрмэн гэгч газраас гарсан 570-аад дурсгалыг сэргээн засахад Японы “Сүмүтомо” гэдэг фонд дэмжин сэргээх ажил нь манай Соёлын өвийн төвд багтсан. Одоо тэр дурсгалууд Хархорины музейд хадгалагдаж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан