Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гарди: Хөшөө, чулууны бичээс судлал бол нэг ёсны өвөг дээдэс, үүх түүхээ танин мэдэх хамгийн дөт зам юм



Хэдэн мянганаар хэмжигдэх цаг хугацаа ч элээж бараагүй бичиг соёлын их өв бол хөшөө дурсгал, чулууны бичээс билээ. Хүн төрөлхтний түүхийг хад чулуунаас тольдохын учир үүнийг “Чулуун номын сан” гэх нь ч бий. Монгол орны өнцөг булан бүрээс эл "номын сан"-г олж болно. Хүн чулуу, буган хөшөө, хад чулуу, агуйн хананд мөнхөрсөн эл бичээсийг судлах нь түүх, археологийн шинжлэх ухаанд тулах цэг болдог. Арвин их сан хөмрөг бүхий Монголын “Чулуун номын сан”-г дэлхий дахин сонирхон судалж байна. Учир нь, Монгол нутгаас 20 орчим хэл дээр бичигдэн үлдсэн дурсгал олддог. Тийм ч учраас Олон улсын Монгол судлалын холбооны санаачилгаар Монгол судлалын үндэсний зөвлөл, Монгол судлалыг дэмжих сан хамтран “Хөшөө, чулууны бичээс судлал” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Монгол судлал нь түүх, хэл, угсаатан судлалын олон салбар ухааныг багтаадгийн дотор “Бичээс судлал” нэн чухал байр эзэлнэ. Хөшөө чулууны бичээс бол бидний дээд өвгөөс бичиж үлдээсэн түүх, бичиг соёлын үнэт өв юм.
Одоогоор Монгол нутгаас олдсон хөшөө, чулууны бичээсийн тоог нарийн гаргах боломжгүй гэдэг. Монгол хэлээр буюу Уйгаржин Монгол үсгийн 20 орчим, дөрвөлжин бичгийн 20 гаруй бичээс уламжлан үлдсэн бөгөөд сүүлийн 150 гаруй жилийн дотор тэдгээр бичээсийн талаар олон орны эрдэмтдийн хэдэн зуун судалгааны бүтээл гарсан байна.
Хэдий тийм ч бичээс судлалын эрдэмтдийн судалгаагаар тусгайлан олон улсын эрдэм шинжилгээний хурал урьд өмнө болж байгаагүй тул Олон улсын Монгол судлалын холбоо энэ сэдвээр хурал хийх санаачилга гаргасан юм.
Монгол, Орос, Хятад, Турк, Япон болон Тайванийн 40 гаруй нэрт эрдэмтэн оролцож хитан, манж, зүрчид, түрэг, тангууд, уйгаржин монгол, дөрвөлжин, хятад хэлээр тэмдэглэгдсэн эртний бичээсийн талаар санал бодлоо солилцож байна.

ӨМӨЗО-ны судлаач, доктор профессор Гарди нь Архангай аймгийн Тайхар чулуу, Хэнтий аймгийн Рашаан хадны бичээсийг судалж байгаа нэгэн бөгөөд манай оронд хоёр дахь удаагаа хээрийн судалгааны зорилгоор айлчилж байна. Монголоор маш цэвэрхэн ярих тэрээр “Хоёр дахь удаагийн айлчлалын үеэр энэ хурал давхацсан нь билгэшээлтэй санагдаж байна” хэмээсэн юм.

-Анх удаа хөшөө, чулууны бичээсийн асуудлаар олон эрдэмтэн, судлаач нэг дор хуран цугларлаа. Монгол судлал ингэж өндөр төвшинд хөгжиж байгаад бидний хувьд талархаж байна шүү?
-Сүүлийн үед Монгол судлал идэвхжиж байна. Гадаад, дотоод аль аль талаасаа энэ талын судалгаа, шинжилгээний ажлыг ихээр хийж байгаа нь нэг ёсондоо дэлхий нийт чулуун дээр бичигдсэн Монголын түүхийг сонирхож эхэлж байгааг харуулж байна. Манай орон түүх, соёлын арвин дурсгалтай. Зарим монголч эрдэмтэн эдгээрийг нүүдэлчдийн түүхийн ил музей гэх нь ч бий.
Эл арвин баялаг үзмэр бүхий музейг урьд нь Орос, Монгол хоёр л судалж байсан бол 1990-ээд оны дунд үеэс гадаадын эрдэмтэд ирж хамтарсан судалгаа хийж эхэлсэн. Энэ нь Монгол судлалын ажилд төдийгүй түүхийн шинжлэх ухаанд ахиц гаргахад дөхөм үзүүлж байгаа. Урьд Монгол судлалын асуудлаар цөөнгүй хурал зөвлөлгөөн болж байсан ч энэ удаад зөвхөн хад, чулууны бичээсийн асуудлаар дагнан хуралдаж байгаа нь онцлог, давуу тал болж байна даа.

-Бичээс судлаач эрдэмтдийн хувьд анхдугаар чуулган гэж хэлж болох энэ хурлаас та ямар үр дүн гараасай гэж хүлээж байна?
-Бид чинь ингэж цуглаж суугаад хуралдаад байх боломжоор тун хомс улс шүү дээ. Тиймдээ ч биднийг нэг дор нэгтгэсэн хурлын ач холбогдол өндөр юм. Ер нь, олон улсын хуралд нэг онцлог байдаг л даа. Эрдэмтдийг хооронд нь танилцуулж, холбож өгдөг. Улмаар нөгөө танилцсан хоёр маань хамтран ажиллана, туршлага судална. Ингэснээр судалгаа өргөжих нөхцөл бүрдэж байдаг. Энэ хоёр үүргийг өнөөдрийн хурал гүйцэтгэлээ гэж миний хувьд бодож байна. Монгол орноос одоогоор арав гаруй хэлний бичээс олж судлаад байна. Үүнийг нь төдий чинээ олон улс орны эрдэмтэн судлана шүү дээ. Турк, Араб, Перс, Хятад, Согд, Унгер, Түрэг гэх мэт. Мөн тухайн хэлний судалгаагаар дагнасан мэргэжлийн хүмүүс ирдэг нь олон улсын хурлын бас нэгэн давуу тал юм. Ер нь, хөшөө, чулууны бичээс судлал гэдэг бол нэг ёсны өвөг дээдэс, үүх түүхээ танин мэдэх хамгийн дөт зам юм. Энэ замаараа 40 гаруй эрдэмтэн судлаач хамт аялж явна гэж бодохоор сайхан санагдаж байна.

-Таны судалгааны ажлуудаас сонирхвол?
-Миний хувьд сүүлийн хэдэн жил Хятадын хоёр ч хөшөөг дагнан судалсан. Мөн Монголд хоёр удаа хээрийн судалгаанд явсан Архангай аймгийн Тайхар чулуу, Хэнтий аймгийн Рашаан хадны бичээсийг судалсан. Өнөөдрийн хурлаар өөрийн судалгааны ажлыг бусдадаа тайлагнаж санал бодлоо солилцлоо. Зөвхөн хөшөө, чулууны бичээсийн асуудлаар дагнасан эрдэм шинжилгээний хурал учир надад их сайшаалтай санагдаж байна. Мөн түүх, археологийн арвин их олдвор бүхий Монгол нутагт энэ хурал зохион байгуулагдаж байгаа нь бүр ч таатай байна.

-Бичээс судлал дотроо дэд бүлгүүдэд ангиладаг гэж сонссон юм байна?
-Хөшөө, ханан бичээс, хадан бичиг гэхчлэн хоорондоо ялгаатай. Олон хэл дээр бичигдсэн ч гэлээ бүгд л сурвалж бичиг юм. Гэхдээ археологийн шинж чанартай ч гэж болно. Шинж чанар талаас нь авч үзвэл дийлэнх нь шинээр гарч байгаа зүйл. Өнөөдрийн хурлаар ч гэсэн олон шинэ судлагдахуун илэрлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан