Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах,
нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийт 52
байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр
өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан,
Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах
газруудад газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр
хүлээн авах ажиллагаа 08-р сарын 01-нээс эхэлсэн. Маргааш буюу 08-р
сарын 15-ны өдрийн 12:00 цагаас цахим бүртгэлийн системийг хааж
бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах
гэж байна. 8 дугаар сарын 15-ны 12:00 цагаас энэхүү үйл ажиллагааг UBS
телевизээр шууд дамжуулна.
Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлд нийтдээ 265 мянга орчим иргэн
бүртгүүлжээ. Үүнээс 14 954 иргэнд газар өмчлөн авах эрх үүсэх юм.